Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 324

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 09 сарын 05                           Дугаар 324                                       Баруун-Урт

                            

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсан татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, Дөрвөлжийн 4-10 тоотод оршин суух Б.Дармаабазарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад холбогдох “ажиллаж байсан хугацааны цалин 1.500.000 / нэг сая таван зуун мянга / төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Дармаабазар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 05 сарын 17-ний өдрөөс 2015 оны 11 сарын 1-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажилласан. Намайг анх цагдаагийн дэд хурандаа Лувсандорж олон нийтийн цагдаагийн ажилтнаар очиж ажилла, цалин сарын 300 000 төгрөг, цалин хөлсийг чинь сумаас өгнө гэж хэлсэн. Тухайн үед гэрээ хэлцэл хийгээгүй. 2015 оны 05 сарын 17-д Сүхбаатар сумын Засаг дарга С.Эрдэнэтэй уулзахад өөрийг чинь сумын тамгын газраас цалинжуулна, сарын 300 000 төгрөг өгнө ажлаа хийж бай гэсэн. Ингээд би 5 сар Сүхбаатар сумын олон нийтийн цагдаагаар ажилласан боловч надад цалин гэж огт өгөөгүй, цалин өгөхгүй болохоор нь 2015 оны 11 сарын эхээр ажлаа хийхээ больсон. Сумын Засаг дарга Эрдэнэ болон холбогдох бусад хүмүүстэй удаа дараа уулзаж цалингаа нэхсэн боловч тухай бүр удахгүй өгнө гэж хойшлуулсаар өдийг хүрсэн. Иймд миний 2015 оны 05 сарын 17-ний өдрөөс 2015 оны 11 сарын 1-ний өдрийг хүртэл Сүхбаатар сумын олон нийтийн цагдаагаар ажилласан цалин 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Дармаабазар нь Сүхбаатар сумын Засаг даргаас ажиллаж байсан хугацаны цалин 1.500.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Б.Дармаабазар нь бид хоорондоо учир зүйгээ ололцож ойлголцсон тул Сүхбаатар сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн нэхэмжлэгчийн татгалзал нь хуулинд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, нэхэмжлэгч Б.Дармаабазарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38.950 төгрөгийн тал хувь 19.475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр 

 

 

 

 

үлдээж, 19.475 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Б.Дармаабазарт олгох нь зүйтэй байна. 

 

Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Дармаабазар нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг

даргад холбогдуулан ажиллаж байсан хугацааны цалин 1.500.000 / нэг сая таван зуун мянга / төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар

бууруулж, нэхэмжлэгч Б.Дармаабазарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38.950 төгрөгийн тал хувь 19.475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 19.475 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Б.Дармаабазарт олгосугай.

 

3. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ                              Ш.ОЮУНГЭРЭЛ