Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 221

 

 

 

 

 

 

 

   2019           3           14                                       221

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Намдаг,

Шүүгдэгч: Г.Маа  нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Маа д холбогдох 1905002100146 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт  Маа .

 

Шүүгдэгч Г.Маа  нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Кастель” цэнгээний газрын бие засах өрөөнд иргэн А.Энхзаяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэнд дурдсанаар)

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Маа  мэдүүлэхдээ:

Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд найзыгаа өмөөрөөд хохирогчийн үснээс нь зулгаагаад өшиглөсөн. Хохирогчийн эмчилгээний зардалд 120 000 төгрөг өгсөн. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч-А.Энхзаяа мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 07-ны оройн 20 цагийн үед Гэрэлцэцэгийн гэрт ирсэн. Бид хоёр гэрт нэг нэг пиво уугаад, 23 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастель” бааранд ороод 6 шил пиво захиалаад, Гэрэлцэцэгийн нөхөр нь утсаар залгахаар нь ярих гээд тамхины өрөө рүү орсон. Тамхины өрөөнд орохдоо хаалга цааш нь түлхсэн чинь хар үстэй охин хаалганд түлхүүлсэн байсан. Гэрэлцэцэг бид хоёр тамхины өрөөнд утсаар ярьж байтал хар үстэй охин ирээд гараараа нүүр рүү 1 удаа цохисон, Гэрэлцэцэг өөдөөс нь түлхсэн, ингээд бөөн зодоон болсон. Гарыг нь цааш түлхэхээр үсдээд байсан. Би нүүрээ хамгаалаад газар суусан. Хэн яаж цохисон талаар сайн хараагүй, хамгаалагч нар нь орж ирээд салгасан. Би тамхины өрөөнөөс гараад зугтсан гэжээ. (хэргийн 16-19 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Т.Гэрэлцэцэг мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 07-ны оройн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороололд найз Энхзаяагийн гэрт уулзаж хоол идээд, гэрээс нь гараад Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кастель нэртэй бааранд 01 цагийн үед орж үйлчлүүлсэн. Ороод 6 шил пиво захиалаад хоёр, хоёр пиво уугаад нойл орох гээд Энхзаяатай хамт явсан. Найз Энхзаяа түрүүлээд урд алхаж байсан. Энхзаяагийн араас тамхины өрөөнд ортол Энхзаяаг богино шар үстэй, урт хар саарал өнгийн үстэй хүүхэн дээр нь дарсан, хажууд нь нэг эрэгтэй хараад зогсож байсан. Би очоод болиоч гээд болиулсан. Гэтэл шар үстэй хүүхэн болихгүй байсан. Тэгэхээр нь би очоод үснээс нь татахад үс нь татагдаад байсан. Гэтэл хажууд байсан эрэгтэй ирээд нүүр лүү гараараа алгадсан. Би Энхзаяаг салгаад байж байтал Энхзаяа цагдаа дуудна гээд тамхины өрөөнөөс гараад явсан. Гэтэл шар үстэй хүүхэн ирээд намайг үсдсэн, би зөрүүлээд үсдсэн. ..Удалгүй цагдаа ирсэн. ...ингээд би эрүүлжүүлэхэд хоносон...” гэжээ. (хэргийн 22-23 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч -С.Билгүүтэй мэдүүлэхдээ:

“...Маа г нэг эмэгтэй мөрлөсөн. “Өө энэ одоо яаж байнаа” гээд тамхины өрөө рүү орсон. Маа  “чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй нь “яадаг юм” гэж хэлээд, маргалдаад хоёулаа үснээсээ зулгаацалдаад, зодолдоод эхэлсэн. Би очоод салгах гэсэн чинь боловч салгаж чадахгүй байсан. Гэтэл баарны хамгаалагч хоёр хүн орж ирээд салгасан. ...нөгөө танихгүй Маа тай зодолдоод байсан эмэгтэйг эрүүлжүүлэхэд хийгээд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирээд Маа , Оюука, Маа тай зодолдсон эмэгтэй нарыг авчирч мэдүүлэг аваад явуулсан..” гэжээ. (хэргийн 20-21 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 1106 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. А.Энхзаяагийн биед тархи доргилт, зулайн хуйх, нуруу, баруун суга, зүүн бугалга, баруун алга, хэвлий, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 10 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.Маа  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн  50 дугаар хуудас)

 

   ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Г.Маа  нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Кастель” цэнгээний газрын бие засах өрөөнд хохирогч А.Энхзаяаг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйх, нуруу, баруун суга, зүүн бугалга, баруун алга, хэвлий, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Энхзаяа, гэрч Т.Гэрэлцэцэг, С.Билгүүтэй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 1106 дугаартай дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Г.Маа г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Маа д холбогдох хэрэгт 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол үйлдэж, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

Шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг товлон зарласан боловч шүүгдэгч Г.Маа  нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5-д заасан хугацаа өнгөрсөн тул хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Г.Маа  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч А.Энхзаяа нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Маа тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

                                               

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Маа г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Маа г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Маа  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Маа  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 нэг ширхэгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Маа д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН