Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 228

 

 

 

 

 

 

 

 

   2019          3            15                                    228

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Хатанцэцэг,

шүүгдэгч: Г.Тамир  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тамир т холбогдох эрүүгийн 1905 0070 00199 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Тамир .

 

Шүүгдэгч Г.Тамир  нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ны харъяа Хэрэглэгчидэд үйлчлэх төвийн авто машины граж дотор иргэн Т.Өыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Тамир  мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр намайг ажил дээрээ очоод эхлээд хаалга тогшоод байхад харуул хаалгаа тайлахгүй байсан. Тэгэхээр нь би түүнийг унтаж байгаа юм байна гэж бодож байтал хаалга нээгээд “чи хэн бэ” гээд байсан. Тэгээд би түүнийг цохисон. Миний хохирогчид хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас түүнд гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотойгоор 500 000 төгрөг төлж, хохирлыг барагдуулсан. Цаашид дахин ийм асуудал гаргахгүй. Улсын яллагчтай торгуулийн ялыг сайн дураараа тохиролцож, хүлээн зөвшөөрсөн. Энэ торгуулийг 3 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Ө мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 30-ны үүрээр 05 цагийн орчим би ажил дээрээ үүрэг гүйцэтгэж байхад гаднаас “хаалга онгойлго” гээд хашгирахаар нь онгойлготол Тамир  гэдэг залуу орж ирсэн. Тэгснээ “чи яагаад намайг таньдаггүй юм бэ, чи бүх хүнийг таних ёстой” гэснээ хоолой боогоод газар унагаад нүүрэн дээр болон цээжин дээр дэвссэн. Тэгээд тэр намайг “даргын машины түлхүүр аваад ир” гэхээр нь би уг түлхүүрийг аваачаад өгтөл тэр машинаа онгойлгоод бичиг баримт авснаа “та нар хэнээс цалин авч байгаагаа мэдэж байгаа юу, чи муу Казак руугаа зайл” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би “хаана амьдрахаа мэднэ, миний ажил дээр битгий лай болоод бай” гэтэл “чи яах гээд байна” гэснээ дахин барьж аваад хана руу шахаж, толгойг маань цохиход миний толгойноос цус гарсан. Ингээд би 102 руу залгаад цагдаа дуудсан. Тамир  нь манайд жолооч ажилтай бөгөөд тухайн үед нэлээд согтуу байсан. Миний баруун хөмсөг сэтэрсэн, оёдол тавиулсан, бас баруун нүд тойроод хөхөрсөн, толгой их өвдсөн. Бас уруулын дотор тал шалбарсан, цээж болон нуруу хөндүүрлээд байна. Би эмчилгээний зардлаа түүнээс нэхэмжлэнэ, одоогоор хэд төгрөг гарахыг мэдэхгүй байна. Бас сэтгэл санаагаар их унаж, гутарч байна. Гомдолтой байна.

...хохиролд 500 000 төгрөг нэхэмжилсэн. 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авлаа. Одоо гомдолгүй, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ. (хэргийн 5-6, 35 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 1932 тоот дүгнэлтэд:

1. Т.Өын биед тархи доргилт, баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн хөмсөг, уруулд цус хуралт, хамар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. (хэргийн 10 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.Тамир  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.Тамир  нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ны харъяа Хэрэглэгчидэд үйлчлэх төв”-ийн авто машины граж дотор хохирогч Т.Өыг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн хөмсөг, уруулд цус хуралт, хамар, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Өы мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 1932 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.Тамир ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Хохирогч Т.Ө нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, толгойн КТГ хийлгэсэн 120 000 төгрөгийн баримтыг нотлох баримтаар хавтаст хэрэгт гаргаж өгсөн бөгөөд “...хохиролд 500 000 төгрөг нэхэмжилсэн. 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авлаа. Одоо гомдолгүй, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Г.Тамир  өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Тамир ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Тамир ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Тамир  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Тамир  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Тамир т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН