Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 265

 

 

 

 

 

 

 

 

    2019        03           28                                     265

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Баярмаа,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч: Б.Болор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чо Болорд холбогдох эрүүгийн 1805 0066 60262 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 500 000 төгрөгийн орлоготой, ам бүл 3, ээж, Болор.

 

  Шүүгдэгч Б.Болор нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны Бичил дэх салбараас өөрийн дансанд байсан иргэн Б.Энхзаяагийн сургалтын төлбөр болох 339 000 төгрөг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Болор мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсогсон яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлыг бүрэн төлсөн. Дахиж ийм үйлдэл хийхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.Энхзаяа мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 15-нд манай найз Аюушийн найз залуу болох Болор-Эрдэнийн 5018573125 гэсэн Хаан банкны карт руу ээж маань Өвөрхангай аймгаас 415 000 төгрөг шилжүүлж, би тэр мөнгийг нь сургалтын төлбөртөө төлөх ёстой байсан. Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-2-69 тоотод найз Аюушийнд 2017 оны 12 дугаар сарын 15-ны 17 цагийн үед очсон. Тэгээд тэр өдөр ээж хөдөөнөөс “мөнгө шилжүүлье, хаан банкны данс олоодох” гэсэн. Тэгээд би “хөдөөнөөс мөнгө төгрөг авах хэрэгтэй байна” гээд Болорд хэлэхэд “найзынхаа картыг хэрэглэж болно” гэсэн. Тэгээд ээж рүү залгаад Болор-Эрдэнийн дансыг ээжийн 99327735 гэсэн дугаар руу өөрийн 99748647 гэсэн дугаараас мессежээр явуулсан. Тэгээд би 20 цагийн орчимд Болор-Эрдэнийн виза картыг аваад Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн гэр рүүгээ явсан. Маргааш, нөгөөдөр нь амралтын өдөр байсан болохоор Болор-Эрдэнийн картнаас мөнгөө авч амжаагүй. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн орчимд Зурагтын хуучин эцсийн Хаан банкны АТМ-аас мөнгө авах гэхэд пин кодоо хийхэд цуцлагдаад, виза картыг буцаагаад байсан. Тэгээд Аюушийн гэр рүү очоод энэ талаар Аюушд хэлэхэд виза картыг хаалгачихаар ингэдэг юм гэсэн. Би 385 000 төгрөгөө алдсан гэжээ. (хэргийн 13-14 дүгээр хуудас)  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-Б.Аюуш мэдүүлэхдээ:

Энхзаяа нь Болорэс өөр банкны виза карттай хүн байхгүй байсан учраас түүний виза картыг түр гуйж авч ашиглахаар болоод дансны дугаарыг нь өөрийнхөө ээж рүү явуулж, Б.Болор-Эрдэнийн дансанд нь мөнгө хийлгэсэн юм. Тэгээд би өөрийн найз Лхагвадоржийг Болор гадуур хоноод ирэхээр нь миний найз залуу гэж танилцуулаад гэртээ дагуулаад ирсэн юм. Тэгтэл тэр өдрөө Болор нь өөрийнхөө эмээг эмнэлэгт очиж харж хононо гэж хэлээд гараад явсан. Харин тэр өдрийн орой нь Энхзаяа дэлгүүрт картаа уншуулах гэхэд болохгүй байна гэж хэлснээр Болор-Эрдэнийг хайж олж ирсэн боловч Болор түүнээс хойш нэг ч удаа эргэж ирээгүй, холбоо бариагүй. Болор-Эрдэнийн картыг Энхзаяа нь 2-3 хоног ашигласан юм. Болор-Эрдэнийн дансанд хийсэн мөнгө нь Энхзаяагийн сургалтын төлбөрийн үлдэгдэл байсан юм гэжээ. (хэргийн 47-48 дугаар хуудас) 

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Болор ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 37 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Болор нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны Бичил дэх салбараас өөрийн дансанд байсан хохирогч Б.Энхзаяагийн сургалтын төлбөр болох 339 000 төгрөг авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Энхзаяа, гэрч Б.Аюуш нарын мэдүүлэг, Хаан банкны 2017 оны 12 дугаар сарын 01-нээс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Болорд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй.

 

Хохирогч Б.Энхзаяа нь хохирлоо бүрэн хүлээж авсан учраас цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн нь мөрдөгчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэлээр нотлогдож байх тул Б.Болор-Эрдэнийг хохирогчид төлөх ёстой 339 000 төгрөгийг бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Болор нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Болор-Эрдэнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Болор-Эрдэнийг 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Болор нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Болор цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Болорд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.ОЮУН