Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 111/2019/0002/З |
Дугаар | 221/МА2019/0436 |
Огноо | 2019-08-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2019/0436
“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э, Л.М нарыг оролцуулан Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 111/ШШ2019/0010 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 111/ШШ2019/0010 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйл, Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтуудыг баримтлан “Д” ХХК-ийн гаргасан “Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн Цахирын хөндий хэмээх газарт нөхөн сэргээлт хийх тухай” 08 тоот гэрээг хүчингүй болгох”-ыг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан нөхөн сэргээлтийн сонгон шалгаруулалтад тэнцсэний барьцаа хөрөнгө болох 222.500.000 /хоёр зуун хорин хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг буцаан гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн төлөөлөгч Т.Э давж заалдах гомдолдоо: “...Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 08 тоот “Д” ХХК-ийн хувьд эерэг нөлөөлөл бүхий акт мэт боловч гэрээний зорилго нь нөхөн сэргээлт хийх зорилготой байсан. Гэтэл нөхөн сэргээлт хийх нэрийн доор овоолсон шороог угааж алт олборлох өөр зорилго бүхий гэрээг санал болгосон байхад шүүх өөр хэлцлийг халхавчилсан гэрээг хүчингүй болгох учиртай байсан.
Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 08 тоот нөхөн сэргээлт хийх сонгон шалгаруулалт огт болоогүй та нарыг шалгарууллаа 250 000 000 төгрөг яаралтай өг, чадахгүй бол дараагийнх нь үүдэнд хүлээгээд байна гэж хөгжлийн газрын дарга мөнгө нэхэж авсан нь төр, түүний өмнөөс томилогдсон этгээдийн хийсэн үйлдэл учир манай нэхэмжлэл харьяаллын дагуу захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх учиртай байхад хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй.
Шүүх нотлох баримт цуглуулахдаа хэт нэг талд буюу өөрийн харьяалах Засаг даргад илтэд үйлчилж, нотлох баримт цуглуулсан нь хэргийг үнэн зөв, бодитой шийдвэрлэж чадаагүй болохыг нотолно. Өөрөөр хэлбэл, хангалттай нотлох баримт цуглуулж, хэргийг эргэлзээгүй талаас нь шийдвэрлэж чадаагүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Д” ХХК-иас Баянхонгор аймгийн Засаг дарга болон тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст холбогдуулан хамгийн сүүлийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа “2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн Цахирын хөндий хэмээх газарт нөхөн сэргээлт хийх тухай” 08 тоот гэрээг хүчингүй болгох, сонгон шалгаруулалтад тэнцсэний барьцаа хөрөнгө болох 222 500 000 төгрөг гаргуулах” гэж тодорхойлжээ.
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нь захиргааны шийдвэрийг мэдсэнээс хойш нэхэмжлэгч нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзсэн тохиолдолд 30 хоногийн дотор уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхтэй. Энэ тохиолдлын хувьд нэхэмжлэгч нь захиргаанаас хууль бус гэрээ байгуулсан болохыг мэдсэн цагаас эхлэн гэрээг цуцлахаар хариуцагчид мэдэгдэх, улмаар захиргаанаас гэрээг цуцлаагүй, ямар нэг үр дүнд хүрээгүй тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзвэл энэхүү эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах ёстой байжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Д” ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргатай “Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн Цахирын хөндий хэмээх газар нөхөн сэргээлт хийх гэрээ”-г байгуулсан, уг гэрээний 1.3, 4.4-т зааснаар нөхөн сэргээлтийг 2014 оны 12 дугаар сараас өмнө хийж, 12 сард хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байх боловч Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 05-04-014/175 дугаар “Нөхөн сэргээлт хийх тухай” албан шаардлагад “...нөхөн сэргээлт хийх талбайд “Д” ХХК-ийг хууль бус алт олборлолтын үйл ажиллагааг явуулсан болохыг тогтоож, тухайн үйл ажиллагааг зогсоохыг мөн нөхөн сэргээлтийг яаралтай хийхийг даалгаж, хэрэв хийгээгүй бол шийтгэл ногдуулах үндэслэл болохыг мэдэгдэж” байсан, үүнийг нэхэмжлэгчээс тайлбарлахдаа “...цэвдэг ухсанаас өөрөөр алт гараагүй, нөхөн сэргээлтээ хийсэн, тухайн талбайд хийгдсэн ажил 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бүрэн зогссон, ...манайх алт олборлох эрхгүй, мөнгөө өгчихсөн учраас бусад асуудлыг зохицуулчих байх гэж бодож байсан” гэж тайлбарласан байна.
Үүнээс үзвэл, нэхэмжлэгч “Д” ХХК нь “Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн Цахирын хөндий хэмээх газар нөхөн сэргээлт хийх гэрээ”-г байгуулсан боловч тухайн талбайд 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш ажил хийгээгүй, ажил нь бүрэн зогссон, энэ хугацаанаас хойш маргаан бүхий гэрээтэй холбогдуулан хариуцагч нарт болон холбогдох байгууллага, албан тушаалтанд хандан маргахгүй явсаар анх шүүхэд 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хандан нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй, уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн болохоо нотлоогүй, хугацаа сэргээлгэх хүсэлтээ шүүхэд гаргаагүй байхад шүүхээс нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзэх боломжгүй байх тул уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Өмнө нь анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолоор “нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэзээнээс эхэлж тооцох болон түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь захиргааны байгууллагын ямар үйл ажиллагааны улмаас хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байх тул холбогдох нөхцөл байдлыг тодруулсны эцэст хүлээн авахаас татгалзах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзээд хүчингүй болгосон байх бөгөөд уг тогтоолоор нэхэмжлэгч тал “нэхэмжлэл гаргах хугацааг огт хэтрүүлээгүй” гэх үндэслэл заагаагүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд үүний дагуу нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-ийн дагуу хохирлоо шаардах, уг шаардлагын дагуу захиргааны хэргийн шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь заалтын дагуу шийдвэр гаргах учиртай.
Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар шүүх маргаан бүхий гэрээг хууль бус гэж дүгнэсэн тохиолдолд түүний улмаас учирсан хохирлыг гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.
Гэтэл нэгэнт нэхэмжлэлийн “захиргааны гэрээг хүчингүй болгуулах тухай” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн учраас уг гэрээний улмаас учирсан гэх хохиролд “222 500 000 төгрөгийг гаргуулах” шаардлагыг захиргааны хэргийн шүүх дангаар нь шийдвэрлэх боломжгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч “Д” ХХК-ийн “сонгон шалгаруулалтад тэнцсэний барьцаа хөрөнгө болох 222 500 000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 /захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус/-д гэж зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэв нэхэмжлэгчээс Баянхонгор аймгийн Засаг дарга болон Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга нар нь хууль бус үндэслэлээр 250 000 000 төгрөгийг шаардан авсан гэж үзэж байгаа бол энэхүү асуудлаа холбогдох байгууллага, албан тушаалтанд хандан шийдвэрлүүлэх боломжтой юм.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 111/ШШ2019/0010 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дугаар заалтыг нэгтгэн “1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.8, 109.2-т заасныг баримтлан “Д” ХХК-ийн Баянхонгор аймгийн Засаг дарга болон тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан нөхөн сэргээлтийн сонгон шалгаруулалтад тэнцсэний барьцаа хөрөнгө болох 222 500 000 төгрөгийг буцаан гаргуулах, мөн 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн Цахирын хөндий хэмээх газарт нөхөн сэргээлт хийх тухай” 08 тоот гэрээг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дугаар заалтын дугаарыг 2 гэж өөрчлөн уг заалтыг “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Д” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН