Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 213/МА2024/00004 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

*******эд холбогдох иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярцэнгэл даргалж,  Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 131/ШШ2024/00056 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******эд холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 2,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч ******* /цахим/, хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******ын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие нөхрийн хамт мод, модон материалын худалдааг хувиараа эрхэлдэг. 2023 оны 4 дүгээр сарын 22-ны үед ******* нь манай модон материалын худалдаан дээр ирж Баян-Овоо сумын мод хамгаалах хайс буюу хашаа хийх тендер авсан юм. Танай дээр захиалга өгөөд хашаа хийлгэе гэж ирсэн. Тооцоо хийгээд өгөөч гэсэн. Ингээд тооцоолол хийхэд нийт 8,000,000 төгрөгийн модон материал ажлын хөлс болохоор байсан. Ингээд манайх 8,000,000 төгрөгт тухайн модон хашаа буюу хайсыг хийж өгье гэхэд ******* нь тэгье гээд харилцан тохирсон.

Ингээд төлбөр тооцоо хийхдээ 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр барагдуулж дуусгана гэж хэлсэн. Бид тус хайс буюу хашааг тохирсон хугацаандаа буюу 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хийж дуусгасан. Хашааг хийж байх явцад байнга өөрөө ирж хашааны чанар байдалтай танилцаж, чанар байдлын талаар хангалттай гэж үзсэн. Улмаар хашаа буюу хайсаа авахдаа 2 удаа ирж ачсан. Төлбөр хөлсөө бидэнд шилжүүлэхдээ 2023 оны 4 сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, 5 дугаар сарын 3-ны өдөр 1,000,000 төгрөг, 5 сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөгийг төлсөн. Одоо 2,000,000 сая төгрөгийг төлөөгүй байна.

Иймд *******ээс модон материал хайс буюу хашаа хийсний үнэ 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...гэжээ.

2. Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын төвд мод хаших зориулалтаар *******, нөхөр Аюуртай 4 метр, 180 ширхэг хайс нэг ширхэг нь 28,000 төгрөгөөр бодож, хайсны үнэ 5,040,000 төгрөг, мөн шон хийх 4 метр, 6 см 180 ширхэг 9000 төгрөгөөр бодож прусны үнэ 1,620,000 төгрөг, хашаанд орох шрүп 90 ширхэг хайрцаг, нэг ширхэг нь 4000 төгрөг, нийт 360,000 төгрөг, ажлын хөлс 1,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг гэж тохирсон боловч хайс хийж байх явцдаа хайсыг хар модон банзаар хийх байсан чинь нарсан болон хушин банзны зах янз бүрийн зүйлээр хийж чанар муу болж хайсыг дахин задалж сэлбэх ажлууд гараад надад 728,000 төгрөгийн алдагдал гарсан.

Тус материалын үнийн урьдчилгаанд нийт 6,000,000 төгрөг, миний авсан материалын үнэ нийт 5,194,000 төгрөг, миний аваагүй материалын үнэ 1,500,000 төгрөг.

Нийт 8,000,000 төгрөгийн тооцооноос 5,194,000 төгрөгийн материал авсан.Би өөрөө 6,000,000 төгрөг өгсөн. Мөн 26 хайс задарч бусад хайсыг сэлбэж 728,000 төгрөгийн алдагдал гарсан. Би өөрөө 728,000 төгрөг авах ёстой болж маргаан үүссэн...гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл 1,765,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

Нэхэмжлэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 235,000 төгрөгөөсөө татгалзсаныг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 43,190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, шийдвэрлэжээ.

4. Хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

... Анхан шатны шүүх нь хэт нэхэмжлэгчийн талыг барьж хэргийг шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч талаас хууль зүйн мэдлэг бүхий өмгөөлөгчтэй оролцож байхад хариуцагч талаас өмгөөлөгчтэй оролцуулах талаар тайлбарлаж хэлж ойлгуулаагүй болно.

Миний бие нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын төвд мод хаших зориулалтаар Аюур болон түүний эхнэр Ц. Долгор нартай 4 метр, 180 ширхэг хайсыг нэг ширхэг нь 28,000 төгрөгөөр бодож хайсны үнэ 5,040,000 төгрөг, мөн шон хийх 4 метр, 6 см 180 ширхэг 9000 төгрөгөөр бодож, приусны үнэ 1,620,000 төгрөг, хашаанд орох шрүп 90 хайрцаг, 1 хайрцгийн үнэ 4000, шрүпны үнэ 360,000 төгрөг, ажлын хөлс 1,000,000 төгрөг гээд нийт 8,000,000 төгрөгөөр амаар ярьж тохирсон байдаг.

Гэтэл Аюур, Долгор нар нь хайс хийх явцдаа хэлсэн ярьснаараа уг хайсыг хийхдээ хар модон 3 см-ийн банзаар хийх байтал норсон банзны зах, хуш банзны зах, модны жижиглэсэн янз бүрийн юмаар хийж чанар нь муу байснаас хайсыг дахин задалж сэлбэх ажлууд гарснаар би дахин 26 хайс задалж хайсны сэлбэгт нь 728,000 төгрөгийн алдагдал гарсан.

Ингээд би тус шүүхэд хариу тайлбар хийхдээ “..нийт 8,000,000 төгрөгийн тооцооноос 5,194,000 төгрөгийн материал авсан, би өөрөө 6,000,000 төгрөг өгсөн мөн 26 хайс задарч бусад хайсыг сэлбэж 728,000 төгрөгийн алдагдал гарсан алдагдлын тооцоо хийгээгүй. Би өөрөө нэхэмжлэгч талаас 728,000 төгрөгийн авлагатай 180 ширхэг 4 метртэй хайс авах байснаас 35 ширхэг хайс аваагүй 180 ширхэг 6 см-ий пүрүс модноос 58 ширхгийг нь аваагүй байгаагаас болж маргаан үүссэн..” гэдгээ тайлбарласан юм.

Одоо хүртэл дээрх хайс нь байгаа ба хэрвээ би хууль зүйн мэдлэг бүхий хүнтэй орсон бол дээрх хайсанд үзлэг хийлгэх болон сөрөг нэхэмжлэл гарган авлагаа нэхэмжлэх эрхтэй байсан юм билээ. Анхан шатны шүүх нь мэтгэлцэх зарчмыг хангуулаагүйгээс болж би нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй болно.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар *******той аман гэрээ хэлэлцээр хийлээ гэж дүгнэж байгаа боловч үнэн хэрэгтээ би Долгорын нөхөр Аюур гэдэг хүнтэй хэлэлцэж тохирсон байдаг юм. Гэтэл Аюур нь нэхэмжлэгчээр орж ирээгүйд гайхаж байна. Хэлэлцэж тохирсон хүнтэйгээ ярилцмаар байхад эхнэр нь орж ирээд маргаад байна. Үүнийг шүүх анхаарч үзээгүй. Би аман гэрээ хэлэлцээр хийсэн гэдэгтээ маргаагүй зөвхөн үнэн бодит асуудал яригдахгүй зөвхөн нэхэмжлэгчийн үгэнд тулгуурлан шүүхийн шийдвэр гарч буйд хариуцагч би хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна.

Иймд миний зүгээс давж заалдах шатны шүүхээс хүсэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэх боломжоор хангаж өгнө үү.гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга;

Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны явцад тогтвортой мэдүүлэг өгөөгүй. Хариуцлагаас мултрахын тулд өөр өөр мэдүүлэгч өгч байсан. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс “шон хайс аваагүй тул мөнгө төлөхгүй” гэж яриад эсхүл “нэг хайсыг 30,000 төгрөгөөр биш 28,000 төгрөгөөр тохирч хийлгүүлэхээр болсон” гэж хэлдэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ******* нь 2 удаа хайсаа авсан бөгөөд хайс хийж байх явцыг шалгахдаа хайсыг чанар муутай байна гэх байдлаар ямар нэгэн шаардлагыг нэг ч удаа тавиагүй байдаг. Нэхэмжлэгчийн дансанд 3 удаа мөнгө шилжүүлж нийт 6,000,000 төгрөгийг төлсөн. *******ийн хувьд 8,000,000 төгрөгөөр хайс хийлгэх талаар тохиролцсон болохыг өөрөө хүлээн зөвшөөрдөг.

Хавтаст хэргээс харахад нэхэмжлэгч хариуцагч хоёрын хооронд ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн талаар тогтоогддог. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй тул ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн эсэхийг мэдэхгүй байгаа гэж бодож байна. Нэхэмжлэгчийн хувьд аж ахуйн нэгжийнхээ бүх тооцооллыг хариуцаж хийдэг хүн бөгөөд нэхэмжлэгчийн нөхөр *******ын хувьд хар бор ажлыг нь гардаж хийдэг. Иймд энэхүү хэрэгт нэхэмжлэгч ******* нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой гэж үзэж байна.

Мөн хариуцагч ******* болон ******* нарын хооронд яриа хэлцэл болсон талаар ямар ч нотлох баримт байхгүй. Хариуцагчийн зүгээс 8,000,000 төгрөгөөр уг хайсыг хийлгэхээр тохиролцож 6,000,000 төгрөгийг өгч үлдсэн 2,000,000 төгрөгийг нь намар идэшний 2 үхэр өгнө гээд үхрийн зураг явуулсан нөхцөл байдал тогтоогдсон. Тэгээд намар үхрээ авъя гэхэд өгөөгүй тул маргаан үүссэн байдаг.

Анхан шатны шүүхээс хариуцагчид өмгөөлөгч авах эрх үүргийг нь тайлбарлаж өгөхөд өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцох талаар хүсэлт гаргасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээгээр 1,765,000 төгрөг гаргуулах талаар нэхэмжлэл гаргасан боловч талуудын хооронд модон хайсыг өгсөн, өгөөгүй гэх асуудлаар маргаан үүссэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр хариуцагчаас 1,765,000 төгрөг гаргуулах талаар шийдвэр гарсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч ******* гэх хүн нэхэмжлэл гаргах эрхтэй хүн эсэх нь тодорхойгүй байна. Хэрэгт хариуцагч ******* болон нэхэмжлэгч *******ын нөхөр болох ******* гэх хүний хооронд хийгдсэн гэрээ хэлцэл хийгдсэн гэж байна.

Иймд хариуцагч Т.Гансүх болон ******* гэх хоёр хүний хооронд яг ямар хэлцэл хийсэн талаар ******* гэх хүнээс тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Мөн хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хурал дээр мэтгэлцэх зарчим хангагдаагүй гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч ******* нь “... 2023 оны 4 дүгээр сарын 22-ны үед *******  манай модон материалын худалдаан дээр ирж Баян-Овоо сумын мод хамгаалах хайс буюу хашаа хийлгүүлэх захиалга ирүүлсний дагуу 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажлын гүйцэтгэлийг бүрэн хүлээлгэн өгсөн, төлбөрийн гүйцэтгэлд 6,000,000 төгрөг хүлээн авч, 2,000,000 төгрөгийг захиалагчаас гаргууна..” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

9. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “..гэрээний гүйцэтгэл дутуу, 35 хайс, 58 шонг дутуу хийж, хүлээлгэж өгөөгүй, гүйцэтгэсэн ажил нь чанарын доголдолтой тул 2,000,000 төгрөгийг төлөх боломжгүй..гэж маргаан үүсгэсэн.

10. Хариуцагч *******ийн захиалгаар нэхэмжлэгч ******* нь 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн дотор модон хайс буюу хашааг өөрийн материалаар хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын хөлсөнд 8,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож, захиалагч нь ажлын хөлсийг 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлсөн... үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаангүй.

11. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Учир нь:

11.1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нэг мөр ойлгомжтой байдлаар гаргаагүй, “..модон материалын үнэ..”, “..модон хашаа, хайс хийсэн ажлын хөлс”.. зэргээр тайлбарласныг анхан шатны шүүх “..ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл..” гэж ерөнхий байдлаар дүгнэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

11.2.   Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний шинж нь гүйцэтгэгчийн хувьд “…өөрийн эсвэл захиалагчийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх ..” тухай ойлголтыг хуульчилсан байна.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хөлс, эсвэл гүйцэтгэсэн ажлын материалын үнэ, ажлын гүйцэтгэлийн доголдлын талаар маргаж байхад энэ байдлыг тодруулалгүйгээр ерөнхий байдлаар “гэрээний үүргийн гүйцэтгэл”…гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэв.

11.3. Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчээс шинээр гаргаж өгсөн 1 ш СД, 5 хуудас бүхий нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлахдаа нотлох баримтыг хариуцагч талд танилцуулж хариу тайлбар гаргах, мэтгэлцэх боломжоор хангаагүй, шүүх хуралдаанаар СД-г шинжлэн судлахдаа хөндлөнгийн гэрч байлцуулан, үзлэг хийж, тэмдэглэл хөтлөх журмыг зөрчсөн, 5 хуудас бичмэл баримт, СД- г нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн ч ямар шалгуур, үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй тухайгаа тайлбарлаагүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44, 48, 108 дугаар зүйлд заасан журмыг тус тус зөрчсөн.

11.4. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 1 сарын 11-ний өдрийн 131/ШЗ2024/00114 дугаар захирамжаар хэрэг хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 01 сарын 19-ний өдрийн 14.30 минутад хийхээр тогтоож, 131/МХ2023/000 дугаар баримтаар шүүх хуралдааны товыг талуудад мэдэгдсэн, 2024 оны 01 сарын 19-ний өдрийн 131/ТМ2024/00035 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд хурал эхэлсэн цагийг 09.00 гэж тусгаснаас үзвэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан журмыг зөрчсөн үндэслэл болжээ.

12. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “..өөрийн эрхэлдэг модон материалын үйлдвэрлэлийг “Мянган ерөөл” гэх аж ахуйн нэгжийн нэр дээр үйл ажиллагаа явуулдаг, захирал нь ******* миний бие..” гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулах шаардлагатай болохыг дурдав.

13. Иймд дээрх зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн… гэх үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

14. Хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 131/ШШ2024/00056 дугаар шийдвэрийг  хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хариуцагч *******ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,190 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ч.БАЯРЦЭНГЭЛ

         ШҮҮГЧИД                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                         Т.ГАНЧИМЭГ