Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00831

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00831

 

 

2024 04 22 210/МА2024/00831

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 28-ны өдрийн 181/ШШ2024/00797 дугаар шийдвэртэй

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 52,390,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талууд 2018 оны 11 сарын 13-ны өдөр харилцан тохиролцож Цахилгаан эрчим хүчний барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь техникийн нөхцөлд зааснаар бага чадал бүхий цахилгаан киловаттын цахилгаан дамжуулах сүлжээг барьж өгөх, ******* ХХК ажлын хөлс 179,980,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Уг ажлыг актаар хүлээлгэж өгсөн. ******* ХХК 158,990,000 төгрөгийг төлсөн. Гэрээний 3.4.3-т зааснаар захиалагч нь гүйцэтгэлийн баталгааг гэрээний үнийн 5 хувь болох 8,999,000 төгрөгийг ажлыг хүлээн авснаас хойш 1 жилийн хугацаанд байршуулахаар заасан. Гэрээний баталгаат хугацаанд цахилгаан дамжуулах дэд станц хэвийн, тасралтгүй ажиллаж байгаа.

******* зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас 2019 оны 05 сарын 15-ны өдөр шинэчилсэн техникийн нөхцөлийг ашиглалтад оруулах, уг ажлыг хийгээгүй нөхцөлд таслалт хийхийг албан бичгээр мэдэгдсэн. Учир нь эхний гүйдэл очиж байгаа Зүүн бүсийн цахилгаан түгээхээс дамжуулж байгаа шугам сүлжээнд тоолуур байх ёстой гэж заасан. Энэ дагуу ******* ХХК нь 2019 оны 04 сарын 29-ний өдөр цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл шинээр батлуулж, ажлыг эхлүүлчих, бид техникийн нөхцөлийг нь гаргуулан танайхаар ажлаа хийлгүүлье, нэгэнт эхлүүлсэн ажил учраас гүйцэтгэж өгнө үү гэж хүсэлт гаргаснаар манай компани тухайн ажлыг гүйцэтгэж, талууд 2020 оны 01 сарын 28-ны өдөр акт үйлдэн ажлыг хүлээлцсэн.

Иймээс 2018, 2019 оны ажлууд нь тусдаа төсөвтэй, техникийн нөхцөлтэй учраас 2018 оны 11 сарын 13-ны өдрийн Цахилгаан эрчим хүчний барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн нэмэлт ажил биш, тусдаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. ******* ХХК-аас 2020 оны 10 сарын 21, мөн оны 12 сарын 17-ны өдөр гэрээний гүйцэтгэлийн төлбөрт тус бүр 5,000,000 төгрөгийг ******* ХХК-д шилжүүлсэн тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2023 оны 08 сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

Иймд хариуцагч ******* ХХК-аас 2018 оны 11 сарын 13-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөг, барьцаа төлбөр 8,990,000 төгрөг, 2019 оны 05 сарын 15-ны өдрийн ажлын гүйцэтгэлтэй холбоотой үлдэгдэл төлбөр болох 30,906,258 төгрөг, нийт 52,390,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудын ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн актад гэрээний үүрэг 2020 оны 01 сарын 28-ны өдөр дуусгавар болох байсан. Шаардах эрхийг энэ өдрөөс үүссэн гэж үзнэ. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасан хугацааг тоолоход 2023 оны 01 сарын 28-ны өдөр 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч нь шаардах эрх үүссэнээс хойш дээрх хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, хариуцагч төлбөр төлж, баталгаа гаргаж байгаагүй нь хэрэгт авагдсан баримт болон гэрчийн мэдүүлгээр нотлогдох тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөрөө шаардаж байсан гэх боловч энэ талаархи баримтыг манай компанид ирүүлж байгаагүй тул нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан байна.

Мөн нэхэмжлэгчийн нэмэлт гэрээ байгуулсан гэх ажлыг бид ******* ХХК-ийн 2018 оны 11 сарын 13-ны өдрийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг гэж үзэж байсан. Нэхэмжлэгчийн шаардаж буй нэмэлт ажлын гүйцэтгэлтэй холбоотой ажил гүйцэд хийгдсэн, хариуцагчид хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэрээ дүгнэсэн акт байхгүй. Үндсэн ажил гүйцэтгэх гэрээний 8.3-т ...нэмэлтээр гэрээ байгуулах болон өөрчлөлт оруулах тохиолдолд талуудын байгууллагыг төлөөлөх эрхтэй албан тушаалтан зөвхөн бичгээр үйлдэж гарын үсэг зурсан тохиолдолд хүчин төгөлдөр байна гэж тохиролцсон. Нэхэмжлэлээс харахад нэмэлт гэрээ байгуулах саналыг ******* ХХК-ийн ерөнхий цахилгаанчин, нягтлан бодогч нар тавьсан. Эдгээр хүмүүс нь Компанийн тухай хуульд заасан компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүмүүс биш. Иймд 2018 оны 11 сарын 13-ны өдрийн гэрээнд өөрчлөлт орсон гэж үзэх үндэслэлтэй. Харин нэмэлт ажлын гэрээ байгуулагдсан, эсвэл шинэ гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байна.

Мөн нэмэлт гэрээ байгуулагдсан гэж үзсэн тохиолдолд 2019 оны 12 сарын 27-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн гэсэн тул мөн адил хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн гаргасан төсөвт өртгийн нэгдсэн товчоонд ажиллах хүчний зардал, материал, тээвэрлэлт, машин ашиглалт, нэмэлт зардал гэх мэт зардлуудыг тусгасан байгаа. Эдгээр зардлуудтай холбоотойгоор ямар нэгэн хуулийн шаардлага хангасан баримт хэрэгт байхгүй. Нэмэлт ажлын хөлсөнд нэмж гүйцэтгэгдсэн ажлынх нь төсвийг нэхэмжлээд байгаа эсэх, ажил гүйцэтгэсэн хөлсөө нэхэмжлээд байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 52,390,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419,900 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 419,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: ******* ХХК нь ******* ХХК-тай 2018 оны 11 сарын 13-ны өдөр 342/18 дугаартай Цахилгаан эрчим хүчний байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан ба гүйцэтгэгч тал нь аймгийн ******* сумын нутагт байх ******* боомтод байрлах ачилт буулгалтын талбайг цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээр хангах үүднээс Зааг суурин дахь 10кВ-ын агаарын шугамын төгсгөлийн тулгуураас нийт 6.З км урттай,10кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 250кВа чадалтай 10/0,4кВ-ын /КТП/-ыг барьж ашиглалтад оруулж, хүчдэлд залгуулах ажлыг иж бүрэн гүйцэтгэж захиалагчид түлхүүр гардуулах, захиалагч нь ажлын нийт хөлс 179,980,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон.

Тус ажлыг гүйцэтгэх явцад ******* зүүн бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 2019 оны 05 сарын 15-ны өдрийн албан бичгээр шинэчилсэн техникийн нөхцөлөөр тус байгууламжийг ашиглалтад оруулах буюу тоолуур суурилуулах, эс бөгөөс таслалт хийх талаар мэдэгдсэн, үүний үндсэн дээр "*******" ХХК нь хариуцагч "*******" ГХОХХК- ийн хүсэлтийн дагуу "******* Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК- ийн 2019 оны 04 сарын 29-ний өдөр баталсан "Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл"-д заасан ажлуудыг техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгэсэн ба тус ажил нь үндсэн гүйцэтгэх ажилтай нь холбоотой тул мөн ажлыг гүйцэтгэсэн.

Үүнээс хойш захиалагч тал болон гүйцэтгэгч талууд 2018 оны 11 сарын 13-ны өдөр 342/18 дугаартай Цахилгаан эрчим хүчний байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ-г дүгнэн 2020 оны 01 сарын 28-ны өдөр 12/19-1 дугаартай Гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн акт үйлдсэн. Тус дүгнэлтэд: Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.2-т заасан Цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг эрх бүхий этгээдээр батлуулах ажлын хүрээнд Гүйцэтгэгч нь 2018 оны 11 сарын 20-ны өдөр цахилгаан түгээх сүлжээ салбарын дарга ******* "Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл-ийг баталгаажуулсан бөгөөд ******* зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ компани 2019 оны 04 сарын 29-ний өдөр №Д019/11 дугаартай шинэчилсэн техникийн нөхцөл олгосны дагуу Гүйцэтгэгч нь техникийн нөхцөлийн дагуу холбогдох ажлыг хийж гүйцэтгэн, ******* зүүн өмнөд бүсийн цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/382 тоот тушаалаар томилогдсон техникийн комисс ажиллуулж дүгнэлт гаргуулсан байна.

Шинээр батлагдсан техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг уурхайн даргын томилсон ажлын хэсэг 2019 оны 12 сарын 06-ны өдөр шалгаж хүлээн авснаар 342/18 тоот гэрээний гүйцэтгэл бүрэн дууссан гэж үзэх боломжтой байна гээд ...******* ХХК нь БНЗӨБ /******* зүүн өмнөд бүсийн/ компанийн 2019 оны 04 сарын 29-ний шинэчлэгдсэн техникийн нөхцөлийг улсын комисст шалгуулан зөрчил дутагдлыг дахин засварлан албан ёсоор дүгнэлтийг гаргуулан баталгаажуулж хүлээлгэн өгсөн байна. Иймд 2018 оны 11 сарын 13-ны өдөр байгуулсан 342/18 тоот гэрээний гүйцэтгэл дууссан гэж үзэж гэрээг дүгнэх бүрэн боломжтой болохыг тодорхойлж байна гэж дүгнэсэн.

Мөн дүгнэлт хэсэгт: ...22,497,500 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөх үндэслэлтэй гэж үзэн талууд гарын үсэг тамга дарж баталгаажуулсан. Гэвч нэхэмжлэгч тал 2019 оны 04 сарын 29-ний өдрийн №Д019/11 дугаартай шинэчилсэн техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа 30,906,258 төгрөгийн тусдаа гэрээ байгуулагдсан гэж биднээс шүүхийн журмаар нэхэмжлэн шүүх үүнийг нь хангаж шийдвэрлэсэн. Зарчмын хувьд гүйцэтгэх ажлын төсөв нэмэгдсэн бол цаг хугацааны болон гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн хувьд ч мөн 2020 оны 01 сарын 28-ны өдрийн гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн акт-д тусгагдсан байх ёстой. Тус актаар гүйцэтгэсэн ажлыг дүгнэсэн атлаа төлбөрийг орхигдуулах нь боломжгүй юм. Дээрхээс үзвэл үндсэн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор гарсан ажлын зөрчил дутагдлыг арилгасан болохыг харж болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д

Нэхэмжлэгч "******* ГХОХХК нь 2018 оны 11 сарын 23-ны өдрийн №342/18 дугаартай "Цахилгаан эрчим хүчний барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ"-нд заасан ажлыг гүйцэтгэж, 2018 оны 12 сарын 18-ны өдөр 15 дугаартай "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт " гарсан боловч гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажил буюу "******* Зүүн өмнөд ' бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2019 оны 04 сарын 29-ний өдөр баталсан №ДО 19/11 тоот Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл-д заасан ажлуудыг нэмэлтээр хийж гүйцэтгэх шаардлагатай болсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч "*******" ГХОХХК-ийн хүсэлтийн дагуу "******* Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн 2019 оны 04 сарын 29-ний өдөр баталсан №ДО 19/11 тоот "Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл"-д заасан ажлууд нь талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 342/18 тоот "Ажил гүйцэтгэх гэрээ-нд тусгагдаагүй, нэмэлт ажил болох нь тогтоогдсон гэж дүгнэжээ.

Гэвч тус ажил нь үндсэн гэрээнд тусгагдсан гүйцэтгэгч талын үндсэн үүрэгт ажил юм. Энэ нь 2020 оны 01 сарын 28-ны өдрийн 12/19-1 дугаартай Гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн акт-аас харагдаж байна. Тус акт нь гэрээний салшгүй нэг хэсэг төдийгүй талууд ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилт, явц, талуудын үлдсэн үүргийг тодорхойлсон баримт юм. Шүүхээс тус гэрээ болон гэрээ дүгнэсэн акт нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж дүгнэсэн атлаа тус актад ямар нэгэн тайлбар хийлгүй орхигдуулсан байна. /Анхан шатны шүүхийн шийдвэрийн 7 дахь хэсэг/

Шүүхийн шийдвэрт хэргийн баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тогтоогдсон гэж дүгнэсэн. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн уг ажлыг хийж гүйцэтгэхэд 30,906,258 төгрөгийн зардал гарсан нь нотлох баримтгүй ба Төсөвт өртгийн нэгдсэн товчоо гэх нэхэмжлэгч талын үйлдсэн баримтад үндэслэн талуудыг төлөөлөх эрхгүй этгээдүүдийн зөвшөөрөл, хүсэлт, гэрээгүйгээр нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй юм. Мөн 2018 оны Цахилгаан эрчим хүчний байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ-ний 8.3-т "гэрээ байгуулах болон өөрчлөлт оруулах тохиолдолд талуудын байгууллагыг төлөөлөх эрхтэй албан тушаалтан зөвхөн бичгээр үйлдэж гарын үсэг зурсан тохиолдолд хүчин төгөлдөр байна" гэж тохиролцсон. Иймд талуудын хооронд нэмэлт гэрээний эрх, үүргийн харилцаа үүсээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэг болох 30,906,258 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ******* ХХК-ийн зүгээс 2018 оны 11 сард хийж гүйцэтгэсэн ажлыг 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 15 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах актаар хүлээлгэн өгсөн. 2018 оны 11 сард хийж гүйцэтгэсэн ажил нь уг хугацаанаас өмнө буюу ******* ХХК-аас тухайн нөхцөлийг тохиролцсон гэж үзэж байна. Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөлд заасны дагуу ******* ХХК-ийн зүгээс гэрээ байгуулж ажилласан. 2019 оны 04 сарын 29-ний өдрийн №ДО 19/11 дугаартай цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл шинээр үүссэн. Уг нөхцөл байдлын дагуу ******* ХХК-ийн зүгээс ******* ХХК-д 30,906,258 төгрөгийн саналыг хүргүүлсэн. Тухайн саналыг ******* ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсанаар Иргэний хуулийн 39, 40, 41 дүгээр зүйлд заасны дагуу хэлцэл байгуулах шинж, гэрээ байгуулагдсан нөхцөл байдалд тооцогдоно гэж зохицуулсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэсэн ажил нь хариуцагчийн гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна. 2020 онд үйлдэгдсэн актад ******* ХХК-ийн зүгээс хийж гүйцэтгэсэн бүх ажлыг дурдаж тайлагнаж, ажлыг хүлээлгэн өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөг, барьцаа төлбөр 8,990,000 төгрөг, 2019 онд гүйцэтгэсэн ажлын төлбөр 30,906,258 төгрөг, нийт 52,390,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь шаардаж буй 2018 онд гүйцэтгэсэн гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөг, барьцаа 8,990,000 төгрөгийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, мөн 2019 онд гүйцэтгэсэн гэрээт ажлын үлдэгдэл хөлс 30,906,258 төгрөг нь өмнөх 2018 оны гэрээт ажилд хамаарна гэж тайлбарлан маргажээ.

 

3. Талуудын хооронд 2018 оны 11 сарын 13-ны өдөр байгуулсан Цахилгаан эрчим хүчний барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ-гээр ******* ХХК нь аймгийн ******* сумын нутаг, Ханги хилийн боомтод байрлах захиалагчийн ачилт, буулгалтын талбай, хилийн хэлтсийн үйл ажиллагаанд шаардлагатай цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээр хангах Зааг суурин дахь 10 кВ-ын агаарын шугамын төгсгөлийн тулгуураас нийт 6,3 км урттай, 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 кВа чадалтай, 10/0,4 кВ-ын КТП-ыг тус тус ашиглалтад оруулж, хүчдэлд залгуулах ажлыг иж бүрэн гүйцэтгэж, түлхүүр гардуулах нөхцөлөөр ******* ХХК-д хүлээлгэн өгөх, ******* ХХК нь 179,980,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч уг ажлыг гэрээнд заасны дагуу гүйцэтгэн 2018 оны 12 сарын 18-ны өдөр 15 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын актаар хүлээлгэн өгсөн байна. Хариуцагч ажлын хөлсөнд 158,990,000 төгрөгийг төлж, 12,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болон баталгааны 8,999,000 төгрөгийг 2020 оны 12 сарын 27-ны өдрийг хүртэл байршуулахаар тохиролцсонд хариуцагч маргаагүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь ******* Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2019 оны 04 сарын 29-ний өдөр баталсан №ДО19/11 тоот Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл-д заасан ажлыг хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу 30,906,258 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон нь талуудын хооронд харилцсан цахим захидалд хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн 2019 оны 06 сарын 22-ны өдрийн 03/84 тоот албан бичиг болон ******* Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны А/382 дугаар тушаал, гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн акт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын дүгнэлт, Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, Төсөвт өртгийн нэгдсэн товчоо, гэрч ын мэдүүлгээр тус тус нотлогджээ. Нэхэмжлэгч уг ажлыг техникийн нөхцөлд заасны дагуу гүйцэтгэж 2019 оны 12 сарын 19-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын УКД-101/2018 тоот дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

4. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгч нь 2018, 2019 онуудад бие даасан хоёр ажлыг гүйцэтгэсэн үйл баримтыг зөв тогтоосон байна. Иймд зохигчийн хооронд 2019 онд гүйцэтгэсэн ажилтай холбоотой нэмэлт гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгчийн 2019 онд гүйцэтгэсэн ажил нь өмнөх 2018 онд гүйцэтгэсэн ажлын төсөвт өртгийн хүрээнд хамаарна гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэнийг шүүх зөв тодорхойлж, хариуцагч ******* ХХК нь 2019 онд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлс 30,906,258 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөх үүрэгтэйг шүүх дүгнэж, уг төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

6. Талууд дээрх хоёр гэрээт ажлын хэрэгжилтийг дүгнэн 2020 оны 01 сарын 28-ны өдөр акт үйлдсэн. Мөн хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-д 2020 оны 12 сарын 27-ны өдөр гэрээний төлбөрт 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсоныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн нь хуульд нийцсэн. Нэхэмжлэгч 2023 оны 08 сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2018 онд гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөг, барьцааны төлбөр 8,990,000 төгрөг, 2019 онд гүйцэтгэсэн ажлын төлбөр 30,906,258 төгрөг, нийт 52,390,000 төгрөг гэж тодорхойлсон. Гэвч нэхэмжлэгчийн шаардсан мөнгөн дүнгийн нийлбэр нь 52,390,000 төгрөг бус 51,896,258 төгрөг байгааг шүүх анхаарч тооцооллыг зөвтгөөгүй байна. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ алдаатай тооцож нэхэмжилснийг давж заалдах шатны шүүхээс залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх хэмжээгээр залруулсан өөрчлөлтийг оруулна.

8. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 28-ны өдрийн 181/ШШ2024/00797 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 52,390,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэснийг, 51,896,258 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 493,742 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтад ... 419,900 төгрөг ... гэснийг 417,431 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдолдоо улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,951,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Э.ЭНЭБИШ