Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 219

 

 

 

 

 

 

 

 

  2019           3            14                                    219

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар,

өсвөр насны шүүгдэгч: Д.Бямба, түүний хууль ёсны төлөөлөгч С.Болормаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Осоржамаа /2502/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бямбад холбогдох эрүүгийн 1805 0535 10166 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 17 нас, 3 сар, 20 хоногтой, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бямба.

 

Шүүгдэгч Д.Бямба нь 2018 оны 10  дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кола Кебаб” нэртэй хоолны газрын орчим О.Зоригтыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч-Д.Бямба мэдүүлэхдээ:

Би улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн цээж рүү нэг өшиглөөд, 2 удаа цохисон. Би хохирогчоос уучлалт гуйсан. Хохирол төлбөрийг манай ээж төлж барагдуулсан. Ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Цаашдаа хичээлдээ явж дахин ийм үйлдэл гаргахгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч-С.Болормаа мэдүүлэхдээ:

Би хоёр хүүтэй ба Д.Бямба нь манай бага хүү байгаа юм. Манай хүү зан чанарын хувьд зөөлөн зантай. Би хүүхдийнхээ засрал хүмүүжилд цаашдаа анхаарах болно. Миний хүү цаашид дахин ийм алдаа гаргахгүй гэж өөртөө гэмшиж байгаа. Би энэ талаар хүүхэдтэйгээ ярилцсан гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-О.Зоригт мэдүүлэхдээ:

2018 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө “Кола Кебаб” нэртэй хоолны газрын урдуур би ганцаараа алхаж байхад хажуу талаас 5 залуу байх зөрөөд явж байснаа гал асуухаар нь “байхгүй” гэж хэлээд цаашаа явж байхад араас дуудаад нэг юм яриад байсан. Тэгснээ “ийшлье” гэхээр нь би “чадахгүй” гэж хэлсэн. Гэтэл нэг залуу нь миний цээж рүү өшиглөөд, толгой руу цохисон. Хамар руу цохисон. Тэгээд байж байтал хоёр цагдаа ирээд тэд нарыг бариад явсан. Намайг бас машиндаа суулгаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Бямба гэх намайг зодсон залуу миний хохирлыг барагдуулж 600 000 төгрөг өгсөн. Одоо гомдол санал байхгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний биед хамарт хавдар, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлийг Бямба гэх залуу миний хамар нүүр рүү гараараа цохиж учруулсан. Надаас гал асуугаад, байхгүй гэж хэлээд тоохгүй цаашаа алхаад явж байхад араас ирээд цохисон гэжээ. (хэргийн 7 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Л.Бат-Оргил мэдүүлэхдээ:

Би Бямбатай багын назууд юм. 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 22 цагийн орчим найзуудтайгаа уулзаад хороололд сагс тоглож байгаад 00 цагийн орчим бид нар алхаж байгаад хоорондоо тамхины талаар яриад явж байтал хажуугаар зөрсөн ах “яасан гэнээ, та нар гал асуудаг болоо юу” гэсэн. Тэгэхээр нь бид нар “тантай яриагүй байнаа ахаа” гэтэл нөгөө ах ирээд бид нарт томроод байсан. Тэгж байгаад нөгөө ах Ганбямбыг цохиж аваад, Бямбатай зодолдож эхэлсэн. Тэгж байтал цагдаагийн машин хүрч ирэхээр нь бид нар зугтаачихсан. Бид нар эрүүл байсан. Харин нөгөө ах согтуу байсан хэр зэрэг согтуу байсан гэдгийг мэдэхгүй байна. Тэр хоёр нэгнийгээ заамдчихаад нүүр, нүүрлүүгээ цохилцоод байсан. Хэдэн удаа яаж цохисныг би сайн харж чадаагүй. Цагдаа хараад бид нар зугтаасан. Бямбаас өөр тэр залууг цохиж зодсон хүн байхгүй. Тэгэхээр Бямба л тэр гэмтлүүдийг учруулсан гэжээ. (хэргийн 10 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12371 тоот дүгнэлтэд:

1. Ө.Зоригтын биед хамарт хаван хавдар, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.Бямба ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Өсвөр насны шүүгдэгч Д.Бямба нь 2018 оны 10  дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кола Кебаб” нэртэй хоолны газрын орчим хохирогч О.Зоригтийг зодож, эрүүл мэндэд нь хамарт хаван хавдар, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.Зоригт, гэрч Л.Бат-Оргил, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12371 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Д.Ганбямбыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэжээ.

 

Өсвөр насны шүүгдэгч нь 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 17 нас, 3 сар, 20 хоногтой байх тул түүнд өсвөр насны хүнд ял оногдуулах журмаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг мөн хуулийн 8.3 дугаар зүйлийн 2-д зааснаар өдөрт гурваас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой баримтыг нотлох баримтыг хэрэгт гаргаагүй бөгөөд өөрт учирсан хохиролд 600 000 төгрөг хүлээн авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Өсвөр насны шүүгдэгч Ганбямбыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Ганбямбыг 120 (зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Бямбад оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар эдлүүлэхийг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч Д.Бямбад мэдэгдсүгэй.

 

5. Өсвөр насны шүүгдэгч Д.Бямба нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бямбад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН