Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 260

 

 

 

 

 

 

 

 

   2019         03            27                                   260

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Ж.Лхамсүрэн, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч: Ц.Баяр  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Баяр т холбогдох эрүүгийн 1905009630289 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Увс аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар тариалан үйлдвэрлэлийн технологич инженер мэргэжилтэй,

Увс аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, н Баяр .

 

Шүүгдэгч Ц.Баяр  нь 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Алтай хотхоны 31 дүгээр байрны 114 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Д.Мөнхбаяртай маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ц.Баяр  мэдүүлэхдээ:

Тухайн өдөр эхнэр архи уулаа гээд хэрүүл хийсэн. Тэгээд маргалдаж, түүний биед гэмтэл учруулсан. Хохирогчтой эвлэрсэн. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Мөнхбаяр мэдүүлэхдээ:

2019 оны 2 дугаар сарын 09-ний 03 цаг 30 минутын орчим хамтран амьдрагч Баяр , найз Наранхүүгийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 31-114 тоот гэртээ архи ууж байгаад намайг нөгөө өрөөнд хэвтэж байхад хамт сууж архи уусангүй гэж миний гарт байсан гар утсыг аваад, нүүр рүү шидэж, баруун хацар руу цохисон. Тэр үед найз болон манай эгчийн хүүхэд Тэмүүжин нар байсан болохоор салгаж болиулсан. Тэгээд найз нь манай эгчийн хүүхдээр машинаа бариулаад яваад өгсөн. Би 00-ийн өрөөнд ороод байж байтал Баяр  араас орж ирээд “пизда минь би архи л уугаа биз дээ, намайг дийлэхгүй шүү, ална шүү” гэж нүүр рүү гараа атгаж байгаад цохисон. Би цохих үед нь хажуу тийшээ болж хальт эрүү рүү цохиж, хөхрүүлсэн. Дахин араас толгой руу цохиход хавдсан. Дахин цохиход нь зүүн гараараа хаахад гар руу цохиж, зүүн гарын шуу хөхөрч хавдсан. Ална гэж хэлээд гал тогооны өрөө рүү хутга авахаар явахад нь би гараад зугтаж шөнө 03 цаг 40 минутын орчим төгсөн эгч Мөнхжаргалынд очсон. Эгчийнд байж байгаад 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдөр15 цагийн орчим охиноо гэр рүүгээ хөлний эм аваад ир гээд явуулсан. Охиныг гэртээ ороход гэртээ нэг эмэгтэй авчирсан, согтуу байж байсан гэсэн. Охин эм авах гэхэд юу хайгаад байгаа юм, пизда минь гэж нүүр рүү нь мангасдаж, шалан дээр унагаж, зодож, нөүтбүүкийг нь хананд савж эвдээд, гэрээс хөөж гаргасан байсан. Би Баяр ын ээж, дүү нарыг нь гэртээ дуудчихаад охиноо дагуулаад гэр рүүгээ 22 цаг 10 минутын орчим очтол ганцаараа согтуу, өөдөөс ,зайл пизда минь, ална шүү, яах гэж ирсэн юм” гэж хромон гутлаар цохих гэж дайрч, тэр гутлаараа гэрийн цонх, ширээ сандал, гэрт байгаа зүйлүүдийг бүгдийг хагалж эвдэлсэн. Миний толгойн зүүн тал хавдсан, зүүн гарын шуу хөхөрч хавдсан, эрүү хөхөрч хавдсан, баруун талын нүдний доод хэсэгт хавдсан, өөр гэмтэл шарх байхгүй. 2018 оны намар миний баруун нүд юм харж чадахгүй болтол цохиж байсан. 2018 оны 4 сард модоор зодож, зүүн гар хөхрүүлж байсан. Бас үснээс зулгааж зодож байсан. Ер нь жаахан маргалдахаар л цохиод авдаг. Сард 2-3 удаа архи уудаг. Уух болгондоо шалтаг гаргаад зоддог.

Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Баяр тай сайн дурын үндсэн дээр эвлэрэн хамт амьдарч байгаа гэжээ. (хэргийн 8-9, 26-27 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Хулан мэдүүлэхдээ:

2019 оны 2 дугаар сарын 10-ны өдөр манай ээж намайг гэр рүү очоод эм аваад ир гэхээр нь би ээжийн гэр болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 31 дүгээр байрны 114 тоотод ороход ээжийн хамтран амьдрагч Баяр  ах нэг хүүхэнтэй хамт байсан. Тэгэхээр нь би бөгс өндийгөөгүй байхад нэг юм авчирсан байх шивдээ гэсэн чинь Баяр  ах “чи муу пизда намайг ингэж хэлэх болоогүй шүү” гэж хэлээд намайг зодох гээд босож ирсэн. Би ээжийн чинь захисан эмнүүдийг аваад өөрийн хичээл хийдэг зөөврийн комьпютераа аваад гарах гэж байтал миний зөөврийн комьпютерийг аваад хананд саваад над руу буцаагаад шидсэн. Намайг янз бүрээр хэлж доромжлоод байсан. Тэгээд Баяр  ах намайг чи гоймон чанаад өг, би өлсөж байна гэхээр нь би гарч дэлгүүрээс 1 бэлэн гоймон аваад орж ирээд бид хоёр ярилцсан юм. Тэр эмэгтэй ямар учиртай хүн юм бэ гэсэн чинь миний машины түлхүүр оруулж өгсөн хүн гэж хэлсэн. Тэгээд гарч яваад ээждээ очиж хэлсэн чинь хоёулаа очиж уулзая гээд ээжийн гэр рүү явсан. Очоод ээж чи муу новш янхан авчирч ирээд миний охиныг зодож, хөөж гаргадаг хэн бэ, энэ архи чамайг хүн биш болгодог гэж хэлээд хоёр шилтэй архи унагаж хагалсан чинь Баяр  ах үүдэнд байсан гутлыг ээж рүү шидсэн. Ээж бултахад ард нь байсан цонх хагарсан. Бас дээр нь гал тогоонд байсан хутгаар өөрийнхөө дээлийг сийчэж ураад, ална гэж дайрахаар нь ээж өөрийнх нь ээж рүү залгаад энэ хүнээ ирж аваач, намайг аллаа гэж хэлсэн чинь Баяр  ахын ээж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд ээж айсандаа хоёр хутга гаргаад барьж байгаад цагдаа дуудсан чинь Баяр  ах өөрийн мөнгөн бүс болон хоёр гурван шилтэй архи торонд хийгээд гарах гэж байхад цагдаа нар орж ирсэн. Энэ хоёр хамтран амьдраад бараг 4 жил болж байгаа. Баяр  дарамтлаад байнга зодож нүддэг. Надтай ч гэсэн муухай харьцдаг. Элдэв янзаар хэлж доромжилдог. Тэгээд би ээждээ аавындаа очиж амьдарна гэж хэлээд явсан. Тэр хойгуур байнга архи уухаараа ээжийг минь зодож дарамталдаг байсан. Түрүү жилийн цагаан сараар ч гэсэн яг ийм асуудал болж байсан гэжээ. (хэргийн 14-15 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2287 тоот дүгнэлтэд:

1. Д.Мөнхбаярын биед баруун хацар, толгойн хуйх, эрүүний зүүн нуманд хаван хавдар, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 35 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Шүүгдэгч Ц.Баяр  нь Увс аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2002 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хугацаа дуусч суллагдсан гэжээ. (хэргийн 41 дүгээр хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ц.Баяр  нь 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Алтай хотхоны 31 дүгээр байрны 114 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Д.Мөнхбаярыг зодож, эрүүл мэндэд нь баруун хацар, толгойн хуйх, эрүүний зүүн нуманд хаван хавдар, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Мөнхбаяр, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2287 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Ц.Баяр ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 570 нэгжтэй тэнцэх хэмжээний 570 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Баяр ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.Баяр ыг 570 нэгжтэй тэнцэх хэмжээний 570 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Баяр  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Баяр  цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Баяр т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН