Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 223

 

 

 

 

 

 

 

 

   2019          3            14                                    223

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                               

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзориг,

хохирогч, иргэний нэхэмжлэгч: Ч.Бямбаханд,

шүүгдэгч: Б.Дорж, түүний өмгөөлөгч Л.Амартогос /0075/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас  Доржт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802004290233 тоот хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 482 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 5 жил, 01 сарын хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 435 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил, 03 сар, 03 хоногийн хорих ялаас 02 жилийг хасаж, биечлэн эдлэх ялыг 01 жил, 03 сар, 03 хоногийн хугацаагаар тогтоож, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Дорж.

 

   Шүүгдэгч Б.Дорж нь 2018 оны 8 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай каннабис төрлийн өвс ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

2018 оны 9 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө хүртэл Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 15 дугаар гудамжны 31б тоотод байх байшинд гялгар уутны хамт 22.74 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Самбуугийн эзэмшлийн 99-07 УНБ улсын дугаартай, “Тоёота Приус 11” маркийн тээврийн хэрэгслийг “буяны ажилд хэрэглээд өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан,

2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр иргэн Ц.Самбуугийн эзэмшлийн 99-07 УНБ улсын дугаартай “Тоёота Приус 11” маркийн тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Ч.Бямбахандад “дараа нэрийг нь шилжүүлж өгнө” гэж 1 500 000 төгрөгөөр зарж борлуулан залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Дорж мэдүүлэхдээ:

Би хохирогч Самбуу болон Бямбахандтай холбоотой үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна. Би хүнээс мөнгө авах ёстой юм. Тэр мөнгөө авчихвал Бямбахандын мөнгийг төлнө. Хар тамхитай холбоотой хэрэгт Сирок, Мөнхзориг гэдэг хүмүүсийг шалгуулах хүсэлтэй байна. Энэ талаар мөрдөн байцаалтад хэлсэн боловч шалгаагүй. Анх 2018 оны 8 дугаар сард Мөнхзоригийн машинаар Төв аймгийн Урьхан зоогийн газар өнгөрөөд Мөнхзориг Сирок бид гурав хар тамхи буюу өвс түүсэн. Түүсэн өвсөө бид 3 нийтийн байрандаа авчраад Мөнхзориг Сирок нар тогоонд шатааж, шавар хийсэн. Энэ нь өвсний жинг нь багасган, авч явахад хялбар болгож байгаа юм. Үлдсэн өвсийг цагдаагийн байгууллагад баригдахдаа хураалгасан. Дарханаас над руу хайрцагтай 500 гр өвс ирүүлснийг Бямбаханд надад авчирч өгсөн. Над руу өвс явуулсан хүнийг  Мөнхзориг таньдаг, харин би танихгүй. Мөнхзориг “чи энэ хэргийг даачих, чамд туслана” гэж хэлсэн тул би энэ хэргийг анхнаасаа ганцаараа даагаад явсан. Гэтэл тэд надад тусласангүй. Мөнхзоригийн гэр 3 дугаар хорооллын хүнсний захын тэнд байдаг. Тэр бид 2 Солонгост хамт ажиллаж байгаад 2009 онд Монголд ирсэн. Мөнхзориг, Сирокийг сайн таньдаг. Би Мөнхзоригийн гэрийг нь зааж өгч чадна. Иймд эдгээр хүмүүсийг шалгаж өгөөч. Энэ талаар мөрдөгчид хэлсэн боловч “чи энэ хэргээ өөрөө даа, олон юм ярьвал эгч, дүү нарыг чинь ганцхан утсаар яриад байргүй, ажилгүй болгож чадна шүү” гэж намайг заналхийлсэн тул би айгаад хэргээ хүлээсэн. Би цагдаад хар тамхитай холбоотой өөр хүнийг зааж өгсөн. Гэтэл хар тамхины сүлжээний Халиун, Баяраа нарын хүмүүс над руу залгаад, дарамтлаад байсан. Энэ талаар  цагдаагийн байгууллагад хэлсэн ч мөрдөн байцаагч миний үгийг авч хэлэлцэхгүй, намайг айлгаад байсан. Би аргаа бараад энэ талаар шүүхэд одоо хэлж байна. Мөнхзориг, Сирок нартай би нэг биш нэлээд хэдэн удаа хамтран хар тамхитай холбоотой хэрэг хийсэн. Би бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлнө гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч-Ч.Бямбаханд мэдүүлэхдээ:

2018 оны 8 дугаар сарын 17-нд би таксинд явж байгаад Доржтэй таарч, танилцсан. Тэр миний машинд суугаад явж байхад манай ээж залгаад машин худалдан авах талаар ярьсан. Бидний яриаг Дорж сонсоод “надад нэг машин байгаа” гэсэн. Тэгээд түүний машиныг үзэхээр болоод утасны дугаарыг нь авсан. Тэгээд Доржтэй ярьж, машиныг нь үзээд, 1 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод 1 500 000 төгрөг шилжүүлсэн. Үдээс хойш нотариат орж, нэрээ шилжүүлэхээр болсон боловч түүнээс хойш Дорж утсаа салгаад алга болсон. Тэгээд машин дотроос нь нэг дугаар олоод залгахад надад худалдсан машин нь хулгайнх болохыг мэдэж, цагдаад хандсан. Би худалдан авсан машинаа цагдаад хураалгасан. Одоо 1 500 000 төгрөгөөр хохирсон тул би Б.Доржөөр хохирлоо төлүүлнэ гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч-Ц.Самбуу мэдүүлэхдээ:

Би өөрийн 99-07 УНБ улсын дугаартай, “Приус-11” загварын шаргал өнгийн машинаа 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Да хүрээ захаас 5 050 000 төгрөгөөр авч байсан. Би автомашинаа аваад 20 гаран хоноод Хан-Агьт гэх газар 2 100 000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Одоо миний машин тэдний нэр дээр байдаг юм. Машиныг би сар гаран унаад хагалгаанд орохоор болсон тул манай хүү Хүдэрболд унасан. Тэгээд би эмнэлэгт хэвтэж, гараад хэд хонож байхад машин байхгүй байсан. Хүдэрболдоос асуухад “манай найзын эгч нь нас барчихсан, тэгээд өгөөд явуулчихсан” гэж байсан. Дараа нь ахиад асуухад “хүн унаж байгаа, унаад зээлийн мөнгө төлнө, хүнд түрээслүүлнэ гэж байна” гэсэн. 2018 оны 8 дугаар сарын дундуур манай эгч Нямсүрэн надаас машин чинь хүнд зарагдчихсан юм биш үү, алга болчихсон юм уу гэж асуусан. Тэгээд Хүдэрболдоос асуухад би утсаар яръя гэж байсан. Тэгээд утас нь холбогдохгүй байна гэсэн. Миний машин ийм байгаагүй, эвдэлчихсэн байна. Би энэ бүгдийг барагдуулмаар байна.

2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр машинаа хүлээж авахад машинд 3 ширхэг баттарей болон цаабыг сольж шинээр тавьсан байсан нь үнэн. Машинаа хүлээн авах үед арын багажинд сольсон баттарей болон цаабыг хийсэн байсан. Би машинаа хүлээж аваад зарж борлуулсан. Гэхдээ тухайн залууд гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Надад тухайн залуугаас нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 249-250 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас)

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

“Тоёота приус-11” загварын автомашин 4 900 000 төгрөг гэжээ. (хэргийн 15 дугаар хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10115  тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн гялгар уутны хамт 2.49 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 2.4442 грамм, ариун гэсэн бичиглэл бүхий гялгар уутны хамт 22.74 грамм жинтэй нунтагласан, ногоон өнгийн өвс ургамал мэт зүйл нь 22.6937 грамм, тагны гадна дотор хэсэгтээ шавар мэт зүйл наалдсан байдалтай бохирлогдсон оромтой төмөр сав, ёроол хэсэгтээ хар өнгийн зүйлээр бохирлогдсон цахилгаан хар өнгийн тогоо нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн NJ 2341507 серийн дугаартай 100 төгрөг, AQ0752 гэх серийн дугаар бүхий тасархай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртэд ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.

3. Шинжилгээнд гялгар уутны хамт 2.49 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл, ариун гэсэн бичиглэл бүхий гялгар уутны хамт 22.74 грамм жинтэй нунтагласан, ногоон өнгийн өвс ургамал мэт зүйл, тагны гадна дотор хэсэгтээ шавар мэт зүйл наалдсан байдалтай бохирлогдсон оромтой төмөр сав, ёроол хэсэгтээ хар өнгийн зүйлээр бохирлогдсон цахилгаан хар өнгийн тогоонд Делта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

4. Делта 9 тетрагидроканнибинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно гэжээ. (хэргийн 52-53 дугаар хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10113  тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Дорж 2018.09.26” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалданд багтдаг болно гэжээ. (хэргийн 61-62 дугаар хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 12225  тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “...2018.11.16” гэж хаягласан Баярсайханы Доржөөс авсан гэх шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “...2018.11.16” гэж хаягласан Баярсайханы Доржөөс авсан гэх шээсэнд  тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.

3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ бодис нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалданд багтдаг болно гэжээ. (хэргийн 73-74 дүгээр хуудас)

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 877  тоот дүгнэлтэд:

1. Б.Дорж нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Б.Дорж нь одоогоор сэтгэцийн ямар нэг эмгэггүй байна.

3 Б.Дорж нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Б.Дорж нь 2018-09-26-наас 27-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.

5. Б.Дорж сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Б.Дорж сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

7. Б.Доржт эмнэлгийн чанартай албадалгын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

8. Б.Дорж мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна гэжээ. (хэргийн 78-79 дүгээр хуудас)

 

2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Үзлэг хийж буй газар нь Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхбаярын замын төгсгөлд Баянгол дэлгүүрийн баруун хойд хэсэгт 15 дугаар гудамжны 315 тоот гэсэн хаягтай ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан, гандсан цэнхэр өнгийн төмөр хаалгатай, 4 талт банзан хашаа бүхий байшин байв. Уг хашааны том хаалга гүйж нээгдэх зориулалттай байх ба хаалгыг нээсэн байдалтай байв. Хаалгаар дотогш ороход хашааны урд хэсэгт 2 ширхэг монгол гэр, арын хэсэгт 1 давхар амины байшин байх ба хэрэг учрал хашаанд байх байшинд болсон гэх тул үзлэгийг хашаан дотор тоймчилсон байдлаар хийж, цагаан өнгийн 2 хаалгатай байшингийн баруун талын цагаан хаалгаар дотогш орж үзлэг явуулахад үүдний хэсэг байх ба уг хэсэгт хөөс /улаан өнгийн савтай/, цагаан өнгийн тортой хог байв. Уг амбаарын баруун хананд бараан өнгийн бүрээс бүхий модон хаалгаар байшингийн дотор хэсэг рүү орох ба уг хаалгаар ороход 1 өрөө бүхий зориулалттай байв. Өрөөний урд хэсэгт 2 ширхэг цонхтой, үүдний хэсэгт ундааны сав, хогийн уут зэргийг тавьсан, өрөөний баруун талд 1 ширхэг бор өнгийн модон сандал, баруун хойд буланд газраар гудас дэвсэж ор зассан, түүний залгаа жижиг ширээ тавьсан байх ба ширээний урд хэсэгт гялгар уутны дотор ногоон өнгийн өвс ургамал мэт зүйл хийсэн байсныг жинлэхэд уутны хамт 2.49 грамм байв. Мөн уг ширээний тавцан хэсэгт доторх зүйлийг харах боломжтой жижиг төмөр хайрцаг, түүний залгаа гялгар уутыг дэлгэж нутагласан ногоон өнгийн өвс ургамал байсныг жинлэхэд 22.47 грамм жинтэй байв. Ширээний залгаа хар өнгийн жижиг цахилгаан тогоо ёроол хэсэг нь харлаж бохирлогдсон байсныг хураан авлаа. Үзлэгийн явцад илэрсэн 2.49 грамм өвс, 22.74 грамм нунтаг өвс ургамал мэт зүйл, жижиг төмөр тагтай сав, тагны гадна болон дотор хэсэгт шавар мэт зүйл наалдсан оромтой бохирлогдсон байсныг хураан авлаа гэжээ.  (хэргийн 1 дүгээр хавтас, 11-12 дугаар хуудас)

 

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлд:

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг эхлэхийн өмнө та гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дурдсан өвс гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй ургамал түүсэн газраа зааж өгч чадах уу гэхэд Б.Дорж нь би 2018 оны 8 дугаар сарын эхээр Эрдэнэт хот руу замын унаанд явж байх үедээ Урьхан цайны газрын ойролцоо машин зогсох үед замын хажуугаас Каннибас төрлийн өвс түүсэн газраа зааж өгч чадна гэж хэлээд автомашины жолоочид зам зааж явсаар Урьхан цайны газар хүрэх ба замын дагуу явсаар Төв аймгийн Жаргалант сумын шар өнгийн самбар хэсэгт машины км 146 зааж байх үед Б.Дорж нь жолоочийг зогсоож, замын ертөнцийн зүгээр зүүн тал руу зааж энэ хог хаясан, хуучин ухсан байсан газарт ургасан байсан гэв. Түүний заасны дагуу машинаас бууж, ургамал түүсэн талаар асууж, зааж өгөхийг хүсэхэд хатсан навч бүхий ургамлыг зааж өгсний дагуу түүнийг well mart гэсэн бичиглэл бүхий гялгар уутанд хийж шинжээч томилохоор хураан авлаа. Б.Доржийн өвс түүсэн гэх газар нь Улаанбаатар хотоос 146 км-ийн зайд авто замын ертөнцийн зүгээр зүүн талдаа хуучин ухаж орхисон жалга байв. Мэдүүлэг шалгах ажиллагаагаар тухайн жалганд Б.Доржийн түүсэн гэх мансууруулах үйлчилгээтэй ургамал нь ихээр ургасан байдалтай байв гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 36 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Дорж нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 482 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 5 жил, 01 сарын хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 435 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил, 03 сар, 03 хоногийн хорих ялаас 02 жилийг хасаж тооцон, биечлэн эдлэх ялыг 01 жил, 03 сар, 03  хоногийн хугацаагаар тогтоож, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан гэжээ. (хэргийн 125 дугаар хуудас)

             ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Дорж нь 2018 оны 8 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай каннабис төрлийн өвс ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

2018 оны 9 дүгээр сарын 26-наас 27-ныг хүртлэх хугацаанд Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 15 дугаар гудамжны 31б тоотод байх байшинд гялгар уутны хамт 22.74 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Самбуугийн эзэмшлийн 99-07 УНБ улсын дугаартай, “Тоёота Приус-11” маркийн тээврийн хэрэгслийг “буяны ажил хэрэглээд өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан,

2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 99-07 УНБ улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл гэж  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ч.Бямбахандад “дараа нэрийг нь шилжүүлж өгнө” гэж 1 500 000 төгрөгөөр зарж залилсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Ц.Самбуу, Ч.Бямбаханд нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10115  тоот, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10113  тоот, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 12225  тоот дүгнэлтүүд ба гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан ба Нийслэлийн прокурорын газраас Б.Доржт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай тохирч байна.

 

Иймд шүүгдэгчийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Б.Дорж нь “би 2018 оны 8 дугаар сард Мөнхзориг, Сирок нартай машинаар явж, Төв аймгийн Урьхан зоогийн газар өнгөрөөд хар тамхины өвс түүсэн. Тэр өвсөөр шавар хийсэн, Мөнхзориг, Сирок нар “чамд туслана, чи энэ хар тамхины хэргийг ганцаараа даагаад гар” гэсэн тул би хэргийг өөрөө даасан боловч тэд надад туслаагүй, тэднийг энэ хэрэгт шалгуулах хүсэлтэй байна” гэж мэдүүлж байх боловч дээрх хүмүүс хаана оршин суудаг, ямар ажилтай, юу хийдэг талаар шүүгдэгч мэдэхгүй байх ба мөн тэдэнтэй хамт гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл бүхий нотлох баримт байхгүй тул түүний мэдүүлгийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Харин цагдаагийн болон прокурорын байгууллага нь Мөнхзориг, Сирок нарын талаар шалгалт явуулах эрхтэй болно.

 

Хохирогч Ц.Самбуу нь 99-07 УНБ улсын дугаартай, “Тоёота Приус-11” маркийн тээврийн хэрэгслээ буцаан авчээ.

 

Шүүгдэгчээс 1 500 000 төгрөг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Бямбахандад олгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа гялгар уутны хамт 2.49 грамм жинтэй, ариун гэсэн бичиглэл бүхий гялгар уутны хамт 22.74 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах бодис, тагны гадна болон  дотор хэсэгтээ шавар мэт зүйл наалдсан байдалтай бохирлогдсон оромтой төмөр сав, ёроол хэсэгтээ хар өнгийн зүйлээр бохирлогдсон цахилгаан /хар өнгийн/ тогоо, 14 см урттай бор өнгийн бариултай хуйтай хутга зэргийг устгаж,

Б.Доржийн гадаад паспортыг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Б.Доржийг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр сэжигтэнээр 48 цаг баривчилсан ба 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 118 хоног, нийт 120 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Доржийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан,

            урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Доржийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих,   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Доржт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялд нэмж, нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 (гурав) жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Доржт оногдуулсан 3 (гурав) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Доржийн цагдан хоригдсон 120 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Доржөөс 1 500 000 төгрөг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Бямбахандад олгосугай.

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Б.Доржийн Е-1438322 дугаартай гадаад паспортыг өөрт нь буцаан олгож,

гялгар уутны хамт 2.49 грамм жинтэй, ариун гэсэн бичиглэл бүхий гялгар уутны хамт 22.74 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах бодис, тагны гадна болон  дотор хэсэгтээ шавар мэт зүйл наалдсан байдалтай бохирлогдсон оромтой төмөр сав, ёроол хэсэгтээ хар өнгийн зүйлээр бохирлогдсон цахилгаан /хар өнгийн/ тогоо, 14 см урттай бор өнгийн бариултай хуйтай хутга зэргийг тус тус устгасугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин Дорж болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Дорж болтол Б.Доржт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН