| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 181/2023/02952/И |
| Дугаар | 210/МА2024/00895 |
| Огноо | 2024-04-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2024/00895
2024 04 29 210/МА2024/00895
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/00646 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: ******* ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Илүү цагийн хөлс 3,395,446 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,*******, хариуцагчийн өмгөөлөгч *******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж, 14 хоног амарч байна. Өөрөөр хэлбэл 1 өдөрт ажиллах ажлын цаг нь 12 цаг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу 1 гарахдаа 12 цагаap ажиллаж мөн хуулийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу 1 ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байна.
1.2 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлд заасны дагуу нь *******гийн илүү цагийн сүүлийн 3 сарын хөлсийг 2022 оны 10 дугаар сарын 5,889,178 төгрөг, 11 дүгээр сарын 6,386,948 төгрөг, 12 дугаар сарын 8,743,301 төгрөгийн цалингаас нэг цагийн илүү цагийн хөлсийг тооцоход 40,421.98 төгрөг, 168 цагийн илүү цагийн хөлс 3,395,446 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж *******д олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх заалтад зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны 1 ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байх ба ажил үүрэг гүйцэтгэх 14 хоногт нийт ажлын цаг нь 168 цаг болж байгаа нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан илүү цагийн хөлс олгогдохгүй болно.
2.2 Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар ажилтанд илүү цагийн хөлс олгох зохицуулалт нь ажилтныг илүү цагаар ажиллуулсан байх болон түүнийг нөхөн амруулаагүй байх тохиолдолд үйлчилнэ. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан ажилтныг нөхөн амраалгүй 14 хоног 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа" гэсэн нь үндэслэлгүй байна. Ажилтны сард амрах 14 хоногийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн өдөрт илүү ажилласан гэх 4 цагийн хугацааг нөхөн амруулсан хугацаа багтан тооцогдож байгаа.
2.3 Нэхэмжлэгч нь ажил олгогчийн зүгээс илүү цагийн нэмэгдэл хөлсийг тооцож олгохгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа гэж үзсэн бол ийнхүү үзсэн буюу эрхээ зөрчигдсөнийг хууль хэрэгжиж эхэлсэн буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мэдсэн гэж үзнэ. Гэвч нэхэмжлэл гаргаж буй ажилтны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасныг зөрчиж Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 1 жил 3 сарын дараа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан 2022 оны 10, 11, 12 сарын илүү цагийн хөлс 3,395,446 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Шүүх ажилтныг 8 цагаас дээш цагаар ажиллуулсныг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ гэж зөв дүгнэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасан ажил амралтын хугацааг ажилтныг илүү цагаар ажиллуулсан хугацааг нөхөн амруулахыг шууд зохицуулсан байна гэж буруу дүгнэлт хийсэн. Уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг хатуу тогтоож нөхөн амраах боломжгүй байгаа тул ажилтанд 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсгийн зорилго тодорхой харагдана.
4.2 Уртын ээлжээр ажиллаж буй ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасныг баримталж ажил, амралтын цаг тэнцүү байх тул нөхөн амраах үр дагаварт ажил олгогч хүрэхгүй харин илүү цагийн хөлсийг тооцуулах авах эрх үүссэн юм.
4.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсгийг хуулийн нэгдмэл тогтолцооны хүрээнд авч үзвэл уртын ээлжийн ажилтны ажиллах, амрах хугацааг тэнцүү байхыг хуульчилсан ба ингэхдээ 92.3 дахь хэсэгт заасан илүү цагийн хөлсийг олгохыг тусгайлан зохицуулсан буюу 92.4 дэх хэсэгт заасан амралт нь ажилтныг нөхөн амрааж байгаа бус Уул уурхай, олборлох салбарт тасралтгүй 14 хоног ажиллаж байгаагийн хувьд хуулиар тогтоож өгсөн амралт юм. Энэхүү хуулиар олгосон амралтын хоногийг хариуцагч компанийн зүгээс нөхөн амраах хоногт хүчээр оруулан тооцож, мөн ердийн ажлын цагийн горим буюу 7 хоногийн 5 өдөр ажиллаад гэртээ харьж амраад амралтын өдрөөр амарч байгаа ажилтантай жишин тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд нийцэхгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд уртын ээлжийн зохицуулалтыг тусгайлсан зохицуулалт болгож хуульчилсан бөгөөд өдөрт 8 цагаар ажиллах ажилтнаас ялгаж өгсөн тусгайлсан зохицуулалт юм. Уг зохицуулалтын талаар талууд маргаангүй хүлээн зөвшөөрсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж тусгайлан хуульчилсан. Уг тусгай зохицуулалтын дагуу дагаж мөрдөх хэм хэмжээг баталсан бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж байна. Тухайлбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмаар ажилтны нэг сарын дундаж ажлын өдөр 21, нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно гэж заасан.
5.2 Түүнчлэн, хуучин буюу 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд мөн адил сарын дундаж ажлын цаг 168 болон түүнээс дээш нь илүү цагаар тооцогддог байсан. Үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй, нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж заасны дагуу хариуцагч байгууллага нь дотоод хэм хэмжээ болох ажлын цагийн журам, цалин хөлсний журам зэргийг баталсан. Дээрх журмуудад уртын ээлжээр ажиллах ажилтны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дундаж цалин хөлс тооцох журмын дагуу 168 цагаас дээш цагаар ажиллавал илүү цагаар ажилласанд тооцож, 168 цаг нь сарын норм ажлын цагт тооцогдоно гэх байдлаар баталсан нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Иймд нэгэнт хуулийн дагуу гарсан журам түүний дагуу гарсан дотоод хэм хэмжээг баримтлан 168 цагаас дээшхийг илүү цагаар тооцсон нь хууль зөрчөөгүй. Түүнээс алслагдмал газар очоод 8 цагаар ажиллаад ажлаас бууна гэх ойлголт байхгүй. Нөгөө талаар, нэхэмжлэгч ******* нь 2014 онд анх ажилд орсон. Тухайн үед хуучин хууль хэрэглээний хувьд 14 хоног ажиллаад 7 хоног амардаг буюу 12 цагаар ажилладаг байсан.
5.3 Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотой 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ажлын байрны тодорхойлолтод зааснаар гэрээгээ шинэчилсэн. Үүнд 14 хоног ажиллаад 14 хоног амрах бөгөөд ажлын цаг 12 байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа 1 жилийн дараа илүү цагийн мөнгө авахаар маргасан нь хугацаа хэтрүүлэх болон хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Түүнчлэн, ******* ХХК-аас шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор тодорхой бэлтгэл ажлуудыг хийсэн. Үүнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор уртын ээлжээр ажиллаж буй ажилтнуудад илүү цагаар ажилласан эсэхийг тооцох талаар тодруулга авсан. Үүний дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу 14 хоног ажиллаад, 14 хоног амарч буй ажилтнуудын хувьд илүү цагаар ажилласан гэж үзэхгүй, цалин хөлсийг ердийн журмаар тооцож олгоно буюу нөхөн амраасан гэж үзэх үндэслэлд хамаарна гэх агуулгатай хариу ирүүлсэн. Нөгөө талаар, тухайн салбарын судлаач ******* профессор хууль зүйн дүгнэлт гаргасан бөгөөд агуулга нь адилхан байсан. Уг дүгнэлтийн агуулга нь 14 хоног ажиллаад 14 хоног амраад 12 цагаар ажиллаж байгаа ажилтнуудыг илүү цагаар ажилласан гэж үндэслэлгүй. Учир нь нөхөн амраасан гэж үзэх тул цалин хөлсийг ердийн журмаар тооцож олгоно гэсэн агуулга бүхий тайлбар, тодруулга ирсэн.
5.4 Мөн Хөдөлмөрийн эрх зүйн хувьд ажил амралтын цагийн горим 3/1 харьцаатай байдаг. Уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтнууд нь 168 цаг ажиллаад 504 цаг амарч байгаа нь нөхөн амраасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Давж заалдах гомдлын 5-6 дахь үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйл буюу уртын ээлжийг үгүйсгээд ердийн цагаар ажиллах ажилтантай адилхан гэх агуулга дурдсан нь үндэслэлгүй. Учир нь тусгай зохицуулалтын талаар талууд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул үүнийг ердийн цагтай адилтгаж 8 цагаар тооцож үлдсэн 4 цагийг илүү цагт тооцох боломжгүй.
5.5 Мөн нэхэмжлэгч нь илүү цагийн хөлс авна гэж маргасан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлд заасан урьдчилсан нөхцөл нь илүү цагаар ажилласан бол нөхөн амруулах, илүү цагийн хөлсийг олгоно гэж заасан. Үүнд 14 хоног ажилласан хугацаагаар нь нөхөн амраасан байдал нь илүү цагийн хөлс олгох үндэслэл болохгүй. Иймд дээрх байдлаар зөвхөн хөлс авъя гэж маргасан нь хуульд заасан амрах хугацааг үгүйсгэж байгаа мэт харагдана. Хэрэв илүү цагаар ажилласан гэж үзвэл хууль тогтоогчийн хүсэл зориг болон логик, хууль хэрэглээний хувьд байх боломжгүй зүйл юм. Өөрөөр хэлбэл, 14 хоног ажиллаад илүү цагийн хөлс авбал тухайн ажилтны цалин хөлс 2,6 дахин нэмэгдэх дүр зураг харагдана. Иймд нөхөн амарч байгаа учраас давж заалдах гомдол үндэслэлгүй. Дээрх байдлаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд зөв шийдвэрлэсэн учраас шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2022 оны 10, 11, 12 дугаар сарын 168 цагийн илүү цагийн хөлс 3,395,446 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. /1хх 31-42/ 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт-өөр гэрээнд 14 хоног ажиллаад 7 хоног амрах гэснийг 14 хоног ажиллаад 14 хоног амрах гэж өөрчилсөн байна.
3.1 Дээрх гэрээний дагуу ажилтан ******* нь ажил олгогч ******* ХХК-д тэсэлгээчинээр өдөрт 12 цаг ажиллаж, 12 цаг амарч буюу 14 хоног ажиллаж, 14 хоног амарч байгаа үйл баримт болон талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
4. 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт-өөр болон ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 72 дугаар тушаалаар батлагдсан Ажлын цагийн тухай журам-ын 8.1.7 дэх хэсэгт уртын ээлжийн амралтын ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна гэж заасан байна. /1хх 29, 185-188/
4.1 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ажиллаж буй ажлын байранд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэсэн байна.
5. Ажилтныг уртын ээлжээр ажиллуулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт зааснаар ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу нэмж олгохоор зохицуулсан.
5.1 Тодруулбал, ажил олгогч нь ажилтныг өдөрт илүү цагаар ажиллуулсан атлаа нөхөн амруулаагүй нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох үүрэгтэй.
5.2 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь уртын ээлжээр ажиллахдаа нэг ээлжид 14 хоног ажил үүрэг гүйцэтгээд 14 хоног амарсан байх тул тухайн 4 цаг илүү ажилласныг амралтын 14 хоногийн хугацаанд нөхөн амраасан гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар олгосон амралтын хоногийг нөхөн амраах хоногт хүчээр оруулан тооцож Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/00646 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
М.БАЯСГАЛАН