Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 287

 

 

 

 

 

 

 

 

  2019           4            04                                    287

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Ж.Лхамсүрэн,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батнасан,

шүүгдэгч: Б.Бат,

шүүгдэгч: О.Сүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн /0929/,

шүүгдэгч: Б.Баатар, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин /0611/, Б.Отгончимэг /1333/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатар, Бат, Сүрэн нарт холбогдох эрүүгийн 1805 0602 41266 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн 1964 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, группэд байдаг, ам бүл 1,

Баатар,

 

Монгол Улсын иргэн 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч О.Сүрэн,

2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 211 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2011 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 2 жил, 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 937 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145-2-т зааснаар 2 жил, 04 сарын хорих ял оногдуулсныг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, Бат,

 

Монгол Улсын иргэн 1977 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч Б.Бат, 2 хүүгийн хамт

 

2007 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар 5 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Өршөөлийн хуулиар сулласан, Сүрэн.

 

Шүүгдэгч Б.Баатар, Б.Бат, О.Сүрэн нар бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 26 дугаар байрны 88 тоотод оршин суух Т.Түвшинбаярын гэрт хууль бусаар нэвтрэн орж, иргэн Д.Ариунаагийн өмчлөлийн 500 граммын савлагаатай 104 ширхэг чацаргана жимсний өтгөрүүлсэн шүүс, 500 граммын савлагаатай 150 ширхэг үхрийн нүд жимсний өтгөрүүлсэн шүүс зэргийг хулгайлж, 1 445 200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Баатар мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө би архи аваад Сүрэнгийнд  орохоор гэрээсээ гарсан. Урьд өдөр нь бид нар архи уусан юм. Тэгээд тэднийх руу орох гэж явтал нэг айлын хаалга онгорхой байхаар нь би андуурч коридорт нь зогсож байтал миний араас Сүрэн орж ирээд “та юу хийж явж байгаа юм бэ” гээд намайг гэр рүүгээ дагуулаад орсон. Тэр үед тухайн айлд байсан хайрцагтай зүйлсийг Сүрэн харсан байх. Тэр айлын хаалга нь онгорхой, коридор нь цонхгүй, юм харагдахгүй байсан. Миний өрөөсөн нүд хардаггүй тул тэнд юу байсныг би хараагүй. Би Батын гэрт ороход тэр орондоо хэвтэж байснаа хувцасаа өмсөөд гараад явсан ба орж ирэхдээ хайрцагтай зүйлүүд оруулаад ирсэн. Миний бие муу тул тэдгээр зүйлсээс зөөлцөөгүй. Би тэр айлд анх орохдоо хулгай хийх зорилгоор ороогүй, айл андуураад л орсон. Бид жимсний жүүсийг зарахаар ярилцаад, би гэрээсээ цүнх авчрахаар явсан боловч манайд цүнх байгаагүй. Тэгээд буцаж Сүрэнгийнд орж, жимсний жүүсийг 1 чемодан, 1 цүнхэнд хийгээд гурвуулаа таксинд суугаад Дэнжийн 1000 орж, авч явсан зүйлсээ зарцгаасан. Тэгээд манайд очоод 1 шил архи хувааж уугаад, Бат, Сүрэн хоёр манайхаас гараад явсан. Мөн зарсан мөнгөнөөсөө нэг хүний 37 000 төгрөгийг тус бүр хувааж авсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохиролд 480 000 төгрөг, хохирогчийн Увс аймгаас ирсэн замын зардалд 45 000 төгрөг, нийт 525 000 төгрөгийг төлсөн. Хөнгөн ял шийтгэнэ үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Бат мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө Баатар ах манайд архи барьчихсан орж ирсэн. Гэтэл Сүрэн “миний дотор муу байна, та гэрээсээ боорцог аваад ирээч” гэж хэлж байсан. Баатар ах манайд орж ирэхдээ “танай хажуу талын айлын хаалга онгорхой байна, үүдэнд нь хайрцагтай юм, цаана нь цүнхтэй юм байна” гэж хэлсэн. Тэгээд өчигдөр архи уусан, бие муу байна гээд суугаад байсан. Тэгэхэд нь би “хүний юм авч болохгүй” гэж хэлсэн. Тэгээд би босоод, тэр айлд орж, хайрцагтай зүйлсийг зөөсөн. Баатар ах ч хамт зөөлцсөн. Хулгай хийх санааг Баатар ах гаргасан. Би “энийг хаана аваачиж зарах вэ” гэхэд Баатар “ах нь мэдэж байна, хийх цүнх байна уу” гэхэд нь “байхгүй байна” гэхэд Баатар ах гэр рүүгээ явсан. Эргэж ирээд “манайд цүнх алга” гээд манайхаас чемодан, жижиг цүнх аваад түүнд хийсэн. Тэгээд бид 3 таксинд суугаад Дэнжийн 1000 орсон. Тэнд Баатар ах нэг ширхэг жүүсийг 2500 төгрөгөөр зарсан. Хэдэн төгрөг болсныг мэдэхгүй. Жүүсээ зарж дуусаад бид 3 Баатар ахынд ирсэн. Гэтэл Баатар ах Сүрэнд 20 000 төгрөг өгөөд архинд явуулсан. Бид гурав тэр архийг хувааж уугаад Сүрэн бид хоёр гэр рүүгээ явсан. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би тухайн зүйлийг зарсан мөнгөнөөс аваагүй. Баатар архи аваад ир гэж Сүрэнд 20 000 төгрөг л өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний бодлоор хохирогчид учирсан хохирлын тавин хувийг Баатар төлөх ёстой гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-О.Сүрэн мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө манай хүү гэрт орж ирэхдээ “хажуу айлын хаалга онгорхой байна” гэсэн. Би тухайн тоотод ямар хүмүүс байдаг талаар мэдэхгүй. Удалгүй Баатар ах манай хаалга тогшиж орж ирсэн. Миний гэдэс өвдөөд мах идэж чадахгүй байна, та боорцогноосоо авчирч өгөөч гэхэд тэр гэр рүүгээ орж боорцог авахаар явсан. Гэтэл Баатар ах хажуугийн айлд орсон байхаар нь “та юу хийж байгаа юм бэ” гэж хэлтэл “ах нь танайхыг андуурчихлаа” гэж байсан. Тэгээд манайд ороод Баатар ах Баттай архи хувааж уусан. Энэ хоёр хажуу айлаас 8 ширхэг хайрцагтай жүүс оруулж ирчихсэн байсан. Энэ хооронд нь би 00 орсон байсан. Би “энэ юу вэ” гэхэд Баатар ах “үүнийг заръя” гэж байсан. Тэгээд Баатар “эдгээр жүүсийг хайрцагтай нь авч явж болохгүй, танайд цүнх байна уу” гэсэн. Байхгүй гэхэд тэр гэр рүүгээ явсан боловч цүнх байхгүй байна” гээд манайхаас чемодан, жижиг цүнхэнд жүүсээ хийгээд бид 3 таксинд суугаад Дэнжийн 1000 орсон. 1 ширхэг жүүсийг 2 500 төгрөгөөр зарсан. Тэндээсээ Баатар ахынд ирээд надад 20 000 төгрөг өгөөд архи аваад ир гэсэн. Тэр архийг бид 3 хувааж уусан. Би энэ хулгайн үйлдэлд оролцоогүй. Гэхдээ хохирогчид учруулсан хохирлыг төлнө. Баатар ах надад 20 000 төгрөгнөөс өөр мөнгө өгөөгүй. Хулгайн зүйл гэдгийг мэдсээр байж нуун дарагдуулсан нь миний буруу гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Ариунаа мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой 03:00 цагийн үед Увс аймгаас автобусаар ганцаараа 37 ширхэг хайрцаг чацарганы шүүстэй ирсэн юм. Тэгээд автобуснаас буугаад хайрцагтай чацаргануудаа микронд хийгээд дүү Т.Төртүвшинбаярынд очихоор Баянгол дүүргийн 6 дугаар бичил хороололын 26 дугаар байрны гадаа ирээд дүүгээ эхнэр С.Сарантуяагийн хамт дуудахад манай дүү эхнэр, бас өөр нэг байр түрээслэж байгаа залуугийн хамт бууж ирээд миний хайрцагтай чацаргануудыг 6 дугаар давхарын 88 тоотод оруулаад үүдний коридорт нь хурааж тавьсан юм. Тэгээд би хайрцагнаас нэг ширхэг чацарганы 0.5 граммын цэвэр шүүс гаргаж ирээд бөөнөөрөө усанд найруулж уугаад амарцгаасан. Тэгээд би гадуур хайрцагтай чацаргануудаа 2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 2018 оны 11 дүгээр сарын 25-ныг хүртэл нийт 23 хайрцаг чацарганы шүүс зарсан. Нийт хайрцагнуудад 15, 30, 32, 45, 48, 55 ширхэгүүдээр чацаргана болон үхрийн нүдний шүүс хувааж хийж авчирсан. Нийтдээ уг хайрцагнуудад 1035 ширхэгээс 635 ширхэг чацаргана, 400 ширхэг үхрийн нүдний шүүс байсан. Мөн чацаргана, үхрийн нүдний шүүснээс гадна 95 ширхэг чацарганы цэвэр тос байсан. Тэгээд би 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 10:00 цагийн үед 14 хайрцагнаас 8 ширхэг хайрцаг нь байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн гэжээ. (хэргийн 29-30 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Сарантуяа мэдүүлэхдээ:

Би 2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой 03:00 цагийн үед Увс аймгийн автобусаар манай эгч ганцаараа 37 ширхэг хайрцагтай чацарганы шүүстэй манай гэрт ирсэн юм. Тэр өдөр хайрцагтай шүүснүүдээ үүдний коридорт нь хурааж тавиад 2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 2018 оны 11 дүгээр сарын 25-ыг хүртэл шүүс зараад 24-ний орой нь эгч болон нөхөр, нөхрийн найз Х.Бямбабаяр нарын хамтаар 02:00 цаг хүртэл хөзөр тоглочихоод бөөнөөрөө унтсан. Өглөө нь эгч хайрцагтай шүүснүүд алга болсон гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэжээ. (хэргийн 34-35 дугаар хуудас)

 

2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд:

Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 26 дугаар байрны 89 тоотод орж үзлэгийг цагийн зүүний дагуу хийхэд улаан өнгийн хаалгатай, цагаан өнгийн хоолны шүүгээ, бор өнгийн ширээ, шаргал өнгийн тавиур байв. Хажууд нь бор өнгийн хувцас хийх зорилалттай цүнх байх бөгөөд уг цүнхийг онгойлгуулан үзэхэд дотор талд нь үхрийн нүдний өтгөрүүлсэн шүүс 500 мл MNS 5321-2003 гэсэн бичигтэй хулгайд алдагдсан гэх хуванцар савтай 1 ширхэг үхрийн нүдийн өтгөрүүлсэн шүүс байв гэжээ. (хэргийн 7 дугаар хуудас)

 

2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд:

Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 давхар цагаан өнгийн ертөнцийн зүгээр баруун тийш харсан 2 орцтой, 28 дугаар байр байв. Уг байрны 1 дүгээр орцны 3 давхарт ертөнцийн зүгээр баруун талд урагшаа харсан ногоон өнгийн модон хаалга байв. Уг хаалга онгорхой байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд газар гудас дэвсэж, цагаан өнгийн хөнжил, хөх өнгийн өмд байв. Ертөнцийн зүгээр хойд талд нь хөргөгч, LG хар өнгийн зурагт байх ба хажууд нь шаргал өнгийн хувцасны шкаф байх бөгөөд өрөөний зүүн урд хэсэгт 60 орчим см өндөр цагаан өнгийн тавцан байх бөгөөд уг тавцан доор саарал өнгийн сээтгэн хайрцаг дотор 4 ширхэг MNS 5321-2003 үхрийн нүдний өтгөрүүлсэн шүүс 500 мл гэсэн бичигтэй хулгайд алдагдсан гэх үхрийн нүдний шүүс байв гэжээ. (хэргийн 10 дугаар хуудас)

 

2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Сиди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Уг си ди нь нийт 40 секундын бичлэг байх ба бичлэгээр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 26 дугаар байрны 3 дугаар орцны 1 дүгээр давхарын хэсгийг харуулсан улаан өнгийн хяналтын камерын дэлгэцийн баруун дээд хэсэгт 2018.11.25-ны өдрийн 09 цаг 10 минутаас эхлэсэн бичлэг эхлэхэд 2 дугаар давхарын шатнаас саарал өнгийн малгайтай, хар өнгийн куртиктай, бараан өнгийн өмдтэй, бараан өнгийн гуталтай 170 см орчим өндөртэй эрэгтэй хүн баруун гартаа саарал өнгийн чирдэг дугуйтай цүнхтэй эд зүйлсийг аваад үүдний хаалгаар гарч байгаа бичлэг, мөн түүний араас малгайгүй, бараан өнгийн цамцтай, саарал өнгийн өмдтэй, бараан өнгийн гуталтай, 170 см орчим өндөртэй эрэгтэй хүн зүүн гартаа цагаан судалтай хар өнгийн цүнхтэй эд зүйлийг аваад үүдний хаалгаар гарч байгаа бичлэг, мөн түүний араас саарал өнгийн малгайтай куртиктай, саарал өнгийн өмдтэй, урт түрүүтэй бараан өнгийн гуталтай 175 см орчим өндөртэй эмэгтэй хүн үүдний хаалгаар гарч байгаа бичлэг байв гэжээ. (хэргийн 145 дугаар хуудас)

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1 445 200 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 41-42 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Баатар нь 1987 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Барилгын цэргийн шүүхийн 20 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн Б-д зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 1988 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан гэжээ. (хэргийн 119 дүгээр хуудас)

 

Б.Бат 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 211 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2011 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 2 жил, 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 937 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145-2-т зааснаар 2 жил, 04 сарын хорих ял оногдуулсныг  2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан гэжээ. (хэргийн 127 дугаар хуудас)

 

О.Сүрэн 2007 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар 5 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан гэжээ. (хэргийн 142 дугаар хуудас)

 

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Баатар, Б.Бат, О.Сүрэн нар бүлэглэж, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 26 дугаар байрны 88 тоотод оршин суух Т.Түвшинбаярын гэрт хууль бусаар нэвтэрч, хохирогч Д.Ариунаагийн өмчлөлийн 500 граммын савлагаатай 104 ширхэг чацаргана жимсний өтгөрүүлсэн шүүс, 500 граммын савлагаатай 150 ширхэг үхрийн нүд жимсний өтгөрүүлсэн шүүс зэргийг хулгайлж, 1 445 200 төгрөгийн хохирол учруулсан нь хохирогч Д.Ариунаа, гэрч С.Сарантуяагийн мэдүүлэг, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Сиди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Сиди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,  хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Баатар, Б.Бат, О.Сүрэн нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ариунаад 1 445 200 төгрөгийн хохирол учирсан ба тэр Увс аймгаас Улаанбаатар хот руу,  Улаанбаатар хотоос Увс аймаг руу явахад 136 000 төгрөгийн тасалбар худалдан авсан нь хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбараар тогтоогдож байх тул  1 581 200 төгрөгийг шүүгдэгч нараар төлүүлэх үндэслэлтэй байна. (1581 200 төгрөг : 3 = 527 066 төгрөг)

Шүүгдэгч Б.Баатар нь хохирогч Д.Ариунаад 525 000 төгрөгийг төлсөн, хохирогч Д.Ариунаа нь Б.Баатараас нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Б.Баатар хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч нарын гэм буруу, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан

шүүгдэгч Б.Баатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээний 1 жилийн хорих ял,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар О.Сүрэнд 2 жилийн хорих ял,

шүүгдэгч Б.Батад 3 жилийн хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган хадгалж,

үхрийн нүдний өтгөрүүлсэн шүүс 500 мл гэсэн бичглэлтэй хүрэн улаан өнгийн шингэн шүүс мэт зүйл бүхий агууламжтай сав 5 ширхэг, 500 мл чацарганы хоосон сав 2 ширхэг, үхрийн нүдний хоосон сав 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Өмгөөлөгч Б.Долгорсүрэн нь шүүгдэгч О.Сүрэнг хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, харин  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж гэж мэтгэлзэж байх боловч түүний үйлдсэн хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон тул өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээн аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Баатар, Бат, Сүрэн нарыг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Батыг 3 жилийн /гурван/ хорих ялаар,

О.Сүрэнг 2 жилийн /хоёр/ хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Баатарыг 1 жилийн /нэг/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Батад оногдуулсан 3 жил хорих, О.Сүрэнд оногдуулсан 2 жил хорих, Б.Баатарт оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Батын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 31 хоног,

О.Сүрэнгийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 4 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд нь оруулан тус тус тооцсугай.

 

5. Б.Баатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  

Б.Бат, О.Сүрэн нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар шүүгдэгч Б.Батаас 527 066 төгрөг, О.Сүрэнгээс 527 066 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Д.Ариунаад олгож, Б.Баатар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган хадгалж,

 үхрийн нүдний өтгөрүүлсэн шүүс 500 мл гэсэн бичиглэлтэй хүрэн улаан өнгийн шингэн шүүс мэт зүйл бүхий агууламжтай сав 5 ширхэг, 500 мл чацарганы хоосон сав 2 ширхэг, үхрийн нүдний хоосон сав 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баатар, Б.Бат, О.Сүрэн нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН