| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2023/01682/И |
| Дугаар | 210/МА2024/00820 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2024/00820
2024 04 19 210/МА2024/00820
С.А гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/00125 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч С.А гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч МОХНН УБТЗ-д холбогдох
Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн аж ахуй тоног төхөөрөмжийн цехийн хангамжийн ачигч, гар тээш хадгалагчийн ажлын байр нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй болохыг тодорхойлуулж, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус тус байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээнд тооцуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. С.А нь 2007 оноос одоог хүртэл УБТЗХНН-ийн Зорчигчийн вагон депод аж ахуй тоног төхөөрөмжийн цехийн хангамжийн ачигчаар ажиллаж байна. Уг орон тоо нь байнгын ажлын байранд тооцогдож хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан боловч 2018 оноос хөлсөөр ажиллах гэрээ болон өөрчилж, сунгаж ажиллуулсаар өнөөдрийг хүрсэн. Уг ажил нь хүнд тоног төхөөрөмж, сэлбэг материал, хортой химийн бодис (хурган чихний хүчил, цемент) гэх мэт жилийн 4 улиралд өдрийн 8 цагаар гадаа ажилладаг. Гэвч миний хөдөлмөр эрхлэлтийн байдал Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон нөхцөлөөс дордож, амьдралд цалин хүрэлцэхгүй хүнд байдаг тул өөрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй болохыг тодорхойлуулж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээнд тооцуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг ажил олгогчоос шаардаж байна.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Б.А гийн хөлсөөр ажиллах гэрээний нөхцөл Зорчигчийн вагон депогийн аж ахуй тоног төхөөрөмжийн цехийн гар тээш хадгалагч болж өөрчлөгдсөн. Иймд мөн уг ажлын байр нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй болохыг тодорхойлуулж, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээнд тооцуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгч болон УБТЗХНН-ийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа анхнаасаа огт үүсээгүй байтал нэхэмжлэлдээ хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэсэн нь үндэслэлгүй. Зорчигчийн вагон депо буюу ажил олгогч нь С.А тай анх 2007 оноос эхлэн хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ачигчаар ажиллуулж, гэрээний хугацаа дуусах бүрд нэг жилээр сунгаж ирсэн. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасанд талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ нийцсэн болно.
2.2. Нэхэмжлэгч нь түүнтэй өбайгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа бол 2018 онд байгуулсан тэрхүү хөлсөөр ажиллах гэрээ болон орон тооны цомхотголд орсон асуудлаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах байсан бөгөөд уг хугацаанд гомдлоо гаргаагүй, шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр буюу 5 жилийн дараа гаргасан нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
2.3. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчтэй УБТЗХНН нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шинээр хөлсөөр ажиллах гэрээг байгуулаагүй, өмнө байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан тул хугацааг шинэчлэн гэрээний харилцааг үргэлжлүүлж байсан гэдгийг шүүхээс анхаарч үзнэ үү. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь орон тоо хасагдсан ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах тухай шаардсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар дүгнэж хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт заасныг баримтлан МОХНН УБТЗийн Зорчигчийн вагон депо, С.А нарын хооронд байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хөлсөөр ажиллах гэрээ-г Зорчигчийн вагон депогийн аж ахуй тоног төхөөрөмжийн цехийн хангамжийн ачигчийн, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөлсөөр ажиллах гэрээ-г Зорчигчийн вагон депогийн аж ахуй тоног төхөөрөмжийн цехийн хангамжийн гар тээш хадгалагчийн ажилд тус тус Хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар МОХНН УБТЗээс 70,200 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч болон УБТЗХНН-ийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа анхнаасаа огт үүсээгүй, 2007 оноос хойш Зорчигчийн вагон депод ачигч, гар тээш хадгалагчийн ажлыг хөлсөөр ажиллах гэрээгээр гүйцэтгэж жил бүр сунгаж ирсэн. Талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хуулийн дагуу талууд харилцан тохиролцож байгуулсан гэрээ байхад шүүхээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй байна гэж үндэслэх хэсгийн 2.1-т буруу дүгнэсэн.
4.2. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нэг талаас иргэн тодорхой үүрэг гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч иргэнийг хөдөлмөрлүүлэхийг зөвшөөрсөн зэрэг хоёр талын зүй ёсны хүсэл зоригийг илэрхийлсэн үйл ажиллагааны дагуу үүсдэг байтал шүүхээс талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
4.3. Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа ажилтан, ажил олгогч хоёр үүрэг, эдлэх эрх, гэрээний хугацаа, цалин, хөлс, ажиллах хөнгөлөлт, хариуцлага, гэрээг цуцлах үндэслэл зэргийг урьдчилан харилцан тохиролцож, эрх зүйн хувьд тэгш байдлын үндсэн дээр гэрээг байгуулснаар хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэхээр хуульчилсан. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнд эрх, үүрэг, хариуцлагын арга хэмжээг Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх, үүрэг, сахилгын хэлбэрүүдээс өөрөөр заасан байгааг шүүхээс анхаараагүй.
4.4. Иргэнтэй ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ байгуулахад тухайн ажил, албан тушаалын орон тоо нь эрх бүхий этгээдээр батлагдсан байх шаардлагатай ба түүнийг үндэслэн иргэнтэй хөдөлмөрийн харилцаа үүсэх ёстой. Гэтэл шүүхээс байхгүй орон тоон дээр нэхэмжлэгчийг томилж хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгасан нь ажил олгогчийн хэнтэй, ямар төрлийн харилцаа, ямар хугацаагаар үүсгэх шийдвэрт нь шууд халдсан үйлдэл болсон бөгөөд шүүх аливаа хуулийн этгээдэд ажилтан томилох эрх зүйн субъект биш юм.
4.5. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт ...Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж зааснаар байнгын ажлын байранд ажилтантай хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хуулиар хязгаарлажээ. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн ажиллаж буй ачигч, гар тээш хадгалагч ажил нь байнгын ажлын байр биш бөгөөд депогийн үндсэн орон тоонд байхгүй, харин байнгын бус ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулж болохоор хуулиар зөвшөөрсөн.
4.6. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрлөх эрхийн маргаантай асуудлаар хөдөлмөрийн маргаан таслах комисс, эсхүл шүүхэд гомдол гаргах хугацааг нарийвчлан заасан ба талууд дээрх хугацаанд багтаан зөрчигдсөн хөдөлмөрийн эрхээ сэргээлгэх эрхтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т ...хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хандахаар тусгайлан заасан. Нэхэмжлэгчийн хувьд хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байгаад 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээнд шилжсэн гэж нэхэмжлэлээр тайлбарладаг ба уг хөлсөөр ажиллах гэрээг байгуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, эрх ашиг нь зөрчигдсөн гэдгээ мэдсэн гэж үзвэл 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дотор гомдлоо хөдөлмөрийн маргаан таслах комисс, эсхүл шүүхэд гаргах байсан ба хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. 2022 оны Хөдөлмөрийн тухай хуулийн гол онцлог, үзэл баримтлал, зохицуулах асуудал нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны хүрээг өргөтгөсөн, мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцаг тодорхойлсон. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шинжээр нь буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д тодорхой заасан. Өмнөх Хөдөлмөрийн тухай хуульд байнгын орон тоонд ажиллах асуудлууд яригддаг байсан бол 2022 онд Улсын Их Хурлаас батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд нэхэмжлэгчийн өөрийн эрхээ хамгаалах боломж үүссэн.
5.2. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан ачигчийн ажил хийж гүйцэтгэх хөлсөөр ажиллуулах гэрээтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Баримт байхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан 2 гэрээ байгаа, тухайн 2 гэрээ нь бүхэлдээ хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй, хөдөлмөрийн гэрээний шинжтэй, хөдөлмөрийн гэрээний агуулгыг тусгасан, ажилтны хийж гүйцэтгэх ажил үүрэг, ажлын байрны тодорхойлолт, авах цалин хөлс, ажлын цагийн хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасан цагаар ажиллах, мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллах гэж тус тус заасан байдаг. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэсэн зохицуулалтыг шүүх хэрэглэж энэхүү маргааныг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.
Иймд хариуцагчийн гаргаж байгаа гомдол бүхэлдээ үндэслэлгүй. Хуулиар олгогдсон ажилтны эрхийг хангаж шийдвэрлэсэн. Байнгын ажлын байрны хувьд ажил олгогч ажил, мэргэжлийн жагсаалтыг баталдаг. Ажил мэргэжлийн жагсаалтад оруулж ажлын байрыг батлаагүй нь ажилтны буруутай үйлдэл биш гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч С.А нь хариуцагч МОХНН УБТЗ-д холбогдуулан Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн аж ахуй тоног төхөөрөмжийн цехийн хангамжийн ачигч болон гар тээш хадгалагчийн ажлын байр нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй болохыг тодорхойлуулж, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус тус байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээнд тооцуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. С.А болон МОХНН УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн хооронд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус тус хөлсөөр ажиллах гэрээ байгуулагджээ.
Талууд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээгээр С.А г аж ахуй тоног төхөөрөмжийн цехийн ачигчаар ажиллуулж, сарын хөлс 755,850 төгрөг олгох, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр аж ахуй тоног төхөөрөмжийн цехийн хангамжийн гар тээш хадгалагчаар ажиллуулж, сарын хөлс 907,000 төгрөг олгох нөхцөлийг харилцан тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын дор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг ойлгохоор заасан.
4.1. Талуудын байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ-ний 1.1-д хөлсөөр ажиллагч нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх, 1.2-т байгууллага нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нөхцөлийг бүрдүүлж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өдөр бүр өгч, хөдөлмөр хамгааллын тусгай хэрэгсэл, ажлын хувцсаар хангах, 1.4-т өдрийн ажлын цагийн үргэлжлэх хугацаа 8 цаг, 1.5-д унаа, хоолны нэмэгдэл, ажлын хувцас зэрэг нэмэгдэл олгох, 1.6-д хөдөлмөрийн нөхцөл - хэвийн бус гэж үндсэн нөхцөлийг тодорхойлж, гэрээний 2.4-т ажиллагч нь Улаанбаатар төмөр замын хөдөлмөрийн дотоод журмыг баримтлан ажиллах үүрэг хүлээх ба зөрчвөл гэрээг цуцлах, 2.7-д ажилласан хугацаанд нь ээлжийн амралтын олговрыг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар олгох, мөн 4.1-д цалин хөлсийг сар бүр хариуцсан цехийн мастерын ирцийн бүртгэл, гэрээ дүгнэсэн тодорхойлолтыг үндэслэн олгохоор тус тус заажээ.
4.2. Мөн хариуцагч байгууллагаас Зорчигчийн вагон депогийн аж ахуй тоног төхөөрөмжийн цехийн ачигч болон гар тээш хадгалагчийн ажлын байрны тодорхойлолтуудыг баталж, ажлын байрны зорилго, зорилт, чиг үүрэг, ажлын байранд тавигдах шаардлага, бусад нөхцөлийг тогтоожээ.
4.3. Нэхэмжлэгчийн цалингийн картаас үзэхэд түүний цалин хөлсийг сард 2 удаа цагийн бүртгэлд үндэслэн олгосон болох нь тогтоогдож байна.
4.4. Дээр дурдсаныг харьцуулбал, нэхэмжлэгч нь Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн аж ахуй тоног төхөөрөмжийн цехийн хангамжийн ачигч болон гар тээш хадгалагчаар тус тус ажиллахдаа хариуцагч байгууллагын удирдлага, заавар, хяналтын дор, ажлын байранд ажлыг биечлэн гүйцэтгэж, байгууллагаас түүнд цалин хөлс олгож, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангаж байсан тул уг эрх зүйн харилцааг хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж дүгнэхээр байна.
Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг харилцан хүлээх ба ажиллагч нь байгууллагын дотоод журам, ажил, албан тушаалын тусгай журмыг баримтлахгүйгээр ихэвчлэн өөрийн боломжоор ажил үүргийг гүйцэтгэх, хөлс төлөх журам, түүнчлэн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох үндэслэл, журам зэрэг нь Иргэний хуулиар тодорхойлогддог зэрэг шинжээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаанаас ялгаатай болно.
Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээний зорилго, агуулга, эрх үүрэг, хариуцлагыг зөв тайлбарлаж, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн болон 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээг тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт нийцжээ.
4.5. Хариуцагч нь УБТЗХНН-ийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/937 дугаар тушаалын 27 дугаар хавсралтаар батлагдсан Зорчигчийн вагон депогийн 2023 оны орон тооны жагсаалтыг ирүүлсэн ба Аж ахуй тоног төхөөрөмжийн нэгжид 35 орон тоо батлагдаж, ачигч болон гар тээш хадгалагчийн ажлын байр уг жагсаалтад тусгагдаагүй нь зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны агуулгыг Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын дагуу тодорхойлоход нөлөөлөхгүй юм.
4.6. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр болон 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус тус хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсантай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг цаг хугацаанд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж тодорхойлсон тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.
5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар тогтоох бөгөөд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт энэ хуулийг тусгаагүй, мөн тогтоох хэсгийн 3 дахь заалт захиран тушаах хэлбэрээр бичигдээгүй нь тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн118 дугаар зүйлийн 118.5, 118.6 дахь хэсэгт заасантай нийцээгүйг залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/00125 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... дурдаж ... гэсний дараа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 гэж нэмж,
3 дахь заалтын ... эрхтэй. гэснийг эрхтэй болохыг дурдсугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЗОЛЗАЯА