Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 264

 

 

 

 

 

 

 

 

    2019         3             28                                    264

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Баярмаа,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэл

шүүгдэгч: Н.Бадрах,

шүүгдэгч: Б.Лхагва,

           хохирогч: Н.Бадрах,

хохирогч: Б.Лхагва,

гэрч: Б.Баатарсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бадрах,

Лхагва нарт холбогдох эрүүгийн 1905 0062 10243 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч мэргэжилтэй, Бадрах,

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Лхагва.

 

Шүүгдэгч Н.Бадрах нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14, 15 дугаар байрны автомашины зогсоол дээр иргэн Б.Лхагватай маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Лхагва нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14, 15 дугаар байрны автомашины зогсоол дээр иргэн Н.Бадрахтай маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Лхагва мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр 18 цаг өнгөрч байхад манай аав утсаар яриад “байрны гадаа зогсоол байна уу, байвал зогсоол аваад, машин ирвэл одоо машин зогсоох гэж байгаа гэж хэлээд зогсож бай” гэсэн. Тэгээд би 14, 15 дугаар байрны хооронд машины зогсоол аваад аав руугаа утсаар залгаад зогсож байтал саарал өнгийн Приус маркийн машин орж ирэхээр нь жолоочид нь “наана чинь машин тавих гэж байгаа” гэж хэлэхэд Бадрах машинаа шууд огцом хаазлаад миний өвдөг тус газарт машиныхаа гуперээр түрээд, мөргөж унаган, зогсоолд орж ирсэн. Тэр үед нь би арагшаа унаад, босч ирээд машиных нь зүүн урдуур тойрч, баруун талын их гэрлийн харалдаа зогсоход Бадрах машинаасаа бууж ирээд намайг заамдан, нүүр лүү баруун гараараа цохиж, намайг газар унагасан. Би босч ирээд барьцалдаж автал хажуу талд зогсож байсан хар өнгийн машин руу түлхсэн. Би түүнийг буцаагаад түлхтэл Бадрахын эгч ирж, биднийг салгасан. Тэгээд би гар утсаараа аав руу залгаж байтал Бадрах “танай аав ирэхээр яадаг юм бэ” гэж хэл амаар доромжилсон. Тэр над дээр хүрч ирээд дахиж барьцалдахад би түүнийг түлхсэн. Тэгтэл Бадрах намайг буцааж түлхээд, миний нүүр рүү дахиад цохисноос миний хамраас цус гарсан. Тэр үед саарал малгайтай Энх-Амгалан гэх залуу зүүн талаар орж ирээд баруун гараараа миний толгойн дагз хэсэг рүү цохисон. Тэгж цохиулах үед миний нүд харанхуйлаад, гар, хөл салганаж бадайрахад Бадрах намайг дахиж түлхэн, хар машины хажууд аваачаад дээрээс дарж, өвдөглөж байгаад цохиж зодсон. Гэтэл Энх-Амгалан гэх залуу хүрч ирээд намайг өшиглөсөн. Тэгтэл Бадрах Энх-Амгаланд хандан “чи цаанаа байж бай, би өөрөө учраа олно” гэж хэлж байсан. Тэр үед би Бадрахын зүүн талаар босч ирээд дахиад барьцалдан хоорондоо түлхэлцсэн. Би аав руугаа дахиж залгаад “ааваа би энд хүнд зодуулчихлаа гэж” хэлсэн. Тэгэхэд Бадрах хэл амаар намайг доромжилж зориуд өөрийгөө цохиулах үйлдлүүд гаргаж байсан. Аавыг ирэхэд Бадрах “чи юу юм бэ, чи хэн юм бэ” гэх зэргээр хэл амаар доромжлоод нүүр, шанаан тус газар руу нь гар хуруугаараа хүрээд чичлээд, нулимаад байсан. Камерын бичлэг үзэхэд Бадрах намайг ирээд мөргөж байгаа дүрс бичигдсэн байна лээ. Энэ хэрэг гарахад миний буруу байгаагүй. Би өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн. Би гэм буруугүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.Бадрах мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 18 цагийн үед би хөл бөмбөгийн бэлтгэлдээ явах гээд Энх-Амгалан гэдэг дүүгээ хорооллын “Билэг” их дэлгүүрийн тэндээс аваад гэр лүүгээ хувцсаа авахаар явсан. Тэгээд байрныхаа гадаа очтол машины зогсоол байхгүй байсан бөгөөд зогсоол хараад явж байтал нэг зогсоол харагдахаар нь ашгүй гээд очтол нэг залуу утсаар яриад зогсож байсан. Тэгэхээр нь хүн утсаар яриад зогсож байна даа гэж бодчихоод хажуу талаар нь ороод машинаа байрлуулаад зогссон чинь гэнэт машины салхины шил рүү тэр залуу  гараа атгаж байгаад цохиод “энд машин тавих гэж байна, холд” гээд хараагаад байхаар нь би гайхаад машинаас буусан. Гэтэл Лхагва миний машины урдуур тойрч шууд над руу хүрээд ирэхээр нь намайг цохих гэж байна гэж бодоод би Нямлхагвыг цохиход түүний хамраас цус гарсан. Лхагва ч намайг цохиж, нүүр маажиж, урсан. Би түүнд дахиж гар хүрээгүй. Тэгээд дахиад зууралдаад байж байтал манай эгч машинаас гарч ирээд бид 2-ыг боль гэтэл Лхагва манай эгчийг түлхэхээр нь би түүнийг түлхсэн чинь замын боржуранд тээглээд унасан. Тэгээд бид 2 чиний зогсоол, миний зогсоол гээд маргалдаад байж байтал Лхагва “чи буруу хүнээрээ оролдлоо доо. Би чамайг гөлөг болгоно, чи хаана байдаг юм бэ, чи хэн юм бэ, би чиний машины дугаараар чинь хайж олно за юу, би бол мэргэжлийн хүн” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэр намайг заамдаад нүүрний баруун хэсэг рүү 2-3 удаа, хоолой, чих рүү нилээд хэдэн удаа цохисон. Бас өмсөж явсан бээлийгээрээ нүүр рүү цохиод байсан. Биднийг маргалдаад зогсож байхад Нямлхагвын аав нь ирсэн. Би нас тогтсон ах бидний учир зүйг нь олоод зохицуулаад өгөх байх гэж бодтол шууд “чи муу гөлөг манай хүүхдийг зоддог хэн бэ, наадах чинь дээрээ 2 ахтай хүн шүү, чи мэргэжлийн хүнийг оролдлоо доо, чи их буруу юм хийлээ, чи одоо зүгээр мөнгөө бэлдээд байж бай, би явдаг газраар нь явж, чамайг гөлөг, бүүр банди болгоно” гэж надад хэлсэн. Би тэр ахын биед гар хүрээгүй. Тэгээд зогсож байтал тэр ах миний нүүр лүү нулимсан. Тэгэхээр нь би “ахаа та яаж байна” гэтэл “чи над руу нулимаа биз дээ” гээд гүтгээд байсан. Тэгээд цагдаа ирсэн. Би Нямлхагвыг машинаараа мөргөж, шүргээгүй. Түүнийг утсаар яриад зогсож байхад  би тойроод очоод зогстол Лхагва гараа атгаж байгаад миний машины салхины шил рүү цохисон. Би Нямлхагвыг чих, хамар, хоолойн “ЭМ ЖИ ЖИ” эмнэлэгт аваачиж үзүүлсэн, томографийн зураг авахуулсан. Тэгээд бид залуу хүмүүс байна, хоёулаа эвлэрье, намайг уучлаарай” гэж олон удаа уучлалт гуйж, эмчилгээний зардалд 265 000 төгрөг төлсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.Лхагва мэдүүлэхдээ:

Би Бадрахад зодуулснаас миний биед хамар ясны цууралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл авсан. Одоо эмчилгээний зардалд 1 142 000 төгрөг нэхэмжилж байна. Хамартаа хагалгаа хийлгэх шаардлагатай гэж эмч хэлсэн боловч хагалгааны зардалд төлөх мөнгө байхгүй учир хагалгаанд орж чадахгүй байгаа. Мөн эмнэлэг, цагдаа явах гэж 42 000 төгргөөөр бензин авсан. Одоогоор хохиролд Бадрахаас 150 000 төгрөг авсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Н.Бадрах мэдүүлэхдээ:

Миний эрүүл мэндэд ч хөнгөн хохирол учирсан. Би мөрдөн байцаалт, прокурорын шатанд Лхагватай эвлэрье, эмчилгээ хийлгэж өгье гэж уучлалт гуйж, олон удаа санал тавьсан. Тэгээд миний саналыг хүлээн авах болов уу гэж бодоод өөрт учирсан хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой баримтуудыг цуглуулж, нотлох баримтаар хэрэгт өгөөгүй. Гэхдээ өнөөдрийн хуралд эмчилгээ хийлгэсэн талаарх баримтуудыг гаргасан тул 461 200 төгрөг нэхэмжилнэ гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-Б.Баатарсүх мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 31-ний орой 18 цаг өнгөрч байхад би хүү рүүгээ утсаар яриад “гараад зогсоол байвал аваад зогсож бай” гэж хэлсэн. Тэгтэл хэсэг хугацааны дараа манай хүү над руу залгаад “ааваа би хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд намайг очтол хүүгийн маань хамраас цус гарчихсан, их зодуулсан байдалтай, уруул нь хөхөрсөн байсан. Бадрахын хувьд зүгээр байсан. Тэгтэл Бадрах гэх залуу над руу дайрч давшлаад байсан. Тэгэхээр нь би “за дүү минь больж үз цагдаа ирээд шийдэг” гэж хэлсэн. Бадрах миний нүүр лүү нулимж, намайг зодно гэж дайраад хэл амаар доромжлоод байсан. Мөн хүү маань рүү хуруугаараа чичлээд дайраад байсан гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Сүглэгмаа мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дүү Бадрах, Ээгий, Алтангэрэл нартай хамт Дүнжингарав худалдааны төв ороод 18 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрнаас дүү Бадрах бэлтгэлийн хувцас авах гээд машинтай уг байрны гадаа ирээд байрны өмнөх автомашины зогсоол дээр машинаа зогсоосон. Гэтэл нэг эрэгтэй хүн Бадрахын машины урд талын салхины шил рүү гараа атгаж байгаад нэг удаа хүчтэй цохисон. Бадрах машинаас буугаад тэр хүнтэй барилцаад авсан. Би машинаас буугаад очтол Бадрах, уг эрэгтэй хоёр газар унасан байсан. Би машинд сууж явсан Ээгийг буугаад салгаарай гэж хэлсэн. Ээгий бид хоёр Галдбадрахыг очоод салгасан. Бадрахтай маргалдаж, зодолдсон эрэгтэйн хамраас нь цус гарсан байсан. Уг эрэгтэй Бадрахын нүүр рүү цохиод, хоолойг нь боож, “би хуулийн хүн, та нарыг өгдөг газарт чинь өгнө, машиныг чинь дугаараар эрэн сурвалжилна” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Энэ үед уг эрэгтэйн аав гэх 50 орчим насны эрэгтэй гарч ирээд, “наадах чинь хуулийн хүн, та нарыг машины чинь дугаараар шүүгээд байгаа газар чинь очоод ална шүү” гэж хэлээд Бадрах руу нулимсан. Бадрах өөдөөс нь “та юу яриад байгаа юм бэ” гэж хэлсэн. Энэ үед би Бадрахын эхнэр рүү утсаар залгаад “Бадрах гадаа зодоон хийгээд байна, гараад ир” гэж хэлсэн. Эхнэр Бямбанаран удалгүй гарч ирсэн. Гарч ирээд гар утсаараа бичлэг хийх гэсэн боловч Бадрахтай зодолдож байсан эрэгтэй утсыг нь булаагаад авсан. Ингээд бөөнөөрөө зогсож байтал цагдаа ирсэн гэжээ. (хэргийн 13 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-О.Энх-Амгалан мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 31-ний орой 18 цагийн үед МҮИС-ийн урдаас Бадрах ах машинтайгаа ирж намайг авсан. Тухайн үед Бадрах ах бид хоёр хөл бөмбөгийн бэлтгэлд явах байсан. Ингээд намайг аваад Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байранд байрлах гэрээсээ бэлтгэлийн хувцас авах гээд гэр рүүгээ Бадрах явсан. Ингээд 14 дүгээр байрны гаднах автомашины зогсоол дээр очиж машинаа зогсоосон. Гэтэл нэг эрэгтэй ирээд машины жолоочийн эсрэг талын салхины шил рүү гараараа 1 удаа цохиод “наана чинь машин тавих гэж байна” гэж хэлсэн. Бадрах ах буугаад “энэ чинь нийтийн эзэмшлийн газар шүү дээ” гэж хэлээд уг эрэгтэйтэй маргалдаж, зууралдсан. Би салгах гээд машинаас буусан. Гэтэл нэг нэгнийхээ хамраас цус гарсан, зууралдсан зогсож байсан. Би Бадрах ахыг салгах гэсэн боловч салахгүй байсан. Мөн Сүвлэгмаа эгч салгах гэж зууралдсан. Ингээд бид хоёр салгаад байж байтал буцаад хэрэлдээд, хэл амаар доромжилоод эхэлсэн. Гэтэл Нямлхагвын аав гэх 50 орчим насны эрэгтэй гарч ирээд “наадах чинь хуулийн хүн, хууль мэдэж байгаа” гэх мэтээр ах руу дайраад байсан. Энэ үед мөн Галдбадрах ахын эхнэр нь гарч ирсэн зогсож байсан. Нямлхагвын аав гэх хүн утсаараа бичлэг хийгээд байсан. Бадрах ахын эхнэр мөн бичлэг хийнэ гээд утсаа гаргасан чинь нөгөө эрэгтэй ирээд утсыг нь булаасан. Энэ үед цагдаа ирсэн. Зодоон дуусаж байх үед хоорондоо юм яриад зогсож байхдаа Бадрахын нүүр рүү Лхагва хэд хэдэн удаа цохисон гэжээ. (хэргийн 15-16 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Бямбанаран мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 31-ний оройн 18 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 15-60 тоот гэртээ байхад нөхрийн эгч Сүвлэгмаа утсаар залгаад “Бадрах гадаа хүнтэй муудалцаад байна, гараад ир” гэж хэлсэн. Ингээд би гараад очтол 14 дүгээр байрны гаднах автомашины зогсоол дээр манай нөхөр Бадрах нь Лхагва гэх эрэгтэйтэй автомашины зогсоол булаацалдаад маргалдаж байсан. Яасан, юу болсон талаар асуухад “автомашины зогсоол булаацалдаад ингээд байж байна” гэж нөхөр хэлсэн. Би Лхагва гэх хүнд “өмчилсөн зогсоол биш юундаа булаацалдаад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Нямлхагвын аав гэх хүн “наад хүнтэйгээ олон юм яриад маргалдаад байх шаардлага байхгүй, хуулийн сургууль төгссөн, хуулийн мэргэжилтэй хүн” гэж хэлэхээр нь “хуулийн сургууль төгссөн хүн юм бол олон нийтийн газар өмчилсөн юм шиг хэрүүл маргаан болгоод булаацалдах хэрэг юу байгаа юм гэж хэлсэн” чинь нөхөр мөн хажуунаас харин тийм, ингээд байгаа юм гэж хэлсэн. Манай нөхрийг ингэж хэлэх үед Нямлхагвын аав нь манай нөхрийг “битгий хуц” гээд нүүр рүү нь 1 удаа нулимсан. Би “та яаж байгаа юм бэ, болиулахын оронд улам асуудлыг дэвэргээд байх юм” гэж хэлсэн чинь “хуц, гичий минь” гээд өөдөөс дайраад “наад хүн чинь сурдаг сургуулиа төгссөн, та нартай яаж харьцахаа мэдэж байгаа” гэхээр нь “би цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажилладаг. Ингэж маргах шаардлага байхгүй” гэж хэлсэн. Лхагва аавыгаа “утсаа гаргаж ирээд энэ эргүү юмнуудыг бичлэг хийгээд ав” гэж хэлсэн. Би мөн утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэтэл Лхагва утас шүүрч аваад болиулсан. Энэ үед нөхөр хажуунаас утас буцааж өг гэж хэлээд Лхагватай маргалдсан. Миний утсыг Лхагва буцаагаад өгсөн. Энэ үед Нямлхагвын аав нь цагдаа дуудсан байсан. Намайг гэрээсээ гарч ирэх үед маргалдсан, Лхагва гэх хүн нөхөр Бадрахын нүүрэн тус газарт 2 удаа цохисон. Бадрах хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Би дараа нь чи юунд нь цохиулаад байсан юм гэж асуухад эхлээд нэг удаа цохисон гэж бодоод гэж хэлж байсан гэжээ. (хэргийн 19-20 дугаар хуудас)

 

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

14 дүгээр байр, зодоон гэх бичлэг нь 00:00:00-00:16:41 секундын бичлэг байх ба хар өнгийн куртик, хар өнгийн малгай, хар өнгийн өмд, хар өнгийн гутал өмссөн хохирогч Б.Лхагва 14 дүгээр байрны урд талын автомашины зогсоол дээр утсаар ярьж зогсож байх ба саарал өнгийн Приус-20 маркийн автомашин хурдтай ирээд Б.Нямлхагвыг дайрах шахан хоёр машины голоор орж зогсоолд зогсож байна. Саарал өнгийн Приус-20 маркийн автомашин дотроос сэжигтэн Бадрах бууж ирэх ба энэ үед хохирогч Б.Лхагва мөн Бадрахын бууж ирж байгаа газарт очиж, зууралдан нэг нэгнийхээ нүүрэн тус газарт цохиж байна. Уг машинаас хар өнгийн куртик, хар өмд, хар гутал өмссөн гэрч Сүвлэгмаа, мөн сэжигтэн Энх-Амгалан, мөн хар малгай, ногоон куртик, цэнхэр женсин өмд өмссөн 13 орчим насны эрэгтэй хүүхдийн хамт машинаас бууж ирж байна. Гэрч Сүвлэгмаа, Бадрах, Лхагва нарыг салгах гэж зууралдаж байна. 00:02:01-:00:03:01 минутад Лхагва, Бадрах нар нь зууралдаж, заамдалцах үед нь Лхагва Бадрахын нүүрэн тус газарт баруун гараараа хоёр удаа цохиж байна. 00:03:01-00:06:03 минутын хооронд Лхагва, Бадрах хоёр хэрэлдэж байгаа байдалтай саарал өнгийн Приус-20 маркийн автомашины зүүн талд зогсож байна. Энэ үед сэжигтэн Энх-Амгалан утсаар яриад саарал өнгийн Приус-20 маркийн автомашинаас баруун тийшээ алхаж яваад зогсож байна. 00:06:03-00:06:18 минутанд Лхагва, Бадрах хоёр хоорондоо заамдалцаж, маргалдаж байх ба энэ үед хар өнгийн куртик, хар өнгийн өмд өмссөн эмэгтэй ирж салгах гээд зууралдаж байна. 00:06:18-00:07:22 минутанд саарал өнгийн шон таглаж юу болж байгаа нь харагдахгүй байв. 00:07:22-00:16:04 минутын хооронд мөн энэ үед бор хүрэн өнгийн куртик, хар саарал өнгийн өмд өмссөн Нямлхагвын аав гэх эрэгтэй марк тодорхойгүй машинаас бууж ирж, Нямлхагвын байгаа газрын ойролцоо утсаар ярьж байна. Лхагва, Бадрах, Бадрахын эхнэр, түүний эгч Сүвлэгмаа, Нямлхагвын аав нар хоорондоо маргалдаж байна. 00:17:05 минутанд хоёр цагдаа ирээд уулзаж байна гэжээ. (хэргийн 6-7 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1955 тоот дүгнэлтэд:

1. Н.Бадрахын биед хамар, шанаа хоолой, уруулын дотор салст, баруун гарын сарвуунд шалбаралт, цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дүгээр сарын 13-ны өдрийн 1954 тоот дүгнэлтэд:

1. Б.Нямлхагвын биед хамар ясны цууралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 32 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Лхагва нь ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 66 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Н.Бадрах нь ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 54 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Лхагва нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 18 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14, 15 дугаар байрны автомашины зогсоол дээр хохирогч Н.Бадрахтай машины зогсоолоос болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамар, шанаа, хоолой, уруулын дотор салст, баруун гарын сарвуунд шалбаралт, цус хуралтууд бүхий хөнгөн хохирол,

шүүгдэгч Н.Бадрах нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14, 15 дугаар байрны автомашины зогсоол дээр хохирогч Б.Лхагватай машины зогсоолоос болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны цууралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт Н.Бадрахын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Н.Сүвлэгмаа, О.Энх-Амгалан, Б.Баатарсүх, Т.Бямбанаран нарын мэдүүлэг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1955 тоот, 2018 оны 2 дүгээр сарын 13-ны өдрийн 1954 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд Н.Бадрах, Б.Лхагва нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч Н.Бадрах нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой 461 200 төгрөгийн зардлын баримтыг гаргаж, шүүгдэгч Б.Лхагваас,

хохирогч Б.Лхагва нь шүүгдэгч Н.Бадрахаас өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой хагалгааны зардалд 1 100 000, шатахууны зардалд 42 000  төгрөг, нийт 1 142 000 төгрөгийн хохирлыг тус тус төлүүлэхийг хүсэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Лхагва нь эмчилгээ хийлгэсэн гэж 108 000 төгрөгийн баримтыг хэрэгт гаргаж өгснийг шүүгдэгч Н.Бадрах хүлээн зөвшөөрч 150 000 төгрөг төлжээ.

Лхагва нь хамрын хагалгаа хийлгэнэ гэж 1 100 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч тэр хагалгаанд ороогүй, уг зардал түүнээс гараагүй тул Н.Бадрахаас 1 100 000 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна. Харин хагалгаа хийлгэсний дараа энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.  

 

Бадрах нь эмчилгээний зардалд 460 100 төгрөг нэхэмжилж, эм худалдан авсан гэх 6 ширхэг баримт гаргаж өгсөн боловч эдгээр эм авсан гэх баримт түүнд  хамааралтай, худалдан авсан гэх уг эмийг эмчийн заавраар худалдан авсан нь нотлогдохгүй тул 110 000 төгрөгийг Б.Лхагва төлөх үндэслэлгүй байна.

Бадрах эмчийн үзлэг, шинжилгээ хийлгэж, компюьтер, рентген зураг авахуулах, эмчилгээ хийлгэх зэрэгт 323 000 төгрөг төлсөн нь ЭМЖЖ” ХХК-ийн кассын орлогын ордероор нотлогдож байх тул уг төлбөрийг Лхагваас гаргуулах нь зүйтэй.  

Иймд шүүгдэгч Н.Бадрахаас 42 000 төгрөг гаргуулж хохирогч Б.Лхагвад, шүүгдэгч Б.Лхагваас 358 000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Бадрахад олгохоор шийдвэрлэв.

 

Эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэд өөрсдийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Нямлхагвыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Бадрахыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Нямлхагвыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Н.Бадрахыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  Н.Бадрах, Б.Лхагва нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Бадрах, Б.Лхагва нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг нэг ширхэгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.Бадрахаас 42 000 төгрөг гаргуулж хохирогч Б.Лхагвад, шүүгдэгч Б.Лхагваас 358 000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Бадрахад тус тус олгож, Бадрахын нэхэмжлэлээс 138 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Хохирогч Б.Лхагва нь өөрт учирсан энэ гэмтлийн улмаас цаашид эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            8. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бадрах, Б.Лхагва нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН