Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 225

 

 

 

 

 

 

 

 

   2019           3            14                                    225

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва,

шүүгдэгч: Бурмаа /Zhang Xiuqin/, түүний өмгөөлөгч Б.Азжаргал /2608/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бурмаа-д /Zhang Xiuqin/ холбогдох эрүүгийн 1805 0117 00157 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1963 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжмэлчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг,

Шүүгдэгч Бурмаа /Zhang Xiuqin/ нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 54а байрны орцонд Жан овогт Гуожу /Zhang Guozhu/-ийн толгой тус газарт ир үзүүртэй зүйлээр /заазуураар/ цохиж зулайн хуйханд шарх, хаван бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Бурмаа мэдүүлэхдээ:

Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Улсын яллагчийн уншиж танилцуулсан яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Манай хүргэн хөнгөмсөг хүн байгаа юм. Хөдөө яваад ирэхдээ эхнэрээсээ өөр хүнтэй болсныг би мэдэж байсан. Мөн намайг доромжлоод байсан. Хохирогч надаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй. Бид эвлэрсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Жан Гуо Жу мэдүүлэхдээ:

Би 2006 онд Жан Рун Линтэй албан ёсны гэр бүл болж амьдарч байгаад 2016 оны 6 дугаар сард гэр бүлээ цуцлуулсан юм. Бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа 2 хүүхэдтэй болсон. Миний хоёр хүүхэд ээжтэйгээ амьдардаг, одоо 12, 09 настай хоёр охин байдаг. 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр эхнэр над руу утсаар ярих үедээ ээжтэйгээ хэрэлдээд уйлалдаад, ээж нь “чамайг ална” гээд хашгираад юм чулуудаад байсан. Манай хадам ээж их огцом ууртай, уурлахаараа биеэ барьж чаддаггүй учир хоёр охиндоо санаа зовоод би эхнэрийн гэрт очоод хаалгыг нь тогшоод зогсож байтал хаалга нээгдээд заазуур өөдөөс гараад ирсэн. Тэгтэл хадам ээж гартаа заазуур барьсан байхаар нь би 2 гарнаас нь бариад гарыг нь түлхээд, эргэж хараад шатаар доошоо зугтаасан. Тэгтэл араас зуураад цохих шиг болсон. Тэгтэл миний толгойны баруун хойд хэсэгт уг заазуураараа зүсэж намайг гэмтээсэн байсан. Тухайн үед орцонд ямар ч хүн байхгүй байсан. Хадам ээж Бурмаа бид хоёр байсан. Хадам ээж Бурмаатэй ямар нэгэн өш хонзон, өр авлага байхгүй. Би эхнэрээсээ салсан л шалтгаан байгаа. Эхнэр бид хоёр ямар нэгэн өш хонзон, эд хөрөнгийн маргаан байхгүй. Би хоёр охинтойгоо дуртай үедээ ээж нь байхад уулздаг. Би тэр заазуурыг сайн мэдэхгүй. Хоол хийдэг никель, төмөр бариултай том заазуур байсан гэж санаж байна. Уг заазуурыг яасан талаар би мэдэхгүй байна. Бурмаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би бас эрүүл байсан. Надад Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний хувьд эмчилгээний зардал төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хадам ээж Бурмаатэй сайн дураар эвлэрсэн. Одоо хэвийн амьдарч байгаа тул уг хэргийг хааж өгнө үү гэж хүсэж байна гэжээ. (хэргийн 17-18 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Хан Жя Руминг мэдүүлэхдээ:

Одооноос жилийн өмнө буюу 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр гэртээ хүүхдээ харж байтал манай нагац эгч Одсүрэн утсаар залгаад “ээж чинь юу болоод байгаа юм бэ, миний хүү ээжийндээ очоодхооч” гэхээр нь би ээжтэй уулзахаар эгч Жя Рулингийн гэрт 13-14 цагийн орчим яваад очтол ээж шоконд орчихсон байдалтай байсан. Манай ээж өмнө нь их тайван, уурлах бол хэлээд өнгөрдөг байсан. Тэгээд би эгчтэй уулзаад юу болсон талаар асуухад эгч Жя Рулинг “сууж байгаад салсан нөхөр Жан Гуо Жуг иртэл ээж энэ хоёр бөөн юм болоод гэмтээчихсэн гэж хэлсэн. Ээж тэрнээс болоод шоконд орчихлоо гэж хэлсэн. Ингээд тухайн орой нь ээж тайвширсан ба би ээжээс юу болсон талаар асуухад “хүргэн ирсэн. Би тэгээд уурлаж байсан. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна” гэж байсан. Манай эгч Жя Рулинг Жан Гуо Жу хоёр салсан ба эгч тэр хоёрын дундаас 2 хүүхэд гарсан. Хүргэн ах эгч хоёр салсан байсан ба салах шалтгаан нь хүргэн ах өөр эмэгтэй хүнтэй холбогдох болсон. Энэ байдлыг ээж мэдээд их уурлаж, хэн нэгнийг нь загнаж эргээд нийлцгээ гэдэг байдлаар ханддаг байсан. Тэгээд хүргэн ах руу утсаар захиа явуулахад нь өөдөөс нь хэл амаар доромжлоод тэр хоёр таарамжгүй байсан. Тухайн хэрүүл маргаан гарах үед хүргэн ах, эхнэр бид хоёрын зургийг тавиад манай эхнэрийг хужаа нөхөртэй гэж фейсбүүкэд постолсон байсны ээж хараад уурлаж хүргэн ах руу ярьж маргалдсан байсан. Манай ээж, аав, эгч бүгд л Монгол улсад суурьшин амьдарч байсан иргэд ба бүгд энэ улсад төрж өссөн хүмүүс байдаг. Ээж маань сэтгэцийн ямар нэгэн өвчин огт тусч байгаагүй, харин 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүргэн ахтай маргалдсанаас болоод дипресс гэх тухайн үедээ онош тавьж сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн. Ээжийг маань сэтгэл санааг их тайван байгаарай гэж хэлсэн ба одоо бол сэтгэл санаа нь хэвийн байдалтай. Энэ хоёр хүний дунд өр авлага өш хонзонгийн асуудал байхгүй. Хүргэн ах төрсөн эгчээс маань салсан асуудал дээр нь их эмзэглэдэг байсан ба мөн хүргэн ах ээжийг элдэв бусаар хэлээд маргалдаад байдагт ээж эмзэглээд байдаг юм гэжээ. (хэргийн 20-21 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Жя Рулинг мэдүүлэхдээ:

Би 2018 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 07 цагийн үед сэрээд утсаа харахад салсан нөхөр Гуожүнээс мессеж ирсэн байсан. Би өглөө хүүхдээ сургуульд нь хүргэж өгдөг учир мессежийг нь уншаагүй. Тэгээд хүүхдээ хүргэж өгчихөөд ирээд уншихад Гуожү нь танай ээж Одтуяа намайг загнаад байна гэсэн утгатай мессеж бичсэн байсан. Гуожү Одтуяа хоёр нь намайг салснаас хойш фейсбүүкээр байнга хэрэлддэг болсон. Би бас л хэрэлдэж дээ гэж бодоод ээжээс юу болсон талаар асуухад ээж “би хэрэлдээгүй, юм бичээгүй” гээд уурлаад байсан. Би ээжид “бид хоёр салсан, тус тусдаа амьдралтай хүмүүс, одоо ингээд байх нь утгагүй асуудал” гэж ярьж байтал эгч Энхжаргал залгаад “фейсбүүкээр зурагтай пост яваад байна. Ямар учиртай юм бэ” гээд зургийг нь аваад явуулсан. Тэрийг нь харсан чинь 2018 оны 2 дугаар сарын 20-нд Апп заавар гар утас гэсэн нэртэй хаягнаас Фейсбүүкд манай ээж, хоёр дүүгийн зурагтай, яс үндэсээр нь гутаан доромжилсон нийтлэл оруулсан байсан. Нийтлэлийн сүүлд нь Бат-Өлзий гэсэн нэр байсан. Бат-Өлзий нь болохоор салсан нөхрийн шинэ суусан эхнэрийн ах юм уу, дүү нь юм шиг байсан. Би салсан нөхөр рүү залгаж юу болсон талаар асуухад юу болсныг мэдээгүй юм шиг байсан. Би учрыг нь тодруулаад “Бат-Өлзий гэж хэн бэ” гэхэд “эхнэрийнх нь ах гэсэн байхаа” гэсэн. Тэгээд “энэ асуудлаа зохицуул, одоо яах вэ, ээж мэдвэл бөөн юм болно, өвчин нь хөдөлчихлөө, тэр нийтлэлийг устгуул, эсвэл хоёулаа уулзаад асуудлыг шийдье, би гэрээс гараад ярья” гээд утсаа тасалсан. Тэгээд би дээд давхартаа хувцасаа өмсөөд зогсож байтал хаалга дуугарах шиг болсон. Тухайн үед ээж доод давхарт байсан учир хаалга тайлах шиг болсон. Тэгээд түчигнээд орны коридороор хүн гүйх шиг болохоор нь араас нь очтол ээж Гуожү хоёр байхгүй байсан. Орцны шатаар доош ээжийн араас гүйхэд доор яваад байх шиг байсан. 3 давхар хүртэл гүйхэд байхгүй байсан. Лифт харахад 10 давхар дээр зогсож байхаар нь буцаад лифт дуудаад гэртээ ороход ээж үүдэнд ганцаараа зогсож байсан. Ээжийн царай нь эвгүй байдалтай болчихсон, амнаас нь хөөс гараад нүүр нь татсан, намайг хоёр мөрнөөс бариад сэгсрээд цохиод “чамаас болж байгаа юм” гээд байхаар нь тэврээд буйдан дээр дарж хэвтүүлээд тайвшруулсан. Ээжийн бие гайгүй болох шиг болоод “юу болсон бэ” гэхэд ээж нь санахгүй байна гэсэн. Манайх хэрэглэдэг нэг заазууртай. Шар бор алагласан өнгийн иштэй А4 цаасыг 3 хуваасны 1-тэй тэнцэх хэмжээтэй, хэрэглэдэггүй ир муутай, ир талын урд хэсэг нь сэтэрхий бор хардуу өнгийн А4 цаасыг 3 хуваасны 1-тай тэнцэх хэмжээний 2 ширхэг заазуур л байдаг. Манай ээж Одтуяа нь сэтгэцийн өөрчлөлттэй өмнө нь бас иймэрхүү асуудал гарч байсан. Хийсэн үйлдлээ санадаггүй. Сэтгэцийн хөөрөл ихдэхээр зарим зүйлийг хэсэг санадаггүй.

Манай гэрт хоёр охин, ээж, бид нар байсан. Өөр гадны ямар нэгэн хүн байгаагүй. Одоо нөхөр болон ээж хоёр учир зүйгээ олсон. Нөхөр миний хоёр охины эмээ учир би гомдол гаргахгүй гэж хэлсэн. Ээж ч гэсэн нөхрийг уучилж их аятайхан байгаа ба хоёр охинтой нь уулзуулдаг болсон гэжээ. (хэргийн 27-28, 30-31 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2806 тоот дүгнэлтэд:

1. Жан овогт Гуожүгийн биед зулайн хуйханд шарх хавантай гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй  зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 35 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Бурмаа /Zhang Xiuqin/ ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 71 дүгээр хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Бурмаа /Zhang Xiuqin/ нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 54а байрны орцонд хохирогч Жан овогт Гуожу /Zhang Guozhu/-ийн толгой тус газарт заазуураар цохиж зулайн хуйханд шарх, хаван бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Жан овогт Гуожу, гэрч Хан овогт Жя Руминг, Жя Рулинг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2806 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Бурмаа /Zhang Xiuqin/-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч Жан овогт Гуожу /Zhang Guozhu/ нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж заажээ.

 

Бурмаа /Zhang Xiuqin/-ны үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба уг гэмт хэрэг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа буюу гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Бурмаа /Zhang Xiuqin/-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Бурмаа /Zhang Xiuqin/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Бурмаа /Zhang Xiuqin/ цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Бурмаа /Zhang Xiuqin/-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН