Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
Хэргийн индекс | 151/2016/00883/И |
Дугаар | 850 |
Огноо | 2016-08-23 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 850
2016 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 151/ШШ2016/00850 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Алтанбулаг сум, 3-р баг, Алтан-Овоод оршин суух, 51 настай, эмэгтэй, Шарав овогт Сэмнэнгийн Энх-Амьдрал /РД:НА65092660/-ийн,
Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Энх-Амьдрал, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Алтанбулаг сумын Ясль цэцэрлэгийн комбинатад туслах тогоочоор орж ажиллаж эхэлсэн бөгөөд тус байгууллагад 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн учир шүүхэд хандаж байна. Иймд Ясль цэцэрлэгийн комбинатад туслах тогоочоор 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан нийт 1 жил, 11 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Энх-Амьдрал нь өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
С.Энх-Амьдрал нь Төв аймгийн Алтанбулаг сумын Ясль цэцэрлэгийн комбинатад туслах тогоочоор 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь Төв аймгийн Алтанбулаг сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, тэтгэмжтэй чөлөө олгох тухай захирамж, Төв аймгийн Алтанбулаг сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай Ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай захирамж, Төв аймгийн Алтанбулаг сумын Архивын лавлагаа, Гэрч Д.Дуламсүрэн, Д.Долгорын нарын шүүхэд ирж гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний ажилд орсон он, сар, өдрийг 1987 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн, гарсан өдрийг 1989 оны 8 дугаар сарын 16-наас тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарШарав овогт Сэмнэнгийн Энх-Амьдралыг Төв аймгийн Алтанбулаг сумын Ясль цэцэрлэгийн комбинатад 1987 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд туслах тогоочоор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Энх-Амьдралын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ