Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 270

 

 

 

 

 

 

 

 

     2019         4             01                                    270

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                     

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Баярмаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч: Б.Зориг  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Зориг т холбогдох эрүүгийн 1905 013420352 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, марктингийн менежир мэргэжилтэй, Зориг .

 

Шүүгдэгч Б.Зориг  нь 2019 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И-Март худалдааны төвийн орчим маргааны улмаас Н.Гантулгыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Зориг  мэдүүлэхдээ:

Тулга  бид хоёр хамтарч бизнес хийгээд 2-3 жил болж байгаа юм. 2019 оны 3 дугаар сарын 13-ны шөнө би Тулга д “чи идэвхтэй байхгүй бол чи бид хоёрын бизнес дампуурах нь байна шүү” гэж хэлж, шаардлага тавихад Тулга  “чи юу яриад байгаа юм бэ” гээд маргасан. Тэгээд Тулга  бид хоёр зодолдсон. Зодолдож байхдаа бид хоёр хамт газар унасан бөгөөд унахдаа би түүний чихнээс нь хазчихсан. Тухайн үед миний нүүр амнаас цус гарсан байсан. Гэхдээ би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Найзынхаа эмчилгээний зардлыг олох гээд гомдол гаргаагүй юм. Гантулгын эмчилгээний зардалд бид хоёр харилцан тохиролцож би түүнд нийт 22 500 000 төгрөгийг төлж, уучлалт гуйсан. Одоо бид хоёр эвлэрсэн, Тулга  гомдол, саналгүй гэж хэлсэн. Уураа хяналгүй найздаа гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байгаа. Цаашдаа өөрийгөө сайн хянаж байх болно гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Н.Тулга  мэдүүлэхдээ:

2019 оны 3 дугаар сарын 13-ны шөнө 01 цагийн үед хамт ажилладаг найзууд болох Золбоо, Зориг , Батжав нарын хамт бааранд орсон юм. Бааранд ороод хүний гурав, гурван шил пиво уусан. Баарнаас гарахын өмнөхөн 0.7 литрийн Эдин нэртэй архи авч уусан. Бид хэдийг баарнаас гарахын өмнө Батжав түрүүлээд ганцаараа явсан. Зориг , Золбоо бид гурав баарнаас 04 цагийн орчим гарсан. Гараад баарны гаднаас такси бариад эхлээд хороололд байдгаар нь Зориг ийг буулгаж өгөхөөр явсан. Такси дотор явж байх замдаа Зориг  хийж байгаа ажилтайгаа холбоотойгоор “та хоёр юу ч хийхгүй байна” гээд тунирхсан маягтай зүйл яриад Золбоо бид хоёр руу дайраад эхэлсэн. Би “юу гэж тийм юм байхав дээ, хаана, хэн тэгж амиа бодоод байгаа юм” гэж хэлээд маргалдсан. Таксины урд Зориг  суусан байсан юм. Тэгснээ эргэж хараад гар хөлөөрөө савчаад Золбоо бид хоёр руу дайраад байсан тул таксины жолооч “та нар больцгоо, гарч учраа олцгоо” гээд хорооллын эцсийн И-Мартын ойролцоо бид гурвыг буулгаад яваад өгсөн. Таксинаас буугаад Зориг  над руу дайрсан. Тэгээд бид хоёр харилцан зодолдсон. Зориг  над руу дайраад, би өөдөөс нь цохиж холдуулаад би хойшоогоо ухраад алхаж байтал замын боржууранд тээглээд хойшоогоо тархиараа саваад унасан. Намайг унасан чинь миний дээр Зориг  гарч ирээд дээрээс дэвсээд чихнээс хазсан. Тэгтэл миний чих их өвдөж, миний чихийг сэтэлчихлээ гэж бодоод “Золбоо энэ яаж” гэхэд “аймар болчихжээ, чих чинь тасарчихаж” гэж хэлсэн. Би тэрийг нь сонсоод шоконд орсон. Тэгээд Золбоо намайг аваад гэмтлийн эмнэлэг орсон. Гомдолтой байна. Энэ асуудлаас болоод ажлаа хийж чадахгүй, банкны өр нэхэгдээд маш их дарамттай байна.

  2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 3 565 400 төгрөгийн эмчилгээ хийлгээд байна. Бүх эмчилгээ баримттайгаа байгаа. Одоо цаашид 3 удаа хагалгаанд орно. Нэг удаа хагалгаанд ороход 1 500 000 төгрөг болж байгаа. Гомдолтой байна. Өөрт учирсан бүх зардлаа гаргуулж авмаар байна. Ямар ч байсан бүтэн чихтэй л болмоор байна. Түүнээс өөр илүү дутуу мөнгө Зориг оос авах шаардлага байхгүй.

Зориг  нь надаас уучлалт гуйж, миний эмчилгээний төлбөрт 22 500 000 төгрөг төлж, бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Миний бие ямар нэгэн гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 29-30, 52, 62 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Г.Золбоо мэдүүлэхдээ:

2019 оны 3 дугаар сарын 13-ны шөнө Батжав, Зориг , Тулга  бид 4 уулзаад 10 дугаар хорооллын “Стелла” баар орж, пиво, нэг шил архи уусан. 04 цаг өнгөрч байхад Зориг , Тулга  бид гурав гарсан. Батжав түрүүлээд харьсан. Баарнаас гараад такси бариад хорооллын эцэс рүү Зориг ийг буулгах гээд явсан. Таксигаар явж байхдаа Зориг  бид хоёрт хандаж “та хоёр идэвхгүй ажиллаж байна. Би ганцаараа хийгээд байна” гэхэд Тулга  өөдөөс нь үг сөргөлдөж “чиний хийж байгаа гэж юу байдаг юм” гээд маргалдсан. Хорооллын эцсийн Дархан плазагийн ойролцоо явж байтал таксины жолооч уурлаад “машин дотор маргахгүй шүү, буу, мөнгөө өг” гэхээр нь таксины жолоочид мөнгөө өгөөд буусан. Намайг мөнгө өгч байх хооронд Зориг , Тулга  хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн байсан. Тэд харилцан зодолдож, Тулга  Зориг оос арай өндөр учир Зориг ийг хэд хэдэн удаа цохисон. Зөрүүлээд Зориг  Гантулгыг цохиж байснаа Зориг  Гантулгын дээр нь гараад тэврээд унасан. Тэгтэл Тулга  чихээ бариад орилоод босоод ирсэн. Гантулгын чихнээс нь цус гарсан байсан, Зориг ийн хамраас цус гарсан байхаар нь би ойролцоо байрлах ТҮЦ-нээс нойтон салпетк аваад Гантулгын цусыг дараад, Гантулгыг дагуулаад гэмтлийн эмнэлэгт орсон. Гэмтлийн эмнэлэг дээр байхад Зориг  хойноос ирсэн. Гэмтлийн эмч “бинт аваад ир” гээд Зориг  эмийн сан орж бинт авчирч өгсөн. Эмч чихийг нь оёж дууссаны дараа гэмтлийн эмнэлгийн гаднаас бид гурав такси бариад явсан гэжээ. (хэргийн 14 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3358 тоот дүгнэлтэд:

1. Н.Гантулгын биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсгээс чихний омог хүртэл үргэлжилсэн ар, урд хэсгийн эдийн дутагдал бүхий хазагдсан шарх, зүүн хацар, духны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаална гэжээ. (хэргийн 9 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Ц.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ:

  Н.Гантулгын биед учирсан дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсгээс чихний омог хүртэл үргэлжилсэн ар, урд хэсгийн эдийн дутагдал бүхий хазагдсан шарх, зүүн хацар, духны зулгаралт бүхий хазагдсан шарх гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Эдийн дутагдал бүхий хазагдсан шарх нь хүн хазсаны улмаас үүснэ. Зүүн хацар, духны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. (хэргийн 10 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Зориг  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Зориг  нь 2019 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И-Март” худалдааны төвийн орчим хохирогч Н.Тулга тай маргалдан зодож, улмаар түүний чихийг хазаж, эрүүл мэндэд нь дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсгээс чихний омог хүртэл үргэлжилсэн ар, урд хэсгийн эдийн дутагдал бүхий хазагдсан шарх, зүүн хацар, духны зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Тулга , гэрч Г.Золбоо, шинжээч Ц.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3358 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Б.Зориг ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Хохирогч Н.Тулга  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой 3 565 400 төгрөгийн баримтыг нотлох баримтаар гаргаж,  “Б.Зориг  нь надаас уучлалт гуйж, эмчилгээний төлбөрт 22 500 000 төгрөгийг төлж барагдуулж, бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Зориг  өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Зориг ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Зориг ийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Зориг  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Зориг  цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 22 500 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Зориг т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН