Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 851

 
 

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2016/00851

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С А //-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Жд холбогдох,

Хүү Ж.Билгүүнд хуулийн дагуу 18 нас хүртэл нь эцэг Ц.Ж-с хүүхдийн тэтгэлгийг тогтоолгох мөн өмнө нь авч чадаагүй 7 жил 4 сарын тэтгэлгийг нөхөж гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.А-, хариуцагч Ц.Ж-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, шүүх хуралдааны нарын бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж- овогтой Билгүүн нь 2005 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 341 дүгээр шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлгийг эцэг Ц.Ж-с авдаг байсан. Миний хүү одоо 16 настай ерөнхий боловсролын сургуульд суралцдаг бөгөөд хичээлдээ сайн. Амьдралын тарчиг байдлаас болж сурч боловсрох, идэж уух, өмсөх эрхийг нь зөрчихөд хүрч байна. Иймд энэ бүх байдлыг харгалзан үзэж хуулийн дагуу 18 нас хүртэл нь Ж.Билгүүнд Ц.Ж-с хүүхдийн тэтгэлгийг үргэлжлүүлэн тогтоолгох мөн өмнө нь авч чадаагүй 7 жил 4 сарын тэтгэлгийг нөхөж гаргуулж өгнө үү.

Хариуцагч Ц.Ж- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг хүүхдээ харж үздэггүй гэж ярьж байна. Анх хүү Ц.Ж- төрөхөд бие нь их муу төрсөн. Би эмнэлгийн шалан дээр сахиж хэвтэж байгаад хүн болгож авсан. Мөн хүүг маань гурван сар хүртэл миний дүү Ц.Ичинхорлоо асарч байсан. Тухайн үед би жолооч хийдэг байсан бөгөөд нэг найзтайгаа хамт тээвэрт явдаг байсан. Нэг удаа тээвэрт явахад 2.000.000-3.000.000 төгрөгийн хөлс авдаг байсан. Нэг удаа тээврийн хөлс гээд 2.000.000 гаран төгрөгийн бараа авсан. Тэр бараагаа аваад гэртээ ирсэн. Тухайн үед барааг С.А- зах дээр очиж зарж л байсан. Тээврээс ирчихээд 2 хоног явчихаад иртэл гэрийнхээ өнгөтэй өөдтэй болгоныг аваад хадам аавын гэрт оруулаад хураачихсан байсан. Нэг диван ор хаалгаар багтахгүй үлдээгээд бусад гэрийн эд хогшил болон миний авчирсан барааг бүгдийг нь авчихсан байсан. Тиймээс би гэрээ ачаад явсан. Тухайн үед Увс аймгийн Улаангом сумын шүүх бид хоёрын гэрлэлтийг цуцлаад, хүүхдийн тэтгэлэг тогтоосон. Шүүхээс хүү Ж.Билгүүнд 16 нас хүртэл тэтгэлэг тогтоочихсон. Учир нь миний 2.000.000 гаран төгрөгийн барааг 2 жилийн хүүхдийн тэтгэлгийн төлбөрт суутгасан гэж бодсон. Тиймээс би шүүх 16 нас хүртэлх хугацаагаар тэтгэлэг төлүүлэхээр шийдсэн гэж үзэж байна гэжээ.

Шүүх, зохигчдын тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.А- нь Ц.Ж-д холбогдуулан хүү Ж.Билгүүнд 18 нас хүртэл хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, мөн өмнө чадаагүй 7 жил 4 сарын хүүхдийн тэтгэлгийг нөхөж гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ц.Ж- нь тухайн үед 2 жилийн хүүхдийн тэтгэлэгт бодож 2.000.000 төгрөгийн бараа, болон гэрийн эд зүйлээ үлдээсэн тийм учраас 16 нас хүртэл нь тэтгэлэг төлөхөөр шүүх шийдвэрлэсэн тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Зохигчид 1997 оноос 2000 оны 6 дугаар сар хүртэл хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас Ж.Билгүүн 1999 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн бөгөөд зохигчид Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 341 дугаар шийдвэрээр гэрлэлээ цуцлуулж, 1999 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Ж.Билгүүнд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Ц.Ж-с сар бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл 100 хувиар тус тус бодож тэтгэлэг тогтоож шийдвэрлэжээ. /хх-4/

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээрхүүхдэд олгох тэтгэлгийг заасан байх ба хүү Ж.Билгүүн нь одоо 17 настай, Увс аймаг, Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит цогцолбор ---сурдаг болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, 2016 оын 4 дүгээр сарын 27-ны өдрийн 132 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр хуульд тусгажээ.

Зохигчдын дундаас төрсөн хүү Ж.Билгүүнд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр зааснаар тэтгэлэг тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.А-н Өмнө авч чадаагүй 7 жил 4 сарын тэтгэлгийг нөхөж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Ц.Ж-н 2.000.000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт бодож 16 нас хүртэл нь тэтгэлгийг тогтоосон гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан бичгийг нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байна.

Хариуцагч Ц.Ж-нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар ...тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурдах нь зүйтэй байна.

Иймд С.А-н хүү Билгүүнд 18 нас хүртэл хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тэтгэлэг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба нэхэмжлэгч С.А-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас гаргуулан буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож хариуцагч Ц.Ж-с 28.209 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40.1.2-д зааснаар 1999 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Ж.Билгүүнд 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Ж-р тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Хас банкны Төв аймгийн Зуунмод сумын 5001196835 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч С.А-д буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 28.209 төгрөгийг хариуцагч Ц.Ж-с гаргуулан улсын орлогод оруулсугай

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар хариуцагч Ц.Ж-н шүүхийн энэ шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.АЛТАНТУУЛ