Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 302

 

 

 

 

 

 

 

 

     2019         4           10                                     302

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч: Д.Заяа,

арван найман насанд хүрээгүй хохирогч: Ч.Зулсар, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Заяад холбогдох эрүүгийн 1905 0020 80207 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Заяа.

 

Шүүгдэгч Д.Заяа нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 113 дугаар сургуулийн орчим Ч.Зулсарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Заяа мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай найз Билгүүн надтай уулзаад бид хоёр хамт явж байгаад Зулсартай таарсан. Би Зулсарыг манай найзыг өмнө нь зодсон гэхээр нь түүнийг нэг цохисон. Миний цохилтын улмаас хохирогчид гэмтэл учирсан. Миний хувьд Зулсартай маргалдах шалтгаан байгаагүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж байна. Хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг ажлаа хийж байгаад төлнө. Одоо хийж байгаа ажилдаа би 10 хоногийн өмнө орсон болохоор цалингаа аваагүй. Би хохирол төлбөрийг 4 дүгээр сарын 15-ны өдөр төлнө. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт арван найман насанд хүрээгүй хохирогч-Ч.Зулсар мэдүүлэхдээ:

Намайг заалнаас гараад ирэхэд Заяа намайг дуудаад “манай найзыг яагаад зодсон вэ” гэж хэлээд цохисон. Би баримтаар 154 900 төгрөг нэхэмжилсэн. Надад баримтгүйгээр олон зардал гарсан. Миний хамар хугараад хагалгаанд орсон. Баримтаар нэхэмжилсэн 154 900 төгрөгнөөс гадна 1 000 000 төгрөг нэхэмжилж байна. Надад учирсан гэмтэл одоо эдгэрсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Б.Наранцэцэг мэдүүлэхдээ:

Тухайн үед Заяатай хамт өөр хүүхдүүд явж байсан, мөн хэрэг гарахад Заяа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байсан гэсэн. Бид баримтаар нэхэмжилсэн 154 900 төгрөгнөөс гадна 1 000 000 төгрөгийг хохирол төлбөрт авбал өөр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч-Н.Билгүүндалай мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 03-ны орой 18 цаг өнгөрч байхад найз Төгсөөгийн хамт писи тоглох гээд явж байхдаа замаараа Заяагийн гэрээр орж Заяаг дуудсан. Заяаг дуудаад гараад ирэхээр нь би 1 лааз пиво байна, уух уу гэхэд Төгсөө уухгүй гэсэн. Заяа ууя гээд Заяа бид хоёр Бүрнээгийн гудамжинд гадаа уусан. Пивоо уугаад гудамжаар уруудаад явж байтал 113 дугаар сургуулийн урд бид гурав манай доод ангийн хүүхдүүдтэй таарсан. Төгсөө тэр хүүхдүүдтэй юм яриад зогсож байтал өмнө нь намайг зодох гэж хөөсөн хүүхэдтэй адилхан хүүхэд зогсож байхаар нь би тэр хүүхдээс “чи намайг зодох гэж хөөсөн хүүхэд мөн үү” гэж асуухад тэр хүүхэд “үгүй, би биш” гэж хэлсэн. Заяа тэр хүүхдийг нүүр рүү  нь нэг удаа гараараа цохисон. Тэр цохиулсан хүүхдийн хамраас нь цус гараад цусаа угаах гээд 113 дугаар сургууль руу буцаад яваад орохоор нь Заяа, Төгсөө бид гурав яваад өгсөн гэжээ. (хэргийн 8-9 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1101 тоот дүгнэлтэд:

1. Ч.Зулсарын биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 16 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.Заяа ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Д.Заяа нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 113 дугаар сургуулийн орчим арван найман насанд хүрээгүй хохирогч Ч.Зулсарыг манай найзыг өмнө нь зодсон гэсэн шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, арван найман насанд хүрээгүй хохирогч Ч.Зулсар, насанд хүрээгүй гэрч Н.Билгүүндалай нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1101 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Д.Заяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой 154 900 төгрөгийн баримтыг нотлох баримтаар гаргаж, шүүгдэгч нь уг хохирлыг төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс 154 900 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Ч.Зулсард олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Ч.Зулсар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Заяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Заяаг 320 (гурван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Заяа нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Заяагийн 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүний эдлэх ялаас хассугай.  

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Д.Заяагаас 154 900 төгрөг гаргуулж, арван найман насанд хүрээгүй хохирогч хохирогч Ч.Зулсард олгосугай.

 

7. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Заяад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН