Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
Хэргийн индекс | 151/2016/00831/И |
Дугаар | 865 |
Огноо | 2016-08-25 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 865
2016 оны 08 сарын 25 өдөр | Дугаар 151/ШШ2016/00865 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, Ланс, 2-р баг, Ланс 9-р гудамж, 1 тоотод оршин суух, 51 настай, эмэгтэй, Боржигон овогт Жадамбын Оюундалай /РД:НС65072869/,
Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Оюундалай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1965 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн. Авто замын Ерөнхий газрын харъяа Зам барилга ашиглалтын конторын даргын 1982 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 153 тоот тушаалаар конторын цэвэрлэгчээр томилогдон тус конторын цэвэрлэгч, бетон цехэд нормчноор ажиллаж байгаад 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болон тус ажлаас чөлөөлөгдсөн болно. 1990 оны зун Сэргэлэн сумын Баянтуул гэх газар зусаж байхад гэр шатаж хөдөлмөрийн дэвтэр устсан учир шүүхэд хандаж байна. Иймд Төв аймгийн Зуунмод сумын Зам барилга ашиглалтын конторт цэвэрлэгч, бетон нормчноор тус тус 1982 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан 6 жил, 8 хоногийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Оюундалай нь тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаагийн улмаас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Ж.Оюундалай нь Төв аймгийн Зуунмод сумын Зам барилга ашиглалтын конторт 1982 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цэвэрлэгч, бетон нормчноор тус тусажиллаж байсан гэх боловч, хэрэгт Авто замын ерөнхий газрын харъяа Төв аймаг дахь Зам барилга ашиглалтын конторын даргын 1982 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 153 дугаартай Ажилд авах тухай тушаал, 1983 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 85 дугаартай Амралт олгох тухай тушаал, 1984 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 8 дугаартай Цалинтай чөлөө олгох тухай тушаал, 1984 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Төлөвлөгөөний биелэлтийн шагнал олгох тухай тушаал, 1985 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 59 дугаартай Шагнах тухай тушаал, гэрч У.Чанцалдулам, Д.Хэнмэдэх нарын шүүхэд ирж мэдүүлсэн мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримт авагджээ.
Иймд дээрх бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Ж.Оюундалайг Төв аймгийн Зуунмод сумын Зам барилга ашиглалтын конторт 1982 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цэвэрлэгч, нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч 1988 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд цэвэрлэгч, бетон нормчнооражиллаж байсан гэсэн боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул дээрх хугацаанд ажилласныг тогтоох боломжгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.Оюундалайг Төв аймгийн Зуунмод сумын Зам барилга ашиглалтын конторт 1982 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласныг тогтоож, тогтоогдохгүй байгаа хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Жадамбын Оюундалайг Төв аймгийн Зуунмод сумын Зам барилга ашиглалтын конторт 1982 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд цэвэрлэгч, нормчноор ажиллаж байсныг тогтоож, тогтоогдохгүй байгаа хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ