Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 10

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би иргэн Д.Жаргалсайханы нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэний бүртгэлийн Улсын бүртгэгчид холбогдох “Миний төрсөн он, сар, өдрийн зөрүүг залруулахыг даалгаж өгөх"-ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Би 1958 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Зүүнбаян-Улаан суманд төрсөн. Ээжийнхээ эцэг эхийн гар дээр өссөн учир өвөө Дамбажанцангаар овоглогдсон юм. 1966 онд 8 нас хүрч сургуульд орох болоход өвөө маань ирэх жил суулгана гэж төрсний гэрчилгээний он,сар, өдрийг баллаж засаад 1967 онд сургуульд оруулснаар нэг нас дарагдаж насны зөрүү гарсан байдаг юм. Улмаар засвартай төрсний гэрчилгээг үндэслэн иргэний үнэмлэх авснаар одоог хүртэл нэг насны зөрүүтэй хэвээр байгаа тул  миний төрсөн он, сар, өдрийн зөрүүг залруулахыг даалгаж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Р.Ариунбаатар нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргасан тайлбартаа: Хужирт сумын 4-р багт оршин суугч Дамбажанцан овогтой Жаргалсайханы нэхэмжлэлтэй танилцаад доорхи тайлбарыг гаргаж байна. 1959 оны 07 дугаар сарын 25-нд төрсөн мэдээлэлтэй улаан поспартыг 1982 онд, 1959 оны 07 дугаар сарын 25-аар регистрын дугаар олгогдсон мэдээлэл бүхий ХААТР-1 маягтыг 2001 онд мөн йс59072515 гэсэн регистрээр олгогдсон иргэний үнэмлэхийг 2001 онд тус тус авсан байна. Д.Жаргалсайхан нь 1958 онд төрсөн гэх мэдээлэл нь төрсний бүртгэлийн лавлагаатай байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.....” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын Улсын бүртгэгчид холбогдуулан “Миний төрсөн он, сар, өдрийн зөрүүг залруулахыг даалгаж өгөх"-ийг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан боловч хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 121/2017/0010/З/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 67 дугаар зүйлийн 67.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан Д.Жаргалсайханы Өвөрхангай аймгийн Хужирт сумын Улсын бүртгэгчид холбогдуулан гаргасан “Миний төрсөн он, сар, өдрийн зөрүүг 1958 оны 08 дугаар сарын 05-нд төрснөөр бүртгэхийг залруулж даалгаж өгөх"-ийг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, тус шүүхийн 121/2017/0010/З/ дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Д.Жаргалсайханаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх ба хэргийн оролцогчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ц.НЭРГҮЙ