Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 213/МА2024/00005

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

*******т холбогдох иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн  хуралдааны танхимд хийсэн иргэний  хэргийн  шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 131/ШШ2024/00205 дугаар шийдвэртэй,

О.Рэгсүрэнгийн нэхэмжлэлтэй

*******т холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 4,500,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийн хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүгч Т.Ганчимэг 2024 оны 5 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч *******,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Р.Цогдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2021 оны 4 дүгээр сард ******* нь Архангай аймгаас хүнээс хонь худалдан авах гэсэн юм мөнгө зээлээч удахгүй буцааж авч өгнө гээд 4,500,000 төгрөгийг *******ын ******* тоот данс руу шилжүүлсэн. Прокурорт энэ асуудлаар хандахад иргэний хэргийн шүүхэд хандах боломжтой талаар хариу мэдэгдсэн. Түүнээс хойш зээлсэн мөнгөө өгөхгүй, утсаар холбогдохгүй байгаа тул *******аас 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан  татгалзал, тайлбарын агуулга: Иргэн Рэгсүрэнтэй анх 2008 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн уурхайд 8 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл 3 сар ажилласан. Энэ хугацаанд 2 сарын мөнгө 400,000 төгрөг бодож өгөөд 1 сарын цалин өгөөгүй. 2021 онд би Бөмбөгөр сумын Дэлийн Бор булаг гэдэг газар Улаанбаатар хотын харьяат Энхбаярын уурхайд нөхөн сэргээж алт олборлолтын ажил хийсэн. 2021 оны хавар ******* нь надтай уулзаж би газар олж өгье танайх техникээ оруул гэсний дагуу Энхбаяртай Өлзийт паласт улзуулсан. Тэгээд уурхайг нүүлгэж Бөмбөгөр сумын Элстэй гэдэг газар өлзийт голын хөвөөнд ямар ч зөвшөөрөлгүй газар буулгаж үйл ажиллагаа явуулсан боловч экологийн цагдаагаас бүх техник хураасан. Гэтэл ******* нь эхнэр Долгор дүү Арилдий нарын хамт манай уурхай дээр 4 хонож байгаад 26 тонн алт авч явсан. Бид алдагдалд орсон. Энэ байх хугацаанд нь Улаанбаатар хотын харьяат Магнай Бөмбөгөр сумын Хатавгын булаг гэдэг газар А лицензтэй ажиллаж байсан. Магнай манай уурхай дээр ирээд надтай уулзаж, ирэх жил би ажиллахгүй. Сүхээ чи манай газар дээр чи ажил гэсэн санал тавьсан энэ үед ******* хажууд байсан. Баянхонгор аймагт ирсэн хойноо 2020 оны өвөл манайд ирж олон удаа Магнайтай уулзуулж өгөөч А лицензтэй газар нь би ажиллая гэдэг санал тавьсан. Хариуд нь надад мөнгө болон унаж яваа саарал 100 машинаа өгөх аман хэлэлцээр хийгээд үүний дагуу би Магнайтай уулзуулж намайг уурхайн даргаар ажиллах санал тавихад нь эхний удаа зөвшөөрсөн. Гэвч ******* нь намайг гэрт нойл бөглөрөх, ус алдах, юм ачих хөдөө идэш хоолонд явах зэрэг ажилд байнга дууддаг болсон. Би *******гээс 4,500,000 төгрөг авсан нь үнэн, А лицензтэй газар олж өгсний хөлс болгож өгнө гэсэн зүйлээ өгөөгүй учир энэ мөнгийг буцаан төлөх сонирхолгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 4,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гээс тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 86,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч *******ын давж заалдах гомдлын агуулга:

4.1. *******гийн нэхэмжлэлтэй холбогдуулан анхан шатны шүүхийн гэрчээр Бөмбөгөр сумын Дэлийн бор булаг гэдэг газар нөхөн сэргээлт нэрийн доор алт олборлох ажил хийсэн *******гийн хууль бус ажлын талаар гэрчээр *******, *******, *******, ******* нарыг асуулгах хүсэлтийг гаргасан хэдий ч шүүх уг ажиллагааг хийхгүйгээр нотлох баримтыг бүрэн гүйцэт шалгахгүй зөвхөн нэг талыг барьж хариуцагч миний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн.

4.2. *******гээс 4,500,000 төгрөг авсан нь үнэн, ******* миний бие энэ мөнгийг *******ын данс руу шилжүүлсэн. Иймд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэл байхгүй.

4.3. *******гийн Өвөрхангай аймаг дахь Уянга сумын Өлтийн уурхайд 2008 онд ажиллаад 2 сарын цалин гэж 400,000 төгрөг өгчхөөд 3 дахь сарын цалинг өгөөгүй, 2 сарын 400,000 төгрөгийн цалинтай уурхай гэж байхгүй

4.4. Өвөрхангайн төвд байрлах гутлын үйлдвэрт нь эхнэрийнхээ хамт ажиллаж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу ажилласан. Бид хоёр гэрт нь амьдраад 2 сар үйлдвэр болон гэрийнх нь бүх сайн, муу ажлыг хийсэн. Энэ хугацааны хөдөлмөрийн хөлс тус бүрийн сарын 800,000 аар бодож өгнө гэсэн болов нийлээд 1,200,000 төгрөгийг бид авсан. 2 хүний цалин нийт 3,200,000 төгрөг үүнээс 1,200,000 хасахад 2,000,000 төгрөг үлдэж байна.

4.5. Дараа нь ажиллаж байсан Уурхай дээр маань очиж “А” лицензтэй газар олж өгвөл мөнгө болон унаж яваа саарал өнгийн ланд 100 маркийн машинаа өгнө гэсэн. Миний олж өгсөн “А” лицензтэй газар 2 жил ажилласан. Эхнэр 2 ажиллахгүй гэсэн “А” лицензтэй газраа 2 жил ажиллуулсан боловч надад  нэг ч төгрөг өгөөгүй ээ. Иймд байдлаас болж 4,500,000 төгрөгийг буцааж өгөөгүй ээ. Өөрт нь анхан шатны хурлаас өмнө О.Рэгсүрэнд хэлсэн боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж 1 хуульч шүүх хуралдаандаа оруулсан.

4.6. Өөрөө надаас авалтай биш өгөлтэйгөө мэдэж байсны үндэснээс өөр хүн шүүх хуралдаандаа оруулан байдлыг үнэн зөвөөр шийдүүлэлгүй хуулиар далайлган, анхан шатны шүүх иргэн миний хүсэлтийг хангаж, хэргийн бодит үнэнийг тогтоолгүйгээр хянан шийдвэрлэж ажиллагааг явуулж, хуулийг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан тул Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 205 тоот шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр нэхэмжлэлийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч *******  давж заалдах шатны шүүх хуралдаанд  гаргасан  татгалзал, тайлбарын агуулга: н.Энхбаяр 60 тооны хонь авах гэсэн юм гээд намайг мөнгө олоод өг гээд би *******гээс 4,500,000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж аваад н.Энхбаярын данс руу шилжүүлсэн. Хуулийн мэдлэг дутмагаас болж мөнгө шилжүүлсэн баримт гаргаж өгөх талаар мэдээгүй. Энэ мөнгийг өгөх боломжгүй байна гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ, найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч  маргажээ.

3. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, энэ хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж буруу тайлбарлан шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

4. Хэрэгт Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №170 дугаар  “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тухай” прокурорын тогтоол, зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар  тайлбар зэргээс үзэхэд зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгө 4,500,000 төгрөгийг шилжүүлж үүргээ биелүүлсэн, зээлдэгч нь зээлдүүлэгчээс мөнгө н хөөнгө хүлээн авсан талаар маргаагүй байна.(хх2-4)

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.

6. Хэргийн үйл баримтаар хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 4,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн нь  баримтаар тогтоогдоогүй, үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

7. Хариуцагч ******* нь нэхэмжлэгчээс авсан 4,500,000 төгрөгийг тэр даруйд нь н.Энхбаярын дансанд шилжүүлсэн гэж тайлбарлах боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар  нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

8. Хариуцагч *******ын  давж заалдах гомдолд ...гэрч асуулгах хүсэлтийг хангаагүйд гомдолтой байна...” гэж дурджээ.Хариуцагч нь нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээс татгалзаж буй татгалзал, үндэслэлээ хуульд заасан хугацаанд хариу тайлбар, нотлох баримтын хамт шүүхэд гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцэх эрх, үүргээ хэрэгжүүлээгүйг дурдах нь зүйтэй. 

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 131/ШШ2024/00205 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн  1 дэх заалтад  “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 4,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн  бусад хэсгийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ын заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                             Т.ГАНЧИМЭГ

                                                               ШҮҮГЧИД                             Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                        Ч.БАЯРЦЭНГЭЛ