Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00860

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 24 өдөр Дуга 210/МА2024/00860

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/04390 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: М.Ш т холбогдох,

 

.... УБ улсын дугаартай, ... маркийн бульдозерыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Учрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Иргэн М.Ш нь иргэн Г.З той байгуулсан 2015 оны Зээлийн гэрээ-ээр далимдуулан 2016 оны 08 сард М ХХК-ийн өмч болох .... УБ улсын дугаартай ... маркийн бульдозерыг уул уурхайн чиглэлээр 1 сард 20,000,000 төгрөг олох боломжтой ажил байна. Мөн жолоочийг нь 1 сарын 2,000,000 төгрөгөөр цалинжуулна, энэ ажлыг авчихвал зээлээ төлөхөд чинь нэмэртэй юм гэж хэлсэн.

1.2. Үүний дагуу М ХХК-ийн захирал Г.З дээрх саналыг зөвшөөрч жолооч Ч.Н д цалин хөлсийг хэлж тохиролцон компанийн нэр дээрх .... УБ улсын дугаартай ... маркийн бульдозерийг хүлээлгэн өгч улмаар М.Ш ийн зааж өгсөн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах М.Ш ийн өөрийх нь техникүүдээ байрлуулдаг гэх хашаанд хүргэж өгсөн.

1.3. Гэтэл М.Ш нь тухайн техникийг ажилд гаргахгүй байсан тул буцааж авах талаар хэлэхэд уул уурхайн ажил эхлээгүй байна эхлэнгүүт нь танай техникийг явуулна гэх зэргээр шалтаг хэлэн багагүй хугацаа өнгөрсөн. Ингээд компанийн өмчлөлийн бульдозероо очиж авах гэхэд Зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж дуусаад ав тэр болтол барьцаанд байна гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй.

1.4. 2021 оны сүүлээр М.Ш нь М ХХК-ийн техникийг ашиглаж ажилд гаргаж байна гэсэн мэдээлэл сонсоод 2022 оны 01 сарын 12-ны өдөр М.Ш ийн техник хүргүүлсэн газарт очиж техникээ шалгахад зарим нэг эд анги нь байхгүй, мото цагийн заалт нь анх жолоочид хүлээлгэж өгснөөс 3,400 гаруй цагаар илүү ажилласан байдалтай байсан. Техникт үүссэн нөхцөл байдлын талаар М.Ш т хэлэхэд арай ч 3000 гаран цаг ажилуулаагүй гэхдээ дунд нь Төв цэвэрлэх байгууламж дээр ажиллуулсан, энэ тухайгаа Г.З д хэлсэн гэж тайлбарласан.

1.5. Гэтэл Г.З захирал тийм асуудал огт яригдаагүй гэсэн тул энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж өгсөн боловч иргэд хоорондын гэрээтэй холбоотой маргаан байна гээд Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн Мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээрх прокурорын шийдвэрт гомдол гаргасан боловч дээд шатны прокуророос мөн л иргэний шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн.

1.6. М.Ш нь анхнаасаа Г.З гэж хувь хүнтэй Зээлийн гэрээ байгуулсан байдаг ба М ХХК-тай гэрээ хийх замаар эрх зүйн харилцаанд ороогүй, ямар ч үндэслэлгүй худлаа хэлж компаний хөрөнгийг өөрийн эзэмшилдээ авч захиран зарцуулж байгаа нь хууль бус байна.

Иймд М ХХК-ийн өмч болох .... УБ улсын дугаартай ... маркийн бульдозерыг хууль бус эзэмшигч М.Ш ийн эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. 2015 оны 07 сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Г.З нь М.Ш ээс 322,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээний барьцаанд С.Ганчимэгийн өмчлөлийн ... өрөө орон сууц, мөн хаягт байрлах ... орон сууцуудыг тус тус барьцаалж, орон сууц тус бүрт барьцааны гэрээ байгуулсан. Тус барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр очиход Г.З ирээгүй тул бүртгүүлж чадаагүй.

2.2. 2015 оны 08 сарын 31-ний өдөр Зээлийн гэрээний үүргээ биелүүлэх хугацаа болоход Г.З нь зээлээ төлөхгүй байсан ба шүүх, цагдаа, хуулийн байгууллагад хандах талаараа хэлэхэд Г.З нь 2016 онд .... УБ улсын дугаартай ... маркийн бульдозерыг М.Ш ийн эзэмшлийн хашаанд өөрөө хүргүүлсэн.

2.3. Энэ хугацаанд Г.З нь бэлнээр болон дансаар нийт 60,000,000 төгрөгийг зээлийн хүүд тооцож төлсөн. 2021 оны 10 сарын 03-ны өдөр тооцоо нийлж, ххх орон сууц, үнэ 113,025,000 төгрөг, ххх өрөө орон сууц, үнэ 162,030,000 төгрөг, ххх орон сууц, үнэ 161,205,000 төгрөг, ххх орон сууц, үнэ 66,495,000 төгрөг, нийт 502,755,000 төгрөгийн орон сууцыг 495,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөрт төлөхөөр тохиролцсон.

2.4. Үүнээс М.Ш нь ххх орон сууц, мөн байрны 3 тоот 98.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн байрны 27 тоот 97.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн байрны 80 тоот 40.3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцуудыг бусдад зарж борлуулсан.

Харин 6-17Б дугаар байрны 80 тоот 40.3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдаж авсан иргэн 79,000,000 төгрөгөөр банкны ипотекийн зээлээр худалдаж авсан учир байрны төлбөр М.Ш т биш С ХХК-ийн дансанд шилжин орсон.

2.5. Г.З гоос С ХХК-ийн дансанд шилжин орсон 79,000,000 төгрөгийг нэхэхэд Г.З нь өгөөгүй тул түүний зээлийн барьцаанд тавьсан .... УБ улсын дугаартай ... маркийн бульдозер болон С.Ганчимэгийн өмчлөлийн орон сууцуудын гэрчилгээ М.Ш т байгаа болно.

Иймд зээлийн барьцаанд тавьсан .... УБ улсын дугаартай ... маркийн бульдозерыг буцаан өгөх боломжгүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин зээлийн гэрээний үүргээ биелүүлбэл уг бульдозерыг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч М.Ш т .... УБ улсын дугаартай, ... маркийн бульдозерыг нэхэмжпэгч М ХХК-д шилжүүлэхийг даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Ш ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг ... нэхэмжлэгч М ХХК, хариуцагч М.Ш нар харилцан тохиролцсоны дагуу .... УБ улсын дугаартай ... маркийн бульдозерыг М.Ш т шилжүүлж, түрээслэн ашиглахыг нэхэмжлэгч зөвшөөрсөн үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд маргаан бүхий хөрөнгөө шилжүүлж, түрээсийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн ч хугацаа тохиролцоогүй.

Улмаар 2021 онд буцаан шилжүүлэхийг хариуцагчаас шаардсан ч өгөхөөс татгалзсан бөгөөд зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалсан гэж тайлбарласан хэдий ч талуудын хооронд барьцааны гэрээ бичгээр байгуулагдаагүй, Иргэний хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн.

4.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсанаар уг техникийг түрээслүүлэхээр тохиролцсон бол 2016-2023 он хүртэл 7 жилийн хугацаанд техникийг бусдад түрээслээгүй байхад нэхэмжлэгч яагаад хэлцлийн үүргээ биелүүлэхийг, эсхүл техникээ М.Ш ээс шаардаагүй нь эргэлзээтэй байна.

4.3. Нөгөө талаар М.Ш нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах бус талуудын тохиролцсоноор урьд үүссэн зээлийн гэрээний үүргээ биелүүлбэл тус техникийг Г.З д буцаан шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч М.Ш нь .... УБ улсын дугаартай ... маркийн бульдозерыг хууль бусаар аваагүй, М ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.З нь өөрөө авч ирж өгсөн буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 116.4, 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч М.Ш т холбогдуулан .... УБ улсын дугаартай, ... маркийн бульдозерыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч М ХХК нь .... УБ улсын дугаартай, ... маркийн бульдозерын өмчлөгч болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-7/

 

4. Хариуцагч нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлийг нотлох зорилгоор Д.З той байгуулсан зээлийн гэрээний харилцаатай байсан, мөн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зэрэг үйл баримт нь маргаанд ач холбогдолгүй юм. Мөн, маргааны зүйл буюу бульдозерыг зээлийн гэрээний барьцаанд барьцаалсан тул өгөх боломжгүй гэж маргаж байгаа боловч талуудын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй байх тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй, хувьцаа эзэмшигч Д.З нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар компани нь хувьцаа эзэмшигчийн өр төлбөрийг хариуцахгүй тул Д.З гийн иргэний хувиар хийсэн хэлцлийн үр дагаврыг компанийн хөрөнгөөр хариуцах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч М.Ш ийн .... УБ улсын дугаартай, ... маркийн бульдозерын эзэмшил хууль бус талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Иймд, хариуцагч М.Ш ээс .... УБ улсын дугаартай, ... маркийн бульдозерыг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээнэ.

 

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хариуцагч М.Ш ийн хууль бус эзэмшлээс .... УБ улсын дугаартай, ... маркийн бульдозерыг гаргуулах агуулгатай байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хөрөнгөжих Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасан зохицуулалтыг баримтлан маргааныг шийдвэрлэсэн үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу шаардах эрхтэй гэж өөрчилж байна.

 

6. Хариуцагч талаас гаргасан шүүхийн шийдвэрийн дүгнэлтийн хэсгийг өөрчлүүлнэ гэсэн гомдлыг хангахгүй. Учир нь М ХХК-ийн өөрийн хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийг түрээсийн гэрээний харилцаатай холбоотой асуудлаар дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/04390 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 ... гэснийг ...106 дугаар зүйлийн 106.1 ... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР