Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 150/2016/00149/и |
Дугаар | 0203 |
Огноо | 2016-07-27 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 0203
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Г.Сарантуяа, шүүгч А.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1977 онд Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Алтангадасын 2-9 тоотод оршин суух Боржигон овогт Цэнд-Аюушийн Ариунтуяа /РД:ТВ77061809/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1995 онд Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 13 дугаар байрны 5 тоотод оршин суух Цаст сутай овогт Хүрэлбаатарын Билгүүнээ /РД:ТГ95090252/-д холбогдох гэм хорын хохиролд 800.000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Ц.Ариунтуяагаас гэм хорын хохирол 1.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Х.Билгүүнээгийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Булган, хариуцагчийн төлөөлөгч Н.Батгэрэл, иргэдийн төлөөлөгч Т.Ганбаатар, нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ариунтуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон 3 дугаар багийн нутагт иргэн Ц.Ариунтуяагийн малыг малчин Моломжамц хариулаад явж байсан. Тухайн үед зам гараад явж байсан үхрийг 53-58 УБТ улсын дугаартай, Соната-7 маркийн автомашиныг жолоодож явсан Х.Билгүүнээ гэх жолооч мөргөөд 3 метр шидэгдээд тэр үхэр нь газар дээрээ үхсэн байдаг. Энэ нь замын цагдаагийн газрын зохицуулагч цагдаа Үнэнбаатарын ослын дүгнэлт, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байгаа. Мал сүрэг Монгол улсын үндсэн хуулиар хамгаалагдсан байдаг бөгөөд ард түмний баялаг, төрийн хамгаалалтанд байх ёстой. Зам дээр явж байгаа малыг харахгүйгээр хурдтай явж байсан жолооч замын хөдөлгөөний дүрмээ зөрчсөн байгаа тохиолдолд хохирогч хохирлоо гаргуулж авах нь зүйтэй байх. Замын хөдөлгөөний дүрмийн 1.21-т зааснаар анхааруулах тэмдэгтэй газар үзэгдэх орчин хязгаарлагдсан үед хурдаа тохируулж явах шаардлагатай байсан. Гэтэл жолооч нь ийм тэмдэг байсаар байтал хурдаа тохируулж яваагүй байдаг. Энэ нь өөрөө жолоочийн цэвэр буруутай үйлдэл юм. Түүнээс биш малчинд ямар ч буруу байгаагүй. Иймд энэ үхэр 800 000 төгрөгөөр үнэлэгдсэн тул 800 000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгөхийг хүсэж байна. Ц.Ариунтуяа нь малчин А.Моломжамцтай мал хөлсөөр хариулах гэрээ байгуулсан бөгөөд өөрийн 100 тооны малаа түүний нэр дээр тоолуулсан юм гэв.
Хариуцагч Х.Билгүүнээгийн шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Дархан-Уул аймгийн иргэн Ц.Ариунтуяагийн гаргасан гэм хорын хохирол 800.000 төгрөг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Иргэн Ц.Ариунтуяад бидний зүгээс учруулсан хохирол байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна. Би тухайн машинд явж байсан зорчигч хүн. Тэр өдрийн урд өдөр нь шуургатай байсан. Би хүүтэйгээ хоёулаа тэр өдөр хотоос гарсан. Энэ хүний хэлж байгаа замын цагдаагийн дүгнэлтэнд тийм зүйл байхгүй. Машинтай явж байхад автобус зөрөөд машины зүүн талаас үхрийн толгой харагдаад тэгээд мөргөж үхэр зам дээр эргээд унасан. Тэрнээс замын хажуу руу шидэгдсэн зүйл болоогүй. Тухайн үед өдөр биш оройн цаг байсан. Зам дээр үхэр эргээд замын хажуу руу унахдаа биеийн тал нь зам дээр тал нь шороон дээр унасан. Энэ хүний хэлж байгаачлан замын хажуу руу шидэгдсэн гэдэг нь худлаа тийм зүйл болоогүй. Хурд хэтрүүлсэн зүйл болоогүй. Тухайн үед хүүхэд үхэр хариулж яваагүй, ямар ч хариулгагүй байсан. Тэгээд ч уг үхрүүд Моломжамц гэдэг хүний нэр дээр байхад Ц.Ариунтуяа яагаад нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Манайх ч бас эд хөрөнгөөрөө хохирсон. Тийм учраас хэн хэн нь өөрсдийн хохирлоо барагдуулах юм байна гэж ойлгосон. Гэтэл үхрийн үнээ төлүүлнэ гэж нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Х.Билгүүнээгийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн орой 19 цаг 20 минутын үед Дарханаас Хөтөл орох замд Ц.Ариунтуяагийн хүрэн улаан халзан зүсмийн үхрийг мөргөж зам тээврийн осол гарсан. Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Цагдаагийн тасгийн Замын цагдаагийн дүгнэлтээр Ц.Ариунтуяа нь үхрээ хариуллагагүй хараа хяналтгүй орхисноос үдшийн цагт үзэгдэх орчин муугаас энэ осол гарсан. Нэхэмжлэгч тал малаараа хохирсон бол манайх эд хөрөнгөөрөө хохирсон. Машинд учирсан хохирлоо нэхэмжилж байна.Иймд Ариунтуяагаас машинд учирсан шууд хохирол 1448000 төгрөг, автомашины үнэлгээний хөлс 65000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэдийгээр хохирол нь 1513000 төгрөг болж байгаа боловч 1500000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булган шүүхэд урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Жолооч Х.Билгүүнээ нь мал явж болзошгүй гэсэн анхааруулах тэмдэг тавьсан зам дээр хурд хэтрүүлэн замын хажуу хөвөөн дээр явсан үхрийг дайрч алсан буруутай гэж үзэж байна. Замын цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлтээр энэ ослын хариуцлага нь Ц.Ариунтуяа гэх хүнтэй ямар ч хамаагүй юм. Тухайн үед мал хариуцсан Моломжамц гэдэг хүн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан байна. Тэгэхээр Ц.Ариунтуяад хамааралгүй юм. Ц.Ариунтуяа бол малаа гэрээгээр хариулуулж байсан малын эзэн хүн. Малыг нь Моломжамц хариуцаад тухайн үед хариулгатай явж байсан байгаа юм. Гэхдээ жолооч зогсоох арга хэмжээ аваагүй нь тогтоогдсон байдаг. Замын цагдаагийн дүгнэлтээр зорчих хэсгээр мал тууж явсан. Засмал замаас 50 метр хариулгагүй явж байсан гэсэн дүгнэлт гарсан байна. Хүүхэд нь хариулаад явж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч Т.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Ц.Ариунтуяа, хариуцагч Х.Билгүүнээ нар нь харилцан эд хөрөнгө санхүүгийн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан нь үнэн болно. Иймд харилцан хувь хувьдаа хохирлоо даагаад эвлэрвэл зохистой юм уу гэж дүгнэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ариунтуяа нь хариуцагч Х.Билгүүнээгээс гэм хорын хохирол 800.000 төгрөг шаардсан бөгөөд хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргаж мөн гэм хорын хохирол 1.500.000 төгрөг шаардаж байх ба дээрх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын аль алиныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
2016 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 19.00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг, Дархан-Эрдэнэтийн чиглэлийн засмал замын 35-37 дахь километрт Соната-7 маркийн, 53-58 УБТ улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч Х.Билгүүнээ нь зам хөндлөн гарч явсан улаан халзан зүсмийн үхрийг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь зохигчдын тайлбар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн прокурорын тогтоол, хэргийг газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зэргээр нотлогдож байна. /хх-2, 19-23/
Дээрх зам тээврийн ослын улмаас иргэн А.Моломжамцийн эзэмшлийн улаан халзан зүсмийн үхэр үхэж 800.000 төгрөгийн, хариуцагч Х.Билгүүнээгийн автомашинд 1448000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд зохигчид хэн аль нь учирсан хохирлын хэмжээн дээр маргахгүй байна. /хх-24, 33-34, 36/
Харин зам тээврийн осол гарахад хэн буруутай эсэх дээр маргаж, нэхэмжлэгч нь зам дээр явж байсан малыг харахгүйгээр мөргөсөн нь замын хөдөлгөөний дүрмээ зөрчсөн жолоочийн цэвэр буруутай үйлдэл юм. Үүнд малчин ямар ч буруугүй гэж үзэж үхрийн үнэ 800000 төгрөгийг шаардсан бол хариуцагч нь үхрийг мөргөж зам тээврийн осол гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэгч талыг үхрээ хараа хяналтгүй, хариулгагүй орхисон гэм буруутай гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, өөрийн автомашинд учирсан хохирол 1500000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан байна.
Нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэсгүй гэж шүүх дүгнэв.
Учир нь зохигчдын хэн алины гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол болж гэм хорын хохирол учирсан болох нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Т.Үнэнбаатарын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ¹03 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-18/
Дээрх дүгнэлтэд Соната-7 маркийн 53-58 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Билгүүнээ нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн, хүрэн улаан халзан зүсмийн эзэн А.Моломжамц нь Замын хөдөлгөөний дүрмийн 23.7-д заасан “суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно. Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө”, мөн дүрмийн 23.9-д заасан “зам дээр ердийн хөсөг буюу малаа хараа хяналтгүй орхихыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас осол гарсан байна гэж дүгнэсэн байх ба уг дүгнэлтийг шүүх бодит байдалд нийцсэн дүгнэлт гэж үзээд үнэн зөвд тооцлоо.
Учир нь малын эзэн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж малаа хараа хяналтгүй, хариулгагүй орхисон нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн тул гэм буруугийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.
Иймд дээрх ослын улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зїйлийн 499.1, 501 дүгээр зүйлийн 501.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч Х.Билгүүнээ болон үхрийн эзэн А.Моломжамц нар нь тус тус хариуцан арилгах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч тал иргэн А.Моломжамцад 64 толгой хонь, 36 толгой үхэр, нийт 100 толгой малыг мал хөлсөөр хариулах гэрээний үндсэн дээр маллуулж байсан, уг маллуулж байсан үхэрнээс улаан халзан зүсмийн үхэр нь зам тээврийн осолд орж үхсэн учир учирсан хохирлоо нэхэмжилсэн гэж байгаа боловч үхсэн улаан халзан зүсмийн үхрийн эзэн нь нэхэмжлэгч Ц.Ариунтуяа биш, иргэн А.Моломжамц болох нь нэхэмжлэгч талын шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн малын А данс, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-38, 62-63/
Нэхэмжлэгч тал иргэн А.Моломжамцад хариуцуулан маллуулж байсан малаа түүний нэр дээр тоолуулсан гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ нотлоогүй учир зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн үхсэн улаан халзан үхрийн эзэн нь нэхэмжлэгч Ц.Ариунтуяа бус иргэн А.Моломжамц болох нь тогтоогдсон учир хариуцагч Х.Билгүүнээ нь сөрөг нэхэмжлэлээр шаардсан өөрийн автомашинд учирсан хохирлоо амьтны эзэмшигч, өмчлөгч бус этгээдээс шаардсан нь хуульд нийцэхгүй байна.
Нөгөөтэйгүүр Соната-7 маркийн, 53-58 УБТ улсын дугаартай автомашины эзэмшигч хэн болох нь тогтоогдохгүй байх бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдаагүйгээс эзэмшигч нь хэн болохыг тогтоох боломжгүй байна.
Ийнхүү дээр дурдсан үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13750 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38950 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 501 дүгээр зүйлийн 501.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Х.Билгүүнээгээс 800000 төгрөг шаардсан нэхэмжлэгч Ц.Ариунтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг, Ц.Ариунтуяагаас 1500000 төгрөг шаардсан хариуцагч Х.Билгүүнээгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.750 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ШҮҮГЧИД Г.САРАНТУЯА
А.НАРАНТУЯА