Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 278

 

 

 

 

 

 

 

 

    2019         4             02                                   278

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                     

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Буянхишиг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд,

шүүгдэгч: Т.Алтан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Алтанд холбогдох эрүүгийн 1905010410312 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолооор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлсэн, Алтан.

 

Шүүгдэгч Т.Алтан нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зит” зочид буудлын гадна хамтран амьдрагч Д.Оюунтунгалагийг хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Т.Алтан мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн яллах дүгнэлтэнд үйлдсэн хэргийн талаар үнэн зөв бичигдсэн байна. Би дахиж хохирогчийн эрх чөлөөнд халдахгүй. Бид эвлэрч, одоо хамт амьдарч байгаа. Хохирогчийн зүгээс ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй учраас төлсөн зүйл байхгүй. Улсын яллагчийн ялын саналыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Оюунтунгалаг мэдүүлэхдээ:

Би Т.Алтантай 2009 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд бид хоёр дундаасаа нэг охинтой. Охин маань одоо 9 настай, 3 дугаар ангид сурдаг. Манай хамтран амьдрагч Алтан намайг байнга зоддог бөгөөд архи их уудаг. Архи уух болгондоо намайг хардаад зодоод байдаг. Би өмнө нь цагдаагийн байгууллагад агсам согтуу тавиад байхаар нь дуудлага өгч байсан бөгөөд өргөдөл гаргаж шалгуулж байгаагүй. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 14-15 цагийн үед СӨХ-д ажилладаг Мөнхбаяр гэдэг залуу намайг “байрны хажуугийн буудалд байна, надад тамхи авчраад өгөөч, би босч чадахгүй байна” гэж утсаар ярихаар нь би тамхийг нь “Зэт” нэртэй зочид буудал руу оруулж өгөөд тамхийг нь ширээн дээр тавиад эргэж хартал Алтан араас согтуу, буудал руу орж ирээд Мөнхбаярын нүүр рүү цохиод, намайг Мөнхбаяртай хардаад гартаа чулуу барьж байгаад миний баруун нүдний хэсэг рүү цохиж гэмтээгээд, намайг “чи муу юу хийж байгаа юм бэ” гээд доромжлоод байсан. Тэгээд миний нүднээс цус гараад буудлаас гарч ирэхэд СӨХ-ийн дарга Энхтуяа эгч буудлын гадна ирж таарсан. Тэгээд Энхтуяа эгч цагдаад дуудлага өгөөд Алтанбаганыг авч явах гэтэл Алтан цагдаагаас зугтаад явсан. Тэгээд би өргөдөл гаргаж өгөх гэтэл манай хамтран амьдрагч Алтанбаганы дүү Цэндээ гэж эмэгтэй ирээд “цагаан сар удахгүй болох гэж байхад би ахыгаа аваад явъя” гээд надаас гуйгаад намайг гэмтлийн эмнэлэг рүү авч яваад үзүүлсэн. Намайг гэмтлийн эмч үзээд “нүдний зураг авахуул, хамрын яс хугарсан байна, нүдэнд цус хурсан байна, нүдний хагалгаанд орох шаардлагатай байна” гэсэн. Тэгээд гэмтлийн цагдаад бүртгүүлэх гэхэд Алтанбаганын дүү намайг “цагдаад хэлээд хэрэггүй, бид нар таныг эмчлүүлнэ” гээд намайг эмнэлгээс авч гарсан. Тэгээд би СӨХ-ийн Мөнхбаяраас 100 000 төгрөг зээлээд тархины зургаа авахуулсан ба бас нүүрний зургаа гэмтлийн эмнэлэгт авахуулсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Алтан гэртээ согтуу ирээд намайг 3 дугаар орцны жижүүр Мөнхжаргал гэх эрэгтэйтэй хардаад над руу юм авч шидээд байхаар нь манай охин Урангоо цагдаа дуудаад өгөөч гээд хүнд хэлээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирээд Алтанбаганыг авч яваад эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн. Миний хамрын яс хугарсан, баруун нүдэнд цус хурсан, нүдний хагалгаанд орох шаардлагатай гэсэн.

Би өөрийн гаргасан гомдолдоо Алтан нь байнга намайг зодож, дарамталдаг гэж уурандаа тэгээд бичсэн. 2012 онд зодож байсан. Сүүлийн жилүүдэд зодох нь багассан. Би Алтантай эвлэрчихсэн, хамт амьдарч байгаа.

Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Би Алтантай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 9, 24-25, 53 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Пэрэнлэй мэдүүлэхдээ:

Хэргийн талаар мэдэхгүй. Гэхдээ он, сар, өдрийг нь санахгүй байна. Би 2019 оны 01 дүгээр сарын эхээр ах Алтан руу залгасан чинь Алтан ах “би Оюунтунгалагийг зодчихлоо, чи хүрээд ирээч” гэж хэлэхээр нь гэрт нь очсон чинь Оюунтунгалаг эгч нүүр нь хавдчихсан, 9 настай охин Урангоогийн хамт байсан. Би юу болсон талаар асуухад “ах чинь намайг хардаад зодчихлоо” гэж хэлсэн. Удалгүй гаднаас ах Алтан орж ирсэн. Алтанас юу болсон талаар асуухад “ах нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Оюунтунгалагийг хардсаны улмаас зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би дагуулан гэмтлийн эмнэлэг, шүүх эмнэлэгт үзүүлсэн. Оюунтунгалагын баруун талын хацар хавдаж, хөхөрсөн байсан. Өөр гэмтэл шарх харагдаагүй гэжээ. (хэргийн 26-27 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2340 тоот дүгнэлтэд:

1. П.Оюунтунгалагийн биед хамар ясны хугарал, хамар, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Т.Алтан нь Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолооор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 38 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Т.Алтан нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зит” зочид буудлын гадна хамтран амьдрагч, хохирогч Д.Оюунтунгалагийг бусадтай хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Оюунтунгалаг, гэрч Т.Пэрэнлэй нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2340 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Т.Алтанбаганыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч нбаганыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т.Алтанбаганыг 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Алтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Алтан цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүйг дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Алтанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ОЮУН