Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 323

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН 

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016.09.05                                               Дугаар                                   Баруун- Урт

 

Зохигчдын эвлэрлийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, 60 айлын орон сууцны 2-19 тоотод оршин суух ЛЮ52102001 регистртэй, Цалинт овогт Лодойн Долгорын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р баг Чулуутын 20-6 тоотод оршин суух ЛЮ57041760 регистртэй, Зээрднүүд овогт Жамсрангийн Энхсайханд холбогдох “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1.227.300 / нэг сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуу / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 07-р сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Долгор шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Энхсайхан нь 2015 оны 04 сарын 28-ны өдөр 500.000 төгрөгийг 3,5%-ийн хүүтэй, хугацаа хэтэрсан хоног тутамд 0,3%-ийн алданги төлөхөөр 3 сарын хугацаатай зээлийн гэрээг бичгээр байгуулж харилцан тохиролцож гарын үсэг зурсан. Зээлийн барьцаанд “Ниссан Энюберд” жижиг машины гэрчилгээ бусад бичиг баримтыг тавьсан бөгөөд зээлийн хүүг сар бүр төлж үндсэн зээлээ 3 сарын эцэст төлөхөөр гэрээнд заасан байгаа. Гэтэл гэрээний хугацаа дуусгавар болсон байхад Ж.Энхсайхан нь мөнгөө төлөөгүй. Би Ж.Энхсайханаас мөнгөө төлөхийг удаа дараалан үргэлжлүүлэн шаардсан байсан ба хамгийн сүүлд 11 сарын 13-нд 30.000 төгрөг төлсөн.Төлнө гэсээр төлөхгүй өдийг хүрлээ. Иймд Ж.Энхсайханаас үндсэн зээл 500.000 төгрөг, хүү 224.800 төгрөг, алданги 502.500 төгрөг, бүгд 1.227.300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа 502.500 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 724.800 / долоон зуун хорин дөрвөн мянга найман зуу / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч Ж.Энхсайхан төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн тул гэрээний дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч Ж.Энхсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь Л.Долгороос 500.000 төгрөгний зээл авсан нь үнэн. Үндсэн зээл 500.000 төгрөг, түүний хүү 224.800 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны дотор төлж барагдуулна. Тэтгэврээс өөр орлого байхгүй тул алданги 502.500 төгрөгийг төлөх боломжгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Долгор нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1.227.300 төгрөгийг хариуцагч Ж.Энхсайханаас гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Л.Долгор нь нэхэмжлэлийн шаардлагаа 502.500 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 724.800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч Ж.Энхсайхан төлөхөөр зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж, зохигчид эвлэрэн хэлэлцэж, тайлбараа бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 34.005 төгрөгийн 50 хувь болох 17.003 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 17.002 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 21.945 төгрөгийн 50 хувь болох 10.972 төгрөгийг хариуцагч Ж.Энхсайханаас гаргуулж нэхэмжлэгч Л.Долгорт тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Долгор нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1.227.300

төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 502.500 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 724.800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ж.Энхсайхан төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн

59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 34.005 төгрөгийн 50 хувь болох 17.003 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 17.002 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 21.945 төгрөгийн 50 хувь болох 10.972 төгрөгийг хариуцагч Ж.Энхсайханаас гаргуулж нэхэмжлэгч Л.Долгорт тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ш.ОЮУНГЭРЭЛ