Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00830

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00830

 

 

2024 04 22 210/МА2024/00830

 

*******

ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/00844 дугаар шийдвэртэй

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 7,303,943.82 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлтэй, газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХХК нь *******, ******* нартай 2021 оны 09 сарын 29-ний өдөр байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээгээр 12,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүү, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн. Мөн өдөр байгуулсан ******* дугаартай барьцааны гэрээгээр *******ийн өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн 17 хороо, ******* гудамжны ******* хаягтай, улсын бүртгэлийн ******* дугаартай, 235 м.кв талбайтай газар, мөн өдөр байгуулсан ******* дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/-ийн гэрээгээр Тоёота приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ зөрчсөн учир 2023 оны 06 сарын 14-ний өдөр фидуцийн гэрээнд заасан Тоёота приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч худалдан борлуулсан дүнгээр зээлийн төлбөрөөс хассан. Гэвч зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй. 2023 оны 11 сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 6,468,777.11 төгрөг, үндсэн хүү 762,629.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,537.30 төгрөг, нийт 7,303,943.82 төгрөгийн төлбөртэй болсон. Иймд зээлдэгч *******, ******* нараас зээлийн гэрээний төлбөрт 7,303,943.82 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Бид ******* ХХК-аас 2021 онд 12,000,000 төгрөгийн зээл авч барьцаанд нь газрын гэрчилгээг тавьсан нь үнэн. Автомашиныг 11,500,000 төгрөгөөр худалдан авч бас барьцаалсан. Зээлээ төлж байсан ч эмээ маань хүнд өвчний улмаас хагалгаанд орох болж мөнгөний хэрэгцээ гарсан учир зээлээ төлж чадаагүй, туйлын хүнд байдалд орсон. Гэтэл нэхэмжлэгч нь автомашиныг гэрийн гаднаас авч явсан. Уг зээлд 18,319,814 төгрөг төлөхөөс 9,000,000 төгрөгийг төлсөн. Автомашиныг бидэнд мэдэгдэлгүй зарсанд маш их гомдолтой байна гэжээ.

 

3. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь автомашиныг хураан авч худалдсан учир барьцаанд байгаа газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Зээлийн төлбөр дуусгавар болоогүй тул газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлөх боломжгүй. Зээлдэгч нар зээлээ төлөөгүй тул автомашиныг хураан авсан ба *******ийг автомашин худалдаж зээлээ төлөхийг 1 сар хүлээсэн ч үр дүн гараагүй, мөн ******* нь Монголбанкны Зээлийн мэдээллийн сангаас мэдээллээ хасуулж зээл аваад уг зээлийг хаана гэж мэдээллийн сангаас хасалт хийлгэж цалингийн зээл авсан атлаа манай зээлийг төлөөгүй байдаг. Хураасан автомашины батарей нурсан, урд гупер хагарч тал нь байхгүй, хойд гупер хагарсан эвдэрсэн, их бие, 4 хаалга будаг хийх шаардлагатай, мотор кропны тосгүй, урд салхины шил хагархай, 4 дугуй чанарын шаардлага хангахгүй, их гэрлүүд бохирдолтой шороо орсон тусгал муутай, дотор салон маш их бохирдолтой зэргээс үүдэн тухайн автомашинд хийлгэх шаардлагатай засварын зардлуудыг хасаж манай байгууллагаас 2023 оны 06 сарын 14-ний өдөр автомашиныг 4,500,000 төгрөгөөр борлуулж зээлийн төлбөрөөс 4,350,000 төгрөгийг хассан гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас 7,303,943.82 төгрөг гаргуулах, Чингэлтэй дүүргийн 17 хороо, ******* гудамж, од байх улсын бүртгэлийн ******* дугаартай, 235 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар *******ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 17 хороо, ******* гудамж, од байх улсын бүртгэлийн ******* дугаартай, 235 м.кв талбайтай газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч ******* ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлсөн 198,200 төгрөг, хариуцагч нарын төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч *******,******* нарт олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүх барьцааны гэрээгээр ямар эрх зүйн үр дагавар үүсэж байгааг дүгнээгүй. Хариуцагч нар 2022 оны 12 сарын 21-ний өдрөөс хойш зээлээ төлөөгүй зөрчлийг гаргасан. Иймд нэхэмжлэгчээс барьцааны гэрээний 5.1.1-д зааснаар зээлийн үлдэгдэл 7,303,943.82 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх зүйн үр дагавар үүссэн. Гэтэл шүүхээс ЗБГ-2021092900127 дугаартай зээлийн барьцааны гэрээний эрх зүйн үр дагавар болон хүчин төгөлдөр байдлын тухайд дүгнэлт өгөөгүй буюу зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй.

Шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хангаж, ******* улсын бүртгэлийн дугаартай газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Гэвч Иргэний хуулийн 235 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь автомашиныг бодитоор шилжүүлсэн авснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж шүүх дүгнэсэн нь илт алдаатай болсон. Үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэд хэдэн аргыг ашиглаж болох тул зээлийн гэрээний үүрэг 7,303,943.82 төгрөгийн үлдэгдэлтэй байхад бусад аргаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Хариуцагч нар нь фидуцийн гэрээг зөвшөөрч байгуулсан ба автомашинаар зээлийн төлбөрийн зарим хэсгийг хангуулсан. Иймээс зээлийн гэрээний үүргийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй.

Фидуцийн гэрээний 6.3-д хөрөнгийн чанар муудах, зах зээлийн үнэлгээ буурах, хөрөнгийг худалдахад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаагүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг хангах өөр хөрөнгө шаардах, солих, нэмүүлэх, бусад хөрөнгөөс гаргуулна гэж заасан тул өөр хөрөнгөөс зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулан авах эрхтэй юм. Иймээс шийдвэрт ...Магна профит энд инвестмент ББСБ ХХК нь зээлийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан автомашиныг 4,500,000 төгрөгөөр худалдаж зээлийн төлбөрт шилжүүлэн авсан. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлөх нь зүйтэй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч нарын гаргасан тайлбарын агуулга: Би анх фидуцийн гэрээг байгуулахдаа бага зэрэг алдаа гаргасан гэж үзэж байна. Би өөрийн буруутай үйлдлээс болж, барьцааны эд зүйлгүй болсон. Мөн уг гэрээг байгуулахдаа миний бие өөрийн эхнэрийг батлан даагчаар уг хэрэг маргаанд оролцуулсан боловч эхнэрийн нэр дээр хүртэл зээл гарах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 6,468,777.11 төгрөг, үндсэн хүүд 762,629.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 72,537.30 төгрөг, нийт 7,303,943.82 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэгч фидуцийн гэрээний дагуу автомашиныг хураан авч худалдсан тул барьцааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 17 хороо, ******* гудамжны , улсын бүртгэлийн ******* дугаартай, 235 м.кв талбайтай, өмчлөх эрхийн газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлүүлэхөөр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Талуудын 2021 оны 09 сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ******* ХХК нь 12,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчид зээлдүүлэх, зээлдэгч *******, ******* нар зээлийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор талууд мөн өдөр зээлдэгч *******ийн өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн 17 хороо, ******* гудамжны од байх, улсын бүртгэлийн ******* дугаартай, 235 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсныг шүүх Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3 дахь хэсэгт нийцсэн гэж, мөн өдөр талуудын хооронд байгуулсан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ээр Тoyota Prius-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд нийцсэн, эдгээр гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

4. Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь фидуцийн гэрээнд заасан тээврийн хэрэгслийг хураан авч 2023 оны 06 сарын 14-ний өдөр 4,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, 4,350,000 төгрөгийг зээлийн төлбөрт шилжүүлэн тооцжээ. Талууд фидуцийн гэрээгээр тээврийн хэрэгслийн үнийг 12,000,000 төгрөгөөр тогтоож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна.

Нэхэмжлэгч уг тээврийн хэрэгслийг бусдад 2023 оны 06 сарын 14-ний өдөр 4,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан нь талуудын дээрх тохиролцоог үгүйсгэхгүй, түүнчлэн тээврийн хэрэгслийн элэгдэл болон эвдрэл, гэмтлийг тооцож үнийг тогтоосон тухай нэхэмжлэгч талын тайлбарыг нотолсон талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг 12,000,000 төгрөгийн хэмжээнд хариуцагч нарын зээлийн гэрээний дагуу мөнгө төлөх үүрэгт тооцсоноор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаж, үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

5. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болохоор заасан тул хариуцагч *******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээний үүрэг дуусгавар болно. Анхан шатны шүүх энэ үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/00844 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ