Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 233

 

 

 

 

 

 

 

 

   2019          3            18                                     233

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаа,

орчуулагч: О.Баярхүү,

шүүгдэгч: ВЕТЬНАМ, түүний өмгөөлөгч Б.Дашдорж /0747/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ВЕТЬНАМ-д холбогдох эрүүгийн 1805 0583 01168 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ВЕТЬНАМ.

 

Шүүгдэгч ВЕТЬНАМ нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 2 давхарт өөрийн гэртээ иргэн Н.Цэцэг тэй маргаж, улмаар хүч хэрэглэн халдаж, толгойн тус газар нь заазуураар цохиж, биед нь зулайн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-ВЕТЬНАМ мэдүүлэхдээ:

Би гэм буруугаа хүлээж байна. Мөрдөн байцаалт, прокурорын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийг цохих болсон шалтгаан нь хохирогч тэр өдөр архи уугаад унтахгүй байсан юм. Би түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг болиулахаар зөндөө хэлсэн боловч хүлээж аваагүй. Тэгээд хохирогчийг айлгах гэсэн юм. Гэхдээ би заазуурын ир хэсгээр цохиогүй, хажуу талаар нь цохисон. Хохирогчийн биеийн байдалд санаа зовоод холбогдох гэсэн боловч хохирогчтой холбогдох боломж байгаагүй. Хэрвээ цаашид дахин ийм нөхцөл байдал үүсвэл Монгол хүнийг дуудах нь зөв гэж ойлгосон. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин Монгол Улсын хууль дүрмийг зөрчихгүй. Хохирогчийн эмчилгээний зардалд 315 000 төгрөгийг авчирсан боловч хохирогч ирээгүй тул уг мөнгийг шүүхээр дамжуулан өгөх хүсэлтэй байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Н.Цэцэг  мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 09-ний 20 цагийн үед Батханд утсаар залгаад “гэрт хүрээд ир” гэж хэлээд дуудсан. Би “гадуур ажилтай явж байна” гэж хэлсэн. Шөнийн 00 цагийн үед том пиво аваад Батхандын гэрт орсон. Ороход Батханд нэг эмэгтэй найзтайгаа пиво уусан сууж байсан. Надад нэг аяганд пиво хийж өгсөн. Уугаад тамхи татаад сууж байтал нөхөр нь гэх вьетнам “яв, зайл” гэж хэлэн урт мод барьж дайрсан. Эхнэр нь нөхрөө тайвшруулаад суулгасан. Дахиад нөхөр нь “яв зайл” гэж хөөхөөр нь “чи Монгол улсад байгаа байж яагаад намайг зайл гэдэг юм” гэж хэлсэн чинь цонхны тавцан дээрээс заазуур аваад толгой руу цохисон. Толгойноос цус гарсан. Миний толгой руу 3 удаа заазуураар цохисон. Ингээд би 3 дахь удаа цохих үед гэрээс нь гарч гүйгээд зам дээр байсан хүнийг “цагдаа дуудаад өг” гэж хэлсэн. Цагдаа дуудаад хоёр цагдаа ирэхээр нь гэрт орох гэсэн боловч хаалгаа тайлахгүй байсан. “Хаалгаа тайлаач” гэж хэлэхэд “хаалга онгойлгохоор намайг зодох гээд байна шүү дээ” гэж эхнэр нь хэлсэн. Би гадаа хөл нүцгэн байсан болохоор даараад цонхыг нь баруун гараараа хагалсан чинь вьетнам хаалгаа тайлсан. “Яагаад хаалгаа тайлахгүй байгаа юм бэ” гэхэд “хувцасаа өмссөн” гэж хэлсэн. Гэтэл шалдан байсан. Дуудлагаар ирсэн цагдаа баривчлаад явах гэсэн чинь эсэргүүцэл үзүүлээд ноцолдоод байсан. Цагдаатай хамт цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөлөө өгсөн. Эхнэр Батханд нь нилээн согтуу байсан. Эхнэртээ уурласан уураа гаргасан байх. Намайг ВЕТЬНАМ гэх хүн заазуураар толгойн зүүн ар оройн хэсэгт 3 удаа цохисон. Эмчилгээний зардлаа гаргуулан авмаар байна гэжээ. (хэргийн 15-16 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Нямдорж мэдүүлэхдээ:

  2018 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах вьетнам засварын газарт Цэцэг  гэм эмэгтэй “толгойгоо хагалууллаа” гэх дуудлагын дагуу очиход Цэцэг  гэх эмэгтэй уг засварын газрын гадаа нэг эмэгтэйтэй хамт зогсож байсан. Юу болсон талаар асуухад “вьетнам миний толгойг заазуураар хагалчихлаа” гэж хэлсэн. “Хаана” гэж асуугаад заалгаад очиход уг засварын газрын хаалга нь хаалттай байсан. Гэтэл Цэцэг  хаалганы хажуугийн цонхыг “би төлөөд өгчихнөө” гэж хэлээд гараараа хагалсан. Гарнаас нь цус гараад байж байтал вьетнамын эхнэр гэх эмэгтэй ирээд хаалга тайлсан. Хаалга тайлаад орсны дараа вьетнам улсын иргэнийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн. Цэцэг  гэх эмэгтэйн дуудлагаар очиход толгойноос нь цус гарсан, толгой руугаа цохиулсан гэж байсан. Аль гараараа цонх хагалсныг санахгүй байна. Ямар ч байсан хөөе гэхийн завдалгүй гараараа шилэн цонх хагалсан, гарнаас нь цус гарсан гэжээ. (хэргийн 55 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Б.Ундармаа мэдүүлэхдээ:

  Зулай, баруун гарын алганы зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн өдрийн үзлэгээр дурдсан зулайн зүүн ард мэс заслын хоёр оёдол бүхий шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гарын алганы зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг хохирогч өөрөө өөртөө учруулах боломжтой, гараараа цохиход үүсэх боломжтой. Баруун гарын алганы зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл байсан гэжээ. (хэргийн 53-54 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6216 тоот дүгнэлтэд:

1. Н.Цэцэг ийн биед зулай, баруун гарын алганы зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

ВЕТЬНАМ ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 37 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч ВЕТЬНАМ нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 2 давхарт байрлах гэртээ хохирогч Н.Цэцэг тэй маргаж, улмаар түүний толгойн тус газар нь заазуураар цохиж, биед нь зулайн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Цэцэг , гэрч Б.Нямдорж, шинжээч Б.Ундармаа, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6216 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд ВЕТЬНАМ-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой 314 780 төгрөгийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 315 000 төгрөгийг нөхөн төлсөн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Цэцэг т 315 000 төгрөг төлсөн, эд мөрийн баримтаар 1 ширхэг заазуур хэрэгт хавсарган ирүүлсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч ВЕТЬНАМ-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ВЕТЬНАМ-ийг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 300 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ВЕТЬНАМ нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

            4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ВЕТЬНАМ цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 315 000  төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

           

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ВЕТЬНАМ-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН