Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00876

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00876

 

 

2024 04 26 210/МА2024/00876

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 05-ны өдрийн 183/ШШ2024/01015 дугаар шийдвэртэй

 

*******ын нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 8,245,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь 2022 оны 09 сарын 05-ны өдөр Ар би Си девелопмент ХХК-тай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн Хово маркийн ******* улсын дугаартай автомашинаа нэг сарын 9 сая төгрөгөөр, 2 сарын хугацаанд түрээслүүлсэн. Эхний 1 сарын төлбөрийг төлсөн ч үлдсэн 1 сарын төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүрч байна. Нэхэмжлэгч нь түрээслэгч компаниас 8,245,000 төгрөгийн авлагатай болохыг баталгаажуулж талууд тооцоо нийлсэн. Иймд хариуцагчаас 8,245,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани 2022 оны 04 сарын 03-ны өдөр ******* боомтын ачаа тээврийн 1.1 км авто замын ажил, 2022 оны 07 сарын 05-ны өдөр ******* боомтын ачаа тээврийн 1.74 км авто замын ажлыг ерөнхий гүйцэтгэгч ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн. ******* ХХК-аас гүйцэтгэсэн ажлын төлбөр, гүйцэтгэлийн барьцаа мөнгөө авахаар шүүхэд нэхэмжпэл гаргасан. Энэхүү ажилтай холбоотой *******тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу Хово маркын автомашинаар тээвэрлэлтийн ажил хийлгэсэн. Түрээсийн төлбөрт 12,285,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 8,245,000 төгрөгийг баталгаажуулан тооцоо нийлсэн. Одоогийн байдлаар компани тус төлбөрийг төлөх боломжгүй байгаа тул Жунмэй инженеринт групп ХХК-аас гүйцэтгэсэн ажлын төлбөр, гүйцэтгэлийн барьцаа мөнгөө аваад барагдуулах болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "*******" ХХК-аас 8,245,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,870 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 146,870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх тухай хариуцагчийн хүсэлтийг шүүх хангасан ч тус шүүхийн тогтоолоор хариуцагч Баянгол дүүрэгт оршин суудаг, байдгийг нотлосон баримтгүй" гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэлд заасан хаягт хариуцагч оршин байдаггүй, харин Баянгол дүүрэгт байрладаг нь тус хорооны Засаг даргын 2024 оны 02 сарын 14-ний өдрийн 142 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байхад шүүх хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийи 14.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Түүнээс гадна нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь тооцооны үлдэгдлийн баталгаанд санхүүгийн тооцооллын алдаа гарсныг тус хариуцагч талаас нэхэмжлэлд тайлбар өгснөөс хойш мэдсэн бөгөөд энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд тайлбарлаж, нотлох баримт гаргаж өгөх байсан ч түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч ******* ХХК нь Хан-Уул дүүргийн татварын албанд бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг, улсын бүртгэлийн гэрчилгээн дэх Хан-Уул дүүргийн хаяг нь өөрчлөгдөөгүй. Мөн шүүхэд ирүүлсэн албан бланкад Хан-Уул дүүргийн хаягтай байна. Иймд хариуцагчийн үндсэн бүртгэлтэй, албан татвар төлдөг Хан-Уул дүүргийн хаягаар хэргийг шийдвэрлэсэн тул харьяалал зөрчигдөөгүй. Хариуцагчаас гаргаж өгсөн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны тодорхойлолтод тус хороонд онлайн дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг гэсэн байдаг. Энэ нь тус хороонд байнга үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг биш, тус компани зам, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Иймд татвар төлдөг үндсэн хаягаар нь хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийг зөвшөөрсөн. Нэхэмжлэгч *******тай тооцоо нийлсэн баталгаа нь хүчин төгөлдөр баримт бичиг гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

3. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан бөгөөд шүүхийн харьяаллыг зөрчөөгүй байна. Хариуцагч ******* ХХК нь Хан-Уул дүүргийн 1 хороо, 19 хороолол, ******* хаягт албан ёсны бүртгэлтэй нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, хаягийн бүртгэлд өөрчлөлт орсон тухай гэрчилгээний нэмэлт өөрчлөлтийн хэсэгт тэмдэглэгдээгүй байна. Мөн тус компанийн захирал ******* нэхэмжлэлийг гардан авахдаа дээрх хаягийг шүүхэд мэдүүлжээ.

 

3.1. Хариуцагч талаас тус компани нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 68-601 тоотод онлайн дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг гэсэн тодорхойлолтыг шүүхэд гаргаж хэргийг харьяаллын дагуу өөр шүүхэд шилжүүлэхээр хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхисон нь үндэслэлтэй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан харьяаллыг зөрчөөгүй байна. Хорооны засаг даргын тодорхойлолт нь хариуцагчийг тус хаягаар ажил хэргээ байнга явуулдаг болохыг нотлохгүй юм. Энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангахгүй.

 

4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-тай 2022 оны 09 сарын 05-ны өдөр байгуулсан Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-гээр Хово маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээслүүлсний үлдэгдэл төлбөр 8,245,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, тус компанийн 2023 оны 12 сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбарт ...түрээсийн төлбөрт 12,285,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 8,245,000 төгрөгийг баталгаажуулан тооцоо нийлсэн ... тус төлбөрийг ... ажлын төлбөр, гүйцэтгэлийн барьцаа мөнгөнөөс аваад барагдуулах болно гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

 

4.1. Хариуцагч ******* ХХК-ийн захирал ******* шүүхэд өөрөө хүрэлцэн ирж нэхэмжлэлийг гардаж авсан, улмаар нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбарыг хариуцагч ******* ХХК-ийг төлөөлж захирал ******* шүүхэд гаргасан. Түүнчлэн хариуцагч нь 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 24/08 дугаартай итгэмжлэлээр *******д тус компанийг шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгожээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 03 сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...миний бие өмгөөлөгчийн хамт хүндэтгэх шалтгаанаар шүүх хуралд оролцох боломжгүй болсон тул бидний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан.

 

4.2. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг зөвшөөрсөн нь үндэслэлгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд оролцож санхүүгийн тооцооллын алдааны талаар тайлбарлаж, нотлох баримт гаргахаар байхад шүүх эзгүйд нь хэргийг шийдвэрлэсэн гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.3. Учир нь шүүх талуудад шүүх хуралдааны товыг 2024 оны 02 сарын 26-ны өдөр мэдэгдсэн байна. Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбараа өөрчлөх, нотлох баримт гаргах эрх хэрэгжүүлэх бол шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжтой байжээ. Мөн нэхэмжлэлийг зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бус харин захирал ******* шүүхэд гаргасан, шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хэргийг хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

5. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 05-ны өдрийн 183/ШШ2024/01015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЭНЭБИШ