| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 184/2023/04763/И |
| Дугаар | 210/МА2024/00883 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/00883
2024 04 26 210/МА2024/00883
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2024/00721 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: ******* ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: 8,580,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь ******* ХХК-тай 1 м.куб зуурмагийг 260,000 төгрөгөөр буюу нийт 56,000,000 төгрөгийн бетон зуурмаг худалдан авахаар тохиролцон төлбөрийг төлсөн. Хариуцагч нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нийт 101 м.куб буюу 26,260,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлж, үлдэгдэл зуурмагийг нийлүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс нийлүүлээгүй бетон зуурмагийн үнийг буцаан гаргуулахаар хариуцагчид хүсэлт гаргасан боловч 21,460,000 төгрөгийг буцаан өгч, үлдэх 8,580,000 төгрөгийг өгөөгүй. Иймд хариуцагчаас 8,580,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Хариуцагч нь 104 м.куб бетон зуурмагийг нэхэмжлэгчид бэлтгэн нийлүүлсэн.
2.2 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 20 минутын турш аадар бороо орсны улмаас замын хөрс зөөлөрч, хүнд ачаатай автомашины шаварт тэнхлэгээ хүртэл шигдэж, явах боломжгүй болсон. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талын хүмүүсийг 20 гаруй минут хүлээж, аргагүйн эрхэнд зуурмагаа газарт асгаж, 23 цагаас өглөөний 07 цаг хүртэл машиныг татаж гаргасан. Нэхэмжлэгчийн туслаагүй, хайхрамжгүй үйлдлээс болж зуурмаг нь миксер машины тогоонд хатах, миксер машин эвдрэх эрсдэл үүсэж машин чичирч, торх нь гацаж зуурмагийн машины эргэлдүүлэгч редукторт доголдол үүсэх болсон тул хүргэлтээ зогсоосон.
2.3 Гэрээг цуцалж, нийлүүлж чадаагүй бетон зуурмагийн төлбөрт 21,460,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн. Худалдан авагч тээвэрлэлтийн замын аюулгүй байдлыг хангаж, худалдан борлуулагчийн бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг бүрэн хангаж чадаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан худалдах худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч ******* ХХК-иас 8,580,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч ******* ХХК-иас 152,230 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтээр бетон зуурмагийг өөрийн үйлдвэрээс өөр газар буюу худалдан авагчийн хэрэгцээтэй газар хүргүүлэхээр илгээхдээ тухайн бетон зуурмагийг тээвэрлэгчид хүлээлгэн өгсөн үеэс худалдан авагчид эрсдэл шилжсэн гэж үзэж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн үдээс хойш тээвэр хийсэн сүүлийн 3 миксер машинд буюу бетон зуурмаг хүлээлцсэн 0003400 дугаар баримттай 12 дугаар зуурмаг хүргүүлэхээр тээвэрлэгчид хүлээлгэн өгсөн.
4.2 Тухайн өдөр бетон зуурмаг хүргэхээс өмнө 20 минутын турш аадар бороо гэнэт орсны улмаас замын хөрс зөөлөрч, хүнд даацын бетон зуурмаг ачсан миксерийн машин шаварт тэнхлэгээ хүртэл шигдэж, явах боломжгүй болж суусан. Энэхүү байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэл болсон нь Цаг уур, орчны шинжилгээний газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тус шүүхэд ирүүлсэн албан бичигт дурдсан 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нийслэл хот орчмоор 11-30 минут орчим үргэлжилсэн 1-6 мм дуу цахилгаантай ширүүн аадар бороо, мөндөр орсон гэсэн баримт, мөн гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогддог болохыг шүүх хүлээн зөвшөөрдөг.
Гэтэл шүүхээс нэхэмжлэгч нь бетон зуурмаг ачсан машинуудыг өөрөө тосч аваад замчлан явсан, тэдгээр машинууд түүний заасан замаар явж байгаад гэнэтийн аадрын улмаас нэвт норсон хөрсөнд гүн шигдэж суусан болохыг анхаарч үзээгүй.
4.3 Шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн зөвшөөрлийн дагуу бетон зуурмагийг миксер машин шаварт шигдэж, суусан газарт асгасан болох талаар мэдүүлдэг. Худалдан авагчийн зөвшөөрлөөр, түүний заасан газарт буюу замчлан явсан газарт тээвэрлэлтийн үеийн эрсдэл худалдан авагчид шилжсэн үед хийгдсэн захиран зарцуулсан ажиллагааг худалдагч буюу хариуцагч хариуцах үүрэггүй.
4.4 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Давагдашгүй буюу гэнэтийн шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас гэрээний үүрэг биелэгдээгүй байвал худалдан авагч нь шаардлага гаргах эрхээ алдана гэж тодорхой заасан байхад давагдашгүй хүчин зүйл нь эд хөрөнгийн доголдолд хамаарна гэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцсэнгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Тухайн 3 удаагийн тээвэрлэлт нь сүүлийн тээвэрлэлт бөгөөд тээвэрлэгч буюу нийлүүлэгч тал замын нөхцөл байдлыг судалж, хэрэв бороо орох бол урьдаас мэдэх боломжтой байсан. Давагдашгүй хүчин зүйл нь үер усны аюул бий болох, түүнийг урьдчилан таамаглах боломжгүй байхыг хэлнэ. Гэтэл бороо орох, тухайн замаар хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй зэргийг урьдчилан мэдэх боломжтой.
5.2 Тээвэрлэгчид шилжүүлэн өгснөөр тухайн бетон зуурмагийг худалдан авагч тал хүлээн авч, эрсдэл бүрэн шилжинэ. Гэтэл хуулиар эрсдэл хүлээн авч байгаагаа ойлгож, тодорхой үйлдэл хийсэн байхыг шаардана. Бидний зүгээс өмнөх 10 ширхэг баримт хүлээлцсэн падаантай адил ямар нэгэн гарын үсэг зурж, сүүлийн 3 тээвэрлэлтийг хүлээлцсэн зүйл байхгүй. Тиймээс үүнийг хүлээн авсан болон эрсдэл шилжсэн гэж үзэхгүй. Түүнчлэн, нэхэмжлэгчийн зүгээс бетон зуурмагийг асга гэсэн зөвшөөрөл өгөөгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийлүүлээгүй бетон зуурмагийн үнэ 8,580,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
3. Талуудын хооронд 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр бетон зуурмаг худалдах, худалдан авах хэлцэл амаар байгуулагдсан. Хэлцлийн дагуу хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, ******* гэх газарт баригдах ******* цогцолборын барилгад 338 м.куб хэмжээтэй, М250 маркийн бетон зуурмагийг 1 м.кубийг 260,000 төгрөгөөр тооцож, нийт 87,880,000 төгрөгийн бетон зуурмагийг нэхэмжлэгчид нийлүүлэх, нэхэмжлэгч нь бетон зуурмагийн үнэ 56,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэх төлбөрийг автомашинаар тооцож төлөхөөр тохиролцсон. *******аас гэрээний төлбөрт 56,000,000 төгрөгийг ******* ХХК-д шилжүүлсэн, улмаар ******* ХХК-аас *******т 21,160,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байхаас гадна талууд гэрээ цуцлагдсан талаар маргаагүй.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.
4.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
5. Хариуцагч нь гэрээний дагуу 8,580,000 төгрөгийн үнэ бүхий 33 м.куб хэмжээтэй бетон зуурмагийг нэхэмжлэгчид нийлүүлэхээр тээвэрлэх явцад бороо орж, улмаар тээвэрлэн явсан автомашин шаварт суусны улмаас тухайн бетон зуурмагийг асгасан үйл баримтын талаар талууд маргаагүй.
5.1 Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ. Тайлбарлавал, худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсний дараа түүнээс үүсэх үр шим болон эрсдэл худалдан авагчид шилжих бөгөөд мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт эд хөрөнгийг хүлээн авсанд тооцох үндэслэлийг заасан. Өөрөөр хэлбэл, талууд эд хөрөнгө хүлээн авах нөхцлийг гэрээгээр тодорхойлж болох бөгөөд хэрэв энэ талаар тохиролцоогүй бол эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийснээр хүлээн авсанд тооцно.
5.2 Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тэрээр бетон зуурмагийг гуравдагч этгээдээр буюу бусдаар тээвэрлүүлэн худалдан авагчид нийлүүлсэн. Энэ нөхцөлд хариуцагч бетон зуурмагийг тээвэрлэн нэхэмжлэгчийн заасан газар хүргэснээр Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч эд хөрөнгийг хүлээн авсанд тооцох тул тухайн тээвэрлэлтийн улмаас үүсэх эрсдэлийг худалдан авагч хариуцахгүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч 33 м.куб хэмжээтэй бетон зуурмагийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн нь, мөн үүнд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Хариуцагч үлдэх 33 м.куб бетон зуурмагийг нэхэмжлэгчид дээрх үндэслэлээр нийлүүлээгүйгээс нэхэмжлэгч тухайн хэмжээгээр гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх 33 м.куб бетон зуурмагийн үнэ 8,580,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байна.
7. Цаг Уур, орчны шинжилгээний газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр 2023 оны 07 дугаар сарын 18-нд Нийслэл хот орчмоор /11 мин-30 мин/ орчим үргэлжлэн 1-6 мм дуу цахилгаантай ширүүн аадар бороо, мөндөр орсон болохыг Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Улаанбаатар хотын Улаанбаатар Хан-Уул ******* ******* өртөөдийн бодит ажиглалтын мэдээнд үндэслэн тодорхойлов гэжээ. Уг баримтыг үндэслэн гэрээний үүрэгтэй холбоотой давагдашгүй хүчин зүйл гэж үзэхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Учир нь, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд гал түймэр, үер, газар хөдлөлт зэрэг гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас байшин барилга бүрэн болон хэсэгчлэн нурсан зэргийг ойлгох бөгөөд хэрэгт авагдсан баримтаар дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2024/00721 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН