| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/04279/и |
| Дугаар | 1496 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 1496
Б.Отгонзулын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Оюунцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/00313 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Отгонзулын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “МИАТ” ХК-д холбогдох
Ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Б.Отгонзулын давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Отгонзул,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Минжмаа,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Отгонзул нь 2007 оноос эхлэн МИАТ ХК-д ажиллаж байсан. 2012 оны 9 дүгээр сараас эхлэн Хангамж аж ахуйн хэлтэст Агаарын худалдаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад жирэмсэний хүндрэлийн улмаас эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай болсон тул 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цалингүй чөлөө авч хэвтэрийн дэглэмтэй байсан. Чөлөөний хугацаа дуусаж ажилдаа буцаж орох хүсэлт гаргасан боловч орон тоо чинь цомхотголд орсон тул одоохондоо түр олон улсын зорчигч үйлчилгээний хэсэгт бүртгэгч диспетчерээр хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд ажиллаж бай дараа нь өөр ажилд шилжүүлэн жинхлүүлэн ажиллуулна гэж хэлсний дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан жилийн ээлжийн амралтаа эдлэх хүсэлт гаргасны дагуу Захиргаа, эрх зүйн хэлтсийн холбогдох албан тушаалтан амралтын тооцооны хуудас бичиж өгөн ээлжийн амралтыг 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 18 хоног амрах амралтын тооцоог гаргаж өгсний дагуу амралтаа биечлэн эдэлсэн болно. Ээлжийн амралтаа биечлэн эдэлж дуусаад ажилдаа эргэж орох гэсэн боловч ажлаас халсан тушаал гаргаагүй мөртлөө ажиллуулахгүй байсан. Иймд миний бие өдөр болгон шахуу компани дээр ирж ажлаар хангаж өгөх, ажлаа хийх хүсэлтийг тавьж байсан боловч ямар нэг хариу өгөөгүй. Хамгийн сүүлд ажлаа хийх, цалин хөлсөө авах, үүсээд байгаа асуудлыг маань хуулийн дагуу шийдвэрлэж өгөх хүсэлтийг 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамирт гаргасан боловч ямар нэг хариу өгөөгүй. 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ажил дээрээ ирж Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Баасанцогттой уулзаж ажлаа үргэлжлүүлэн хийх, цалин хөлсөө авах хүсэлтийн талаар асуусан боловч ...материал, хүсэлтээ ахлах мэргэжилтэн н.Цэрэнбатаас аваарай... гэсний дагуу ахлах мэргэжилтэн н.Цэрэнбат дээр ороход хүсэлт чинь над дээр байгаа хариу өгөх шаардлагагүй чамайг аль хэдийн ажлаас халсан, тушаалаа архивын эрхлэгчээс очиж ав гэсэн. Манай компанийн дотоод журмаар түр ажилтанд тушаал өгөх шаардлага байдаггүй, мөн ажил хүлээлцэх ч шаардлага байхгүй гэсэн тайлбарыг өгсөн. Ингээд архивын эрхлэгчээс 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас халсан гэх тушаалаа гардаж авсан болно. Гэтэл намайг 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/23 тоот тушаалаар ажлаас халсан болохыг 3 сарын дараа л мэдсэн. МИАТ ХК-ийн эрх бүхий албан тушаалтануудын энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа үндэслэлээ тодорхой заасан хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийн баримталсан шийдвэр гаргах ёстой бөгөөд ажлаас халах тушаалын үндэслэл болгож буй Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 24 дүгээр заалт, Компанийн дүрэм болон Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох зүйл заалтууд нь миний хөдөлмөрийн гэрээг цуцлахтай ямар ч холбоогүй. Түүнчлэн тушаалын үндэслэлд ажилтны хүсэлтээр, Газрын үйл ажиллагааны ерөнхий менежерийн саналыг үндэслэсэн гэсэн бөгөөд ажлаас халагдах хүсэлтээ огт өгч байгаагүй бөгөөд ямар нэг албан тушаалтаны саналыг үндэслээд ажлаас халж болно гэсэн хуулийн заалт огт байдаггүй болно. Иймд хууль зүйн үндэслэлгүй, хуулийн холбогдох зүйл заалтыг ноцтой зөрчиж гаргасан Гүйцэтгэх захирлын ажлаас халах тухай 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 6/23 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажлаас халсан тушаал гаргаагүй атлаа ажил үүргийг гүйцэтгүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. МИАТ ХК нь 100 хувь төрийн өмчит компани бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн дүрмийн 1.4-т зааснаар Засгийн газраас эрх олгосны дагуу хувьцаа эзэмшигчийн эрхийг буюу Төрийн өмчийн хороо хэрэгжүүлдэг. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.18 болон компанийн дүрмийн 7.3.4-т заасан бүрэн эрхийнхээ дагуу 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 03/15 тоот тогтоолоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хангамж үйлчилгээний хэлтсийн Агаарын худалдаа хариуцсан мэргэжлийн нэгж орон тоо хасагдсан бөгөөд нэхэмжлэгч нь компанийн гүйцэтгэх захирлын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №Б/849 тоот тушаалаар 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цалингүй чөлөө авсан байх бөгөөд компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №Б/23 тоот тушаалаар Хангамж үйлчилгээний хэлтсийн Агаарын худалдаа хариуцсан мэргэжлийн нэгж орон тоо хасагдсан тул агаарын худалдаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Отгонзулыг 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс эхлэн Газрын үйл ажиллагааны ерөнхий менежерийн харьяа Олон улсын зорчигч үйлчилгээний хэлтсийн Бүртгэгч диспетчер Э.Нямсүрэнгийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд түр томилж 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Б.Отгонзултай Э.Нямсүрэнгийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд хөдөлмөрийн түр гэрээ байгуулж ажилласан. Хүүхэд асрах чөлөөтэй байсан Э.Нямсүрэн эргэж ажилдаа орох болсон тул Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн №Б/23 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Б.Отгонзултай байгуулсан хөдөлмөрийн түр гэрээг дуусгавар болгосон. Мөн түүнтэй холбогдох ээлжийн амралтын тооцоог захиргаанаас хийсэн болно. Б.Отгонзулын хүсэлтийн дагуу 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №Б/338 тоот компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар зуны оргил ачааллын үед экспортын диспетчерийн орон тоон дээр ажиллуулж байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн №6/23 тоот өөрийг нь ажлаас халсан тушаалыг даруй 3 сарын дараа мэдсэн гэж байгаа нь үндэслэлгүй түүнтэй ээлжийн амралтын тооцоо хийгдэхэд тэр ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдэж байсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Отгонзулын МИАТ ХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Отгонзулын давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Олон улсын зорчигч үйлчилгээний хэлтсийн Бүртгэгч диспетчэрээр ажиллаж байсан Б.Отгонзул намайг тухайн жилийн ээлжийн амралтаа эдлэж байх хугацаанд нь надад огт мэдэгдэлгүйгээр ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг ноцтойгоор зөрчсөн. МИАТ ХК-ийн зүгээс иргэн надад ээлжийн амралтыг тооцон олгохдоо Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаалаар батлагдсан "Ээлжийн амралт олгох заавар"-ын 14-т заасан хэрвээ ажилтан ажлаас халагдах асуудал тавигдаагүй бол түүний ээлжийн амралтыг ажилласан хугацаанд нь ногдуулж биш ажилласан жилээр нь тооцож олгож журмын дагуу энэхүү зааврын 1 дүгээр хавсралтаар баталсан ээлжийн амралтыг олгох мэдэгдлийг санхүү болон ажилтанд олгох заалтын дагуу хавсралт 1-ийн дагуу мэдэгдэлийг өгсөн. Хэрвээ ажлаас халах байсан бол "Ээлжийн амралт олгох заавар"-ын 15-т заасны дaryу ээлжийн амралтыг тооцон амралтыг биеэр бус харин мөнгөн төлбөрөөр тооцон олгож энэхүү зааврын 2 дугаар хавсралтаар баталсан ээлжийн амралтыг тооцоо хийх хуудсыг хэрэглэх ёстой байсан. Ажлын жилийн ээлжийн амралтаа 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал авсан бөгөөд харин ажлаас халах тушаалыг 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ажил олгогч гаргасан байдаг. Гэтэл миний бие яаж яваад 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажлаас халагдсан болохоо өнөөдрийг хүртэл ойлгохгүй байна. Энэ бүx нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд би амралтаа авах үедээ ажлаасаа халагдсан гэдгээ огт мэдээгүй мэдэх ч бопомжгүй юм. Хэрвээ ажлаас нь халах байсан бол амралтыг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн бодох ёстой байсан атал яагаад 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөес эхлэн олгосон нь ойлгомжгүй байна.Түүнчлэн яагаад тушаалыг тухайн үедээ гаргалгүй нөхөн гаргасан нь ойлгомжгүй бөгөөд хууль зөрсөн үйлдэл болно. Иргэн Б.Отгонзул намайг ажлаас халсан тохиолдолд ажил олгогч болох МИАТ ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай тушаал, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг ажлаас халагдсан өдөр нь өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл тушаал шйдвэр холбогдох баримтуудыг ажилтанд гардуулж өгөх үүрэгтэй хуулиар ажил олгогчид олгогдсон. Иймд шүүхийн шиидвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шиг ажлаас халсан гэдгээ мэдээгүй гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь өөрөө хууль бус болно. 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр амралтаа дуусгаад ажил дээрээ очсон өдрөөс хойш би өдөр бүр ажлаа хийе гэж очиж байсан яагаад ажлаас халагдсаныг албан ёсоор хэлж тушаал гардуулан өгөлгүй 3 cap болсон. Ажлаас халагдсан тушаалыг 2016 онь 4 дүгээр сарын 14-ний өдөр надад өгснөөс болж миний биө нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжээ авах боломжгүй болсон. Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох боломжгүй бөгөөд МИАТ ХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг зөрчсөн тул даатгуулагчийн тэтгэмжийг өөрөө хариуцах үүрэгтэй гэдэг хариуг өгсөн. Мөн МИАТ ХК-ийн хууль бус үйл ажиллагаанаас болж нийгмийн даатгал төлөөгүй улмаас ажилласан жил тасалдахад хүрээд байна.
Иргэн Б.Отгонзул би өнөөдрийг хүртэл ажлаа албан ёсоор хүлээлгэн өгөөгүй. "Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэг болон Монгоп Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 19-д “хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан ажлаас халагдсан өдрийг ажил олгогчийн шийдвэрт заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд нь оногдвол зохих ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцож, түүн дээр ажил хүлээлцэхэд зориулж тогтоосон хоногийг нэмж сүүлчийн өдрийг тогтооно. Ажил олгогчийн шийдвэрт заасан хугацаа ...ажил олгогчийн буруугаас хэтэрвэл ажил хүлээлгэн өгсөн өдрийг ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдөр гэж үзэхээр тайлбарласан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт болон иргэн Б.Отгонзул миний Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрх хэрхэн зөрчигдснийг шүүх анхаарч үзэлгүй миний эрх ашгийг илтэд хохироосон шийдвэрийг гаргасан. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 15-д Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баривталсан байвал зохино. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан тушаал гаргана гэж тайлбарласан байдаг. Гэтэл МИАТ ХК-ийн хх-ийн 4 дүгээр талд авагдсан иргэн Б.Отгонзул намайг ажлаас халах тухай гүйцэтгэх захирлын 2016 оны Б/23 дугаар тушаал нь өөрөө хуулийн шаардлагыг огт хангаагүй бөгөөд тушаал гаргахдаа үндэслэл болгосон заалт бүрийг нэг бүрчлэн тайлбарлавал Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 24 дүгээр заалт нь ажилтныг ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход ямар ч хамааралгүй болно.
Компианийн дүрмийн 8.8.9, 8.811, Хөдөлмөрийн дотоод журмын 11.5, 11.6,. 11.11, 11.12 дахь заалт иргэн Б.Отгонзулын хөдөлмөрийн гэрээг цуцлах ажлаас халах ямар үндэслэлтэй болох нь харагдахгүй байгаа бөгөөд энэ үндэслэлээр ажлаас халж болно гэж иргэн Б.Отгонзултай байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 16/22 дугаар хөдөлмөрийн гэрээний "хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох буюу цуцлах" заалтад огт дурдагдаагүй байна. Хэрвээ хөдөлмөрийн гэрээнд 2 тал харилцан тохиролцоогүй хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй л бол бусад үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг шууд цуцлаж болохгүй хуулийн заалттай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэлээс татгалзаж буй татгалзалаа нотолсон ямар нэг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Түүнчлэн хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу ажлаас халах тухай тушаалд дурдагдаж байгаа үндэслэлүүдийг заасан Компанийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журмаа нотлох баримтын журмаар шүүхэд ирүүлэх үүрэгтэй байсан.
Гэтэл шүүхийн шийдвэрийн 4 дүгээр талын 1 дүгээр мөрөнд "...Компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11, Хөдөлмөрийн дотоод журмын 11.5, 11.6, 11.11, 11.12 дахь заалт нь ...хууль зүйн үндэслэлтэй байна... гэж компанийн дүрэм болон хөдөлмөрийн дотоод журам хавтаст хэрэгт нотлох баримтын журмаар авагдаагүй байхад ийм дүгнэлтийг гаргаж байгаа нь өөрөө хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болно.
Иргэн Б.Отгонзул нь намайг ажлаас халаад өгөөч гэсэн хүсэлтийг МИАТ ХК-д огт гаргаж байгаагүй. Ийм хүсэлтийг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй. Ямар нэг албан тушаалтны саналыг үндэслээд ажлаас халж болно гэсэн хуулийн заалт огт байгаагүй болно. Түүнчлэн ажлаас халах ямар санал байсныг хариуцагч мөн нотлох баримтын журмаар шүүхэд ирүүлээгүй байна. Тушаалын 2 дугаар заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт иргэн Б.Отгонзул миний гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т заасныг баримтлан шийдвэрлэсэн гэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулиас хайгаад олоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Отгонзул хариуцагч “МИАТ” ХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч ажлаас халсан тушаалыг 3 сарын дараа мэдсэн гэж байгаа нь үндэслэлгүй, Б.Отгонзултай ээлжийн амралтын тооцоо хийгдэхэд тэр ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдэж байсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.
Б.Отгонзул “МИАТ” ХК-ийн Хангамж үйлчилгээний хэлтэст Агаарын худалдаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/315 дугаар тушаалаар түүний ажиллаж байсан нэгж орон тоо хасагдсан гэх үндэслэлээр түүнийг 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Газрын үйл ажиллагааны ерөнхий менежерийн харьяа Олон улсын зорчигч үйлчилгээний хэлтсийн Бүртгэгч диспетчер Э.Нямсүрэнгийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд түр томилж, 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Б.Отгонзултай хүүхэд асрах чөлөөний хугацаанд хөдөлмөрийн түр гэрээ байгуулж ажиллуулсан тухай үйл баримт зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал зэргээр тогтоогдож байна.
/хх-11, 29-30, 37-40 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа хөдөлмөрийн гэрээг цуцалсан “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/23 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж хүчингүй болгуулах тухай шаардлага нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байх тул шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ажил олгогч нь Б.Отгонзулыг 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ээлжийн амралт эдлүүлэхээр шийдвэрлэсэн атлаа “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/23 тоот тушаалаар 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна. /хх-31 дүгээр тал/
Талууд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв боловч Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах талаар дүгнэлт хийгээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөн дүгнэж өөрчлөлт оруулах боломжтой.
Ажил олгогч нь 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үед Б.Отгонзул ээлжийн амралттай байсан ба ажил олгогчийн дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “ээлжийн амралттай байгаагийн улмаас ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах” мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн, хуулийн үндэслэлгүй байгааг шүүх анхаараагүй нь буруу болжээ.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхийг” хуулиар олгожээ.
Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг хуульд заасан хугацааны дотор гардуулсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэхь хэсэгт зааснаар нотлоогүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар ажил олгогч нь ажлаас халсан тушаалыг ажилтанд гардуулж өгөх үүргээ биелүүлээгүй тул түүнд тушаал гардуулсан 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг шүүх буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх дээрх байдлаар залруулан зөвтгөх боломжтой.
Иймд Б.Отгонзулыг ээлжийн амралттай үед ажлаас халсан, ажлаас халсныг 3 сарын дараа мэдсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 69.1, 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Отгонзулыг “МИАТ” ХК-ийн Хангамж, үйлчилгээний хэлтсийн Агаарын худалдаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт /2016 оны 1 сарын 27-ноос 2016 оны 8 дугаар сарын 29 хүртэл 7 сар 1 хоногийн 2 277 225:3 =759 075:21.5=35 306/ 5 348 831 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/00313 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Отгонзулыг “МИАТ” ХК-ийн Хангамж, үйлчилгээний хэлтсийн Агаарын худалдаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 348 831 төгрөгийг хариуцагч “МИАТ” ХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.Отгонзулд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “МИАТ” ХК-д даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ч.ОЮУНЦЭЦЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ