Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 201/МА2016/00036

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******, Л.******* нарт холбогдох

хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч *******, Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 138/ШШ2016/00893 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч *******, Л.******* нарын давж заалдах гомдлоор *******ын нэхэмжлэлтэй, *******, Л.******* нарт холбогдох “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 27000000 төгрөг, алданги 13500000 төгрөг нийт 40500000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, мөн “Байрыг буцаан өгч, урьдчилан төлсөн 13000000 төгрөг авах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 08 сарын 25-ны хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******,******* нартай 2015 оны 01 дүгээр сард үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хийж, өөрийн амьдарч байсан Хэрлэн сумын 9 дүгээр баг, 5 дугаар байрны 59 тоот 2 өрөө байрыг 41000000 төгрөгөөр тохиролцон худалдсан. Бид байрандаа супер засвар хийсэн байсан. Манай байшингийн дээвэрт 2014 онд засвар хийсэн учир зун нь бороо гоожоогүй. Тэгээд манай байгууллага хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцны лизингид хамрагдах боломж гараад хугацаа болоод байсан учир тухайн үеийн зах зээлийн үнээс хямдаар зарсан юм. Би байраа зарах тухай телевизэд зар өгсөн. Энэ хоёр зарын дагуу ярьж, ирж уулзаад манай байрыг үзээд авахаар болсон улс юм. Би энэ хоёр хүнийг хууран мэхэлсэн асуудал огт байхгүй. Би байраа зарах үед дээрээс бороо орсон үед гоождог талаар хэлж байсан. Энэ хоёр манай байрыг ирж үзээд сайхан байр байна, яагаад хямд зарж байгаа юм бэ, авъя. Өөрсдийгөө хөдөө амьдардаг, 800 толгой малтай, төвд нэг өрөө орон сууцтай. Байраа томсгох шаардлагатай байна. Эхнэр жирэмсэн, шинэ хүүхдээ тохь тухтай байлгамаар байна. Бид хөдөө байдаг тул байрны лизинг бүтэхгүй байна гээд өөрийн дүү Оюунтунгалагийн нэр дээр авахаар тохиролцож, гэрээ хийж 2 сард өөрсдийн нэр дээр байрны гэрчилгээг шилжүүлэн авсан. Нэгэнт байрыг маань өөрсдийн нэр дээр болгон авсан тул 2015 оны 02 сарын 24-ний өдөр төлбөр барагдуулах тухай хэлцэл хийж, үлдэгдэл 28000000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон. Үлдэгдэл мөнгөө 4, 5 сард өгөхөөр тохирсон боловч 2015 оны 06 сард 1000000 төгрөг өгөөд, үлдэгдэл 27000000 төгрөгөө төлөхгүй утсаар ярихаар холбогдохгүй, хөдөө яваад өгчихдөг болсон. Иймээс гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн тутамд 0,5 хувийн алданги тооцохоор заасан. Түүний дагуу 13500000 төгрөгийг нэмж нэхэмжилж 41500000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандаад байна. Хариуцагч нар дээврээс ус гоожсон гэдэг шалтгаан хэлж байгаа боловч 2014 оны 05 сард СӨХолбоо манай дээвэрт завсар хийснээр 5-9 саруудад орсон бороо огт гоожоогүй. Энэ талаараа СӨХолбоондоо дээврээс борооны ус гоожоогүй, баярлалаа гэдгээ хэлж байсан. Мөн тухайн үед 2 өрөө байрны зах зээлийн үнэ 45000000-50000000 төгрөгийн ханштай байхад урд нь гоожилт өгч байсан, бас манай байгууллага хөнгөлөлттэйгээр байрны лизингид хамруулж байсан учир хямдаар зарж байгаагаа хэлж ярилцаж худалдсан. Эдгээр хүмүүс надад байраа зараад мөнгөө олж авъя гэж хэлж байсан. Миний байр худалдаж авсан компаний захирал Сараа руу хямд байр зарна гэж ярьсан байсан. Тэр хүн өөрийнхөө ажилтанг явуулж үзүүлээд авахаар болж эд нар гэрээ хийсэн юм шиг байсан. Би энэ асуудалд оролцоогүй. Тухайн үед дээвэр болон ханын цаас солиход нь 400,0 гаруй мянган төгрөг зарцуулж байсан. Энэ хүмүүс намайг хууран мэхэлж байраа зарсан гээд байгаа. Миний хувьд тийм асуудал огт байхгүй. Бид хоорондоо ярилцаад байраа худалдахаар тохиролцсон. Хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би эдгээр хүмүүст чанарын доголдолтой байр хууран мэхэлж зараагүй. Тиймээс байрны үлдэгдэл төлбөр 27000000 төгрөг, алданги 13500000 төгрөг нийт 41500000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Эдгээр хүмүүс надтай тохиролцвол алданги 13500000 төгрөгөөс татгалзахад бэлэн байна гэжээ.

Хариуцагч Л.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мангалжав ахын байрыг зарын дагуу утсаар яриад очиж үзсэн. Цэвэрхэн байр байсан. Дусаал гоождог уу гэж асуухад огт гоождоггүй гэж хэлсэн. Ингээд Цагаан-Овоо суманд байдаг дүүдээ хэлээд бичиг баримтыг нь авч, лизинг хөөцөлдөөд бүтээгүй. Баян-Уул сум руу явж Төрийн банкнаас зээл авч 12000000 төгрөг өгөөд,  дараа 1000000 төгрөг өгсөн. Мангалжав ахын ажил дээр очиж уулзаад худалдах худалдан авах гэрээг хийсэн. Дараа нь төлбөр барагдуулах талаар 02 сарын 24-нд гэрээ хийсэн. Бид байранд нь орохгүй байж байгаад, би 03 сарын 06-нд амаржаад, 04 сарын 01-нд нүүж орсон. Тэгэхэд 5 дугаар байрны оршин суугчид та нар их гоождог байр авчихлаа гэж хэлж байсан. Тэгээд Мангалжаваас асуухад гоожихгүй гэж хэлсэн. Бид нарыг байранд нүүж ороход дусаал гоожоод шарласан байсан. Тэр үед орцны жижүүр Сарантуяа манайд орж ирээд энэ чинь угаасаа гоождог байр гэж хэлсэн. 2015 оны 04 сарын 20-доор бороо орсон. Тэгэхэд дээврээс их хэмжээгээр ус гоожиж доод айл руу ус орсон байсан. Маргааш нь Мангалжав руу утсаар ярьж дуудаад ийм байранд амьдарч чадахгүй, та надад гоождог гэж хэлээгүй учир гомдолтой байна, байраа буцаая гэж хэлсэн. Ингээд тухайн үед байрных нь мөнгийг төлж бай гээд дүү нараа оруулсан байсан. Зунжин тэр байранд хүн байгаагүй. Би ээжийгээ сахиж хөдөө байж байгаад ажил явдал гараад ирэхдээ Мангалжавтай уулзаж чадаагүй. 09 сард манайд Мангалжав ирэхэд бид нар больмоор байна гэдгээ хэлэхэд байрны ордероо авъя гэсэн. Тэгэхээр нь  өгсөн мөнгөө авч байж ордерийг өгнө гэж хэлсэн. Ингээд Сарантуяа, Мангалжав нартай ярилцаж худалдах худалдан авах гэрээ хийхээр болсон. Дүүгээ дуудаж ирүүлээд 10 сарын 21-ний өдөр Мөнхгэрэл гэдэг хүнтэй гэрээ хийсэн. Тэгтэл тэр хүн нь хоёр гурван хоногийн дараа лизинг бүтэхгүй байна авахаа болилоо гэсэн. Бид нар 294500 төгрөгний зарлага гаргаж засвар хийсэн. Би хүнээс илүү дутуу мөнгө нэхэхгүй. Чанарын доголдолгүй байр өгсөн байсан бол мөнгийг төлөх чадвартай байсан. Байрыг нь эргүүлж өгөөд 13000000 төгрөгөө авна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд ярих зүйл байхгүй байна. ******* болсон явдлыг тодорхой ярьчихлаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 41500000 төгрөгийг төлөх боломж байхгүй. Харин байрыг нь буцааж өгөөд төлсөн 13000000 төгрөгөө гаргуулж авмаар байна гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 138/ШШ2016/00893 дугаар шийдвэрээр:

 Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 254 дугаар зүйлийн 254.6-д зааснаар хариуцагч *******, Л.******* нараас 27000000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14500000 төгрөг, нэхэмжлэгч *******т холбогдох байрыг буцааж өгч 13000000 төгрөг гаргуулах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 365450 төгрөг, хариуцагч *******, Л.******* нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 222950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, Л.******* нараас 292950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч *******, Л.******* нар давж заалдах гомдолдоо: 2016 оны 07  сарын 26-ны өдрийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 893 дугаар шийдвэр нь хууль бус буюу хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ хэргийг зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж шүүх дүгнэж хэргийг шийдвэрлэчихээд, шал өөр зүйл ангиар худалдах худалдан авах гэрээний хөөн хэлэлцэх хугацааг энэ зүйлд хэрэглэсэн нь маш том алдаа гэж үзэж байна. Хоёр өөр гэрээний зүйлийг нэг гэрээнд хэрэглэж болохгүй. Хуульчид, шүүгч нар энгийн биднээс доогуур мэдлэгтэйгээр хэргийг шийдвэрлэж байгаа явдалд гомдолтой байна. Бодит байдал дээр нэхэмжлэгч *******, Гантуяа нар биднийг хууран мэхэлж доголдолтой байранд оруулсан. Доголдлыг бид мэдээд, шаардлага тавихад байрны доголдлыг арилгаж өгье, мөн өөр байраар сольж өгье гээд өдий хүртэл биднийг чирэгдүүлсэн. Шүүхийн хэлээд байгаа 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан заалтын буюу 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар дээрх шаардлагын аль нэгийг гаргана гэдгийг бид биелүүлсэн. Нэхэмжлэгч *******, Гантуяа нар хүлээн зөвшөөрч өөр байраар солиулах, өөр хүнд өгнө, мөн засварлаж өгч байсан зэрэг нь нэхэмжлэгч нар шүүхэд өгөхөөс өмнө доголдолтой байр  өгсөн зэрэгт маргаагүй.  Шүүх энэ талаар болон доголдлыг хүлээн зөвшөөрч байсан, мөн өөр хүнтэй гэрээ хийж байрыг сольж өгнө гэснийг үнэн гэдгийг баталж өгсөн. Харин шүүх хоёр өөр гэрээний хөөн хэлэлцэх хугацааг буруу хэрэглэж биднийг хохироож байгаад гомдолтой байна. Зээлээр худалдах, худалдан авч байгаа учир хөөн хэлэлцэх хугацаа зургаан сар байхгүй. Гурван шаардлага хүлээн зөвшөөрч байсан. Бодит амьдрал дээр аль ч тал бидний доголдлыг мэдээд өөр хүнтэй гэрээ хийж, сольж өгнө гээд явж байхад тэр хүнд 35000000 төгрөгөөр зарахаар тохирч байсан нь өөрсдөө бүгдийг хүлээн зөвшөөрч яваад байхад бид шүүхэд хандаж болохгүй биздээ. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд дөрвөн төрлийн шаардлага гаргах эрх байгаа. Биднийг шаардлагаа гаргаад байхад нэхэмжлэгч тал гурван шаардлагыг биелүүлээд яваад байсан. Гэтэл 254.6, 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан.  254 дүгээр зүйлийн 254.1-д шууд шүүхэд шаардлага гаргана гэж байхгүй байгаа. Тэгээд ч шүүх Иргэний хуулийн ерөнхий ангиа хэрэглээгүй, тусгай ангийн тэс өөр 2 гэрээний хөөн хэлэлцэх хугацааг ашиглаж хуулийг буруу хэрэглэж бодит амьдарлаас тасархай, өөр шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 26-ны өдрийн 893 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, амьдралд ойрхон шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. Хариуцагч бид нэхэмжлэгч *******, Гантуяа нарыг хариуцагчаар татаж байхад Гантуяаг оруулаагүй явдалд гомдолтой байна. *******, Гантуяа нар доголдолтой байр өгснөө хүлээн зөвшөөрч дүүгээрээ байраа засуулж байсан. Бидний удаа дараа тавьсан шаардлагын дагуу Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хохирол арилгаж өгнө, сэргээж өгнө, засварлаад өөр хүнд хямд зараад өгнө гэж хүлээн зөвшөөрсөн, мөн зээлээр худалдах худалдан авах гэрээнд хөөн хэлэлцэх хугацаа заагаагүй байхад биднийг хууль бусаар хохироосон явдалд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч байраа буцаан авч, хариуцагчид өгсөн мөнгө болох 13000000 төгрөгийг бидэнд гаргуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.  

                                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, Л.******* нараас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсны үлдэгдэл төлбөр 27000000 төгрөг, алданги 13500000 төгрөг, нийт 40500000 төгрөгийг гаргуулах, мөн хариуцагч *******, Л.******* нар нь  нэхэмжлэгч *******аас худалдан авсан байраа буцаан өгч, байрны төлбөрийн урьдчилгаанд өгсөн 13000000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ. /хх-ийн 1-2, 14-15  дахь талууд/

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, Л.******* нараас үл хөдлөх хөрөнгө худалдаж авсны төлбөрийн үлдэгдэл 27000000 төгрөг, алданги 13500000 төгрөг буюу нийт 40500000 төгрөг нэхэмжилсэн атлаа нэхэмжлэлийн нийт дүнг 41500000 төгрөг гэж буруу тооцож нэхэмжлэлд дурдсаныг анхан шатны шүүх зөвтгөн дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 5 дугаар байрны 59 тоотын 29 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдахаар орон нутгийн телевизэд зар өгсний дагуу хариуцагч *******, Л.******* нар нь уг байрыг үзэж, улмаар худалдан авахаар тохирч, өөрсдийн нэр дээр банкны зээл бүтэхгүй байсан тул Л.*******гийн дүү Ч.Оюунтунгалагийн нэр дээр  2015 оны 01 сарын 19-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, байрны урьдчилгаанд 2015 оны 2 сарын 24-ний өдөр 12000000 төгрөг, үлдэх 28000000 төгрөгийг 2015 оны 4, 5 сард 2 хувааж төлөхөөр тус тус гэрээ байгуулжээ.  /хх-ийн 5, 6 дахь талууд/

Байрны өмчлөгч нь хариуцагч Л.*******гийн дүү Ч.Оюунтунгалаг байгаа боловч талууд байрны өмчлөгчийн талаар маргаан гаргаагүй болно.

Хариуцагч *******, Л.******* нар нь нэхэмжлэгчээс худалдаж авсан байрандаа 2015 оны 04 сарын 01-ний өдөр нүүж орсны дараа буюу 04 сарын 02-ны өдөр холилдон орсон цас борооны ус, мөн 05 сарын 20-доор орсон борооны ус дээврээс гоожсон, гоожсон ус нь доод айл руу орсон, энэ тухай нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж байсан, мөн уг байрны дээврээс борооны ус гоождог байсан болох нь зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар биет байдлын хувьд доголдолгүй эд зүйл шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх үүргийг биелүүлэлгүй доголдолтой эд хөрөнгө буюу дээврээсээ ус гоождог байрыг хариуцагч нарт худалдсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Иймд хариуцагч нарын байраа буцаан өгч, урьдчилгаанд өгсөн 13000000 төгрөгөө буцаан авах талаар нэхэмжлэгч *******т удаа дараа /2015 оны 04 сарын 02-ны өдөр, мөн оны 05 сарын 20-доор/ мэдэгдэж байсан нь  Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан “... зургаан сарын хугацааны дотор“ байрны доголдлын талаар худалдагч буюу нэхэмжлэгчид мэдэгдэж байсан ажээ.

Гэтэл анхан шатны шүүх маргааны зүйл болж байгаа Хэрлэн сумын 9 дүгээр баг, 5 дугаар байрны 59 тоотын 2 өрөө орон сууц нь дээврээсээ ус гоождог болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа “хариуцагч нь гэрээ цуцлах тухай шаардлагыг байрны өмчлөх эрх шилжсэнээс хойш 6 сарын дотор гаргаагүй байна“ гэж дүгнэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Учир нь энэ зүйлд заасан  зургаан сарын хугацаа бол худалдан авагч тал худалдагчид гомдлын шаардлага гаргах хугацаа бөгөөд энэ хугацаанд хариуцагч *******, Л.******* нар биет байдлын доголдол буюу дээврээс ус гоожиж байгаа талаар гомдлын шаардлагаа нэхэмжлэгч *******т гаргасан байхад анхан шатны шүүх энэ хугацааг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаатай адилтган үзэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ нэхэмжлэгч ******* биелүүлээгүй учир хариуцагч *******, Л.******* нар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах, гэрээний улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрх нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар үүссэн байна.  Иймд энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хариуцагч *******, Л.******* нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 26-ны өдрийн 893 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт дор дурдсанаар нэмэлт, өөрчлөлт оруулсугай. Үүнд:

 1 дэх заалтын “Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 254 дугаар зүйлийн 254.6-д зааснаар хариуцагч *******, Л.******* нараас 27000000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14500000 төгрөг, нэхэмжлэгч *******т холбогдох өгч байрыг буцааж 13000000 төгрөг гаргуулах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай“ гэснийг “Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, Л.******* нараас байрны үлдэгдэл төлбөр 27000000 төгрөг, алданги 13500000 төгрөг, нийт 40500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******аас байрны урьдчилгаа төлбөрт өгсөн 13000000 төгрөгийг гаргуулж хариуцагч *******, Л.******* нарт олгох, хариуцагч *******, Л.******* нараас Хэрлэн сумын 9 дүгээр баг, 5 дугаар байрны 59 тоотын 29 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай” гэж,

2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 365450 төгрөг, хариуцагч *******, Л.******* нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 222950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж...” гэсний дараа “нэхэмжлэгч *******аас 222950 төгрөгийг гаргуулж хариуцагч *******, Л.******* нарт олгосугай” гэсэн нэмэлт оруулж, “... хариуцагч *******, Л.******* нараас 292950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай“ гэснийг хүчингүй болгосугай.

2. Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

            ШҮҮГЧИД                                                Д.БАЙГАЛМАА           

                                                                               З.ЭНХЦЭЦЭГ