Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00782

 

 

 2024 04 15  210/МА2024/00782

 

Б.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/00561 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэл, зөвшилцлийн хэлцлийн дагуу олгосон 8,268,831 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаяр, В.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б23/153 дугаар тушаалаар Б.Дг ажлаас халсан. Тушаалын үндэслэлээ ...осол дөхсөн тохиолдлын талаарх урьдчилсан мэдэгдлийг зохих журмын дагуу захиалагч байгууллагад тогтоосон хугацаанд мэдэгдээгүй, мэдээлэхийг ажилтнууддаа үүрэгдээгүй... гэсэн. Тухайн үед ХАБ-ын ажилтан Б.Э ...уул дээр цахилгаан экскаватор 113-н аттач цохигдчихсон гэж мэдэгдсэн тул уурхайн дарга Д.А д "...Эрдэнэс таван толгойд мэдэгдэхээр кп онооноос хасагддаг. Түншлэлийн хэмжээнд мэдэгдээд явах уу" гэхэд Д.А Т.Т.Ж.В.С.Ө ХХК-ийн ХАБ-ын менежер Б.Ч тай утсаар яриад "Сэрэмжлүүлгээр хаачихъя гэж хэлсэн. Үүний дагуу сэрэмжлүүлэг хийсэн. ХАБ-ын дүрмээр "ямар нэгэн гэмтэл болвол 4 цагийн дотор хэлэх ёстой, 12 цагийн дотор цаасаар сэрэмжлүүлэг явах ёстой, 72 цагийн дотор холбогдох байгууллагад мэдээлэх ёстой" гэх мэт шаталсан байдаг. Иймд миний бие ахлах мэргэжилтний хувьд Э.Т.Т ХХК-ийн ХАБ-ын мэргэжилтэн Б.Э тэй утсаар ярихад сэрэмжлүүлэг бич гэсэн. Би ийм зүйл болоод байна, ахиж ийм алдаа гаргавал хариуцлага тооцно гэсэн мэйл хэлтэс дотроо бичсэн. Компанийн ХАБ-ын дүрмээр холбогдох хэлтсийн ахлах ажилтнууд нь осол гарсан талаар мэдэгдэх үүрэгтэй. Осол мэдээлэх журмын 3.3-т ослын талаар 4 цагийн дотор урьдчилсан мэдэгдлийг цахимаар өгнө гэсэн байгаа. Тиймээс уулын хэлтэс энэ тухай мэдээлэх үүрэгтэй байсан.

1.2. Б.Дг өөрийн шууд удирдлага дор ажиллаж байгаа ажилтнууддаа ажлын байрны дарамт, шахалт үзүүлсэн, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг ханган ажиллаагүй" гэсэн. Миний бие ажилтнуудад ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргийн дагуу ажлын шаардлага тавьж ажилладаг, хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоотой хариуцлагатай ажил тул ажлын хариуцлагыг бүрэн шаардаж ажилладаг. Түүнээс дарамт, шахалт үзүүлсэн асуудал огт байхгүй. Ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажилладаг.

1.3. Мөн намайг сахилгын шийтгэлтэй байх хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б22/791 дүгээр тушаалаар тус компанийн ХАБЭАБО хэлтэст ХАБЭА ахлах мэргэжилтэн албан тушаалтай Б.Дд нэг сарын цалин хөлсийг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2023/00318 дугаар шийдвэрээр тус Б22/791 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосон.

Иймд Б.Дг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг Н ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Ажилтан Б.Д нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Н ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргаж, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр комиссоос ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Улмаар ажилтан уг шийдвэрийг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 54 дүгээр хуралдааны тэмдэглэлээр ажил олгогчийн гаргасан тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн агуулга, үндэслэлийн хувьд зөрчилдөөнтэй, хуралдааны тэмдэглэлийг үнэн зөвөөр бичиж гаргаагүй, талуудын хооронд үүссэн маргааны хувьд илт нэг талыг барьж хууль зүйн үндэслэлгүй, дутуу дулимаг шийдвэр гаргасан гэж үзэж байна.

2.2. Ажилтан Б.Д хүчин төгөлдөр шийдвэрийг баталгаажуулахаар нь шүүхэд хүсэлт гаргах байтал гаргаагүй, харин шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй байхад журмыг хэрэгжүүлэлгүйгээр хэрэг маргаан хянан шийдвэрлэх процесс ажиллагааг зөрчсөн байна.

2.3. Н ХХК нь захиалагчтай байгуулсан Хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-ээр захиалагчийн салбарын захирлын баталсан хууль тогтоомжид нийцсэн дүрэм, журам, горим, заавар болон бусад шаардлагатай баримт бичгийг заавал дагаж мөрдөх үүргийг хүлээдэг. Тус үүргийн хүрээнд захиалагчаас батлан гаргасан Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмын 3 дугаар зүйлийн 3.1-т ЭТТ ХК-ийн ажилтан, гэрээт компани тэдгээрийн туслан гүйцэтгэгч компанийн ажилчид нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, осолд дөхсөн тохиолдол (ОДТ), гэмтэл, өмчийн эвдрэл (ӨЭ) байгаль орчны хохирлыг өөрийн нэгж удирдлагад болон ЭТТ ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал (ХАБ)-ын мэргэжилтэнд Шуурхай удирдлагын хэлтэст нэн даруй аудио станц болон гар утсаар мэдэгдэхээр заасан байхад мэдэгдээгүй, мэдээлээгүй байдаг. Түүнчлэн тус журмын 3.5-т ЭТТ ХК болон гэрээт компаниудын ХАБ хариуцсан ажилтанд мэдээлэхээр заасан байхад холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, түүнийг өөр бусад хэлтэс, нэгжийн хариуцах асуудал мэтээр хандаж, тайлбарлаж буйд гүнээ харамсаж байна.

2.4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд мэйл хэлтэс дотроо бичсэн гэж дурдсан байдгаас дүгнэхэд тухайн осолд дөхсөн тохиолдолд холбогдох журамд заасан зөрчлийг гаргасан болохыг хүлээн зөвшөөрч, дахин гаргасан тохиолдолд холбогдох арга хэмжээ авахыг анхааруулж буй нь тухайн зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаагаар нотлогдож байна.

Иймд дээр дурдагдсан хууль зүйн үндэслэлээр хэргийг урьдчилан хянан шийдвэрлэх, болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг зөрчсөн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 183/32023/06372 дугаар "Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, мөн тухайн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б23/153 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Иргэн Б.Дг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б23/153 тоот тушаалаар ажлаас чөлөөлөхөөс өмнө тус компанийн Хүний нөөцийн газар, Санхүүгийн газраас тус тус уулзаж тооцоо хийсэн. Тооцоо хийх үед талууд ажлаас чөлөөлөгдөх, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байх, иргэн Б.Дгийн ажиллаагүй байсан хугацааны цалинг ажилласан байдлаар тооцож бүрэн олгохоор хэлэлцэж тохиролцсон. Б.Дгийн үндсэн цалин нь 4,000,000 төгрөг бөгөөд 168 цаг ажиллах ёстой байсан. Талуудын зөвшилцлийн дагуу Н ХХК-аас нь Б.Дд ажиллавал зохих 168 үндсэн цагаас 120 үндсэн цагийн болон 64 илүү цаг ажилласан гэж бичилт хийж 2,857,143 төгрөгийн үндсэн цалин, 2,285,714 төгрөгийн илүү цагийн цалин, мөн нэмэгдэл 4,400,000 төгрөг, ээлжийн амралтын олговор 1,105,022 төгрөг, хоолны мөнгө гэх мэт бусад нэмэгдлүүдийг бодож, нийт 11,048,831 төгрөгийн цалин гарсан. Үүнээс хуульд заасан суутгалыг хийж 7,743,881 төгрөгийн цалинг харилцах данс руу нь шилжүүлсэн.Тус тохиролцоог иргэн Б.Д нь зөвшөөрч цалингаа бүтэн авсан. Гэтэл Б.Д нь дээрх мөнгийг авсан атлаа талуудын тохиролцсон тохиролцоо, хэлцлээ зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Н ХХК нь олгосон бүтэн цалинг буцаан нэхэмжлэх шаардах эрх үүсэж байна. Дээрх 11,048,831 төгрөгөөс сахилгын шийтгэлийг хүчингүй болгосонтой холбоотойгоор 2,400,000 төгрөг, мөн 02 дугаар сарын 01, 02-ны өдрийн 16 цагт ногдох 380,000 төгрөгийг хасаж зөвшилцлийн хэлцлийн дагуу олгосон 8,268,831 төгрөгийг Б.Дгээс гаргуулж Н ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Н ХХК-ийн зүгээс 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б.Дг дуудаж уулзсан боловч ямарваа нэгэн тохиролцоо, хэлцэл, зөвшилцөл огт хийгээгүй. Харин сахилгын арга хэмжээ авсныг шүүх хүчингүй болгосон тухай компанийн удирдлагад мэдэгдсэн. Б.Дд олгосон мөнгийг сахилгын шийтгэлийн дагуу суутгасан цалингийн хувь, ээлжийн амралтын нөхөн олговор 2023 оны 01 дүгээр сард ISO стандартын сургалтанд суусны нөхөн олговор олгосон гэж ойлгоно гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Д овогт Б.Дг Н ХХК-ийн ХАБЭАБО-ны хэлтэст ХАБЭА-н ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Н ХХК-иас нэхэмжлэгч Б.Дгийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 59,384,639 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дд олгож,

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Б.Дгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Н ХХК-д даалгаж,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Дгээс 7,142,857 төгрөгийг гаргуулж хариуцагч Н ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,125,994 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Д нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 454,873 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Н ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 191,750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 129,236 төгрөгийг гаргуулж, хариуцагч Н ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг огт үнэлээгүй буюу шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.4, 9.5 дахь хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай бүх нотлох баримт цугларсан гэж үзэж шүүх хурал зарласан атлаа нотлох баримтыг эх хувиар нь гаргаж өгсөн байхад хариуцагч нотлох баримтыг бичиж өгсөн этгээд нар гэрчээр оролцох шаардлагатай гэж үзэж эх хувийн бичмэл нотлох баримтыг үнэлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй. Хэрэгт цугларсан нотлох баримт маргааныг хянан шийдвэрлэхэд хангалтгүй гэж үзвэл шүүх нэмэлт баримт гаргуулах талаар зохигчдод санал болгох боломжтой бөгөөд энэ ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

6.2. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Дг удирдах ажилтны ёс зүйг баримтлаагүй, ажилтнууддаа ажлын байранд дарамт үзүүлдэг, Компанийн ёс зүйн дүрмийн 7.1, 7.3-т заасныг зөрчсөн талаар Ю.Б гийн өргөдөл, тайлбар, Х.Г ын өргөдөл,Ж.Д ын тайлбар, Б.С ийн тайлбар, Ш.Ж ын тайлбар зэргийг шүүхэд эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн.

Үүнээс гадна хариуцагчийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл дээр нэхэмжлэгч нь дээрх хүмүүсийн өргөдөл, гомдол дээр бичигдсэн байгаа үйл явдлын талаар тайлбар өгч зөвшөөрсөн нь тэмдэглэгдсэн байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлээр нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон тухай нотлох баримт хэргийн материалд авагдсан байгаа.

Эдгээр бичмэл нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тоггооосон нотлох баримтын хэлбэрийн шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын дээд шүүхийн тогтоол, зөвлөмж зэргийг зөрчиж хуулийн шаардлага хангасан нотлох баримт үнэн зөв биш байна, тиймээс дахин гэрчээр нотлох шаардлагатай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэр бүхий хүмүүсийн хариуцагчийн Хүний нөөцийн хэлтэст гаргасан өргөдөл, гомдлын дагуу нэхэмжлэгчийн ажлын байран дээрээ бусадтай маргалдан бусдыг хэл амаар доромжилсон зүй бус үйлдлийг зөрчилд тооцож 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан сахилгын шийтгэлийн маягт нь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдсан байгаа. Энэхүү сахилгын шийтгэл нь хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч үүнийг хүчингүй болгуулсан ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй тул уг сахилгын зөрчилтэй холбоотой ажиллагааг хууль ёсны гэж үзнэ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.4 дэх үндэслэл, дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй.

6.3. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий үйл явдалтай холбоотой түншлэлийн байгууллагуудын хоорондын цахим шуудангийн харилцааг хэвлэн өгч шүүхэд хүсэлтийн дагуу үзлэг хийгдсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.3 дахь хэсэгт цахим шуудангийн харилцаанд оролцсон Э.Т.Т ХК, Т.Т.Ж.В.С.Ө ХХК зэрэг эрх бүхий ажилтнуудыг тухайн ажилтнууд нь гэрээнд заасан байгууллагад ажилладаг эсэх нь тодорхойгүй, тайлбарыг нотлох баримтаар үнэлэхгүй, мөн Шуурхай удирдлагын хэлтэст ажилладаг талаарх баримтгүй гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь хэрэв тийм байсан бол цахим шуудангийн харилцаанд үзлэг хийх хүсэлтийг хангах үндэслэлгүй байсан. Үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэж хөндлөнгийн гэрчүүдийн оролцоотойг үзлэгийн ажиллагаа хийсэн тул цахим шуудангийн харилцаанд оролцсон Э.Т.Т ХК, Т.Т.Ж.В.С.Ө ХХК зэрэг эрх бүхий ажилтнуудын албаны цахим шуудан нь үнэн зөв, тухайн үед дээрх байгууллагуудад ажил хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдож байна гэж үзнэ.

6.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.7, 9.8, 9.9 дэх хэсгүүдийг эс зөвшөөрч байна. Шүүх нь Гэвч нэхэмжлэгчийг 2022 оны 10 сарын 28-нд сахилгын арга хэмжээ авагдсан байхдаа дахин хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан буюу осол дөхсөн тохиолдлын талаар урьдчилан мэдэгдээгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмыг зөрчиж осол болох аюултай нөхцөл байдал бий болсон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэв гэжээ.

Гэтэл хэргийн материалын 1 дүгээр хавтасны 50 дахь хуудсанд нэхэмжлэгч болон хариуцагч нарын 2022 оны 12 дугаар сарын 23, 25-ны өдрүүдэд гаргасан зөрчилтэй холбоотой уулзалтын тэмдэглэл авагдсан байгаа бөгөөд шүүх энэхүү нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, үүний улмаас нэхэмжлэгчид түүнд авагдаж буй сахилгын шийтгэлийн талаар мэдэгдээгүй гэж дүгнэжээ.

Хэргийн материалд авагдсан байгаа Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл, хүний нөөцийн ажилтнуудын нэхэмжлэгчтэй хийсэн уулзалтын тэмдэглэл, шүүх хуралдаан дээр хариуцагчийн хүний нөөцийн ажилтны өгсөн гэрчийн мэдүүлэг, сахилгын шийтгэлийн талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, зөрчил гаргасан тухайгаа нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн тухай нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байхад хэргийн материалд байгаа нотлох баримтыг шүүх үнэлээгүй хэт нэг талыг буюу ажилтны талыг барьж шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчиж байна.

6.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12.2, 12.4, 12.5 дахь хэсгийг эс зөвшөөрч байна. Хэргийн материалд нэхэмжлэгчийн цалингийн тооцооны хүснэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд хуульд заасан зохих хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл тус тус суутгагдсаны дараа Голомт банк ХК дахь нэхэмжлэгчийн харилцах данс руу 7,743,881 төгрөг шилжүүлсэн.

Хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан Б.Дгийн БНСУ-ын ЭСЯ-д хандсан ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтаар Н ХХК болон Б.Д нарын хооронд хөдөлмөрийн эрхийн маргаан үүсгэхгүй байх, 2 сарын цалин урамшууллыг бүтэн олгох хэлцэл байгуулагдсан гэдэг нь тогтоогдож байна. Хэлцэл байгаагүй бол хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид ажиллаагүй 2 дугаар сарын цалинг бүтнээр нь шилжүүлэх шаардлага байхгүй байсан.

Нэхэмжлэгч нь цалин урамшууллаа бүтнээр авсан атлаа уг хэлцлийг зөрчиж хөдөлмөрийн эрхийн маргаан үүсгэж, сөрөг нэхэмжлэлд сургалтанд суусан нөхөн олговор авсан гэсэн худал тайлбар ирүүлсэн.

Үүнээс үзэхэд шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсгийг хэрэглэх ёстой байхад талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг үгүйсгэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг хэрэглэж сөрөг нэхэмжлэлийг хангасан нь шүүхийг буруу хууль хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснийг нотолж байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаж, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зөвшилцлийн хэлцлийн дагуу олгосон 8,268,831 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Н ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандсан боловч талууд харилцан тохиролцоогүй тул хорооны 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг гардан авч шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүйг шүүх зөв дүгнэсэн.

 

4. Б.Д нь Н ХХК-ийн ХАБЭАБО-ны хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллах талаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Н ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

 

5. Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б23/153 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3, 7.4, 42 дугаар зүйлийн 42.2.3, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3-83.6, 123 дугаар зүйлийн 123.2.5, 123.3, хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.4, 8.2.10, 8.4.3, 9 дүгээр зүйлийн 9.3.5, 10 дугаар зүйлийн 10.3.2.1, 10.3.2.12, 10.3.2.19 дэх заалтууд, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.3, 8.1.5, 13 дугаар зүйлийн 13.4.7, 13.8.23 дахь заалтууд, Компанийн ёс зүйн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3 дахь заалтууд, захиалагч Э.Т.Т ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмын 3 дугаар зүйлийн 3.1, 3.3, 3.4 дэх заалтууд болон 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн сахилгын шийтгэлийн хуудсыг тус тус үндэслэж, ХАБЭАБО-ны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Дг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Уг тушаалд Б.Дг осолд дөхсөн тохиолдлын талаарх урьдчилсан мэдэгдлийг зохих журмын дагуу захиалагч байгууллагад тогтоосон хугацаанд мэдэгдээгүй, хүргүүлээгүй, мэдээлэхийг ажилтнууддаа үүрэгдээгүй, мөн өөрийн шууд удирдлага дор ажиллаж байгаа ажилтнууддаа ажлын байрны дарамт, шахалт үзүүлсэн, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг ханган ажиллаагүй, сахилгын шийтгэлтэй байх хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл заасан байна.

 

6. Н ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн сахилгын шийтгэлийн маягтаар ажлын байран дээрээ бусадтай маргалдан бусдыг хэл амаар доромжилж зүй бус үйлдэл гаргасан үндэслэлээр Б.Дд хаалттай сануулах шийтгэл ногдуулжээ.

6.1. Н ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах шийтгэлийг сахилгын шийтгэлийн маягт хуудсаар ногдуулахаар заасан байна. Мөн тус журмын 13.9 дэх хэсэгт зөрчил гаргасан ажилтан нь сахилгын шийтгэл ногдуулсан маягт хуудастай танилцаж гарын үсэг зурахаар заасны дагуу Б.Д сахилгын шийтгэлийн маягтад 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гарын үсгээ зуржээ.

6.2. Маргалдагч тал нь эрхээ зөрчигдсөн асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.6, 154.8 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо болон шүүхэд тус тус гомдол гаргах эрхтэй бөгөөд Б.Д нь тус сахилгын шийтгэлийн талаар зохих байгууллагад гомдол гаргаагүй тул Н ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн сахилгын шийтгэлийн маягт хүчин төгөлдөр болсон байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б23/153 дугаар тушаалд дурдсан Б.Д өөрийн шууд удирдлага дор ажиллаж байгаа ажилтнууддаа ажлын байрны дарамт, шахалт үзүүлсэн, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг ханган ажиллаагүй зөрчил тогтоогдсон, уг зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т заасан өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хүчинтэй гэж дүгнэнэ.

 

7. Б.Д нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр С3.2.3 блок 1407 түвшинд ажиллаж байсан Hitachi-5600 №113 цахилгаан экскаваторын кабель хураагчийн их бие хэсэгт мөргөцгөөс чулуу өнхөрч цохигдсон талаар хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Б.Э гийн бэлтгэсэн сэрэмжлүүлгийн хуудас, мөн 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр С2.3.2 блок +1407 түвшинд ажиллаж байсан Hitachi-5600 №113 цахилгаан экскаватор парклаж зогсоогоод автомат кабель хураагчид үзлэг хийх үед ЯКНО №10 дээр КГЭ-3*70+1*16 маркийн кабелийн А фаз гэмтсэн талаар ажилтан Я.Б хын бэлтгэсэн урьдчилсан мэдэгдлийг тус тус хянаж баталгаажуулсан үйл баримтыг шүүх зөв тогтоосон байна.

7.1. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.3.2.1-д хөдөлмөрийн дотоод журам, хэм хэмжээ, кемпийн журам болон бусад дотоод дүрэм, журмыг зөрчсөн болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн, хориглосон заалтуудыг зөрчсөн, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсаны улмаас ажил олгогчид их хэмжээний хохирол учирсан-ыг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон байх ба нэхэмжлэгчийн дээрх ажиллагаа нь хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх холбогдох журамд нийцсэн эсэх талаар талууд маргасан байна.

7.2. Н ХХК нь захиалагч Э.Т.Т ХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч тал болох Ти Эн түншлэл (Т.Т.Ж.В.С.Ө ХХК, Н ХХК болон Си Ар Найнтээн бюро ХХК)-ээр ажил гүйцэтгэж байх ба уг ажилд Э.Т.Т ХК-ийн баталсан Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журам мөрдөгддөг байна.

7.3. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр экскаваторын кабель хураагчийн их бие хэсэгт мөргөцгөөс чулуу өнхөрч цохигдсон тохиолдол нь дээрх журмын 2.1 дэх хэсэгт заасан осолд дөхсөн тохиолдол-д хамаарч байх ба журмын 3.3 дахь хэсэгт зааснаар Н ХХК-аас урьдчилсан мэдэгдэл бичигдэх байтал сэрэмжлүүлгийн хуудсаар Т.Т.Ж.В.С.Ө ХХК-д мэдэгдсэн болох нь Э.Т.Т ХК, Т.Т.Ж.В.С.Ө ХХК болон Н ХХК-уудын 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр харилцсан цахим шуудангаар тогтоогдсон байна.

Цахим шуудангаар харилцсан үйл баримтыг нэхэмжлэгч маргаагүй, мөн шүүхээс үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэлд хамаарах тул үнэлэх боломжтой. Анхан шатны шүүх тухайн ажилтнууд нь гэрээнд заасан байгууллагад ажилладаг эсэх нь тодорхойгүй, Шуурхай удирдлагын хэлтэст ажилладаг талаарх баримтгүй гэсэн зохигчийн маргаагүй үндэслэл зааж нотлох баримт үнэлээгүй нь алдаатай болсныг залруулж дүгнэнэ.

7.4. Нэхэмжлэгч нь сэрэмжлүүлгийн хуудас бичигдсэн шалтгааныг Н ХХК-ийн KPI оноог хасуулахгүйтэй холбоотой, мөн уурхайн дэд менежер Д.А д үүссэн нөхцөл байдлыг танилцуулахад Т.Т.Ж.В.С.Ө ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлын менежер Б.Ч тай утсаар яриад сэрэмжлүүлгээр хаая гэсний дагуу сэрэмжлүүлэг хийсэн гэж тайлбарласан.

Сэрэмжлүүлгийн хуудас бэлтгэсэн хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн Б.Э гийн компанийн KPI оноог хасуулахгүй тухай яригдсан гэх тайлбар, мөн уурхайн дэд менежер Д.А гийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өглөө ХАБ-ын ахлах мэргэжилтэн Б.Д экскаваторын аттач цохигдсон тухай өрөөнд орж ирж мэдэгдсэн гэх 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн цахим шуудантай харьцуулж дүгнэвэл дээрх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй. Учир нь уурхайн дэд менежер нь ХАБЭАБО-ны хэлтсийн ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод зааснаар шууд харьяалах албан тушаалтан тул тухайн нөхцөлд удирдах албан тушаалтан шийдвэрийг гаргасан гэж дүгнэнэ.

7.5. 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тохиолдлын хувьд, ажилтан Я.Б х Э.Т.Т ХК-д 86681072 дугаарын утсаар нэн даруй мэдэгдсэн тухай тайлбар хэрэгт авагдсан, нэхэмжлэгч Б.Д урьдчилсан мэдэгдлийг захиалагч Э.Т.Т ХК-д хүргүүлсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмыг зөрчөөгүй байна.

7.6. Н ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар дээрх маргаантай асуудлаар Б.Дд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө түүнд мэдэгдэж, тайлбар авах журмыг зөрчсөн тул анхан шатны шүүх Б.Дг Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмын 3.1 дэх хэсэгт зааснаар осол дөхсөн нөхцөл байдлын талаар өөрийн нэгжийн удирдлагад мэдэгдсэн гэж дүгнэж, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хариуцагчийн татгалзал нотлогдоогүй гэснийг буруутгах үндэслэлгүй. Хариуцагч нь холбогдох тушаал гарсан талаар 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчтэй уулзалт хийж мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт хамааралгүй тул уг баримтыг үнэлээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

7.7. Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б23/153 дугаар тушаалд дурдсан Б.Д нь осолд дөхсөн тохиолдлын талаарх урьдчилсан мэдэгдлийг зохих журмын дагуу захиалагч байгууллагад тогтоосон хугацаанд мэдэгдээгүй, хүргүүлээгүй, мэдээлэхийг ажилтнууддаа үүрэгдээгүй гэх сахилгын зөрчил гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан ба хэргийн баримтаар нэхэмжлэгч Б.Д нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй байна.

Иймээс анхан шатны шүүх Б.Дг Н ХХК-ийн ХАБЭАБО-ны хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасантай нийцжээ. Түүнчлэн ажилд эгүүлэн тогтоосны үр дагаврыг шийдвэрлэж, Н ХХК-аас 59,384,639 төгрөг гаргуулж Б.Дд олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцжээ.

Хариуцагч талын гаргасан Н ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн сахилгын шийтгэлийн маягт, түүнд холбогдох ажилтнуудын тайлбар, мөн Э.Т.Т ХК, Т.Т.Ж.В.С.Ө ХХК, Н ХХК-уудын харилцсан цахим шууданг шүүх хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэх гомдлын дагуу давж заалдах шатны шүүхээс холбогдох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.

 

9. Мөн шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаал гарсны дараа цалин хөлс авсан, сахилгын шийтгэлтэй атлаа урамшуулал авсныг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс 7,142,857 төгрөг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн шаардах эрхийг зөв дүгнэсэн боловч тооцооллыг дутуу хийснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой. Хэрэгт авагдсан цалингийн хүснэгт баримтад 11,048,831 төгрөгийн задаргаа дэлгэрэнгүй тусгагдсан, үүнээс хариуцагч цалинтай холбоотой 780,000 төгрөгөөс татгалзсаныг шүүх тооцоонд оруулаагүй, бусад нэмэгдэл хөлсийг дүгнээгүй, түүнчлэн нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгосон тул ээлжийн амралтын цалинг давхардуулан олгохгүй, иймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

 

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хуваарилалтыг өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/00561 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

4 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Дгээс 8,268,831 төгрөгийг гаргуулж хариуцагч Н ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

5 дахь заалтад 129 936 гэснийг 147,251 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454,875 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА