Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 257

 

Д.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 398 дугаар магадлалтай, Д.А-д холбогдох 2005008071564 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 21ий өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, А.

 

Д.А-нь 2010 оны 7 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, 6 дугаар байрны 54 тоот гэртээ тусгай зөвшөөрөлгүй Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “нэн ховор” амьтан болох цоохор ирвэсийн түүхий эд болох 2 ширхэг арьс, 2 ширхэг толгойн хэсгийн яс, эрүүний яс 2 ширхэг, ясны үйрмэг зэргийг хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.А-ыг нэн ховор амьтны түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ариунжаргалыг 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн ирвэсний арьсны хамрын үзүүр /хоншоор/ хэсгээс сүүлний үзүүр хүртэл нийт 203 см, их сүүлний урт 89 см урттай 1 ширхэг арьс, хамрын үзүүр /хоншоор/ хэсгээс сүүлний үзүүр хүртэл 174 см, сүүлний урт 82 см урттай 1 ширхэг арьс /урд 2 хөл, хойд 2 хөлийн сарвууны хумс, яс нь хатаж цайрсан/, 2 талын эрүү яс салангид байдалтай, эрүүний 2 талд 2 соёотой, дээд талд 1 соёотой толгойн яс 1 ширхэг, 1 соёо, 9 ширхэг жижиг шүд мэт яс, дээд 2 том соёотой эрүүний яс бүтэн, доод 2 соёо үгүй толгойн яс 1 ширхэг, 2 ширхэг ясны үйрмэг мэт сул шүд зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, бор өнгийн арьсан, дээд талдаа цахилгаан түгжээтэй хоёр тасалгаатай цүнхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т тус тус даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Д.А-с 52.000.000 төгрөг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... Шүүгдэгч А нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолыг бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, Л.Батаа нар хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Д.А-нь 2010 оны 07 дугаар сард Ховд аймгийн Алтай суманд очихдоо багын найз Батсайханы гэрт зочилж очсон. Тухайн үед Батсайхан 2 ширхэг ирвэсийн арьс болон 2 ширхэг хоншоорын яс зэргийг бэлэглэсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх 2002 оны Амьтны тухай хуулийн 7.2-т зааснаас бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн яс, арьс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно гэж хуулчилсныг дурьдаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1-д тусгай зөвшөөрөлгүйгээр гэсэн хэсгийг хасч гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх үндэслэлийг бий болгож байгаа ба энэ нь дээрх хуулийн зохицуулалттай нийцэхгүй байгаа юм.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Дээрх үйл баримт нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед үйлдэгдсэн байна.

Хууль зүйн хувьд дараах үндэслэлийг анхаараагүй, хэрэглээгүй гэж үзнэ.

2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран тухайн гэмт хэрэг үйлдсэн үеийг гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд тооцно.” гэж заажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно. гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заажээ.

Өөрөөр хэлбэл эрх зүйн байдпыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй. Шүүгдэгч нь 2010 онд найз болох Батсайханаас бэлгэнд авч хууль бусаар хадгалсанаар гэмт хэрэг төгсөж буй юм.

2010 оны 07 дугаар сард Ан агнуурын тухай хууль үйлчилж байсан бөгөөд нэн ховор, ховор гэж тодорхойлоогүй байсан. 2012 оны Амьтны тухай хууль нарийвчлан зохицуулагдсан.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь тогтоогдож байна.

Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн үндсэн зарчмыг ч хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд дээрх хууль зүйн үндэслэл, журмыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Д.А-нь 2010 оны 07 дугаар сард н.Батсайхан гэдэг хүнээс хоёр ширхэг арьсыг бэлгэнд авсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж заасан. Өөрөөр хэлбэл 2010 онд бэлгэнд авч хадгалснаар гэмт хэрэг төгссөн гэж үзэж байгаа. Энэ утгаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн “хөөн хэлэлцэх хугацаа” дууссан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн үндсэн зармыг хэрэгжүүлж, Д.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

 Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Д.А-н хувьд 2010 оны 07 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарын хооронд өөрийн гэртээ нэн ховор амьтны түүхий эд болох цоохор ирвэсийн арьс, эрүүний яс, үүрмэг зэргийг хадгалсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгчийн энэ үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж байна. Цоохор ирвэсийн түүхий эдийг эд мөрийн баримтаар хураан авч шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Хэдийгээр 52.000.000 төгрөгийн үнэлгээ гарсан боловч хураагдсан эд мөрийн баримт нь цаг хугацааны хувьд олон жил болсон, илэгдэж хуучирсан, цаашид ашиглах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон. Энэ агуулгаараа тухайн эд зүйл нь нийгэмд учруулах хохирол, хор уршиг нь цаашид учрах боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Мөн хэргийг илрүүлсэн арга нь хууль зөрчсөн. Цагдаагийн ажилтан нь халхавч хийж, шүүгдэгч Д.А-с тухайн түүхий эдийг худалдаж авахаар зохиомлоор холбогдсон байдаг. Энэ нь хүний эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаж чадаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.А-нь эхнэр, хүүхдийн хамт 2010 оны зун төрсөн нутаг Ховд аймагт зочлон очих үед найз Т.Батсайхан /нас барсан/ нь 2 ширхэг цоохор ирвэсийн арьс бэлэг болгож өгснийг өөрийн гэртээ хадгалж байсан нь хөдөлбөргүй нотлогдсон байна.

 

Гэвч тэрээр цагдаагийн байгууллагын ажилтны гэмт хэрэгт турхирсан хууль бус өдөөн хатгалтын улмаас уг нэн ховор амьтан болох цоохор ирвэсний 2 ширхэг арьс болон толгой, эрүүний яс зэргийг худалдах зорилготой авч яваад энэхүү ажиллагааг зохион байгуулсан дээрх цагдаа нарт баригдсанаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагджээ.

 

Хэрэгт хяналт тавьсан прокуророос гэмт хэргийг илрүүлсэн ажиллагааг хууль бус гэж үзэн шүүгдэгч Д.А-н нэн ховор амьтны түүхий эдийг худалдан борлуулах зорилготой үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй бөгөөд харин хууль бусаар ан агнах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан хэмээн яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлж, анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн  гэм бурууг хянан хэлэлцэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

 

Тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт үржил өсөлт нь хомсдож, тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг агнах, барихыг 2000 оны Ан агнуурын тухай хуулиар хориглож, зөвхөн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад зорилгоор агнаж бэлтгэсэн нэн ховор амьтны арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон бөгөөд хадгалсан, худалдсан, худалдан авсан үйлдлийг агнасантай адилтгаж тооцож нөхөн төлбөр ногдуулдаг болно.

 

Өөрөөр хэлбэл, нэн ховорт тооцогдсон амьтны арьс, яс, түүхий эдийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахыг иргэний гүйлгээнд хориглосон харилцаа гэж ойлговол зохино.

 

Шүүгдэгч Д.А-н хувьд нэн ховор амьтан болох цоохор ирвэсийн арьсыг өөрийн найзаас бэлгэнд авч гэртээ хадгалж байсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Учир нь бусдын бэлэглэсэн зүйлийг хадгалж байсан үйлдлийг гэмт хэрэгт тооцох боломжгүй бөгөөд гэмт санаа зорилго, хүсэл эрмэлзлэл байхгүй тохиолдлыг Эрүүгийн хууль болон эрх зүйн онолд “хуульд заасан хохирол, хор уршгийг гэм буруугүйгээр учруулсан” хэмээн үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэггүй болно.

 

Агнахыг хуулиар хориглосон нэн ховор амьтны түүхий эд болох арьс, ясыг хадгалах нь хууль бус шинжтэй боловч тухайн амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж түүхий эд бэлтгэсэн гэдгийг мэдсээр байж өөр зориулалтаар ашиглах зорилгоор удаан хугацааны турш /ойролцоогоор 11 жил/ хадгалж байсан, цуглуулга хийсэн гэж үзэх гэмт санаа зорилго шүүгдэгчийн хувьд тогтоогдоогүй байна.  

 

Иймд Д.А-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “хэргийг гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулах тухай санал, гомдол хууль зүйн үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Харин иргэний гүйлгээнд хориглосон нэн ховор амьтан болох цоохор ирвэсний 2 ширхэг арьс, толгой яс зэргийг буцаан олгох боломжгүй тул Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан зориулалтын дагуу эрдэм шинжилгээний ажилд ашиглуулахаар зохих байгууллагад нь шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

  1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 398 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.А-д холбогдох эрүүгийн 2005008071564 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, А-г цагаатгасугай.

 

  1. Д.А-н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй хүчингүй болгож, нэн даруй сулласугай.

 

  1. Агнахыг хориглосон нэн ховор амьтан болох цоохор ирвэсний 2 ширхэг арьс, 2 ширхэг толгойн яс, ясны үйрмэгийг эрдэм шинжилгээний ажилд зохих зориулалтын дагуу ашиглуулахаар шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 

          ДАРГАЛАГЧ                                               Ч.ХОСБАЯР

                   ШҮҮГЧ                                               Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                              Б.БАТЦЭРЭН 

                                                                                             Б.ЦОГТ 

                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН