Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 163

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Мөнх-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

           Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          Прокурор С.Энхтуул,

          Ялтан Э.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Ц.Тунгалаг,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

         

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэхийн гаргасан 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Мөнх-Эрдэнэд холбогдох 2016 2503 1813 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Жалайр овгийн Энхбадрахын Мөнх-Эрдэнэ, 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, Говь-Алтай аймгийн Халиун сумын 3 дугаар баг, Олон булаг гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй, /РД:ДК92113012/,

 

Э.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 05 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Салхитын гудамжинд иргэн Б.Отгонцэцэгийн 49-85 УБА улсын дугаартай “Тоёота креста” загварын автомашинаар хүргүүлэхдээ Б.Отгонцэцэгийг ар талаас нь боож, нүүрэн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулан, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн 90.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-2” загварын гар утсыг дээрэмдэж, Б.Отгонцэцэгт нийт 290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Э.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Мөнх-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар Э.Мөнх-Эрдэнийг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Э.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Э.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 17 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Мөнх-Эрдэнээс хохирогчийн эмчилгээний зардалд 53.700 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохиролд 200.000 төгрөг, нийт 253.700 төгрөг гаргуулж, хохирогч Б.Отгонцэцэгт олгож шийдвэрлэжээ.

 

Ялтан Э.Мөнх-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “... Миний бие Говь-Алтай аймгийн Халиун суманд аав Энхбадрахын хамт амьдардаг. Аав маань ходоодны хорт хавдартай, хүнд гэсэн оноштойгоор эмнэлгийн хяналтад байгаа. Хоёр ах маань Улаанбаатар хотод ажилладаг. Миний бие аавынхаа хажууд асарч хамт байдаг. Ар гэрийн амьдрал минь тааруу байсан болохоор хохирогч Б.Отгонцэцэгийн хохирлыг бүрэн гүйцэт төлж барагдуулж амжаагүй явсан юм.

Иймд миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Би өөрөө эмэгтэй хүнээс төрсөн байж ийм олхиогүй, муу үйлдэл хийсэндээ үнэн сэтгэлээсээ харамсан гэмшиж байна. Хохирогч Б.Отгонцэцэгээс гүнээ уучлалт гуйж байна.

Би хойшид нийгэмд тустай ажил хийж, бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлж, гэмт хэрэгт дахин орохгүй, үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Надад ганцхан боломж олгооч гэж гуйж байна. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү ...” гэжээ.

 

Ялтан Э.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Ц.Тунгалаг давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.Мөнх-Эрдэнэд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Э.Мөнх-Эрдэнийн ар гэрээс хохирогч Б.Отгонцэцэгт хохирлыг шүүх хуралдаанаас өмнө өгөх гэсэн боловч ажил хийдэг ахынх нь цалин 1 дүгээр сард өгөөгүйгээс хохирлоо төлж чадаагүй. Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянагдах хугацаанд хохирлоо бүрэн төлж, хохирогч гомдолгүй болсон нь гэм хорын хохирол бүрэн арилсан гэж үзэх үндэслэлтэй.

2. Хуульд заасан бусад хөнгөрүүлэн үзэх бүхий л үндэслэл тогтоогдсон.

3. Ар гэрийн хувьд эх нь 2014 онд нас барсан, эцэг нь Говь-Алтай аймагт хэвтэрт, ходоодны хорт хавдартай, эм, тарианы хүчинд амьд байна. Энэ нь Э.Мөнх-Эрдэнэ болон ах Э.Мөнхнасангийн мэдүүлгээр тогтоогддог. Иймд шүүхээс хүсэхэд Э.Мөнх-Эрдэнэд оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү ...” гэв.

 

Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан. Ялтан болон өмгөөлөгчийн гаргасан гомдлуудад дурдсанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэхэд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

Э.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Салхитын гудамжинд иргэн Б.Отгонцэцэгийн 49-85 УБА улсын дугаартай “Тоёота креста” загварын автомашинаар хүргүүлэхдээ Б.Отгонцэцэгийг ар талаас нь боож, нүүрэн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулан, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж 90.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-2” загварын гар утсыг дээрэмдэж, Б.Отгонцэцэгт нийт 290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-7/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8, 9-10/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 12/,

Хохирогч Б.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... би мөнгөө өгөх байх гэж бодоод сууж байсан чинь араас хоолой боогоод гараараа толгойны хоёр талаас цохиод эхэлсэн. Тэгээд би өөрийгөө хамгаалаад яаж ч чадахгүй байхад суудлын аравч хойшоо унасан. Тэгсэн чинь нөгөө залуу дээр гарч ирээд хөлөн дээр суусан. Тэгсэнээ нэг гараараа толгой руу цохихоор нь гараараа нүүрээ дараад “болиоч ээ” гээд орилсон чинь гараараа миний бэлэг эрхтэнг өмдний гаднаас оролдоод байсан. Тэгсэнээ шууд “утсаа өг” гээд байсан. Тэр үед миний гар утас куртикний халаасанд байсан. Би гаргаж өгөх гээд гар орооцолдоод өгч чадахгүй байхад “үнэд хүрэх хамаг юмаа өг” гээд байсан. Гар утсаа гаргаж өгч чадахгүй байсан чинь тэр залуу миний халааснаас гар утсыг авсан. Тэгээд би тэмтэрч байгаад хаалгаа онгойлгоод машинаас буусан. Тэр үед миний цамцны захаар миний хоолойг боогоод байсан. Тэгээд хоолой боосон чигтээ газар унасан. Тэгээд миний хоолой боогдоод байхаар нь “чи миний утсыг аваад эгчийгээ явуулчих” гэхэд “чи үлдсэн мөнгө төгрөгөө өг гээд” байсан. Тэгээд тэр залуутай ноцолдож байгаад ямар ч байсан тэр залууг өөр дээрээсээ унагачихаад машиндаа орж суугаад хаалгаа хаагаад түгжчихлээ гэж бодсон чинь миний арын хаалга онгорхой байсан. Тэгсэн чинь нөгөө залуу машины арын хаалгаар ороод ирсэн. Тэгээд дахиад миний дээр гараад хоолойг цамцаар боогоод эхэлсэн. Тэгээд би амиа аврахгүй бол үхэх юм байна гэж бодоод амь гарч зугтахыг бодсон. Тэгсэн чинь автомашины араа мултраад миний автомашин жалга руу орчихсон. Тэгээд би ноцолдож байгаад жолоочийн эсрэг талын хаалгаар толгойгоороо хадтай жалга руу унасан. Тэгээд би ноцолдож байгаад модны дундуур гарч жалганы дээр байсан айл руу очоод хашааны хаалгыг нь зөндөө нүдсэн. Тэгээд харсан чинь нөгөө залуу миний машины дотор юм уудлаад ухаад байсан. Тэгээд нөгөө айл хаалгаа тайлахгүй болохоор нь хашааных нь жижиг хаалгыг татсаар байгаад завсраар нь орсон. Тэгээд байшингийн хаалгыг нь нүдсэн чинь эрэгтэй, эмэгтэй хоёр гараад ирэхээр нь би “уучлаарай ахаа, эгчээ, би таксины жолооч байна, миний амийг авраач” гэхэд нөгөө хоёр хүн хувцсаа өмсөөд ирье гээд явсан. Тэгээд би хашааны завсраар харж байхдаа “чамайг одоо бариад авна” гээд хашхирсан. Тэгэхэд нөгөө залуу жалганаас цаашаа гараад нэг хашаа руу орчихсон ...” /хх 14-15/,

 

Гэрч Х.Доржхандын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... Тэр эмэгтэй нилээн айж сандарсан байдалтай харагдаж байсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа дахиад харсан чинь манай нөхөр машинаа асаагаад хашаанаас гарч байсан. Манай нөхөр “манай энд нэг эмэгтэй хүн дээрэмдүүлсэн байна, гараад туслаад ирье” гэж хэлсэн ...” /хх 20-21/,

 

Гэрч Я.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... нохой хуцаад байхаар нь гэрээсээ гарсан чинь 27-29 орчим насны эмэгтэй манай гадаа хашааны хаалга түлхээд ороод ирсэн. Тэгээд тэр хүн хэлэхдээ “намайг хүн дээрэмдчихлээ, бас зодчихлоо, намайг алах гээд байна” гэхээр нь би хашаанаасаа тэр эмэгтэйтэй хамт гарахад манай гэрийн урд байдаг жалга руу машин урд хэсгээрээ орсон, гарах боломжгүй, жолоочийн эсрэг талын хаалга онгорхой байсан бөгөөд өөр хүн байхгүй байсан, ... тэр эмэгтэй нилээн сандарсан байдалтай, футволктой байсан бөгөөд тэр футволк нь бага зэрэг цус болсон байсан ...” /хх 22-23/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн: “... Б.Отгонцэцэгийн биед дух, зүүн хөмсөгний дээд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салст, баруун бугалга, баруун, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээрх дух, зүүн хөмсөгний дээд хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно ...” гэсэн 13134 тоот шинжээчийн дүгнэлт /хх 26-27/,

 

“... шинжилгээнд ирүүлсэн цамцнуудад уранхай, ханзарсан уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна ...” гэсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 5843 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 32-34/,

 

Хохирлын баримтууд /хх 57-63/, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 70/, эд зүйлийн үнэлгээ /хх 73/, хохирол төлсөн баримт /хх 124/, ялтан Э.Мөнх-Эрдэнийн сэжигтэн, яллагдагч болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Э.Мөнх-Эрдэнэд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, түүний үйлдэлд өөр гэмт хэргийн шинж тогтоогдоогүй, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс ялтан Э.Мөнх-Эрдэнийн гэм буруу, хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Э.Мөнх-Эрдэнэд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, хохирол бүрэн төлөгдөөгүйг харгалзан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэснээс хойш давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө ялтан Э.Мөнх-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч Б.Отгонцэцэгт сайн дураар нөхөн төлсөн болох нь хохирогч Б.Отгонцэцэгийн хохирол төлбөр хүлээн авсан тухай баримтаар нотлогдож байна.

 

Ялтан Э.Мөнх-Эрдэнэ нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Б.Отгонцэцэгийн “… 175.000 төгрөгийг өмнө нь авсан, одоо үлдэгдэл 250.000 төгрөгийг авч хохирлоо барагдуулсан тул гомдол, саналгүй болсон тул Э.Мөнх-Эрдэнэд хөнгөн ял оногдуулж өгнө үү …” гэсэн бичгийн хүсэлт, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос “... Э.Мөнх-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахад прокурорын зүгээс татгалзах зүйлгүй ...” гэсэн тайлбар, дүгнэлт зэргийг харгалзан анхан шатны шүүхээс ялтанд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд ялтан Э.Мөнх-Эрдэнийн “… хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү …”, түүний өмгөөлөгч Ц.Тунгалагийн “… хорих ялыг тэнсэж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан, Жалайр овогт Энхбадрахын Мөнх-Эрдэнэд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, ялтан Э.Мөнх-Эрдэнийг нэн даруй сулласугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Э.Мөнх-Эрдэнэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 425.000 төгрөг төлсөн, 69 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ЗОРИГ

 

                                 ШҮҮГЧИД                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ