Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 146/ШШ2016/00249

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

    хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн овоо баг, Одын 8-3 тоотод оршин суух, Боржгин овгийн Банзарын Дамдинжамцад холбогдох 3.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, Дэнж 2 гудамж 0 тоотод оршин суух, Боржигон ишгэн овгийн Цэнджавын Пүрвээгийн нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Пүрвээ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Дамдинжамц нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны үеэр миний машиныг аваач хүнд өглөгтэй яаралтай мөнгөний хэрэгтэй байна гээд хоёр гурав хоног гуйгаад байсан. Найзын хувьд аргагүй байдлыг ойлгож машиныг 7 сая төгрөгөөр худалдан авахаар болж урьдчилгаа 3.700.000 төгрөгийг эхнэр болох Алимаагийн 5562009439 тоот дансанд мобайл банкаар 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн. Машиныг аваад унахад сэтгэлд нийцээгүй. Маргааш нь болох 05 дугаар сарын 15-ны наймаа буцааж шаардлага хангахгүй байгааг хэлэхэд мөнгийг чинь удахгүй өгнө гэж хэлээд машинаа авч явсан. Ингээд 2016 оны 07 дугаар сарын 05-ны үеэр 700.000 төгрөгийг өгсөн. Одоог хүртэл үлдэгдэл 3.000.000 төгрөгийг өгөхгүй байгаа учир миний хүсэлтийг хүлээн авч Б.Дамдинжамцаас гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Б.Дамдинжамц шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Б.Дамдинжамц миний бие Ц.Пүрвээгээс нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Одоогоор миний бие ажил төрөл хийгээгүй байгаа тул мөнгө төгрөгний боломж тааруу байна. Би тухайн мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор багтааж барагдуулах боломжийг олгож өгнө үү. Оюутны сургалтын төлбөр энэ тэр гээд мөнгө хэрэгтэй байгааг анхаарч үзэж шийдэж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Пүрвээ нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Миний бие хариуцагч Б.Дамдинжамцын хариу тайлбартай танилцлаа. Б.Дамдинжамц нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор 3 сая төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэсэн тул надад татгалзах зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.                          

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Пүрвээ нь хариуцагч Б.Дамдинжамцаас 3.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Дамдинжамц нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.Пүрвээгийн нэхэмжлэлийн шаардлага 3.000.000 төгрөг /гурван сая төгрөг/-ийг хариуцагч Б.Дамдинжамц нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг хүлээн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Дамдинжамцаас 31475, орон нутгийн төсвийн орлогоос 31475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Пүрвээд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                        Ц.ДАГИЙМАА