Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 271

 

 

 

 

 

 

 

 

   2019          4            01                                     271

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Баярмаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан,

шүүгдэгч: Ж.Баасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баасант холбогдох эрүүгийн 1805 0507 71158 тоот дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Угтаал цайдам суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баасан.

 

Шүүгдэгч Ж.Баасан нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ” төвийн ард талын Хаан банкны АТМ дээр зогсож байхдаа иргэн Э.Мөнхзаяагийн Ай фоне-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 760 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ж.Баасан мэдүүлэхдээ:

2018 оны 9 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн үед хорооллын эцэст явж байхад “Хаан банк”-ны АТМ-ийн хажууд явж байсан ноосон цамцтай нэг эмэгтэй утсаа халаасандаа хийхээр нь түүний гар утсыг нь авчихсан юм. Тэгээд тухайн өдрөөс хойш 4-5 хоногийн дараа Нийслэлийн цагдаагийн хэлтсээс дуудаад байцаалт авах гэсэн юм гэхээр нь би очоод утсыг нь өгсөн. Одоо дахиж ийм үйлдэл хийхгүй, би гэм буруугаа хүлээж, ойлгож байна. Цаашдаа ажил хийж амьдрах болно. Нялх хүүхэдтэйг минь харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Мөнхзаяа мэдүүлэхдээ:

2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах Дүүхээ худалдааны төвийн Хаан банкны АТМ дээр 19 цаг 30 минутын үед дараалал хүлээж зогсож байхдаа халааснаасаа өөрийн Ай фоне-7 загварын гар утсаа алдсан. Утсаа алдсанаа Дүүхээ худалдааны төвд ороод мэдсэн. Миний алдсан гар утас цамцны зүүн талын халаасанд байсан. Алдсан утсаа 2018 оны 5 дугаар сард 850 000 төгрөгөөр хувь хүнээс авч байсан гэжээ. (хэргийн 7-8 дугаар хуудас)

 

“Дамно” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 760 000 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 13 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ж.Баасан ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

            Шүүгдэгч Ж.Баасан нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ” төвийн ард талын Хаан банкны АТМ дээр зогсож байхдаа хохирогч Э.Мөнхзаяагийн Ай фоне-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 760 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Мөнхзаяагийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай ба шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгажээ. 

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Баасант холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

 

Ж.Баасанийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг нийтэд тустай ажлын 8 цагаар тооцож, түүний эдлэх ялаас 16 цагийг хасах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдлаа. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Баасанийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Баасанийг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Баасан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлэхийг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар Ж.Баасанийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг нийтэд тустай ажлын 8 цагаар тооцож, түүний эдлэх ялаас 16 цагийг хассугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Баасант хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН