Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00877

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00877

 

 

 

2024 04 26 210/МА2024/00877

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 14-ний өдрийн 182/ШШ2024/00655 дугаар шийдвэртэй

*******ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 5,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХХК-тай 2023 оны 09 сарын 16-ны өдөр машин механизм түрээслэх гэрээг байгуулж, ******* маркийн автозамын далангийн индүүдэгч машиныг 30 хоногийн хугацаатай, түрээсийн төлбөрийг 12,000,000 төгрөг гэж тохиролцсон. Гэрээгээр урьдчилгаа төлбөр 30 хувь буюу 3,600,000 төгрөгийг ажил эхлэхэд, үлдэгдэл 70 хувь буюу 8,400,000 төгрөгийг гэрээний хугацаа дууссан өдөр шилжүүлнэ гэж гэрээгээр тохирсон. Гэвч ******* ХХК нь түрээсийн гэрээний хугацаа дууссан боловч үлдэгдэл төлбөр 8,400,000 төгрөгийг төлөөгүй ба 2023 оны 10 сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөгийг төлж, одоо 5,400,000 төгрөгийг төлөөгүй тул Грэйт Вэй ХХК-аас машин механизм түрээсийн гэрээний үүрэгт 5,400,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Индүүний машиныг түрээслэхээр эзэмшигч *******тэй гэрээ байгуулж, урьдчилгаа 30 хувь 3,600,000 төгрөг, үлдэгдэл төлбөрөөс 3,000,000 төгрөгийг 2023 оны 10 сарын 17-ны өдөр шилжүүлсэн. Гэрээт ажлын онцлогоос шалтгаалж өдөр бүр индүүг ажиллуулахгүй гэдгийг өмнөх уулзалтуудаар харилцан тохиролцсон ба индүү ажиллах эсэхийг өмнөх өдөр нь түрээслүүлэгчид утсаар мэдэгдэж дараа өдөр нь ирж ажиллаж байсан. Индүү ажиллаж эхэлсэн өдрөөс ажилласан цагийн бүртгэлийг ******* ХХК-ийн талбайн даамал ******* хөтөлж байсан ба тухай бүрд мэдэгдэж тайлагнаж ажилласан. Түрээслүүлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрх нээлттэй байсан ч ямар нэгэн санал гаргаж байгаагүй. Гэрээний 7 дугаар зүйлд гэрээг дүгнэхэд ажилласан цагийн бүртгэл, гэрээний эцсийн үр дүнг актаар баталгаажуулна гэсэн заалтыг түрээслүүлэгч ******* үл тоож гэрээ дүгнэх актыг баталгаажуулаагүй техникээ талбайгаас авч явсан.

Гэрээнд индүүний ажиллах цагийг өдөрт 10 цаг гэж заасныг түрээслүүлэгч зөрчин дутуу ажилласан, ажилласан цагуудын нийлбэр нь 14.1 цаг болсон. Мөн гэрээний хугацаанд түрээслэгчийн эрхийг зөрчин зөвшөөрөлгүй талбайгаас авч явсан тохиолдол гарч байсан. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ба бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 5,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,350 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 101,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь түрээсийн гэрээний 7.4-т гэрээний хавсралт нь гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж заасан зүйл заалтыг анхаарч хэлэлцэлгүй нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч тал ажилласан өдрөө нотолж чадаагүй байхад хэрхэн 1 cap ажилласан гэж тодорхойлж шийдвэр гаргасан нь тодорхойгүй. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчээс шалтгаалсан сул зогсолт тогтоогдоогүй гэдэг нь үнэнд нийцэхгүй. Иймд энэхүү гомдлыг хангаж, дахин хэлэлцэж үнэн зөвийг тодруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч компани нь камертай бөгөөд техникийг авч явахаас өмнө утсаар ярьж хэлээд 2023 оны 10 сарын 18-ны өдөр авч явсан. Манай талаас сул зогссон зүйл тогтоогдоогүй, сул зогсох шалтгаан байхгүй. Ажлын цагийн бүртгэлийг хариуцагч компанийн даамал буюу инженер нь өдөр болгон хөтөлдөг байсан атлаа манай ажилтнаар цагийн бүртгэл дээр гарын үсэг зуруулаагүй. Надад огт акт харуулаагүй байж шүүх дээр гэнэт гаргаж ирсэн. Тухайн актын хугацаа нь 2023 оны 10 сарын сүүлээр байдаг гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 5,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоожээ.

 

4. *******, ******* ХХК-ийн хооронд 2023 оны 09 сарын 16-ны өдөр байгуулсан Машин механизм түрээсийн гэрээ-гээр түрээслүүлэгч ******* нь өөрийн эзэмшлийн ******* маркийн авто замын индүүг 2023 оны 09 сарын 16-ны өдрөөс 2023 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаагаар түрээслүүлэх, түрээслэгч ******* ХХК түрээсийн төлбөрт 12,000,000 төгрөг төлөх, үүнээс урьдчилгаа 30 хувийг ажил эхэлснээс хойш ажлын 3 хоногт багтаан төлөхөөр талууд харилцан тохиролцжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь ******* маркийн авто замын индүүг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч түрээсийн төлбөрт 6,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

5. Гэрээний 7.1-д зааснаар талууд түрээсийн зүйлийг хүлээлцэх, ажилласан цагийн бүртгэл хөтлөх болон гэрээний 7.4-т зааснаар эцсийн үр дүнг актаар баталгаажуулахаар заасан хэдий ч зохигчийн хэн аль нь ийнхүү баримт үйлдээгүй байна. Хариуцагчаас гэрээнд өдөрт 10 цаг ажиллана гэж заасныг түрээслүүлэгч зөрчиж дутуу ажиллаж, ажилласан цагийн нийлбэр 14.1 цаг болсон, гэрээг дүгнэж актаар баталгаажуулалгүй техникээ авч явсан гэх тайлбарыг шүүхэд гаргасан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар уг татгалзлаа нотлоогүй байна.

Түүнчлэн гэрээний 3 дугаар зүйлд заасан нэг сарын хугацаанд нэхэмжлэгч нь ******* маркийн авто замын индүүдэгчийг түрээслүүлэх гэрээний үүргээ зөрчиж сул зогсолт хийсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд хариуцагч талаас шүүхэд гаргасан 2023 оны 10 сарын 26-ны өдрийн огноотой Машин механизм түрээсийн гэрээ дүгнэх акт-ыг талууд үйлдээгүй, нэг талын гарын үсэгтэй учир уг баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолтой нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Мөн гэрээгээр шилжүүлсэн түрээсийн зүйлийг гэрээнд заасан хугацаанд бүтэн цагаар ажиллуулах эсэх нь түрээслэгчийн бүрэн эрхэд хамаарах учир ажлын онцлогоос шалтгаалан өдөр бүр ажиллахгүй талаар харилцан тохиролцсон гэх хариуцагчийн тайлбар гэрээний 3.2, 3.3-т заасан хугацаагаар үгүйсгэгдсэн. Иймээс түрээсийн зүйлийг 1 сар ажиллуулаагүй, гэрээний 7.4-т зааснаар гэрээ дүгнэсэн акт нь гэрээний салшгүй хэсэг болохыг шүүх анхаараагүй гэх агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

6. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч ******* ХХК нь гэрээнд заасан төлбөрөөс 5,400,000 төгрөгийг дутуу төлж гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч ******* уг үүргийг шаардах эрхтэй. Иймээс шүүх хариуцагч ******* ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 5,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 14-ний өдрийн 182/ШШ2024/00655 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ