Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 226

 

 

 

 

 

 

 

 

   2019          3            15                                   226

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир,

             хохирогч: Э.Баяр, түүний өмгөөлөгч Б.Манлайжав, /1527/

             шүүгдэгч: Б.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Ц.Тодгэрэл /1257/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

             Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тэмүүжинд холбогдох эрүүгийн 1805 0451 91080 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

             Монгол Улсын иргэн, 1999 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дурсамж бааранд зөөгч ажилтай, Тэмүүжин.

             Шүүгдэгч Б.Тэмүүжин нь 2018 оны 8 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” бааранд иргэн Э.Баярыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

    ТОДОРХОЙЛОХ НЬ:    

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Тэмүүжин мэдүүлэхдээ:

Би 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр амарч байгаад ажил дээрээ ирсэн.  Тэр үед согтууруулах ундаа уусан байсан. Тэгээд Боргил гэдэг хүнтэй маргалдсан. Түүнтэй хамт явж байсан энэ ах над руу үг хэлэхээр нь би хохирогч Баярыг унагаагаад, толгой руу нь 2-3 удаа өшиглөсөн. Би хохирогчийг таньдаггүй, энэ хүнийг санаатай цохиогүй. Гэхдээ энэ хүний эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учруулсандаа харамсаж, хохирогч болон түүний гэр бүлээс нь уучлалт гуйж байна. 2 800 000 төгрөгийг миний ээж төлсөн. Би “Дурсамж” бааранд зөөгч хийдэг юм. Үлдэгдэл хохирлыг ажлаа хийж, цалингаараа төлнө. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл болон хохирол, эмчилгээний зардлын үнийн дүн дээр маргах зүйлгүй, зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Э.Баяр мэдүүлэхдээ:

2018 оны 8 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” бааранд  байтал миний араас хүн дуудах шиг болохоор нь эргээд хартал гараараа нүүр рүү  цохисон. Тэгээд би цаашаа юу болсон талаар санахгүй байна. Би гэмтлийн эмнэлэг дээр ухаан орж, сэрсэн. Миний нүд хавдаад, хөмсөгний хэсэгт 2 оёдол тавьсан байсан. Миний өмсөж байсан хувцас цус болоод, чихнээс цус гарсан байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлээд гарсан. Дараа нь хувийн эмнэлэгт хэвтсэн. Тэр үед миний нүд анивчаад, ам муруйх гээд байхаар нь би мэргэжлийн эмчид үзүүлж, нүүрний мэдрэл сэргээх хагалгаанд орсон. Хагалгаанд орсон боловч оёдол нь үрэвсээд дахин хагалгаанд орсон. Тэмүүжинд зодуулахаас өмнө миний эрүүл мэндийн байдал сайн, өвдөж, эмнэлэгт хэвтэж үзээгүй байсан. Би урьд нь цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байсан ба тэнд ажиллахдаа эрүүл мэндийн шаардлагыг хангаж байсан. Харин одоо толгой эргэдэг, бас ухаан алдаж унадаг болсон. Одоогоор би 6 809 500 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн ба өөрийн эрүүл мэндийг бодож хүнээс мөнгө зээлж, эмчилгээ хийлгэсэн юм. Тэмүүжингийн ар гэрээс 2 800 000 төгрөгийг 2 хоногийн өмнө надад өгсөн. Үлдэх 3 809 500 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Учир нь надад хагалгаа хийсэн эмч миний биеийн байдлыг харж байгаад дахин эмчилгээ хийнэ гэж хэлсэн. Миний хувьд эмчилгээний зардлаа авбал гомдолгүй. Би өнгөрсөн хавар гадагшаа гарах гээд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Би одоо ажилгүй байгаа бөгөөд эмч хэлэхдээ цаашид ажил хөдөлмөр эрхлэхэд хэцүү гэж хэлсэн.  Миний хувьд эрүүл мэндээрээ хохирсон хэдий ч энэ залуу хүн өөрийн буруугаа ухаарч байгаа тул хөнгөн ял шийтгэнэ үү гэж хүсэж байна гэв. 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Янжиндулам мэдүүлэхдээ:

2018 оны 8 дугаар сарын 21-ний үүрээр 05 цагийн үед 94100749 дугаарын утаснаас залгаад, “Гэмтлийн эмнэлгээс ярьж байна, Баярын эхнэр мөн үү” гэхээр нь “мөн байна” гэтэл “Баяр манай эмнэлэгт тархиндаа гэмтэлтэй, хүнд зодуулсан байдалтай ирсэн байна. Та яаралтай хүрээд ир” гэхээр нь би Гэмтлийн эмнэлэг дээр 07 цаг өнгөрч байх үед очиход Баяр гавал тархины тасагт хэвтсэн, баруун нүдний хөмсөгний дээд хэсэгт 2 оёдол тавиулсан гээд боолттой, чихнээс нь цус гарсан, баруун нүд нь хөхөрсөн, яаралтай тархины зураг авахуулах ёстой гээд сууж байсан. Тэр өдрөө толгойны рентген зураг болон томографийн зураг авахуулахад тархины цууралттай, цус хуралттай, хаван ихтэй байна гээд хэвтүүлсэн. Баяраас болсон асуудлын талаар асуухад 10 дугаар хорооллын “Дурсамж” бааранд байснаа санаж байна. Өөр юу ч санахгүй байна гээд байгаа. Тухайн өдөр хамт явж байсан найз Боргилоос нь асуухад шөнийн 03 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” бааранд очиход Баяр, хамгаалагч Онон гэх залуутай юм яриад үлдсэн. Би хүмүүстэй уулзах гээд түрүүлээд явсан гэсэн. Онон нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын 423 дугаар ангид хоригдож байсан юм шиг байна лээ. Баяр тэр хоёр нэгнийгээ таниад хэзээ гарсан, хэзээ ажилд орсон юм гээд яриад байсан гэсэн. Баяр 2009-2011 он хүртэл 423 дугаар хорих ангид харуулын ажилтнаар ажиллаж байсан. Манай нөхөр гэмтлийн эмнэлэгт түргэний тэргээр хүргэгдэж очсон гэсэн. Манай нөхөр зүүн энгэр дээрээ цагаан өнгийн мизуна гэсэн бичигтэй тод хөх өнгийн фудболк, гадуур нь тод хөх өнгийн мизуна брендийн бэлтгэлийн цамц, доогуураа хар өнгийн шорттой, бор өнгийн сандаалтай явсан гэжээ. (хэргийн 8 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Хуандых мэдүүлэхдээ:

2018 оны 8 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө жижүүртэй хоносон юм. Үүрээр 04 цагийн үед “Дурсамж” баар хаах үед уг баарны зөөгчөөр ажилладаг 183-185 см орчим өндөртэй залуу гартаа пиво барьсан, махлагдуу залуутай маргалдаад зодох гэж дайрахад нь нөгөө махлагдуу залуу үүд рүү гүйгээд зугтаасан чинь араас нь жаахан хөөж байгаад болиод буцаж яваад буфетны урд хамт явж байсан хөх өнгийн бэлтгэлийн цамцтай залуугийн хойноос нь татаж нүүрээр нь газар унагаад нүүр рүү нь өшиглөөд толгой дээрээс нь дэвсээд, цаашаа яваад зөөгч нар дээр очоод эд нар өөрсдөө эхэлсэн гэхэд “Дурсамж” баарны такс тасалдаг Зоригоо ах ирээд “чи яагаад хүн зодож байгаа юм бэ” гээд загнахад буцаж ирээд нөгөө залууг цохих гээд дайрахад нь би түлхэж холдуултал гарах хаалга руу явахаар нь аягүй бол агсраад шил хагалчихаж магадгүй гээд араас нь гартал гадаа 1 минут орчим зогсож байгаад эргээд орсон. Нөгөө залууг зөөгч нар татаж босгож суулгаад, ус авчирч нүүрийг нь угаагаад үйлчлэгч дуудаж газар гоожсон цусыг нь цэвэрлүүлээд 15-20 минут хана түшүүлж хэвтүүлж байгаад авч гараад гадаа сандал дээр суулгачихсан байхаар нь би очоод нөгөө ахаас “танд таксины мөнгө байгаа юу, би такси дуудаад өгөх үү” гэтэл мөнгө байгаа гэсэн. Би түшиж босгоод хашааны гадаа аваад гартал “Дурсамж” баарны зөөгч нар зогсож байснаа нэг нь над руу хүрээд ирэхээр нь “та нар энэ хүнээ яах гэж байна” гэтэл “одоо гэмтлийн эмнэлэг авч явах гэж байна” гээд аваад үлдсэн. Би буцаад ажил руугаа орсон. Баар хаагаад коридорын гэрэл унтрах үед 1 эрэгтэй хүн “би харагдахгүй байна уу” гээд зодсон залуу руу дайраад маргаан эхэлсэн. Тэр залуу нь гартаа пиво барьчихсан эхлэж зодох гээд хөөсөн залуу нь байсан. Зодуулж газар унасан залуу бол маргаанд оролцоогүй. Найзыг нь хөөж байгаад, буцаж ирээд араас нь татаж унагаад нүүр рүү нь өшиглөөд толгой дээрээс нь дэвссэн. Хэнийг нь мэдэхгүй, нэг нь түргэн дуудъя, эмнэлэг рүү авч явъя гэж байсан. Би баарны ажилчдын асуудал учир өөрсдөө цагдаа дуудсан байх гэж бодсон. Ямар ч цагдаа, түргэн ирээгүй гэжээ. (хэргийн 25-26 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Норовбадам мэдүүлэхдээ:

2018 оны 8 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” баар хаагаад хамт ажилладаг зөөгч Уламбаяр, Бат-Эрдэнэ, Дөлгөөн нарын хамт Улаанбаатар паласын заал руу гараад иртэл урдаас зөөгч Тэмүүжин танихгүй 2 эмэгтэйтэй ирж байсан. Бид нарын урд манай бааранд таксигаар хүн хүргэж өгдөг, нэрийг нь мэдэхгүй махлагдуу залуу явж байснаа Тэмүүжинг өдсөн маягтай үг хэлээд хоорондоо маргалдтал Тэмүүжин таксины жолооч ахыг зодох гээд дээгүүрх хувцасаа тайлаад хөөтөл таксины жолооч үүд рүү зугтсан. Энэ үед таксины жолоочтой хамт явж байсан хөх өнгийн биеийн тамирын цамцтай залуу текны урд явж байхад нь Тэмүүжин араас нь татаж хавирч газар нүүрээр нь унагаад, нүүр болон толгой дээрээс нь 2-3 удаа дэвсэж, өшиглөөд өөрөө холдсон. Нөгөө залуу нь газар хэвтээд байхаар нь би очоод цамцнаас нь дээш таттал нүүрнээс нь цус гарчихсан байхаар цээжин дээр нь 2-3 удаа дараад сэрэхгүй болохоор нүүр рүү нь алгадтал мөн л сэрэхгүй байсан. Уламбаярыг явуулж ус авчруулаад, нүүрэн дээр нь асгаад цусыг нь угааж цэвэрлэж өгөөд багана налуулж хэсэг суулгаж байгаад би цээжнээс нь өргөөд Уламбаяр, Бат-Эрдэнэ хоёр хөлнөөс нь өргөөд гадаа гараад үүдний сандал дээр суулгатал гайгүй ухаан орсон бололтой толгойгоо хөдөлгөөд байхаар нь гайгүй байх гэж бодоод орхиод бүгдээрээ явцгаасан. Хашааны гадна бүгдээрээ тамхи татаад зогсож байтал Улаанбаатар паласын нэг ажилтан, хамгаалагчтайгаа нөгөө ахыг түшээд ирж байхаар нь Уламбаяр бид хоёр очиж уг ахыг хоёр талаас нь түшээд такси бариад Гэмтлийн эмнэлгийн үүдэнд хүргэж өгөөд явсан. Тухайн үед Тэмүүжинд зодуулсан ах өөрөө хөл дээрээ гишгээд эмнэлэг рүү орчихсон учир гайгүй байх гэж бодоод явсан. Тэмүүжинд зодуулсан цэнхэр өнгийн бэлтгэлийн цамцтай ах манай бааранд таксигаар хүн зөөдөг ахтай хамт орж ирсэн. Таксины жолооч ах Тэмүүжинтэй маргаж байхад хажууд нь зогсож байсан. Таксины жолооч үүд рүү зугтах үед цэнхэр өнгийн бэлтгэлийн цамцтай ах текний урд явж байсан. Тэгтэл Тэмүүжин араас нь татаж хавирч унагаад зодсон. Би яагаад зодсоныг нь мэдэхгүй. Бэлтгэлийн цамцтай ах Тэмүүжин хоёр маргасан эсэхийг би мэдэхгүй. ...Тэмүүжин нилээн согтуу байсан. Гэхдээ өөрийгөө аваад явчихаар байсан. Би таксины жолооч болон бэлтгэлийн цамцтай ах хоёрын ширээнд нь үйлчлээгүй учир бааран дотор юу уусныг нь мэдэхгүй. Хоёулаа нилээн согтуу байсан ч өөрсдийгөө аваад явчихаар байсан. Би тухайн үед гайгүй, хөмсөг нь сэтэрсэн байх гэж бодсон. Миний хувьд ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд тусламж үзүүлсэн. Ухаан ороод хоорондоо зохицох байх гэж бодсон. Мөн таксины жолооч ахыг маргаан эхлүүлсэн байх гэж бодсон гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Уламбаяр мэдүүлэхдээ:

2018 оны 8 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 04 цагийн үед баар хаагаад зөөгч Дөлгөөн, Норовоо, Бат-Эрдэнэ нарын хамтаар Улаанбаатар паласын заал руу гараад иртэл урдаас өмнө нь хамт ажиллаж байсан Тэмүүжин, хоёр охинтой ирж байсан. Тэгтэл заалны гэрэл унтрах үед Тэмүүжин нэг махлагдуу биетэй ахтай урд урдаасаа хараад яасан, яагаад байгаа юм гээд маргалдтал нөгөө ах Тэмүүжингийн урдаас бас юм хэлээд байсан. Тэгтэл Тэмүүжин нөгөө махлаг ахыг зодох гээд дайраад, араас нь хөөгөөд зулгаацалдаж байгаад үүд рүү хөөсөн. Бид нар араас нь алхаад явж байтал Тэмүүжин буцаж ирээд хөх өнгийн бэлтгэлийн цамцтай ахыг “танай найз чинь яагаад байгаа юм” гээд шууд араас нь бариад, хавирч газар унагаад, нүүр рүү нь өшиглөөд, толгой дээрээс нь дэвсээд, өөрөө холдсон. Тэр ахыг хартал толгойноос нь цус гоожиж байхаар нь Норовоо бид хоёр очтол доошоо хараад хэвтчихсэн, хөмсөгнийх нь дээд талаас маш их цус гарч байхаар нь дээш нь харуулаад сэргээх гээд зөндөө дуудсан боловч сэргэхгүй байсан. Тэгтэл Тэмүүжин “наадах чинь жүжиглэж байгаа юм” гээд дахиж цохих гээд байхад нь Норовоо бид хоёр “боль, яах гээд байгаа юм, цус гарчихаад байхад” гээд ойртуулаагүй. Би 00-ын өрөө рүү явж, ус авч ирээд нүүрэн дээр нь асгатал бага зэрэг ухаан орсон. Тэгээд нүүрнийх нь цусыг сальфетикаар арчаад хэсэг харж байгаад яах уу гэж хоорондоо ярилцаад ядаж таксинд суулгаад явуулъя гээд Норовоо бид хоёр өргөөд гаргах гэтэл дийлэхгүй байсан учир Дөлгөөнийг дуудаж хөлнөөс нь өргүүлээд Норовоо бид хоёр цээжин хэсгээс нь өргөөд Улаанбаатар паласын заалнаас гаргаад үүдний сандал дээр суулгаад яах уу гэтэл Тэмүүжин “явж тамхи татчихаад ирье” гээд бүгдээрээ хашаанаас гараад тамхи аваад ирж байтал Улаанбаатар паласын жижүүр болон хамгаалагч хоёр нь нөгөө ахыг түшчихсэн явж байснаа “энэ хүнээ ав” гэхээр нь Норовоо бид хоёр такси бариад гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн гэжээ. (хэргийн 29-30 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ:

2018 оны 8 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 04 цагийн үед баар хаагаад Уламбаяр, Дөлгөөн, Норов бид дөрөв баарнаас гараад коридорт явж байхад өмнө хамт ажиллаж байсан Тэмүүжин буфетны урд талын баганы хажууд нэг ахыг хавирч унагаад, толгой дээрээс нь дэвсээд, нүүр рүү нь өшиглөчихсөн. Уламбаяр, Норовоо, Дөлгөөн гурав очиж салгаад болиулсан. Нөгөө залуугийн толгойноос нь цус гарчихсан, доошоо хараад хэвтээд хөдлөхгүй байсан. Тэмүүжин нэг хүний нэр хэлээд “пиво нэхлээ” гээд яриад байсан. Уламбаяр, Норовоо хоёр босгох гэтэл босохгүй байсан чинь Уламбаяр ус авчраад нүүрэн дээр нь асгатал жаахан ухаан орж сэргэхэд нь босгож хана налуулж суулгаад 20-иод минут болсон. Дөлгөөн бид хоёр гадаа Тэмүүжинтэй тамхи татаад зогсож байтал Тэмүүжин явлаа гээд ганцаараа явсан. Уламбаяр, Норовоо хоёр нөгөө зодуулсан залууг нь түшээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэмүүжин уг зодуулсан гэх залуутай маргалдсан эсэхийг нь мэдэхгүй. Намайг харахад хавирч унагаад толгой, нүүр рүү нь хоёр удаа өшиглөж байсан. Сүүлд нь нэг хүний нэр хэлээд надаас пиво нэхсэн. Энэ найз нь юм уу гээд зодсон залуугаа зааж байсан. Тэмүүжин болон зодуулсан залуу хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бага зэрэг согтолттой байсан. Тэгтлээ согтож тасарсан хүн байгаагүй гэжээ. (хэргийн 31-32 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Дөлгөөн мэдүүлэхдээ:

2018 оны 8 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 04 цагийн үед баар хаагаад зөөгч Уламбаяр, Норовоо, Бат-Эрдэнэ нарын хамт Улаанбаатар паласын заал руу гараад иртэл урдаас өмнө нь хамт ажиллаж байсан Тэмүүжин нь Амрита баарны хоёр зөөгч охинтой ирж байсан. Тэгтэл заалны гэрэл унтрах үед Тэмүүжин манай бааранд таксигаар хүн хүргэж өгдөг зүс таних ахтай маргалдсан. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. Таксины жолоочийг зодох гээд хөөтөл үүд рүү гүйгээд зугтсан. Тэмүүжин араас нь хөөж байгаад эргэж ирээд таксины жолооч ахтай хамт явж байсан хөх өнгийн бэлтгэлийн цамцтай залууг араас нь хавирч унагаад, толгой руу нь хоёр удаа өшиглөөд, толгой дээрээс нь дэвсээд, “найз чинь хаана байна, дууд” гээд байсан. Зодуулсан залуу нь газар ухаан алдаад уначихсан, хөдлөхгүй байхаар нь очоод татаад үзтэл хөмсөг нь сэтэрчихсэн цус гарч байсан. Амьсгалахгүй болохоор нь дээш нь харуулаад цээж рүү нь Уламбаяр, Норовоо хоёрын нэг нь 2-3 удаа цохитол амьсгалж эхэлсэн гэжээ. (хэргийн 33 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Батзориг мэдүүлэхдээ:

2018 оны 8 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 04 цагийн үед “Дурсамж” баар хаагаад би гэрэл чийдэн унтрааж явж байгаад гарч ирэхэд манай бааранд хүн авчирч өгдөг таксины жолооч Боргио гэх залуу Улаанбаатар паласын коридорт ресторан пабын хажуу талын буфетны урд өмнө нь манайд зөөгчөөр ажиллаж байсан Тэмүүжинтай маргалдаад зогсож байсан. Тэмүүжин Боргиог зодох гээд дайрах үед Боргио үүд рүү гүйгээд зугтчихсан. Тэмүүжин араас нь хөөж байгаад болиод эргэж ирээд Боргиотой хамт явж байсах хөх өнгийн бэлтгэлийн цамц, хар өнгийн шорттой залууг багананы хажууд хавирч унагааж байх шиг байсан. Би тухайн үед баар, караоке хоёрын дунд зогсож байсан юм. Би Тэмүүжин дээр очоод ,чи яаж байгаа юм, хүн цохиж, зодоод” гэтэл “энэ чинь өөрөө эхэлсэн” гэсэн. Тэгтэл нөгөө хүн газар хэвтээд босохгүй байхаар нь зөөгч Норов, Улмаа хоёроор татаж босгуулаад, хана налуулж суулгаад, баруун талынх нь хөмсөг сэтэрээд цус гарчихсан байхаар нь арчуулсан. Уг залуу газарт 10 гаруй минут ухаангүй хэвтсэн. Тэмүүжин уг залуугийн хажууд 20-иод минут хараад зогсож байснаа алга болчихсон байсан. Норов, Улмаа хоёр нөгөө зодуулсан залууг нь түшээд таксины жолооч Даймааг дуудаад бид 4 гэмтлийн эмнэлгийн хүлээн авах дээр хүргэж өгөөд, гэр рүүгээ явсан гэжээ. (хавтаст 34-36 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Боргил мэдүүлэхдээ:

2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн үед би Баяртай утсаар ярьж байгаад гэрийнх нь гадаа очоод миний машин дотор сууж хэсэг юм ярьж байгаад Москва хорооллын “Хөрс” төв буюу “Абсолют” дэлгүүрийн гадаа очиж 2.5 литрийн Нийслэл нэртэй 2 пиво аваад хувааж уусан. 15-16 цагийн хооронд танил Бямбааг дуудаж, машинаа бариулаад Цамбагаравын 8 дугаар байранд гэрт нь очиж гоймон чануулж идээд сууж байхад хүүхдийнхээ үсийг авсан гээд 2 литрийн савтай айраг гаргаж ирж өгснийг нь гадаа саравчинд гарч Баяр бид хоёр уусан. Тэгтэл Баярын эхнэр Янжиндулам бид хоёр дээр ирээд хэсэг юм ярьж сууж байгаад гэр рүүгээ орсон. Тухайн үед цаг 23 цаг өнгөрөөд 00 цаг болж байсан байх. Тэндээсээ такси бариад Модны 2-т байрладаг “Алмааз” нэртэй баарны гадаа очтол бид хоёрыг согтуу байна гээд оруулаагүй. Үүдэнд нь цагаан өнгийн цамц билүү фудболктай залуутай Баяр танилцаад 3 уулаа такси бариад Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” бааранд орсон. Танилцсан цагаан цамцтай залуу 3 шил пиво аваад 30-40 минут сууж байгаад өөрийнхөө пивийг ууж дуусгаад гараад явсан. Баяр надад нөгөө залуу чинь гараад явчихлаа, тооцоогоо хийсэн байна уу, текнээс нь очоод асуу даа гэхээр нь очоод асуутал тооцоогоо хийсэн гэсэн. Тэгтэл хамт таксинд явдаг Бүдүүнээ гэх залуу таараад надад 1 шил пиво авч өгсөн. Би пиво ширээн дээр тавьчихаад дахиад пиво зээлэх гээд текэн дээр очоод эргээд иртэл манай баар хааж байна гэж байсан. Баяр надаас хамгаалагч залууг заагаад “энийг Онон гэдэг билүү” гэж асуухаар нь би “мэдэхгүй” гэж байсан. Тэгтэл сүүлд нөгөө асууж байсан хамгаалагч нь манай ширээн дээр суучихсан Баяртай юм ярьж байсан. Баар хааж байна гэхэд нь би түрүүлж гараад таньдаг такси байвал гуйж хүргүүлье гээд гарсан. Гадаа хаалганы манаачийн путекны хажууд зөөгч Бааска гэх залуутай таараад юм ярьж байтал хоолонд орох уу ах, даая, хоол авч өгье гэхээр нь дагаад явсан. Баяр дотор хамгаалагчтай ширээн дээрээ суугаад үлдсэн. Өглөө билүү шөнө эхнэр Янжиндулам нь над руу залгаад “Баяр хүнд зодуулаад гэмтлийн эмнэлэг дээр байна гэж байна, юу болсон юм бэ” гэж асуухад нь мэдсэн. Баяр нь бааранд хэн нэгэнтэй маргалдсан зүйл байхгүй. Хамгийн сүүлд ширээн дээр хамт сууж байсан хамгаалагч залууг Онон гэдэг үү, Өвөрхангайн хорих ангид байсан залуу байна. Би энүүгээр пиво авахуулна гэж л байсан гэжээ. (хавтаст 38-40 дүгээр хуудас)

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 10464 тоот дүгнэлтэд:

1. Э.Баярын биед зүүн хөхлөг сэртэнгээс дээш зүүн чамархай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн дух чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлөгийн дух, чамархай хэсгийн тархины суурийн эдэд цус харвалт, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөг, баруун дээд зовхинд шарх, баруун дээд доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэжээ. (хавтаст хэргийн 43 дугаар хуудас)

      Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Тэмүүжин ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 46 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Б.Тэмүүжин нь 2018 оны 8 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” бааранд хохирогч Э.Баярыг зодож, эрүүл мэндэд нь зүүн хөхлөг сэртэнгээс дээш зүүн чамархай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн дух чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлөгийн дух, чамархай хэсгийн тархины суурийн эдэд цус харвалт, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөг, баруун дээд зовхинд шарх, баруун дээд, доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Баяр, гэрч С.Янжиндулам, Т.Хундых, Ц.Норовбадам, Ч.Уламбаяр, Э.Бат-Эрдэнэ, Б.Дөлгөөн, Б.Батзориг, Б.Боргил нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 10464 тоот дүгнэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 10839 дугаар өвчний түүх, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Си ди бичлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгажээ. 

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Тэмүүжинд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй,  хэргийн үйл баримттай тохирч байна. 

 

Иймд шүүгдэгч Б.Тэмүүжинг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирлын зарим хэсгийг төлж, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээ 2 жилийн хорих ялыг оногдууллаа.

 

            Хохирогчид учирсан гэмтлийг эмчлүүлэхэд 6 609 590 төгрөгийн эмчилгээний зардал гарсан нь 2018 оны 8 сарын 21-ний өдөр Дуб ХХК-ийн толгойн (тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий, хамар) зураг авахуулсан, “ЭМЖЖ “ХХК-ийн эрүүл мэндийн үйлчилгээ, ЭН АР БИ-ийн лабораторын үйлчилгээний төлбөр, Увидаст, Үйзэн хүлэг, Фармалоки, Монос, “ЭМЖЖ”, Бест Байдлаг, Энто-4,  Монгол эм импекс эмийн сангуудаас эм авсан тухай баримтууд, мэс засал хийлгэсэн баримтуудаар нотлогдож байх ба шүүгдэгч хохирогчид учирсан дээрх хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна.

Шүүгдэгч нь 2 800 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 3 809 590 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэв.  

 

           Хохирогч Э.Баяр нь өөрт учирсан хүнд хохирлоо эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, шүүгдэгч 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 44 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Тэмүүжинг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Тэмүүжинг 2 (хоёр) жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Б.Тэмүүжингийн эдлэх 2 (хоёр) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Тэмүүжингийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 44 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.Тэмүүжингээс 3 809 590 төгрөг гаргуулж, хохирогч Э.Баярт олгосугай.

7. Хохирогч Э.Баяр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх хорих ялыг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тэмүүжинд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН