Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 254

 

 

 

 

 

 

 

 

    2019        03            25                                    254

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Баярмаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхболд,

шүүгдэгч: М.Дорж  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Мягмарсүрэнгийн Дорж ид холбогдох эрүүгийн 1905 0048 60231 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорж .

 

Шүүгдэгч М.Дорж  нь 2019 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “MOVIE” бааранд хохирогч Э.Насаныг зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-М.Дорж  мэдүүлэхдээ:

Миний үйлдсэн гэмт хэрэг прокурорын уншиж сонсгосон яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Би тамхи татах гээд хохирогчоос “гал байна уу” гэж асууснаас болж түүнтэй маргасан. Өөрийн буруугаа ойлгож байна. Хойшид тэвчээртэй ухаантай байж, үйлдлээ цэгнэж, ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүй байхыг хичээнэ. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Насан мэдүүлэхдээ:

Би 2019 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө ажил хөөцөлдөөд явж байгаад найз Цолмонгийн хамт 00 цаг өнгөрч байхад хороололд байх “Мovie” нэртэй пабад орсон. Тэнд бид хоёр нэг шил архи авч хувааж уугаад ярьж байтал тэнд үйлчлүүлж байсан 3 залуу дуу дуулж байсан. Тэгээд 03 цагийн үед бид хоёр тэндээс гарах гэж байтал үүдэн дээр нөгөө гурван залуу тамхи татаад зогсож байсан бөгөөд би залуусын нэгэнтэй нь юм ярьж зогсож байгаад “одоо гарлаа, та нар болгоомжтой яваарай” гэж хэлж байтал хамт байсан нэг залуу нь шууд миний толгой руу гараараа цохисон. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ” гээд эргүүлээд түүнийг цохитол тэр надаас зуураад үүд рүү гүйхээр нь би араас нь очиж барьж аваад ноцолдоход уг баарны зөөгч залуу бид хоёрыг салгасан. Тэгтэл нөгөө залуу гараад явсан. Ингээд би дотор байж байгаад найзынхаа хамтаар 5 орчим минутын дараа харихаар гадаах хаалгыг онгойлготол өөдөөс нөгөө залуу тоосгоор миний толгой руу шууд нэг удаа цохисон. Тэгтэл дотроос нөгөө баарны зөөгч залуу хаалга хаагаад нөгөө залуус гадаа үлдсэн. Тэр үед баарнаас хэн нэг нь цагдаа дуудсан байсан.

Миний бие Дорж той сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Хохиролд 200 000 төгрөг бэлнээр авсан. Гомдол, саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 8-9, 42 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Энхбадрах мэдүүлэхдээ:

Би 2019 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Movie” пабаас найз Рэнцэн, Ренчин хоёртой хамт гарах гэж байтал хоёр согтуу залуу манай найз Ренчинтэй маргалдсан. Тэгэхээр нь би очоод салгах гэтэл нэг махлагдуу залуу нь миний баруун шанаа руу цохисон. Тэгээд нөгөө залуучуудаас салаад бид нар гартал араас нөгөө махлагдуу залуу гарч ирээд Ренчинтэй маргалдсан. Тэр махлагдуу залуу Ренчин хоёр дотор шатаар бууж байхдаа хоорондоо ганц хоёр харилцсан цохилцсон. Харин гадаа гараад зодоон болоогүй. Манай найз хохирогч Э.Насанын толгойн тус газарт юугаар цохисныг мэдэхгүй байна гэжээ. (хэргийн 13 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-У.Рэнчин мэдүүлэхдээ:

Би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед гэртээ амарч байхад манай найз Дорж  дуудаад Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн хажууд уулзаад хамт Бадрах гэж найзыг нь аваад Андуудын MOVIE нэртэй пабад ороод нэг 0,75 литрийн 1 шил архи уусан. Тэгээд тэндээсээ шөнө 03 цагийн үед гарах гээд доошоо 1 давхар руу бууж байхад танихгүй залуу гал асуугаад, тэрнээс болж манай найз Дорж  тэр хоёр ахтай муудалцаад хэрэлдээд үлдсэн. Тэгээд би түрүүлээд гарч байж байгаад буцаж ороод Дорж ийг салгаж аваад гадаа зогсож байхад Бадрах тооцоогоо хийх гээд үлдсэн байсан. Тэгээд буцаж орох гэтэл пабын хаалга дотроосоо түгжсэн, хаалганы цаана Бадрах орилоод байсан. Тэгээд бид хоёр хаалгыг нь татахад цаад талаас нь хаалгыг татаад онгойлгохгүй байсан. Тэгээд хаалга хальт онгойход манай найз Дорж  гаднаас замын жижиг боржуур аваад дотогшоо шидсэн. Тухайн үед би цаана машины зогсоол дээр хүлээгээд зогсож байсан. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг бүгдийг нь аваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Хаалгыг дотроос нь хаасан байсан учир дотор нь юу болоод байсныг мэдэхгүй. Ямар ч байсан манай найз Бадрах тэр хоёр ахад зодуулсан байсан. Миний харснаар Дорж  хаалга хальт онгойход гаднаас замын жижиг боржур аваад шидэж харагдсан. Тэгтэл нэг залуугийн толгойг оносон гэжээ. (хэргийн 35-36 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1185 тоот дүгнэлтэд:

1. Э.Насанын биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

М.Дорж  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 37 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч М.Дорж  нь 2019 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “MOVIE” бааранд хохирогч Э.Насаныг зодож, эрүүл мэндэнд нь духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Насан, гэрч Г.Энхбадрах, У.Рэнчин нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1185 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд М.Дорж ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд “200 000 төгрөг бэлнээр авсан. Гомдол, саналгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Дорж ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Дорж ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Дорж  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Дорж  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Дорж ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН