Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 146/ШШ2016/00248

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн овоо баг, Өлийн 06-08 тоотод оршин суух, Боржгин овгийн Зэвэгийн Намжилмаад холбогдох 200.000 төгрөг гаргуулахыг хүссэн Өвөрхангай аймаг, Хархорин сум, Эрдэнэтолгой баг, Арцатын 18-25 тоотод оршин суух, Сүх овгийн Давгадоржийн Үүрцайхын нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Үүрцайх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...З.Намжилмаа нь надаас 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэг мөнгөн аягатай ирж найзад нь 100.000 төгрөгний чухал хэрэг болоод байна гээд хүүтэй зээлсэн. 2016 оны 12 дугаар сарын 29 хүртэл хүүгээ өгч яваад түүнээс хойш ерөөсөө хүүгээ өгөлгүй 8 сар боллоо. Иймд миний үндсэн мөнгө 100.000 дээр 8 сарын хүү 100.000 төгрөг нийт 200.000 төгрөгийг З.Намжилмаагаас гаргуулж өгнө үү...” гэжээ.

           Хариуцагч З.Намжилмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

       “...Миний бие нь Давгадорж овогтой Үүрцайхад 1 ширхэг мөнгөн аяга тавьж 100.000 мянган төгрөг авсан нь үнэн. Өөрийн боломжгүй учраас өгч чадахгүй удаасан юм. Хүүний 100.000 төгрөг үүн дээр аяга тавьсаны 100.000 төгрөгийг нийт 200.000 мянган төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулах болно...” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Үүрцайх нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Миний бие З.Намжилмаагийн гаргасан хариу тайлбартай танилцлаа. Намжилмаа нь 200.000 төгрөгийг 09 дүгээр сарын 20-ны дотор төлнө гэсэн тул надад татгалзах зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Үүрцайх нь хариуцагч З.Намжилмаагаас 200.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч З.Намжилмаа нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Үүрцайхын нэхэмжлэлийн шаардлага 200.000 төгрөг /хоёр зуун мянган төгрөг/-ийг хариуцагч З.Намжилмаа нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг хүлээн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч З.Намжилмаагаас 3325, орон нутгийн төсвийн орлогоос 3325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Үүрцайхад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                             Ц.ДАГИЙМАА