| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхам-Янжингийн Оюун |
| Хэргийн индекс | 106/2018/0220/Э |
| Дугаар | 220 |
| Огноо | 2019-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Соёмбо |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 220
2019 3 14 220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,
нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,
улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Соёмбо,
шүүгдэгч: Д.Ням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нямд холбогдох эрүүгийн 1905 0006 20171 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, инженер мэргэжилтэй, Ням.
Шүүгдэгч Д.Ням нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К-103 дугаар байрны 10 тоотод эхнэр Б.Аззаяатай үл ялих зүйлээс өөр хоорондоо маргалдан улмаар Б.Аззаяаг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Ням мэдүүлэхдээ:
Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед манай эхнэр залуучуудтай танилцаад 7 хоног алга болсон. Энэ асуудлаас болоод бид хоорондоо маргаантай байснаас уур хүрээд хохирогчид гэмтэл учруулсан нь үнэн. Би эхнэртэйгээ 2000 онд гэр бүл болсон, албан ёсны гэр бүлийн баталгаатай. Хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би дахин ийм үйлдэл гаргахгүй. Хохирогч надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй. Би толгойн зураг авахуулах мөнгө өгсөн. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрч, одоо хамт амьдарч байгаа. Миний гэмт хэрэг үйлдсэн газрыг яллах дүгнэлтэнд буруу бичсэн байна. Үүнийг зөвтгүүлэх хүсэлтэй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.Аззаяа мэдүүлэхдээ:
2018 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 11 цагийн үед нөхөр гаднаас орж ирсэн. 2 сар орчим тусдаа амьдарч байгаа. Манай нөхөр архи уугаад гадуур явдаг, архичидтай нийлээд алга болдог. Орж ирэхээрээ гаднаас согтуу орж ирдэг болохоор нь нөхрийн ээж Шүлэгмаад хэлж тэднийд амьдруулах болсон. Тухайн өдрийн өглөө орж ирээд бичиг баримтаа хайгаад “зурагтын тавиур дээр байсан бичиг баримт байхгүй байна” гээд охин Энхжин рүү загнаад байхаар нь би босоод тавиур дээр байсныг нь олж өгсөн. Надаас кридит карт авна гээд “мөнгө байгаа юм уу гэхээр нь би байгаа гэсэн чинь нөхөр “чи надаас мөнгө авдаг пизда” гээд доромжилж эхлэхээр нь би “чи яагаад дандаа хүн ингэж доромжилж байдаг юм гээд өшиглөсөн. Тэгсэн чинь хариулаад хацар руу нэг удаа цохисон. Би орилоод унасан чинь хүү нөгөө өрөөнөөс ирээд дундуур ороод салгасан. Тэгсэн нөхөр Ням “ална чамайг” гээд дайраад байхаар нь би нүүрийг нь самардсан. Эрүүний доор нь маажигдсан байсан. Чи яаж байгаа юм, нүүр рүү цохиод байхдаа яадаг юм гэсэн чинь нөхөр нүүр чинь яагаачгүй байна, намайг эргүүлээд цохьчих гээд байсан. Тэгээд гараад явахаар нь би цагдаа дуудсан. Гарч яваад буцаж орж ирээд “пизда минь чи нүүр маажаад хаячихаж гээд хоорондоо маргалдсан. Нөхөр Ням миний нүүр орчим нэг удаа, эгэм орчим нэг удаа цохисон. Хүүхэд дундуур орсон болохоор цохиж чадаагүй. Миний тархи доргиж, дээд хоёр араа суларсан байна. Цээж орчим хөндүүрлэж хөхөрсөн байна гэжээ. (хэргийн 9 дүгээр хуудас)
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 421 тоот дүгнэлтэд:
1. Б.Аззаяагийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 20 дугаар хуудас)
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:
Д.Ням ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 45 дугаар хуудас)
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 134 тоот яллах дүгнэлтэнд гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К-103 дугаар байрны 10 тоот гэж алдаатай бичсэнийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 105 дугаар байр, 162 тоот гэж зөвтгөх нь зүйтэй байна. Энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.
Шүүгдэгч Д.Ням нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 105 дугаар байр, 162 тоот гэртээ эхнэр буюу хохирогч Б.Аззаяатай үл ялих зүйлээс маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Аззаяа, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 421 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.
Иймд Д.Нямыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой хохирлыг нотлох баримтаар нэхэмжлээгүй бөгөөд “бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Нямыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Нямыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Ням нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Ням цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,
улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Нямд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН