Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 288

 

 

 

 

 

 

 

 

     2019         4            04                                    288

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар,

хохирогч: О.Цэвэл, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү /2139/,

шүүгдэгч: Ж.Намжил, түүний өмгөөлөгч О.Ганцэцэг /2149/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намжилд холбогдох эрүүгийн 1805 0094 50438 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын гааль, татварын байцаагч мэргэжилтэй, Намжил.

 

             Шүүгдэгч Ж.Намжил нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр байрны гадна талд маргааны улмаас О.Цэвэлгийн баруун гарын 3 дугаар хурууг хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ж.Намжил мэдүүлэхдээ:

2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр манай дүү Билгүүнбат “эхнэрээсээ саллаа” гэж ярихаар би ээжтэйгээ хамт гэрт нь очсон. Намайг очиход Цэвэл, Батмягмар хоёр гарч ирээд манай дүүг загнаад зогсож байсан ба сүүлдээ манай гэрийнхнийг доромжлоод байхаар нь би машинаас буугаад очтол Цэвэл  куртикээ тайлж шидээд, над руу чичлээд дайрсан. Би тухайн үед жирэмсэн байсан болохоор өөрийгөө хамгаалах гээд Цэвэлгийн гарыг цохисон. Түүний гарыг хугална гэж бодоогүй.  Хохирогч маргалдаж байх явцдаа миний гарыг майжиж, урсан. Маргаан дууссаны дараа хохирогч миний гарын хурууг хугалчихлаа гэж хэлж байсан. Би нялх хүүхэдтэй, ажил хийхгүй байгаа тул цалингүй байгаа боловч түүний эмчилгээний зардалд нэхэмжилж байгаа 1 486 000 төгрөгийг 3-4 сарын хугацаанд төлнө. Өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж байна. Мөрдөн байцаалтын явцад мөрдөгч намайг 1 удаа л дуудсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-О.Цэвэл мэдүүлэхдээ:

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр намайг гэртээ байж байхад хүргэн дүү Билгүүнбат залгаад “ирж, дүүгээ ав” гэж хэлсэн. Тэгээд дүүгээ авах гээд очтол манай дүү байгаагүй. Гадаа нь Билгүүнбат, Билгүүнбатын ээж, эгч, ах нар ирээд гэрийн эд зүйлийг зөөгөөд байж байсан. Би “Отгондарь хаана байна, яагаад маргалдаад байдаг юм бол” гэж Билгүүнбатын ээжтэй яриад зогсож байхад машин дотроос Намжил гарч ирээд манай дүү рүү “чи юу гээд байгаа юм бэ” гээд дайраад байхаар нь би дундуур нь ороод салгаж байхад Намжил миний нүд рүү цохихоор нь би түүнийг түлхсэн. Гэтэл тэр миний гарыг хажуу тийш дарсан. Тухайн үед миний гарын хуруу өвдөөд байхаар нь мултарчихсан юм байх даа гэж бодож байтал хугарсан байсан. Одоо гар минь бүрэн атгагдахгүй, өвдөөд байгаа. Намжилаас эмчилгээний зардалд 1 486 000 төгрөг нэхэмжилж байна.. Намжил миний гарыг мушгихаар нь тавиулах гэж би гарыг нь маажсан байх. Тэр надаас уучлалт гуйж байгааг хүлээн авч, хохирлын 1 486 000 төгрөгийг 3-4 сарын хугацаанд төлнө гэсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-О.Батмягмар мэдүүлэхдээ:

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр манай эгч Цэвэл руу хүргэн Билгүүнбат яриад “дүүгээ ирээд ав” гэсэн. Тэгээд эгч намайг хамт явах уу гэхээр нь бид хоёр хамт явсан. Тэгээд дүү Отгондарийн гэрт ирэхэд Отгондарь байхгүй, Билгүүнбат юмаа машин руугаа зөөж байсан. Эгч байрны шатан дээр Билгүүнбатыг загнаад, дээшээ гэр рүү нь орсон. Дүү Отгондарь байхгүй болохоор эргэж гараад машин руу нь очоод Билгүүнбаттай уулзахад Билгүүнбатын эгч Намжил машинаас бууж ирээд над руу дайрахад эгч Цэвэл миний урдуур орж боль гэхэд эгчийг Намжил нэг удаа нүдний хэсэгт цохисон. Тэгээд эгч урдаас нь дайрахад эгчийн гарыг хойш дарсан. Эгч Цэвэл гар хугалчихлаа гэсэн чинь хохьчино гэж Намжил хэлээд байр руу яваад орсон. Билгүүнбатын ах нь намайг заамдаж авахад Билгүүнбатын ээж нь дундуур орж ирээд болиулсан гэжээ. (хэргийн 52 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Жамъянмядаг мэдүүлэхдээ:

Тухайн өдөр манай хүү Билгүүнбат над руу “ээж би хүүхдээ аваад гэртээ очмоор байна, та хүрээд ирээч” гэж залгасан юм. Би хүүгийн гэрийн гадаа очоод, машины зогсоолд машинаа тавиад, гэрт нь орсон. Тэгээд гарч ирэхэд манай машины өмнө Билгүүнбатын эхнэр Отгондарийн эгч нь Билгүүнбатыг загнаад янз бүрээр хэлээд байсан. Машин дотор манай охин Намжил сууж байгаад машинаас бууж ирээд “ээж явъя “гэхэд Цэвэл хэл амаар доромжлоод байсан. Манай охин Намжилыг Цэвэл болон хамт явсан эрэгтэй дүү нь хүртэл доромжлоод, зодох гээд ирэхэд Намжил Цэвэлг нэг удаа түлхсэн. Тэнд өөр зүйл болоогүй, Цэвэл манай охины гарыг маажсан. Цэвэл тухайн үед машины хажууд хуруу хугалчихлаа гээд орилоод бөөн юм болсон. Тэгтэл Намжил би чиний хурууг хугалаагүй, чи л өөрөө зодох гээд дайрсан биз дээ гэсэн. Тэр хоёрыг манай том хүү салгасан юм. Билгүүнбатын амьдардаг нийтийн байранд манай ээж Цэрэнтогтох болон том хүү Үнэнбат, дүү Цэрэнмядаг нар тус тусдаа өрөө түрээслэж амьдардаг. Бид нарыг гадаа хашгиралдахаар нь том хүү Үнэнбат “юу болж байгаа юм бол” гээд гарч ирээд, Цэвэлг Намжилаас салгасан. Цэвэл, эрэгтэй дүүгийнхээ хамт Намжил руу дайраад байсан юм. Тэгээд Цэвэл эмнэлэг явна гээд явчихсан. Цэвэл нь Билгүүнбатыг янз бүрээр загнаад, гуйлгачин гээд байсан. Манай охин Намжилын өмнөх хүүхэд нь 5 сартай нас барсан юм. Гэтэл Цэвэл, Намжил “чи өмнөх хүүхдээ алсан биз дээ” гээд хүний эмзэг асуудлаар нь дайрч доромжлоод байсан гэжээ. (хэргийн 54-55 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2393 тоот дүгнэлтэд:

1. О.Цэвэлгийн биед баруун 3 дугаар хурууны 3 дугаар үеийн ташуу хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 13 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Б.Даваасүрэн мэдүүлэхдээ:

О.Цэвэлгийн биед учирсан баруун 3 дугаар хурууны 3 дугаар үеийн ташуу хугарал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Энэ гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. (хэргийн 14 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ж.Намжил нь ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 75 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ж.Намжил нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр байрны гадна дүү Билгүүнбатыг өмөөрч, хохирогч О.Цэвэлтай маргалдаж, улмаар түүнийг зодон, эрүүл мэндэд нь баруун 3 дугаар хурууны 3 дугаар үеийн ташуу хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Цэвэл, гэрч О.Батмягмар, Д.Жамъянмядаг шинжээч Б.Даваасүрэн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2393 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Намжилд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Хохирогч О.Цэвэл нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой зардалд 1 486 000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Ж.Намжил маргахгүйгээр, 3-4 сарын хугацаанд төлөхөө илэрхийлж байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ж.Намжилд холбогдуулан 447 тоот яллах дүгнэлт үйлдсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2, 12.3, 12.4 дугаар зүйлд заасны дагуу прокурор яллагдагчийг мэдэгдэх хуудсаар дуудсан, мэдэгдэх хуудсаар дуудахад Ж.Намжил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол түүнийг албадан ирүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаж шүүхийн шийдвэр гаргуулаагүй, мөн байгаа газар нь мэдэгдэхгүй байгаа яллагдагчийг олох зорилгоор эрэн сурвалжлах ажиллагааг  мөрдөгчөөр хийлгээгүй, түүнийг оргон зайлсан болохыг тогтоогоогүй атлаа 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Ж.Намжилд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх авсан боловч хаана байгаа нь тодорхойгүй, гар утасны дугаар нь холбогдохгүй, хэргийг шүүхэд шилжүүлэх боломжгүй гэж 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр тус дүүргийн  прокурорын газрын ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч 447 тоот яллах дүгнэлтийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж заажээ.

 

Ж.Намжилын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба уг гэмт хэрэг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Намжилыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ж.Намжилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Намжил цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д  зааснаар шүүгдэгч Ж.Намжилаас 1 486 000 төгрөг гаргуулж, хохирогч О.Цэвэлд олгосугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Намжилд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН