Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00829

 

 

 2024 04 22  210/МА2024/00829

 

Б.И ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/00376 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.И ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Х т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 39,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чанцал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батболд, хариуцагчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.И нь худ ургийн холбоотой Г.Х мөнгөний яаралтай хэрэг гараад байна, боломжтой бол мөнгө зээлээч, удахгүй буцааж өгнө гэсний дагуу 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хаан банкны хугацаагүй хадгаламжийн ******* тоот данснаас 20,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн банкны хугацаагүй хадгаламжийн ******* тоот данснаас 10,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Үүний дараа 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр сүүлийн удаа мөнгө нэмж зээлээч, би сарын дотор өмнө авсан болон одоо авах бүх мөнгөө төлж барагдуулна гэсний дагуу Хаан банкны дээрх данснаас 15,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

1.2. Өнгөрсөн хугацаанд Г.Х нь 5,050,000 төгрөгийг буцааж өгсөн, одоо үлдэгдэл 39,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Г.Х нь нэхэмжлэгч Б.И ыг нэг нутагт амьдарч байсан настай хөгшин хүн гэдгээр нь мэднэ. Б.И ыг зүс танихаас өөр харилцаа холбоо байхгүй. Түүнээс өөртөө зориулж зээл авч байгаагүй, мөнгө зээлсэн, зээлийн гэрээ байгуулсан зүйл огтхон ч байхгүй.

2.2. Харин Б.И ын хүргэн С.Ц нь миний үеэл ах, надтай хамтран бизнесийн үйл ажиллагаа явуулж байх цаг хугацаандаа өөрийн хадам аав Б.И аас мөнгө зээлэхдээ миний дансаар хүлээн авсан. Б.И нь хүргэн С.Ц д зээлдүүлсэн мөнгөө буцаан авсан эсэх нь тодорхойгүй. Мөнгийг шилжүүлсэн дансны эзэн гэх утгаар Г.Х надаас тус мөнгийг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэрэв би нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн бол бичгээр байгуулсан гэрээ байх ёстой. Хэдэн төгрөг, хэдэн хувийн хүүтэй, ямар хугацаатай зээлсэн, хэзээ буцаан төлөхөөр тохиролцсон асуудлыг бичгээр байгуулаагүй гэхэд мессеж чат зэргээр баримтжуулсан зүйл нэг ч байхгүй.

Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Х аас 39,950,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.И т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.И аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Х аас улсын тэмдэгтийн хураамжид 357,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийн данснаас 3 удаагийн шилжүүлгээр нийт 45,000,000 төгрөгийг өөрийн дансанд хүлээн авсан талаар маргаагүй. Харин С.Ц буюу Б.И ын хүргэн нь уг мөнгийг хадам аав Б.И тайгаа харилцан тохиролцож, Б.И аас зээлсэн. Г.Х энэ мөнгийг Б.И аас зээлэхээр тохиролцож байгаагүй, түүнээс мөнгө зээлж аваагүй, энэ зээлсэн гэх мөнгө бүгд хариуцагчийн дансаар дамжаад бүхэлдээ Хаан банк ХК дахь С.Ц ы эзэмшлийн 5014271163 тоот дансанд шилжиж орсон талаарх Хаан банк ХК-ийн дансны дугаараар шүүсэн эх хувь баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Тус баримтад С.Ц нь Б.И аас зээлсэн гэж нэхэмжилж байгаа мөнгийг 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд бүгдийг нь шилжүүлж аваад, мөн Г.Х аас мөнгө нэмэн авч, нийт 79,900,000 төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлэн хүлээн авсан болох нь тодорхой тусгагдсан байхад шүүх дээрх нотлох баримтыг үнэлээгүйд гомдолтой байна.

4.2. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбар нь дансны хуулгаар нотлогдож байх тул зээлийн гэрээг Б.И , Г.Х нар байгуулсан гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээг Г.Х байгуулаагүй, хэрэв Г.Х зээл авсан бол зээл авахаасаа өмнө болон дараа нь Б.И тай харилцсан яриа, чат, мессеж, баримт байх ёстой, эдгээр нөхцөл байдлыг нэхэмжлэгч нь нотлох ёстой гэх талаар тайлбарыг бичгээр гаргасан хариу тайлбартаа буюу шүүх хуралдаанаас 1 сарын өмнө гаргаж өгсөн боловч энэ талаар нэхэмжлэгч няцааж чадаагүй, өөр бусад баримтаар нотлоогүй.

4.3. Шүүх хуралдаанд Б.И ын хүргэн С.Ц ыг гэрчээр асуухад ... Б.И ын охинтой гэр бүлийн харилцаатай, ... Г.Х тай өглөг авлагын тооцоотой өөр маргаан байгаа талаар, ... Г.Х тай газрын маргаантай асуудлаар Сонгинохайрхан дүүргийн шүүхэд маргаан хянан шийдвэрлүүлж байгаа ... Б.И нь зээлсэн мөнгөө надаас нэхэж, би Г.Х аар мөнгө авч, мөнгөөр Б.И т буюу хадам аавд 1,500,000 төгрөгөөр өвс авч өгч байсан гэх талаар мэдүүлсэн. Гэрчийн мэдүүлгээс үзэхэд Б.И нь Г.Х ад мөнгө зээлсэн юм бол яагаад Г.Х аас биш С.Ц аас мөнгө нэхээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд Б.И нь Г.Х ад биш анхнаасаа С.Ц д мөнгө зээлсэн, түүнээс зээлээ нэхэж байсан үйл баримтыг нотолж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн гомдолд дурдсан зээлдэгч нь Г.Х биш, хүргэн С.Ц гэдэг тайлбарыг анхан шатны шүүх дээр ч гаргаж байсан. Үнэхээр С.Ц байсан юм бол яагаад Г.Х ын данс руу шилжүүлээд байгаа юм бэ. Зээл олгов гээд дансаар шилжүүлсэн, хариуцагч Г.Х ын данснаас нэхэмжлэгч Б.И ын данс руу хүү төлөв гээд 5 удаагийн гүйлгээ хийсэн байдаг. 79,900,000 төгрөгийн гүйлгээний хувьд С.Ц ы данс руу мөнгө шилжүүлсэн байна. Энэ нь Б.И аас авсан 45,000,000 төгрөгийн зээлтэй огт хамааралгүй мөнгө. С.Ц нь гэрчээр оролцохдоо Г.Х нь Б.И аас зээл авсан гэдэг зүйл ярьдаг.

5.2. Нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд харилцаа байхгүй байсан гэж байна, нотлох баримтаар гаргаж өгөөгүй боловч утсаар ярьж байсан. 2020 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад хаягтаа байхгүй гэж буцаагдаад эрэн сурвалжилж байсан. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч Г.Х ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Б.И нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг Хаан банк ХК дахь Г.Х ын эзэмшлийн ******* тоот дансанд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдсон ба уг үйл баримтын талаар зохигч маргаагүй.

3.2. Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүргэн С.Ц д мөнгө зээлдүүлэхдээ миний дансаар шилжүүлсэн гэх агуулгаар дээрх шилжүүлгүүдийг тайлбарлаж байх боловч уг тайлбар гэрч С.Ц ы ...Тухайн үед Г.Х нь евро хашааны үйлдвэр барьж байсан. Мөнгө дутаад үйлдвэр зогсох гээд байна. Та мөнгө олоод өгөөч гэсэн. Аавд байр авах мөнгө нь байсан. Тэрийг сонсчихоод аваад өгөөч гэсэн. Би аавд хэлсэн, танд хүүг нь өгнө гэж байна гээд дамжуулсан. Аав мөнгөө хувааж өгсөн, өөрийнх нь дансанд байсан. Би ерөнхийдөө хэлж өгсөн өөрсдөө тохироод мөнгө төгрөгөө шилжүүлсэн... гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдсэн байна.

3.3. Мөн хариуцагчийн данснаас Хаан банк ХК дахь гэрч С.Ц ы 5014271163 тоот дансанд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хугацаанд 103 удаагийн гүйлгээгээр нийт 79,900,000 төгрөг шилжүүлснийг талуудын маргаанд хамааралтай гэж дүгнэх боломжгүй байна. Учир нь, нэхэмжлэлд дурдсан 3 удаагийн гүйлгээтэй цаг хугацаа, үнийн дүн, утгын хувьд холбоотой гэх байдал уг баримтаар тогтоогдоогүйгээс гадна хариуцагч болон гэрч С.Ц нарын хоорондын 79,900,000 төгрөгийн төлбөр тооцоог Б.И ын нэхэмжлэлтэй энэ иргэний хэрэгт дүгнэх үндэслэлгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлсэн гэх мөнгө бүгд миний дансаар дамжаад С.Ц ы дансанд шилжиж орсон, С.Ц нь Б.И аас зээлсэн гэж нэхэмжилж байгаа мөнгийг 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд бүгдийг нь шилжүүлж аваад, мөн Г.Х аас мөнгө нэмэн авч, нийт 79,900,000 төгрөгийг дансандаа хүлээн авсан болох нь тодорхой тусгагдсан байхад шүүх нотлох баримтыг үнэлээгүй гэх гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.

3.4. Хариуцагчийн данснаас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 300,000 төгрөг Барс Игар ахад 20 саяын хүү утгаар, 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөг хүү төлөлт Игар ах утгаар, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөг хүү төлөлт Игар ах утгаар, 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөг хүү төлөлт Игар ах утгаар, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 750,000 төгрөг хүү төлөлт Игар ах утгаар тус тус нийт 2,550,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байх ба зээлийн хүү төлөх агуулга бүхий уг гүйлгээнүүдийг анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдагдсан 45,000,000 төгрөгтэй холбож дүгнэсэн нь зөв болжээ.

3.5. Дээрх баримтуудыг харьцуулж дүгнэхэд нэг талаас Г.Х зээл авах, нөгөө талаас Б.И зээл өгөх хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн болох нь тогтоогдож байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, уг гэрээ хүчин төгөлдөр байна.

Зээлийн гэрээг бичгээр байгуулах шаардлага хуулиар тавигдаагүй бөгөөд нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцох талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцжээ. Нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн бол бичгээр байгуулсан гэрээ байх ёстой гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх дансаар хүлээн авсан 2,550,000 төгрөгөөс гадна өвс худалдан авахтай холбоотой 1,500,000 төгрөг, мөн бэлнээр 1,000,000 төгрөг, нийт 5,050,000 төгрөгийг буцаан авсан гэж тайлбарласан тул шүүх хариуцагчаас 39,950,000 (45,000,000-5,050,000) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт хэргийн нотлох баримт нь зохигч, төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, ... болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан бөгөөд шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгийг тус тус хуульд заасан журмын дагуу үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах шаардлагыг зөрчөөгүй. Иймээс зээл авахаас өмнө болон дараа нь Б.И тай харилцсан яриа, чат, мессеж, баримт байх ёстой, эдгээр нөхцөл байдлыг нэхэмжлэгч нотлоогүй гэх гомдол үндэслэлгүй болно.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасн удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/00376 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА