Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 244

 

 

 

 

 

 

 

 

    2019         3            20                                      244

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч: Э.Сүрэн, түүний өмгөөлөгч Д.Жаргал /0267/,

хохирогч М.Чулуун, түүний өмгөөлөгч Ц.Ариунзул /2278/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэбаатарын Сүрэнд холбогдох эрүүгийн 1905 0038 50180 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүрэн.

 

Шүүгдэгч Э.Сүрэн нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хороо, Үндэсний техникийн их сургуулийн 102 тоот ангид М.Чулуунтай маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Сүрэн мэдүүлэхдээ:

Би ангийн дарга хийдэг юм. Манай ангийн Чулуун нь хичээлдээ ирэхгүй, ангийн үйл ажиллагаанаас зайлс хийдэг байсан бөгөөд түүнд удаа дараа сануулж, шаардлага тавьдаг байсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогч М.Чулуунтай маргалдаж, улмаар түүний шүдийг хугалсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж байна. Ар гэрт хүний бие тааруу байгаа болохоор хохирогчид хохирол төлбөрийг төлөх боломжгүй байгаа. Намайг сургуульд сурч байгаа болохоор эцэг, эх маань миний өмнөөс хохирол төлнө гэж хэлсэн. Манай эцэг, эх Чулууны ар гэрийнхэнтэй нь ярьж хохирлыг хэрхэн төлөх талаар хэлсэн. Хохирлыг бага багаар төлнө. Хохирогчтой хамт яваад эмчилгээ хийлгэе гэж хэлэхэд хохирогч өөрөө эмчилгээ хийлгэнэ гэж хэлсэн. Хохирогчийн хохирол төлбөрийг төлнө гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-М.Чулуун мэдүүлэхдээ:

2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би Үндэсний техникийн их сургуулийн 102 тоот ангид 2 дугаар салааны хамгийн ард гар утсаа цэнэглээд сууж байсан. Тэр үед Сүрэн намайг дуудахаар нь “би завгүй байна” гэж хэлэхэд Сүрэн ирээд намайг цохиод, эхний цохилтоор шүд хугарсан. Тэгээд дахин толгой руу цохисон. Би ариун цэврийн өрөө рүү ороод цусаа цэвэрлэж байхад араас ирээд зодох гээд дайраад байсан. Би ангийн багштай уулзаад “Сүрэн намайг цохьчихлоо” гэж хэлэхэд багш “хоорондоо учраа ол” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш Сүрэнгийн ар гэрийнхэнтэй нь уулзаад шүдний эмнэлэгт үзүүлээд эмчилгээ хийлгэмээр байгаа талаараа хэлж байсан. Би өөрөө шүдний эмнэлэгт үзүүлээд 1 800 000 төгрөгөөр имплант шүд суулгуулахаар суурийг нь тавиулаад эмнэлэгт хэвтсэн. Шүд суулгуулах эмчилгээ хийлгэхэд эмчилгээний төлбөрийг урьдчилж төлөх шаардлагатай гэсэн тул эмчилгээний төлбөрийг төлсөн. Эмчилгээний төлбөрийг би банкаар шилжүүлсэн. Одоогоор шүдээ хийлгээгүй байгаа. Түр шүд хийлгэсэн боловч хугараад унасан. Буйл эдгэрсэнээс хойш хэдэн сарын дараа имплант тавиулдаг гэсэн. Мөн би хөдөөнөөс хот руу ирэхэд 74 километр явдаг. Энэ гэмт хэргийн улмаас 10 гаруй удаа эмнэлэг болон цагдаагийн байгууллага дээр очих гэж явсан. Би Сүрэнгийн үйлдлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон тул түүнээс нийт 2 425 300 төгрөг нэхэмжилж байна. Хохирол төлбөрөө авмаар байна. Гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардалаа мөн нэхэмжлэнэ. Би спортоор хичээлдэггүй болохоор ангийн үйл ажиллагаанд очдоггүй, спортын үйл ажиллагаа амралтын үеэр болдог учраас би гэр рүүгээ хөдөө явдаг байсан гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч -Э.Алтантүлхүүр мэдүүлэхдээ:

Би 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сургууль дээрээ 10 цаг 40 минутанд хичээлдээ суух гээд ирсэн. Тэгээд дөнгөж сургууль руу ороод манай сургуулийн дулааны ангийн Ариунзул гэх найзтайгаа уулзсан чинь манай найз сая автын ангийн хэдэн хүүхдүүд хоорондоо зодолдоод байсан гэхээр нь би тухайн үедээ нэг их юм бодоогүй. Тэгээд найзтайгаа юм яриад зогсож байтал дээр хоёр давхараас дулааны ангийн багш Дуламсүрэн бууж ирээд надаас манай ангийн нэг хүүхдийн дугаар асуухаар нь би сургуулийн 102 тоот ангид ороод Дуламсүрэн багшид ангийнхаа хүүхдийн утасны дугаарыг өгчихөөд гарах гэтэл тэр ангид М.Чулуун доошоо тонгойчихсон сууж байсан. Тэр үед манай найз Ариунзул М.Чулууныг ангидаа байхдаа ангийнхаа даргад зодуулчихсан гэхээр нь би М.Чулуун дээр очоод юу болсон талаар асуутал М.Чулуун надад ямар нэгэн хариу хэлэлгүй, доошоо тонгойгоод суугаад байсан бөгөөд сууж байсан  газрын шалан дээр цус дуссан байсан. Тэгээд М.Чулууныг хаана зодуулсан юм бол гэж бодож байтал М.Чулуун ангийнхаа хамгийн хойно сууж байгаад зодуулсан бололтой, тэр ангийн хамгийн хойд талын нэг хэсэг газар цус болчихсон байсан. Тэгээд би М.Чулуун ямар нэгэн юм ярихгүй, дээрээс нь миний хичээл орох гээд байсан болохоор тэр ангиас гараад хичээлдээ орсон. Би эхлээд М.Чулууныг зодсон гээд байгаа Нарута гэх хочтой хүүхдийг ангийн дарга хийдэг гэж мэдээгүй юм. Тухайн өдөр манай найз Ариунзул, М.Чулууныг ангийнх нь Нарута зодсон гээд байсан. Тэгээд би 102 тоот ангийн үүдэнд зогсож байхад манай сургуулийн жижүүр нөгөө Нарута гэх хүүхдээс “чи энэ ангийн юу юм бэ” гэхэд нөгөө Нарута гэх хүүхэд өөрийгөө “би энэ ангийн, ангийн дарга” гэж хэлэхээр нь би Нарута гэх хүүхдийг ангийн дарга гэдгийг мэдсэн. Намайг 102 тоот ангид ороход М.Чулуун доошоо тонгойгоод сууж байсан. Тэр үед М.Чулууны толгойн ар дагз хэсэгт нь цус гарчихсан, борлочихсон байсан. Тухайн үед М.Чулуун ариун цэврийн өрөө орж угаасан гэсэн. Тэгэхгүй бол маш их цус гарсан гээд байсан гэжээ. (хэргийн 16-17 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч –Б.Зулаа мэдүүлэхдээ:

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үзүүлэгч Мөнхбатын Чулуун нь үүдэн дээд 21 дүгээр шүд хүнд цохиулснаас унасан гэх шалтгаанаар ирж үзүүлсэн. М.Чулууны үүдэн дээд 21 дүгээр шүдний ил харагдах хэсэг нь хугарсан, ёзоор хэсэг нь үлдсэн байсныг манай эмнэлэгт эмчилгээ хийлгэж, хугарсан шүдний ёзоорыг авч, байнгын шүд мэт иплант шүд суулгуулсан гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч –Б.Насанжаргал мэдүүлэхдээ:

Манай хүү 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сургууль дээрээ ангийнхаа хүүхдийг цохиод шүдийг нь хугалсан талаар, миний төрсөн дүү Б.Нямтайван хэлээд, ямар үнэтэй хийлгэдэг юм бол гэж асууж байсан бөгөөд тэр өдөр нь манай дүү Б.Нямтайван надад хүүг маань ямар асуудалд ороод байгааг хэлсэн. ...Манай хүү өөрөө хэлэхдээ ангийнх нь Чулуун гэх хүүхэд хичээлдээ ирэхгүй, байнга хичээлээ таслаад байхаар нь яагаад ирэхгүй байгаа талаар ярилцаад, юу болоод байгаа талаар ярих гэтэл тэр хүүхэд чамтай юугаа ярьдаг юм гээд над руу босоод ирэхээр нь шүд рүү нь цохисон, тэр үед Чулуун гэх хүүхдийн шүд нь хугарсан гэж ярьсан гэжээ. (хэргийн 20-21 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч –А.Билгүүн мэдүүлэхдээ:

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2 дугаар паар завсарлаад байх үед би 1 дүгээр салааны дунд гар утсаараа тоглоод байж байхад ангийн 3 дугаар салааны хамгийн ард зодоон болоод байх шиг болохоор нь би эргээд хартал манай ангийн М.Чулууны амнаас болон баруун чихний ард тал, толгойн хэсгээс нь цус гарчихсан сууж байсан бөгөөд М.Чулууны хажуу талаас ангийн Сүрэн нилээн ууртай ангиас гарах гээд явж байсан. Тэр үед би Чулууны хажууд очоод юу болоод байгаа талаар асуутал Чулуун надад “чамд ямар хамаатай юм, гөлөг минь” гэж хэлэхээр нь би Чулууны зүүн хацар орчим нь нэг удаа алгадаад анх сууж байсан газраа суух үед Чулуун сууж байсан газраасаа босоод ангиас гараад явсан. Тэгээд би Чулууны араас гараад ариун цэврийн өрөө ороод хартал Чулуун ариун цэврийн өрөөнд цусаа угаагаад зогсож байхаар нь би буцаад гараад явсан гэжээ. (хэргийн 22 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч –Д.Мөнх-Оргил мэдүүлэхдээ:

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хичээлээсээ хоцорч очоод, дөнгөж ангидаа ортол манай ангийн дарга Э.Сүрэн болон М.Чулуун нар ангийн хамгийн хойно ширээн дээр нилээн уурласан байдалтай сууж байсан. Тэр үед би анги руу ороод юу болоод байгаа талаар асуутал Сүрэн Чулуун нар хоорондоо зодолдсон гэж манай ангийн болон нөгөө ангийн хүүхдүүд яриад байсан. Тэгээд би ангийн хойно Чулуун дээр очиж уулзтал Чулуун шүд уначихсан гээд нэг шүдээ цаасанд боочихсон байсан бөгөөд тухайн үед манай ангийн Билгүүн Чулуунаас юу болоод байгаа талаар асуутал Чулуун аймаар уурлаад Билгүүнд чамд ямар хамаатай юм гээд их муухайгаар хариулсан. Тэр үед Билгүүн Чулууныг нэг удаа алгадчихаад яваад өгсөн. Тэр үед би Чулуунтай уулзаад юу болсон талаар тодруулахад надад юу ч хэлэхгүй, дуугүй байж байгаад яваад өгсөн. ТУхайн үед би Чулуунд унасан шүдээ хадгалаарай гэж хэлээд Чулуун олигтой юм ярихгүй болохоор нь тэгээд өнгөрсөн гэжээ. (хэргийн 26-27 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1316 тоот дүгнэлтэд:

1. М.Чулууны биед зулайн хуйханд шарх, 21 дүгээр шүдний булгаралт  гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид нэг шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө гэжээ. (хэргийн 32 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч –Б.Ганзориг мэдүүлэхдээ:

Үзүүлэгч М.Чулууны биед зулайн хуйханд шарх, 21 дүгээр шүдний булгаралт гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 21 дүгээр шүдний булгаралт гэмтэл нь үзүүлэгчийн дээд үүдэн нэг шүд угаараа унасныг хэлнэ. Тэрнээс тал шүд эсхүл ёзоор үлдсэн гэж ойлгож болохгүй. Булгаралт нь шүд байхгүй болохыг ойлгоно гэжээ. (хэргийн 33 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Э.Сүрэн ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 56 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Э.Сүрэн нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хороо, Үндэсний техникийн их сургуулийн 102 тоот ангид М.Чулуунтай маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, 21 дүгээр шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Чулуун, гэрч Э.Алтантүлхүүр, Б.Зулаа, Б.Насанжаргал, А.Билгүүн, Д.Мөнх-Оргил нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1316 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Э.Сүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой 1 974 950 төгрөг,

тээврийн хэрэгслийн шатахуун авсантай холбоотой 376 850 төгрөгийн баримтыг нотлох баримтаар гаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт 73 500  төгрөгийн баримтыг шинээр гаргаж, нийт 2 425 300 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс уг хохирлыг гаргуулж шийдвэрлэлээ.

Хохирогч М.Чулуун нь өөрт учирсан энэ гэмтлийн улмаас цаашид эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 2 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Сүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Сүрэнг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Сүрэн нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Сүрэн цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

           

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 2 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Э.Сүрэнгээс 2 425 300 төгрөг гаргуулж, хохирогч М.Чулуунд олгосугай.

 

7. М.Чулуун нь өөрт учирсан энэ гэмтлийн улмаас цаашид эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Сүрэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН