Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 313

 

 

 

 

 

 

 

 

     2019         4           15                                     313

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                           

  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Баярмаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Дондоггэрэл,

хохирогч: Д.Дондогтогоо,

шүүгдэгч: Ж.Дондог, түүний өмгөөлөгч Н.Баатардорж /1001/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн н Дондогд холбогдох 1709 0226 90007 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дондог.

 

   Шүүгдэгч Ж.Дондог нь 2014 оноос 2017 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 31 дүгээр байр, 69 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Дондогтогоог байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тасганы овооны орчим,  2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 7 дугаар төвийн орчим өөрийн жолоодож явсан 72-94 УББ улсын дугаартай, “Т.Приус” маркийн машин дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Дондогтогоог хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн,

2017 оны 11  дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 7 дугаар төвийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Дондогтогоог 72-94 УББ улсын дугаартай, “Т.Приус” маркийн автомашин дотор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэнд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ж.Дондог мэдүүлэхдээ:

Би эхнэртээ гэмтэл учруулсандаа түүнээс  уучлалт гуйж байна. Дондогтогоо бид хоёр 2010 оноос хойш хамтран амьдарч байгаа, 2 хүүхэдтэй. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 08 цагийн үед би хөдөөнөөс ирээд эхнэр Дондогтогоогийн ажлын гадаа хүлээж байгаад уулзаж, “хоёулаа учраа олж, амьдралаа бодъё” гэж хэлээд ярилцаж байхад түүний гар утсанд нь Чука гэдэг хүнээс мессеж ирсэн. Тэгээд миний уур хүрээд эхнэрээ тэр хүнтэй хардаад машиндаа чирч суулгасан. Би удаан хугацаагаар хөдөө яваад ирсэн тул бие, биеэ хүсээд машиныхаа хойд сандалыг буулгаад бэлгийн харьцаанд орсон. Тэр үед тэр “би түрүүлээд тавьчихлаа” гэж хэлэхэд нь “би тавих болоогүй байна” гэж хариу хэлж байсан нь намайг эхнэрээ хүчиндээгүй гэдгийг нотлоно. Тэгээд би эхнэрээ ажлынх нь гадаа хүргэж өгчихөөд  явсан. Би хөдөө удаан хугацаагаар ажилд явдаг байсан тул намайг ирсэн үед бид  өдрийн цагаар ч, машиндаа ч хамаагүй бэлгийн харьцаанд ордог байсан. 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр би ажил хийхээр Станбул хот руу явсан. Тэнд байх хугацаандаа бид 2 бас өөрсдийн хүсэл сонирхлоор видео кол хийж бэлгийн харьцаанд ордог байсан. Би Дондогтогоог хүчиндээгүй. Харин түүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хоригдож байх хугацаандаа би маш их зүйлийг ухаарч ойлголоо. Миний амьдарлын утга учир болсон эхнэр, 2 хүүхдээсээ салахгүйн тулд би маш их хичээх хэрэгтэй гэдгээ ойлгосон. Чука гэдэг хүнээс мессэж ирэхэд нь эхнэрээ хардаж, улмаар  түүнийг зодож гэмтээсэндээ харамсаж байна. Би эхнэр хүүхдээ алдмааргүй байна, маш их гэмшиж байна.  Намайг 2014 оноос 2017 оны 6 дугаар сар хүртэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгаж байна. Тухайн үед бид хоёрт бага зэрэг үл ойлголцол байдаг байсан ч би архи ууж, гэр бүлдээ агсам согтуу тавин, зоддог байгаагүй. Би Дондогтогоог зодсон болохоор надад уурласан уурандаа өөрийг нь хүчиндсэн гэж мэдүүлсэн байх гэж бодож байна. Бид бэлгийн харьцаанд хүсэл сонирхолоороо орсон. Харин гэмтэл учруулсандаа бол үнэхээр гэмшиж байгаа гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Д.Дондогтогоо мэдүүлэхдээ:

Дондог бид хоёр 9 жил хамт амьдарч байна. Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн зөв. Би эхлээд Дондогд маш их гомдож байсан боловч одоо нөхрөө уучилсан. Нөхөр маань ч өөрийн буруугаа ойлгож, гэмшиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тиймээс ч бид 2 одоо хамт амьдарч байгаа. 2 хүүхдээ бодоод энэ хүн ухаарч хүмүүжих байх гэж би бодож байна. Чука гэх хүний хувьд бид нэг нутгийн жирийн л таньдаг хүмүүс. Ямар нэг дотно харьцаа байхгүй. Тухайн үед надаас юм асуух гэж залгаснаас болж манай нөхөр хардсан. Би анх цагдаад Дондогд зодуулсан гэж гомдол гаргасан ба мөн намайг хүчиндсэн гэж хэлсэн. 2018 оны 8 дугаар сард Дондог нь өмгөөлөгчтэй миний хажууд мэдүүлэг өгөөд надаас уучлалт гуйгаад, торгуулаад өнгөрсөн. Гэтэл сүүлд нь миний машины дугуйг хагалаад би хүн гуйж янзлуулж байсан. Тэгсэн Дондог “чи дугуйгаа Чукагаар янзлуулсан байна” гээд дахиад хардаж, асуудал үүсгэсэн. Тэгэхээр нь би дахиад байцаагч дээрээ очоод “дахиад намайг хардаад байна” гэхэд “за тэгвэл  наад хүнийг чинь хүчингийн хэргээр нь хэрэг үүсгэе” гэж хэлсэн. Тухайн үед би Дондогг ял аваад явчихна гэж бодолгүй, сайн хашраая, ухаарах байх гэж бодсон. 8-ны өдөр Дондог намайг зодоод байсан болохоор би их айсан. Тэгээд сүүлдээ бэлгийн харьцаанд орж байхдаа би таашаал авч тайвширсан. Анх бол би зодсон гэж өргөдөл өгсөн дараа нь энэ хүнийг надаас уучлалт гуйгаад дахиж ингэхгүй гэхээр нь өргөдөлөө буцааж гомдолгүй гэж байсан. Гэтэл дахиад зодохоор нь гомдол гаргаж байсан. Сүүлд бид 2 ойлголцоод учраа олсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж прокурорт хүсэлт гаргасан байгаа. Нийт гурван удаа хүсэлт гаргаж байсан. Даваажав өмгөөлөгч Дондог 2 над дээр ирээд “гомдолгүй гээд хүсэлт өгчих, тэгүүл хэрэг хөнгөрөх гээд байна” гэсэн. Тэгэхээр нь би “за үнэхээр чамд хэрэгтэй юм бол яахав дээ, би гарын үсэг зураад өгье” гээд хоосон цаасан дээр гарын үсэг зураад өгсөн. Дондог өмгөөлөгчтэйгээ нийлж тэр цаасан дээр юм бичсэн байх. Дараагийн удаагийн хүсэлтийг би өөрөө бичсэн, сүүлийн хүсэлтийг ажил дээрээ өөрийнхөө хүсэлтийг тусгаад бичсэн. Би өөрөө тэр өмгөөлөгчөөс асууж байсан. Энэ хүний хүчингийн үйлдлийг нь хасаж тооцуулах арга байна уу, тэгэхгүй бол хоригдох юм байна гэж. Тэгэхэд хасаж болно, тийм тохиолдол байдаг гэсэн. Одоо надад ямар нэг гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. 2 хүүхдийг маань бодож, Дондогд хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Б.Уранчимэг мэдүүлэхдээ:

  Би Дондогтогоо эгчтэй хамт 4 жил нэг өрөөнд сууж байгаа болохоор сайн мэддэг. Харин Дондогтогоо эгч амьдралаа яриад байдаггүй. Би дотроо нөхөр Дондог нь зоддог байх гэж боддог. Тэгтэл 2017 оны 11 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. Би ажил эхлэх гээд өрөөндөө орж ирээд сууж байсан чинь гаднаас Дондогтогоо эгч үс нь арзайгаад хүзүү нь маажуулчихсан юм шиг урагдан, улайсан, мөн өмсөж явсан бараан өнгийн цамцны энгэр нь урагдсан, 2 гарын шуу хэсэг битүү улаан болоод цус шүүрсэн, цээж хэсэг хөхөрсөн, өрөөсөн ээмэг байхгүй орж ирэхээр нь би санаа зовоод “юу болсон” талаар асуухад Дондог ажлын гадаа намайг машиндаа чирч суулгаад, зодоод, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн гэж хэлсэн. Түүний дараа сар өдрийг нь мэдэхгүй байна. Дондогтогоо эгч Дондог намайг утсаар дарамтлаад байна гэж хэлэн утсаа чанга дуун дээр нь тавьж байгаад яриаг нь сонсгосон чинь Дондог, Дондогтогоо эгчийг “ална, чамайг шоронд хатаанаа” гээд хашгираад байсан. Тэгтэл Дондогтогоо эгч утсыг блок хийсэн. Гэтэл дугаараа нууцлаад залгаад байдаг байсан. Энэ бүгдийг би нэг өрөөнд суудаг болохоор надад хэлэхгүй ч гэсэн шууд мэдэгддэг байсан. Дондог нь Дондогтогоогийн утасны цэнэгийг дуустал залгадаг байсан. Хааяа Дондог гэнэт манай өрөөнд орж ирдэг байсан бөгөөд Дондогтогоо эгч айгаад сандраад байдаг. Миний дэргэд Дондог зодож, цохиогүй. Дондогтогоо эгч байнгын айдас, түгшүүртэй хүн бараадаж, тэр тусмаа намайг бараадан ажлаа хийдэг. Учир нь ажлаасаа гарах, орохдоо намайг дагуулж гарч орох гээд байдаг. Би яагаад ийм байдаг талаар Дондогтогоо эгчээс асуухад Дондог гэнэт гарч ирэн намайг зодож, цохидог гэж хэлдэг гэжээ. (хэргийн 87 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14118 дугаар дүгнэлтэд:

1. Д.Дондогтогоогийн биед цээж, баруун хөхний дээд хэсэг, зүүн бугалага, баруун сарвуунд цус хуралт, баруун сарвуу, зүүн гарын 4 дүгээр хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  (хэргийн 18 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ж.Дондог ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 62 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Дондогг 2014 оноос 2017 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 31 дүгээр байр, 69 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Дондогтогоог байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тасганы овооны орчим, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 7 дугаар төвийн орчим өөрийн жолоодож явсан 72-94 УББ улсын дугаартай, “Т.Приус” маркийн машин дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Дондогтогоогийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн,

2017 оны 11  дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 7 дугаар төвийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Дондогтогоог 72-94 УББ улсын дугаартай, “Т.Приус” маркийн автомашин дотор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус шүүхэд ирүүлжээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1-д “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан,  хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж нэмэлт оруулж, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон байна. Энэ хууль нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт хамаарах юм.  Ж.Дондог нь Дондогтогоог 2014 оноос 2017 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд байнга зодсон нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй ба  энэ талаар шалгаж, тогтоогоогүй байна. Иймд прокуророос Ж.Дондогд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах  дүгнэлт үйлдсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгч нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тасганы овооны орчим, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 7 дугаар төвийн орчим өөрийн жолоодож явсан 72-94 УББ улсын дугаартай “Т.Приус” маркийн машин дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Дондогтогоог хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн,

2017 оны 11  дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 7 дугаар төвийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Дондогтогоог 72-94 УББ улсын дугаартай “Т.Приус” маркийн автомашин дотор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож, эрүүл мэндэд нь цээж, баруун хөхний дээд хэсэг, зүүн бугалага, баруун сарвуунд цус хуралт, баруун сарвуу, зүүн гарын 4 дүгээр хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Д.Дондогтогоо, гэрч Б.Уранчимэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14118 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Дондогг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Дондогтогоо нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар  нотлох баримт гаргаж, хохирол нэхэмжлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж заажээ.

Ж.Дондогн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба уг гэмт хэрэг 2017 оны 11  дүгээр сарын 08-ны өдөр үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа буюу гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хохирогч Дондогтогоо нь цаашид шүүгдэгчтэй хамтран амьдарна, түүнд гомдолгүй гэж мэдүүлж байгаа, Ж.Дондог нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, Ж.Дондогн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Дондогд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ж.Дондогг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Ж.Дондогд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Ж.Дондогг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Ж.Дондогд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.Дондогн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус  дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх хорих ялыг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Дондогд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН