Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00901

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 29 210/МА2024/00901

 

 

******* ХХК, *******гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2024/00761 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХХК, *******

Хариуцагч: Х.*******

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг, орлогын мөнгөнөөс хувьдаа авч завшсан 25,694,936 төгрөг, бусдад төлөх зээлийн төлбөрт төлсөн 91,000,000 төгрөг тус тус гаргуулах, Х.*******ийн нэр дээрх ******* ХХК-ийн өмч болох ******* ******* барааны тэмдэгтийн гэрчилгээг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөх, Х.*******ийн эзэмшиж байгаа ******* ХХК-ийн 17 хувийн хувьцааг хувьцаа бэлэглэгч ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******д буцаан шилжүүлэн өгөхийг даалгах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 92,849,180 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Х.*******, хариуцагчийн өмгөөлөгч *******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь 2019 оны 02 дугаар сарын 25-ний өдөр ******* ХХК-ийн хувьцааны 67 хувь, хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж, ******* гэсэн нэршил бүхий брэнд барааны тэмдэг Нэрс, аньс, чацарганын хүнсний бүтээгдэхүүн-ий патентын хамт 140,000,000 төгрөгөөр худалдан авсан.

1.2 Худалдан авсны дараа Х.*******ийг өмнө нь тус компанид ажиллаж байсан туршлагад үндэслэн түүнтэй хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Түүнд өөрийн худалдан авсан хувьцааны 17 хувийг бэлэглэж, үйлдвэрлэл хариуцсан захирлаар томилж, өөрөө гүйцэтгэх захирлаар ажилласан. Мөн миний бие компанийн үйл ажиллагааг өргөтгөх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалан, компанийн нэрээр банкнаас 480,000,000 төгрөгийн зээл авч, зээлээсээ Х.*******т 90,000,000 төгрөг зээлүүлсэн.

1.3 Х.******* нь компанийн дүрэмд компанийн барааны тэмдэг, лого, тамга тэмдэг нь тус компанийн өмчлөлд байна гэж зааж баталгаажсан ******* ХХК-ийн өмч болох ******* ******* барааны тэмдэгтийн гэрчилгээг надад мэдэгдэлгүйгээр 2019 онд Оюуны өмчийн газарт хандан өөрийн нэр дээр бүртгүүлж, гэрчилгээ авсан. Энэ тухай 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бусдаас сонсож мэдэн, холбогдох баримтыг олж авсан.

1.4 Мөн Х.******* нь компанийн үйлдвэрлэдэг үндсэн бараа бүтээгдэхүүнийг миний зөвшөөрөлгүйгээр бүтээгдэхүүн хадгалах байрнаас удаа дараа дур мэдэн авч борлуулж, 25,694,936 төгрөгийг хувьдаа завшсан.

1.5 Намайг компанийн хувьцааг худалдан авахаас өмнө *******, Х.******* нар хувьцаа эзэмшигч байхдаа компанийнхаа нэр дээр буюу нэг талаас ******* ХХК-ийг төлөөлж Х.******* 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ЗГ18/05/582 дугаартай Бичил хэрэглээний зээлийн гэрээ-г байгуулан 100,000,000 төгрөгийн зээлийг, мөн тус компанийг ******* төлөөлөн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ЗГ18/05/589 дугаартай Бичил хэрэглээний зээлийн гэрээ-г тус байгуулан 100,000,000 төгрөг, нийтдээ ББСБ ХХК-аас 200,000,000 төгрөгийн зээл авсан. Энэхүү зээлээс 18,000,000 төгрөгийг ******* ХХК-иас гэсэн утгатайгаар буцаан төлж, үлдсэн 182,000,000 төгрөгийн зээлийг ******* ХХК-иас ББСБ ХХК-д төлөх ёстой өр төлбөр болж үлдсэн.

1.6 Улмаар *******аас 50 хувийн хувьцааг нэр дээрээ шилжүүлэн авч эзэмшиж байгаа *******, ******* нар нь дээрх зээлийн өрнөөс 50 хувь буюу 91,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар болсон. Ингэхдээ ******* 42,000,000 төгрөгийг, үлдэх 49,000,000 төгрөгийг Б. тус тус хариуцан барагдуулахаар болсон. Харин хувьцаа эзэмшигч Х.*******ийн хувьд дээрх зээлээс хариуцан барагдуулбал зохих нийт 91,000,000 төгрөгийг тухайн үед ******* нь ББСБ ХХК-д төлж барагдуулсан.

1.7 Иймд зээлийн гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг, орлогын мөнгөнөөс хувьдаа авч завшсан 25,694,936 төгрөг, бусдад төлөх зээлийн төлбөрт төлсөн 91,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, Х.*******ийн нэр дээр байгаа ******* ХХК-ийн өмч болох ******* ******* барааны тэмдэгтийн гэрчилгээг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөх, мөн Х.*******ийн эзэмшиж байгаа ******* ХХК-ийн 17 хувийн хувьцааг хувьцаа бэлэглэгч ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******д буцаан шилжүүлэн өгөхийг хариуцагч Х.*******т тус тус даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* ХХК-ийг анх ХХК нэрээр үүсгэн байгуулсан. Өөрийн гэр бүлийн гишүүдийн нэрийн эхний үсгээр ******* ******* брэндийг санаачлан зах зээлд аньс, чацаргана, нэрсний өтгөрүүлсэн жүүснээс гадна 17 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан тул Оюуны өмчийн газарт 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэл үүсэж гэрчлүүлсэн.

2.2 Нэхэмжлэгчийн 50/50 хувийн хувьцаа эзэмшигчээр хамтарч ажиллах саналыг хүлээн зөвшөөрч, 50 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Мөн тухайн үед 140,000,000 төгрөг гэх мөнгөнөөс компанид нэг ширхэг ч тоног төхөөрөмж нэмэгдээгүй, түүхий эд материал аваагүй.

2.3 2022 оны 06 дугаар сард Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас 480,000,000 төгрөгийн зээл авсан боловч уг зээлийг хугацаанаас нь өмнө төлөх зайлшгүй нөхцөл байдал үүссэн. 2022 оны 03 дугаар сараас хамтрах боломжгүй болсон тул нэхэмжлэгч нь хувьцаагаа худалдаж авах, эсхүл хувьцаагаа зарах санал тавьсан. 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 22/01 дугаартай Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ-г байгуулсан боловч энэ нь биелэгдэх хугацаагүй гэрээ байсан.

2.4 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрээр татан буулгахаар тогтоож, комиссыг итгэмжлэлийн үндсэн дээр болон миний бие гэсэн 2 гишүүнтэй байгуулсан. Татан буулгах комиссын тайланг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор сонсохоор болсон. Татан буулгах комисс компанийн байранд хадгалагдаж байгаа бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, автомашин зэргийг худалдан борлуулж, олсон орлогыг ЖДҮ-ийн зээлийн үлдэгдэл төлбөрт төлөх, дансны бэлэн мөнгөний үлдэгдлийг, мөн зээлийн төлбөрт төлөх ажлыг хийхээр заасан. *******г мөн адил компаниас зээлсэн 92,849,110 төгрөгийг буцааж төлүүлэхээр заасан. 2022 оны 04 дүгээр сард ХХК-ийн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтээр 578,406,024 төгрөгийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгөтэй болохыг тогтоосон. Компанийн бүхий л тоног төхөөрөмж, эд хөрөнгө, 195,198,796 төгрөгийн үнэ бүхий жимс жимсгэнэ, түүхий эдийг нэхэмжлэгч бүгдийг нь авч яваад өөрөө дангаар худалдан борлуулсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Худалдаа хөгжлийн банкнаас компанийн нэрээр авсан 480,000,000 төгрөгийн зээлээс нэхэмжлэгч нь хувьдаа авсан 92,849,180 төгрөг авсан нь компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр болон ХХК-ийн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтээр нотлогддог. Иймд нэхэмжлэгчээс 92,849,180 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Уг зээлийг ******* ХХК авсан. ******* болон Х.******* нар 90,000,000 төгрөгийг компаниас зээл хэлбэрээр авсан. Аудитын дүгнэлтийн дараа ******* Х.******* нар өглөг, авлагын талаар акт үйлдэж 90,000,000 төгрөгийг тус тусдаа компаниас авсан зээл гэж тодорхойлж, гарын үсэг зурж, баримт үйлдсэн. Хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчээсээ хуулийн дагуу шаардаж болохгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.5, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Х.*******ээс 115,694,936 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Х.*******ийн эзэмшиж байгаа ******* ХХК-ийн эзэмших эрхтэй ******* ******* барааны тэмдэгтийн гэрчилгээг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч Х.*******т даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Х.*******ийн эзэмшиж байгаа ******* ХХК-ийн 17 хувийн хувьцааг хувьцаа бэлэглэгч ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******д буцаан шилжүүлэн өгөхийг даалгах, бусдад төлөх зээлийн төлбөрт төлсөн 91,000,000 төгрөгийг гаргуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас 92,849,180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 1,425,325 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгчээс төлсөн 622,196 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х.*******ээс 806,625 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д, хариуцагч *******гаас 622,196 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******т тус тус олгож шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 *******, Х.******* нар нь ******* ХХК-ийн хувьцааг эзэмшиж байхдаа хэн хэн нь компанийг төлөөлж *******ын хамаарал бүхий ББСБ ХХК-аас тус бүр 100,000,000 төгрөг, нийт 200,000,000 төгрөгийн зээл авсан. Уг зээлээс Х.******* 39,840,400 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бэлнээр авч баримт үйлдсэн. Үлдсэн хэсгийг ББСБ ХХК нь ******* ХХК-ийн дансанд шилжүүлэн зээлийг бүрэн олгосон. Гэрч *******ын мэдүүлэг, талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Х.******* өөрийн авсан дээрх 100,000,000 төгрөгийн зээлээс 39,840,400 төгрөгийг бэлнээр авч хувьдаа ашигласан, үлдсэн хэсгийг ******* ХХК-ийн данснаас дур мэдэн захиран зарцуулсан нь нотлогддог.

6.2 Х.*******ийн өмнөөс ББСБ ХХК-д дээрх мөнгийг ******* төлж, зээлийг төлж барагдуулсан болох нь гэрчийн мэдүүлэг, талуудын гаргасан тайлбар, ББСБ" ХХК-д дээрх мөнгийг Х.*******ийн өмнөөс түүний нэр дээр төлсөн тухай *******, Х.*******, , ******* нарын гарын үсэгтэй баримт, Х.*******ийн нэр дээрх зээлийн төлбөр барагдсан талаарх тодорхойлолт зэргээр эргэлзээгүй нотлогддог.

6.3 Компанийн тухай хууль болон ******* ХХК-ийн дүрэмд зааснаар гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, компанийг төлөөлж, компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.7, 84.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргахаас бусад нөхцөлд гүйцэтгэх удирдлагын хуулиар олгогдсон эрхэд халдан компанийг төлөөлөх, түүний итгэмжлэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй. Компанийг төлөөх эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлээр хувьцаа эзэмшигчийн хувиар авсан зээлийн асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэхүү авлагын бодит дүн түүний компани төлөх өглөгийн дүнгээс давсан, харилцан тооцох үүрэг үүссэн нөхцөл байдлыг шүүх анхаарч үзсэнгүй.

Иймд анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Нотлох баримтуудыг холбож шүүхэд өөр байдлаар тайлбарлаж байгаа нь талуудын хооронд үүссэн харилцааг өөрөөр тайлбарлаж байна гэж үзэж байна. Х.******* зээл авсан талаар баримт байхгүй. Хөрөнгө оруулалтын нөхцөл байдлыг өөрөөр тайлбарлаж байгаа. Х.******* нь данснаас мөнгө авах эрхгүй. ******* нь Х.******* ******* ХХК-ийн нэр дээр ББСБ ХХК-аас зээл авсан гэж тайлбарладаг боловч шүүх хуралдаан болгон дээр өөр, өөрөөр тайлбарлаж байгаа.

7.2 ******* өөрөө ашгаа хуваарилдаг. 90,000,000 төгрөгийн ашгийг ******* өөрөө хуваарилаад зээл авахаас өмнө Х.*******т шилжүүлсэн. Гэтэл Х.******* уг мөнгийг өөрөө дур мэдэн авсан гэж тайлбарлаж байна. Гэтэл банкнаас зээл авахаас өмнө 90,000,000 төгрөгийн ашгийг Х.*******т шилжүүлсэн. Аудитын дүгнэлтэд агуулга нь байгаа. Шүүх хуралдаан дээр хувьцааны эрхийг худалдан авсан талаарх 2 баримт байгаа. Бэлнээр мөнгө төлсөн гэж тайлбарладаг. 03 дугаар сарын 10-ны өдөр Х.*******, ******* нарын данснаас *******ын данс руу 670,000 төгрөгийг шилжүүлсэн байна гэж байгаа. Гэтэл хувьцааг 140,000,000 төгрөгөөр худалдаж аваад байгаа юм уу, эсхүл 670,000 төгрөгөөр худалдаж аваад байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. Өөр, өөр байдлаар үйл баримтыг тайлбарладаг. Гэрээг дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчилж хийсэн гэж өөрсдөө тайлбарладаг. ******* компанийн хувьцааг худалдаж авсан нь хууль бус юм шиг тайлбарладаг. 90,000,000 төгрөгийг ******* өөрийн хувийн эд хөрөнгөө барьцаалж авсан гэж сүүлийн үйл баримттай холбож тайлбарладаг. *******гийн барьцаалж авсан мөнгө нь өөр үйл баримт байгаа. Өөр, өөрөөр тайлбарлаж байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 20 дугаар талд авагдсан. Шүүхэд бодит үндэслэл чухал уу, үйл баримтуудыг зохиож тайлбарлах нь чухал уу гэдэг нөхцөл байдлыг дүгнүүлэхийг хүсэж байна гэжээ.

8. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

8.1 Бодит үйл баримт, нотлох баримтаар банкнаас авсан зээлээс 242,500,000 төгрөгийг ******* нь өөрийн хамаарал бүхий хүмүүст зээлүүлсэн. Энэ үйл баримтын талаар аудитын дүгнэлтэд тусгагдсан байхад шүүх тусдаа шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдлыг шүүх тогтоох боломжгүй болгоход шууд нөлөөлсөн гэж үзэж байна.

8.2 Хариуцагчийн нэмэгдүүлсэн сөрөг шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар банкнаас авсан зээлээсээ Х.*******т очсон мөнгө биш болохыг, зээл авахаас өмнө ашиг болгон дүгнэж хуваарилсан болон бусад хамаарах үйл баримтуудыг баримтаар нотолж, үндсэн нэхэмжлэлийн татгалзлыг нотлох боломжгүй болгосон. Мөн ******* нь банкнаас авсан зээлээс 242,500,000 төгрөгийг бусдад шилжүүлснээр компанийг хохиролд оруулсан, банкны зээл өнөөдөр найдваргүй зээл болсон, энэхүү шаардлагыг шүүхээр тусдаа шийдвэрлүүлэх боломжгүй юм.

8.3 Шүүх 25,694,936 төгрөгийн хувьд дүгнэж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн Х.******* хувьдаа авч завшсан гэсэн бодит байдлаас өөрөөр тайлбарласан шаардлагын үндэслэл, тайлбарт үндэслэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж дүгнэх ёстой байтал шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгчөөс тодруулж, нэхэмжлэгчээс гэрээний үүрэгтэй эсхүл хуулиар хүлээсэн үүрэг зөрчсөн эсэхтэй холбогдох нөхцөл байдлыг тодруулсныг шүүх үнэлж үзсэнгүй.

8.4 Барааны тэмдэгтийн эзэмших гэрчилгээ, барааны тэмдэгтийн өмчлөх онцгой эрх болон барааны тэмдэгтийн хэрэглэх ашиглах эрх зэрэгт ялгамжтай дүгнэлт өгөөгүй. *******гаас гомдол гаргаагүй хүчин төгөлдөр захиргааны акт байгаа. Зохиогчийн эрхийн тухай хуулийн зохицуулалт, Захиргааны ерөнхий хууль, хууль бус үйлдэлгүй нөхцөл байдлыг шүүх дүгнэж үзээгүй.

 

8.5 Нэхэмжлэгч 140,000,000 төгрөгөөр компанийн хувьцааг худалдан авсан гэж анхны нэхэмжлэлдээ тайлбарладаг, гэрч үүнийг үгүйсгэдэг. Гэрч болон нэхэмжлэгч нар ашиг сонирхол нэг. Өнгөрсөн үйл явдалд баримтыг ашиглан шүүхэд өөрөөр тайлбарлан мөнгө гаргуулах үйл явдал болгож байсан нь тэдний зөрүүтэй мэдүүлэг, шүүхэд өгсөн үнэлэгдэх боломжгүй баримтуудаар нотлогддог. Нэхэмжлэгчээс 670,000 төгрөгөөр хувьцааны эрхийг худалдаж авсан гэж тайлбарлаад 67 хувь нь ******* нь хууль ёсны эрхтэй гэж анх эрх үүссэнээ тайлбарлаж, 17 хувьд холбогдуулан шаардлага гаргасан. Нотариатын баталсан болон өөрийн эрхийг үүсгэсэн гэрээг хууль бус гэж тайлбарладаг. Уг гэрээтэй холбогдуулж маргаан гаргаж байгаагүй. Гэрч нэхэмжлэгч нар нь үйл баримтыг зохиож, өөрөөр тайлбарлан Х.******* 17 хувь эзэмших ёсгүй, хүсэл сонирхол биш байсан гэж шүүхэд худал мэдүүлдэг.

Иймд *******гийн нэхэмжлэл, хувьцаа эзэмшигч миний эрхийг хязгаарлаж, гүйцэтгэх захирлын нэрийн өмнөөс гэж нэхэмжлэл гарган шаардах эрхээ тодорхойлж байгаагаас эхлэн бүхэлд хэргийн үйл баримтыг хянан үзэж, бодит үйл баримтыг нотлох баримтад үндсэн түүний хууль зөрчиж, миний эрхийг зөрчсөн үйл баримтыг тогтоож өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

9.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан. 91,000,00 төгрөгтэй холбоотой асуудалд тэр данс ямар ч хамааралгүй. 100,000,000 төгрөгийн зээл 5062213896 дугаарын данс руу орж ирээд 60,000,000 төгрөгийг нь авч хэрэглээд, 30,000,000 төгрөгийг бэлнээр авч хэрэглэсэн. Хөгжлийн банкнаас авсан 90,000,000 төгрөгтэй энэ данс хамааралгүй. Борлуулсан бараа бүтээгдэхүүний 25,000,000 төгрөгтэй холбоотой асуудал дансанд хамааралгүй. Аудитын дүгнэлтээр 115,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч акт үйлдсэн. 100,000,000 төгрөг аваад үлдэгдэл 91,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалт гэж тайлбарлах боловч хөрөнгө оруулалт гэдгийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

9.2 Харин хэрэгт зээлийн гэрээ болон зээл хүлээн авсан талаарх баримт байгаа. Зээл хүлээн авсан баримтад ЗГ18005580 тоот зээлийн гэрээний эхний хэсэг гэсэн утгатайгаар өөрийн гарын үсгээ зурж зээлийг хүлээн авсан. Банкны дансанд орсон мөнгийг захиран зарцуулах эрх байхгүй байсан гэж тайлбарлаж байна. Х.*******ийн өөрийнх нь гарын үсэгтэй баримт байхад авснаа хүлээн зөвшөөрөөд энэ бол зээл биш, хөрөнгө оруулалт гэж маргаж байгаа. Хаа хамаагүй өмнө нь үүссэн өөрийнхөө өр төлбөрийг жилийн дараа танихгүй хүнээр төлүүлээд зээлээ өөрөө төлөхгүй, хөрөнгө оруулалт гэж маргаад зогсож байна. 340,000,000 төгрөг, 242,000,000 төгрөгтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэл нэхэмжлээгүй.

9.3 2010 онд байгуулагдсан компанийн дүрэм дээр компанийн тэмдэг нь компанийн өмч юм гэж заасан. 3 дахь хувьцаа эзэмшигч солигдох үеэр 2 хувьцаа эзэмшигчийн хийсэн гэрээг ашиглаад 01 дүгээр сард ******* гараад, 02 дугаар сард ******* орж ирэхэд хүсэлт гаргаад компанийн өмчийг өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн байсан. Нотлох баримт болон эрх хязгаарласантай холбоотой ямар нэгэн нөхцөл байдал тогтоогдоогүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК, ******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг, орлогын мөнгөнөөс хувьдаа авч завшсан 25,694,936 төгрөг, бусдад төлөх зээлийн төлбөрт төлсөн 91,000,000 төгрөгийг тус тус гаргуулах, Х.*******ийн нэр дээр байгаа ******* ХХК-ийн өмч болох ******* ******* барааны тэмдгийн гэрчилгээг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, Х.*******ийн эзэмшиж байгаа ******* ХХК-ийн 17 хувийн хувьцааг хувьцаа бэлэглэгч *******д буцаан шилжүүлэхийг тус тус даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1 Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, зээлээс хувьдаа авсан 92,849,180 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

3. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-ээр ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч ******* нь өөрийн эзэмшлийн 67 хувийн хувьцааны 50 хувийг *******д, 17 хувийн хувьцааг Х.*******т тус тус шилжүүлснээр ******* ХХК-ийн нийт хувьцааны 50 хувийг *******, үлдэх 50 хувийг Х.******* тус тус эзэмшиж байгаа үйл баримтын талаар зохигч маргаагүй.

4. ХХК-ийн ******* ХХК 2019-2021, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны Гүйцэтгэлийн аудитын тайлан-аар хувьцаа эзэмшигч Х.******* болон ******* нар нь тус бүр 90,000,000 төгрөгийг хоёр тал зөвшөөрч гарын үсэг зурснаар хасч авлагад оруулсан талаар тусгасан. Мөн Хувьцаа эзэмшигчдийн авлагын жагсаалт гэх баримтад *******, нарын авлагын тооцоо 25,694,936 төгрөг гэж тусгаж, талууд гарын үсгээ зурсан байна. /1хх 45-58, 80/

4.1 Дээрх баримтад тусгаснаар хариуцагч Х.******* нь 2021-2022 онд ******* ХХК-иас нийт 90,000,000 төгрөгийг бэлнээр, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 25,694,936 төгрөгийг бэлэн бусаар, мөн бараа авсан нь тогтоогдсон.

4.2 Анхан шатны шүүх хариуцагчийг дээрх нийт 115,694,936 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар, мөн бараа хэлбэрээр ******* ХХК-иас авсныг талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй. Учир нь, хариуцагч нь дээрх мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, мөн буцаан төлсөн талаар маргаагүй. Харин хариуцагч нь компанийн ногдол ашиг гэж тайлбарласан татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийн ...******* ашиг гэж хуваарилсан харилцаа, ... 25,694,936 төгрөгийн хувьд шүүх бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.3 Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 115,694,936 төгрөгийг шаардах эрхтэй. Уг шаардах эрхийг гүйцэтгэх удирдлага болох ******* хэрэгжүүлсэн нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

5. Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/132 дугаар тушаалаар ******* ******* барааны тэмдгийн гэрчилгээг эзэмших онцгой эрхийг Х.*******т олгожээ. /1хх 87/

5.1 ******* ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт Бэлгэдэл, барааны тэмдэгтийн загварыг хувьцаа эзэмшигчдийн хурлаас баталж, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байх ба тэдгээрийн хэрэглэх эрхийг зөвхөн компани эдэлнэ гэж заажээ. /1хх 8 ар тал, 2хх 47/ Өөрөөр хэлбэл, тухайн барааны тэмдгийн гэрчилгээг эзэмших онцгой эрхийг хэдийгээр хариуцагч эзэмшиж байх боловч компанийн дүрэмд уг эрхийг компани эдлэх талаар заасан байна. Иймд хариуцагч нь 50 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд ******* ******* барааны тэмдгийн гэрчилгээг нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөх үүрэгтэй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК дахь өөрийн эзэмшлийн хувьцааны 17 хувийг хариуцагч Х.*******т бэлэглэсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд Х.*******ийн эзэмшиж байгаа ******* ХХК-ийн 17 хувийн хувьцааг бэлэглэгч *******д буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв.

7. ******* ХХК болон ББСБ ХХК-уудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 100,000,000 төгрөгийн, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан байна. /1хх 159-160/

7.1 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт, гэрчийн мэдүүлгээр ******* нь Х.*******ийн өмнөөс зээл төлсөн гэж эргэлзээгүй тогтоогдоогүй, мөн ББСБ ХХК-ийн захирал ******* нь өөрийн хамаарал бүхий ******* ХХК-д зээл олгосон, төлөлт хийсэн, Зээл хаасан тухай баримтыг үйлдсэн гэж дүгнэж, нэхэмжлэгч *******гийн 91,000,000 төгрөгийг хариуцагч Х.*******ээс гаргуулах шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь хариуцагч Х.*******ийн үүргийг түүний өмнөөс биелүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдоогүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

8.1 ХХК-ийн ******* ХХК 2019-2021, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны Гүйцэтгэлийн аудитын тайлан болон Хувьцаа эзэмшигчдийн авлагын жагсаалт-аар нэхэмжлэгч ******* нь 90,000,000 төгрөгийг зээлж авсан, мөн бусдаас авч бараа авсан 2,849,180 төгрөгийг компанид төлөх үүрэгтэй болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гаас 92,849,180 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн зөв. Учир нь, Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлд зааснаар 50 хувийн хувьцаа эзэмшигч Х.******* нь үлдэх 50 хувийн хувьцаа эзэмшигч *******гаас дээрх мөнгөн хөрөнгийг гаргуулж ******* ХХК-д олгуулахаар шаардах эрхтэй.

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн ...компанийн эзэмшдэг Хаан банкны 5062213896, 5111503537 тоот, Худалдаа хөгжлийн банкны тоот дансны хуулгыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тус тус гаргуулах хүсэлтийг шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШЗ2023/10130 дугаар захирамжаар ...хэрэгт ямар ач холбогдолтой, улмаар хариуцагчийн татгалзалтай хэрхэн холбоотой болохыг хүсэлтдээ дурдаагүй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. /1хх 140-141/

9.1 Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2024/04070 дугаар захирамжаар ...нэмэгдүүлж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй холбоотой гэж үзэх үндэслэлгүй гэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2024/00761 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******, хариуцагч Х.******* нарын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,077,196 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 806,625 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН