Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 162

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Сүхбат, С.Батсанаа нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

           Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор М.Эрдэнэзаяа,                                         

          Шүүгдэгч С.Батсанаагийн өмгөөлөгч М.Отгонцэцэг,

          Хохирогч Ш.Оюунбаярын өмгөөлөгч Д.Өлзийсайхан,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 7ы өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 5/04 дугаартай эсэргүүцэл, хохирогч Ш.Оюунбаярын өмгөөлөгч Д.Өлзийсайханы гаргасан давж заалдах гомдлоор Д.Сүхбат, С.Батсанаа нарт холбогдох эрүүгийн 2016 2501 2164 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 13ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Бориг овгийн Доржжанцангийн Сүхбат, 1950 оны 8 дугаар сарын 13-нд төрсөн, 67 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын менежер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цэргийн хотхон 1 дүгээр гудамжны 17 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ВЭ50081311/,

 

2. Доржжанцан овгийн Сүхбатын Батсанаа, 1979 оны 10 дугаар сарын 26-нд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цэргийн хотхон 1 дүгээр гудамжны 17 тоотод оршин суух,

2013 оны 4 дүгээр сарын 22-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 842.400 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, /РД:ВЭ79102618/,

 

Д.Сүхбат, С.Батсанаа нар нь 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эрдэнэтолгойн гүний худгийн орчим иргэн Ш.Оюунбаяртай “зам тавьж өгсөнгүй” гэх хувийн зүй бус харьцааны улмаас маргалдаж бүлэглэн зодож, хамар ясны хугарал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, хүзүү, зүүн мөр, зүүн шуу, бугуйнд зулгаралт, хэвлийн өмнө ханын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Сүхбат, С.Батсанаа нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.Батсанаагийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчлөн мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, С.Батсанааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Сүхбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар С.Батсанаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, энэ хэргийн улмаас Д.Сүхбат, С.Батсанаа нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цэргийн хотхоны 1-17 тоотод оршин суух хаягтай С.Батсанаагаас 493.500 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Оюунбаярт олгож, хохирогч Ш.Оюунбаяр нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл бичив. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар С.Батсанаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж заасан байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2 дугаар зүйлд заасан Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг зөвхөн тус хуульд заасны дагуу явуулахаар тогтоосон байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлд заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл С.Батсанаад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгохоор заасан байсныг зөрчиж шийдвэр гаргасан байна.

Иймд шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Хохирогч Ш.Оюунбаярын өмгөөлөгч Д.Өлзийсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр С.Батсанаа нь “Маяти-2” загварын автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь хэсэгт заасан заалтыг зөрчин давуу эрх бүхий тээврийн хэрэгслийн урдуур дайрч жолоочтой нь маргаан үүсгэн, улмаар ялимгүй зүйлээр шалтаглан сөрөг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог нарийн зам дээр олон нийтийг илтэд үл хүндэтгэн бусдын урд талд гарч, шахаж зогсоон бууж ирэн автомашинд зорчиж явсан бага насны хүүхдийнх нь нүдэн дээр хохирогчийн эрх, эрх чөлөөнд нь халдан биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан үйлдэл байсаар байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг гэж анхан шатны шүүхээс үзэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй.

2. С.Батсанаа нь тухайн үед автомашин жолоодож явсан Б.Баярцэцэгийн эрх, эрх чөлөөнд халдаж, газарт цохиж унагаан, түүний гар утсыг гараас нь булаан авч автомашины зам дээр шидэж эвдэлсэн үйлдлийг гэрчүүд мэдүүлсээр байхад мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй орхигдуулсан явдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэв.

 

  Ялтан С.Батсанаагийн өмгөөлөгч М.Отгонцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд санал байхгүй, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Д.Сүхбат, С.Батсанаа нарын үйлдлийг танхайн гэмт хэрэг гэж үзэхгүй. Прокуророос тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй. Хэрэв хэргийг танхайн гэмт хэрэг гэж үзвэл шүүгдэгч болон хохирогч нарыг хамтад нь татах шаардлагатай...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Прокуророос Д.Сүхбат, С.Батсанаа нар нь 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эрдэнэтолгойн гүний худгийн орчим иргэн Ш.Оюунбаяртай “зам тавьж өгсөнгүй” гэх хувийн зүй бус харьцааны улмаас маргалдаж бүлэглэн зодож, хамар ясны хугарал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, хүзүү, зүүн мөр, зүүн шуу, бугуйнд зулгаралт, хэвлийн өмнө ханын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Оюунбаяр мэдүүлэхдээ “...2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчим байх Баянзүрхийн товчооноос хот руу явж байхад замын урд талаас шороон замаас “Х.Мяти” загварын автомашинтай хүн гарч ирээд урдуур орж ирээд мөргүүлэх шахсан. Манай эхнэр машинаа арай гэж зогсоож араас нь сигнаалдахад дотор нь байсан хүмүүс “сүртэй юм” гээд орилсон. Тэгээд “зайлаач” гээд маргалдаад хөдлөөд явсан. ... Эрдэнэтолгойн гүний худгийн тэнд нөгөө “Маяти” загварын машин хажуугаар гүйцэж түрүүлээд урд зогсож, машинаас С.Батсанаа бууж ирээд “яагаад байгаан, яаж яваад байгаан, чи хэн бэ” гэж орилоод намайг барьж аваад толгой руу гараараа нэлээн олон удаа цохисон. Тэгсэн араас нь машинд байсан хөгшин эрэгтэй хүн бууж ирээд намайг боож газар унагаагаад газраар чирсэн. Манай эхнэр ирээд бид нарыг салгах гэхэд С.Батсанаа гэх залуу манай эхнэрийг түлхэж унагаагаад байсан. ... нөгөө хөгшин эрэгтэй цамцнаас бариад боогоод явуулахгүй байсан ...” /хх 27-30/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Баярцэцэг мэдүүлэхдээ: “... манай нөхөр буухад үгийн зөрүүгүй цохиод авсан. Би салгах гээд очиход С.Батсанаа гэх залуу намайг түлхээд ойртуулахгүй байсан. “Маяти” машин дотроос нэг эмэгтэй болон хөгшин эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бууж ирсэн. Салгах нуу гэхэд машинаас буусан хөгшин ах манай нөхрийг боогоод байсан. Би цагдаа дуудах гээд орилоход миний гар утсыг аваад газар шидсэн. Миний утасны дэлгэц хагарсан байгаа. Тэр хөгшин ах манай нөхрийг боогоод байсан ба С.Батсанаа гэх залуу машиндаа суугаад зугтаах гэхээр нь би очоод машины хаалганаас зүүгдээд явуулахгүй гэхэд “хуцаад бай гичий минь” гээд түлхэж унагаад хөдлөөд явсан. Манай нөхрийг хөгшин өвгөн боож унагаад цохиод байсан. Намайг хүртэл тэр хөгшин эрэгтэй бас цохисон, хажууд хүмүүс нь хараад зогсож байсан ...” /хх 31-32/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Ганзул мэдүүлэхдээ : “...Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо,  Эрдэнтолгойн гүний худгийн зам дээр худгийн урд талд машин зам дээр нэг ачааны том автомашин түүний ард нэг жижиг суудлын машин зогсчихсон байсан ба нэг хөгшин ах хажуу талын хашаанаас гарч ирсэн ба жижиг машины жолооч ахын нүүр, ам, цус бочихсон энэ тэнд нь зулгарсан шархтай харагдаж байсан. Харин том машин явах гээд байсан ба жижиг машины жолоочийн эхнэр нь бололтой нэг эгч том машинаас зүүгдээд явуулахгүй гээд “туслаарай” гээд орилоод байсан. Тэгтэл том автомашины жолооч ах нөгөө зүүгдээд байсан эгчийг цохиж унагаагаад гар утсыг нь авч шидсэн чинь жижиг автомашины жолооч ах том автомашиныг явуулахгүй гэсэн чинь том автомашинаас гарч ирсэн хөгшин ах “наад машинаа явуул” гээд нөгөө жижиг машины жолооч ахыг татаж чангаагаад байсан. Би өөрийнхөө утсаар цагдаа дуудаж өгсөн. Тэр үед том автомашин нь хөдлөөд явсан ...” /хх 62-63/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Сүхбат сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ “... 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн хүү С.Батсанаа, түүний хадам эх Бадамханд, эхнэр Энхцэцэг болон 3 ач зээгийн хамт С.Батсанаагийн “Маяти-2” загварын машинтай бид нар Налайх руу салхинд гарчихаад буцаад хот руу явж байхдаа голын эрэг дээр жоохон сууж байгаад гэрлүүгээ явахаар машинтайгаа Улиастайн тойрог орчимд төв зам руу зүүн гар талаас замдаа нийлэх гэхэд баруун гар талаас буюу Налайх талаас нэг жижиг цагаан өнгийн машин орж ирээд сигнаалдаж өнгөрсөн. ... Төв зам дээр бидний урдуур орчихоод, зам хааж зогсоод эрэгтэй нь бууж ирээд “та нар зам хаалаа” гээд хашхираад байхаар нь би “хөөе чи боль” гэж хэлсэн. ... Улиастайн гүүрний гэрлэн дохио өнгөрөөд явж байтал С.Батсанаа машинаас буугаад нөгөө машинтай хүмүүстэй уулзах гээд очтол С.Батсанааг цамцаар нь ороогоод дарчихсан, эхнэр нь цүнх юмуу нэг зүйлээр цохиж байгаа харагдсан. Эхнэр Энхцэцэг, Бадамханд нар эхлээд бууж би араас нь алхаад очсон. Тэгээд очиж салгаад С.Батсанаа машинаа хөдөлгөх гэтэл нөгөө залуу машины дугуйн доогуур нь орж хэвтээд, эхнэр нь тольноос нь зүүгдээд, бид арай хийж холдуулж машинаа хөдөлгөж явуулсан. Манай хүү С.Батсанааг тэр залуу, хүүхэн хоёр нийлээд зодоод байсан. Би бол очиж хүүгээ салгаж, дараа нь нөгөө залуу машин доор хэвтээд байхаар нь татаж босгоод гаргасан ...” /хх 66-67, 68-70/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.Батсанаа сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ “... Улиастайн гүүрний зүүн талаас төв замынхаа урд талаас төв зам руугаа орох гээд зогсож байгаад машины зай гарахаар нь орох гэтэл Налайх талаас нэг жижиг цагаан суудлын автомашин тулж ирж зогсоод сигнаалдаад, машинаас нэг залуу бууж ирээд буруу талын цонхоор аав, ээж рүү дайрч, гартаа барьсан байсан гал асаагуурыг шидэх гэж далайж байгаад машиндаа суугаад миний автомашины урд талд ороод хөндлөөд явсан. Намайг араас нь дагаад явж байхад миний автомашины урдуур зам дээр зам хааж яваад, цонхоороо салаавч гаргаад байсан. Ингээд явж байтал Амгалангийн төмөр замын призер дээр би хажуугаар нь зэрэгцээд иртэл нөгөө жижиг автомашинаас тал ундаатай сав шидээд тэр нь машин руу орж ирсэн. Мөн удалгүй дахин нэг аяга шидээд миний автомашиныг онож зам дээр унаж хагарсан. ... Эрдэнэтолгойн гүний худгийн урд талд би нөгөө жижиг цагаан автомашиныг гүйцэж түрүүлээд урд талд нь гарч зогсоод шидсэн ундааны савыг нь бариад буугаад очтол жижиг автомашинд байсан залуу бас бууж ирсэн. Тэгээд би “чи яаж байгаа юм бэ, хүүхэд цохичихлоо шүү дээ” гэтэл нөгөө залуу намайг шууд шанаа руу цохихоор нь би зөрүүлээд цохисон. Тэгээд бид хоёр заамдалцаж аваад зогсож байтал малгайтай цамцны малгайг толгой дээгүүр өмсүүлээд миний доор ороод намайг доошоо дараад тонгойлгосон чинь автомашин барьж явсан эмэгтэй миний нуруу руу нэг хатуу зүйлээр цохиод байсан ...” /хх 71-72, 73-75/  гэж тус тус мэдүүлжээ.

 

            Шүүгдэгч С.Батсанаа тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа, хохирогч Ш.Оюунбаярын тээврийн хэрэгслийг шахаж улмаар бусдын нүдэн дээр хөнгөн гэмтэл учруулж зодсон үйлдэл нь ялимгүй зүйлээр шалтаглан олон нийтийн өмнө бусдад хүч хэрэглэсэн зохисгүй үйлдэл бөгөөд ийнхүү гаргасан үйлдэл нь хүмүүсийн хоорондын харилцааны соёлд илтэд хүндэтгэлгүй хандсан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн шинжийг агуулсан зэрэг нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг агуулсан байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг гарсан байдал, гарах болсон шалтгаан, гэмт хэргийн сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн орон зай, цаг хугацаа, гэм буруугийн хэлбэрийг шалгаж тогтоогоогүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хэрэг маргааныг хэн эхэлж өдүүлсэн, оролцсон хүмүүсийн үйлдэл, оролцооны талаарх байдлыг тогтоох ажиллагааг хийхдээ хэргийн оролцогч нарын алиных нь мэдүүлэг бодит үнэн байж болохыг тодорхойлж, холбогдох шалгалтыг хийгээгүйгээс хэрэг маргааныг хэн эхлүүлсэн, хэн ямар үйлдэл хийсэн талаар үндэслэлтэй дүгнэлт хийлгүй Д.Сүхбат, С.Батсанаа нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл хэргийн үйл баримтын талаар шүүхийн хийсэн дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Иймд Д.Сүхбат, С.Батсанаа нарт холбогдох хэргийн сэдэлтийг зөв тогтоож, тэдэнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлүүдийг эргэлзээгүй нэг мөр тогтоосны эцэст хэргийг зүйлчлэх шаардлагатай тул энэ талаар гаргасан хохирогч Ш.Оюунбаярын өмгөөлөгч Д.Өлзийсайханы давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Шийтгэх тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцээгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Сүхбат, С.Батсанаа нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, мөн дүүргийн Прокурорын газарт буцаасугай. 

 

2. Хэрэг Прокурорын газарт очтол Д.Сүхбат, С.Батсанаа нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслах сэргийлэх аргах хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ЗОРИГ

 

                                 ШҮҮГЧИД                                              М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ