Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2019/0404

 

“Шг” ББН-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.С нарыг оролцуулан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.С-ын давж заалдах гомдлоор, “Шг” ББН-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргаас дахин шинэ акт гарах хүртэл Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/89 дүгээр захирамжийг 4 /дөрөв/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчид бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нөхцөлийг бодитоор судлан тогтоон улмаар бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээ, байршлын зургийг тодорхойлох талаар нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах замаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргад даалгаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргахгүй бол Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн А/89 дүгээр захирамж хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.С давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгчийн хүчингүй болгохыг хүссэн Шарын гол сумын Засаг даргын 2018.06.25-ны өдрийн А/89 дүгээр захирамж нь эрх хэмжээнийхээ хүрээнд өмнө нь гаргасан хууль зөрчсөн хууль бус шийдвэрээ цуцалсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, тус заалт дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх хууль хэрэглээний урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаатай А/89 дүгээр захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авч шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/89 дүгээр захирамжаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч “Шг” нөхөрлөлийн талбай усны сан бүхий онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай гэж үзээд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1-д заасныг баримтлан сумын Засаг даргатай 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээг цуцлахаар шийдвэрлэжээ.

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““усны сан бүхий газар” гэж  нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд газар хагалах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, ...-ыг  хориглоно”, 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно”,  22.9-д “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах харилцааг хуулиар зохицуулна”, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.5-д Энгийн хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно, 2.5.1-д усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд..., 2.5.2-т улсын болон аймгийн зэрэглэлтэй хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд, 2.10-д “Энгийн хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглах харилцааг Усны тухай хуулийн 22.9-д заасны дагуу зохицуулна” гэж тус тус заажээ.

Гэтэл сумын Засаг даргаас “Шг” ББН-д ашигт малтмал олборлох эрх олгосон 3.7 гектар талбай нь хот суурины нутаг дэвсгэрт, голын эрэг дээр буюу Усны тухай хууль болон “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-аар 50 метрээс доошгүй байхаар тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд, 100 метрээс доошгүй байхаар тогтоосон эрүүл ахуйн бүсэд, 200 метрээс доошгүй зайд байхаар тогтоосон энгийн хамгаалалтын бүсэд тус тус байрлаж байгаа, мөн хуулиар ашигт малтмал олборлохыг хориглосон хязгаарлалтын бүсэд нэхэмжлэгч нь алт олборлох үйл ажиллагаа явуулах болсон нь шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл холбогдох гэрэл зургууд болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар[1] тогтоогдсон байна.

Ийнхүү маргаан бүхий талбайд бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох эрх олгосон нь дээр дурдсан хууль болон журмыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдож байхад анхан шатны шүүхээс “...сумын Засаг дарга нь Усны тухай хуулийг зөрчиж Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан” гэж зөв дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгчийн бичил уурхай эрхлэхэд ногдох талбайн хэмжээг тогтоож, байршлын зургийг бодит байдлаар хэмжилт хийж, газрын хэмжээ болон хил заагийг зөв тодорхойлох шаардлагатай гэсэн үндэслэлээр дахин шинэ акт гарах хүртэл актын биелэлтийг түдгэлзүүлсэн нь буруу.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны эцэст маргаан бүхий акт хууль бус болох нь тогтоогдсон ч өөр бусад үндэслэлээр хууль ёсны байж болохуйц нөхцөл байдал бий болсноор түүнийг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос нь хэтэрсэн тохиолдолд маргаан бүхий актыг түдгэлзүүлэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зохицуулсан. Тодруулбал, захиргааны акт хууль бус боловч, тухайн актыг өөр үндэслэлээр шинээр хуульд нийцүүлэн гаргах боломжийг хариуцагчид олгосон зохицуулалт юм.

Нэгэнт “Шг” ББН-ийн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зөвшөөрөл бүхий талбай нь  Усны тухай хуулиар хориглосон талбайд бүхэлдээ багтаж байгаа нь хэрэгт цугларсан баримтын хүрээнд тогтоогдсон төдийгүй “Шг” ББН-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг[2] хэрэгт авагдсан байна.

Иймд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/89 дүгээр захирамжийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл байхгүй байх тул уг актыг хүчингүй болгох боломжгүй, маргаан бүхий талбайд үргэлжлүүлэн алт олборлуулах нь Усны тухай хуулийг зөрчих тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин маргаан бүхий актад Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцалж шийдвэрлэсэн атлаа актад заагаагүй шалтгаан, үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутган “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бичил уурхайн зориулалтаар зөвшөөрөл олгох бүх газрыг хүчингүй болгож, бэлчээрийн газарт шилжүүлсэн” гэж маргаж буй нь үндэслэлгүй байхад анхан шатны шүүх актын үндэслэлд дурдаагүй асуудалд дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасантай нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Шг” ББН-ийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/89 тоот “Гэрээ цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгож, “Шг” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн үйл ажиллагааг хуулийн дагуу цаашид хэвийн явуулахыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3, 4, 5 дахь заалтын дугаарыг 2, 3, 4 гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболдын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                             Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

 

 


[1] Хавтаст хэргийн 73, 95-105 дугаар хуудас

[2] Хавтас хэргийн 9 дүгээр хуудас