Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 833

 

 

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2016/00833

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

нэхэмжлэгч: Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар, /РД:3861724/-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Угтаал сум, Талын уул, 1-р баг, 1-1 тоотод байрлах Чонос-Эмбо ХХК /РД:53858324/-д холбогдох,

бараа материал зээлээр олгох гэрээний төлбөрийн үлдэгдэл 16.800.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 7500 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 41 тоот зээлийн гэрээгээр хаврын тариалтанд 1 тонныг 800.000 төгрөгөөр тооцож, Улсын нөөцөөс 30 тонн үрийн буудай зээлээр олгосон. Зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан гэрээний хугацаа дууссан тул үлдэгдэл төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан тул Чонос-Эмбо ХХК-аас үлдэгдэл төлбөр16.800.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 7500 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Чонос-Эмбо ХХК шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Манай компани 2015 оны 5 дугаар сард Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбараас 30 тонн улаан буудай тариалахаар 30 хувийг төлж үлдэгдэл 16.800.000 төгрөгийг тус онд төлж барагдуулахаар гэрээ байгуулсан. Гэтэл 2015 онд ган, гачиг болж, ургац алдсан тул төлбөрийг гэрээний хугацаанд төлж чадаагүй. Иймд үлдэгдэл төлбөр 16.800.000, нотариатын үйлчилгээний хөлс 7500 төгрөгийн тус тус 2016 оны 11 дүгээр сарын 1-ний дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар нь хариуцагчЧонос-Эмбо ХХК-иас бараа материал зээлээр олгох гэрээний төлбөрийн үлдэгдэл 16.800.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 7500 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Чонос-Эмбо ХХК  нь үлдэгдэл төлбөр болох 16.800.000 төгрөг, нотариатын хөлс 7500 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ. /хх23/

Шүүх, хариуцагчийн тайлбар, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар гаргасан хариуцагч Чонос Эмбо ХХК-ийн захирал Н.Энхболдын бичгээр гаргасан хүсэлт зэрэг бичгийн баримтыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иймд Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Чонос-Эмбо ХХК нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлага 16.807.500 төгрөгийг хариуцагч Чонос-Эмбо ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Чонос-Эмбо ХХКиас 120.993 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                          Д.АЛТАНТУУЛ